Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

 

    2022         04          19                                          2022/ШЦТ/55

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                                 С.Б

Улсын яллагч                                                Э.Б,

Шүүгдэгч                                            Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2104000000027 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо 61 дүгээр байрны дэргэдэх байгууллагын хашаанд түр оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С хурандаа овгийн Б-н Б /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар:

Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” баарны дотор А.А-н ширээ суллаж өгөөгүй үйлдэлд дургүйцэн маргалдаж, улмаар түүний зүүн талын хацар хэсэгт зангидсан гараараа 1 удаа  цохих, цээж хэсэгт 1 удаа өшиглөх, зүүн нүднээс доош чиглэлтэй самардах, үснээс зулгаах, дух хэсэгт 2 удаа баруун гараараа алгадаж эрүүл мэндэд нь баруун үүдэн шүдний 21 дүгээр шүдний  хугарал, зүүн хөхний дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв,

Хохирогч А.А-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29, 31-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч М.С-н мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Ө-н мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

              Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 089 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

              Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-14-р хуудас/,

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар: “...ГК98092401 регистрийн дугаартай С хурандаа овгийн Б-н Б.” гэжээ /хх-ийн 80-р хуудас/,

              Шүүгдэгч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95-р хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” баарны дотор А.А-н ширээ суллаж өгөөгүй үйлдэлд дургүйцэн маргалдаж түүний зүүн талын хацар хэсэгт зангидсан гараараа 1 удаа  цохих, цээж хэсэгт 1 удаа өшиглөх, зүүн нүднээс доош чиглэлтэй самардах, үснээс зулгаах, дух хэсэгт 2 удаа баруун гараараа  алгадах үйлдлээр эрүүл мэндэд нь баруун үүдэн шүдний 21 дүгээр шүдний хугарал, зүүн хөхний дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

- Хохирогч А.А-н шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн үед найз Ө, С нартай уулзаж, С-н гэрт 0.75 литрийн 1 шил архи хувааж уучихаад 21 цагийн үед “Майлд Хаус” баар руу явсан. Тухайн бааранд ороод бид 3 Сэнгүр нэртэй пиво авч ширээнд суугаад бүжиглэж байгаад 23 цагийн үед гарч тамхи татчихаад буцаад орж ирээд ширээн дээрээсээ пиво авч уутал хажууд байсан эмэгтэй “наад пиво чинь бид нарын пиво” гэж хэлэхээр нь үгүй бид нарынх гэтэл тухайн эмэгтэй “үгүй бид нар сая орж ирээд энэ ширээн дээр хүн байхгүй байхаар нь пиво аваад сууж байна” гэхээр нь би баарны кассан дээр очиж асуухад бид нарын пивийг хураасан болж таарсан. Тэгэхээр нь кассан дээр байсан хүнтэй “яагаад бид нарын пиво дуусаагүй байхад хурааж байгаа юм бэ” гэж хэрэлдэж байгаад буцаад ширээн дээрээ очтол найз Ө “саяны эмэгтэй намайг цохьчихоод гараад явчихлаа” гэхээр нь “яахаараа чамайг цохьдог юм бэ”  гээд Ө, С хоёртой ардаас нь гарч очоод тухайн эмэгтэйг цохиод, хоорондоо харилцан зодолдсон. Баарны гадна байсан хүмүүс биднийг салгасан. Бид баар руу буцаад орох гээд коридорт таньдаг хүн тааралдахаар нь юм яриад зогсож байхад гаднаас нөгөө эмэгтэй орж ирээд намайг зодсон. Тэр үед миний баруун нүд хэсэгт хумсаар маажуулан хорсож, үүдэн шүд хөдөлчихсөн, зүүн талын хөх хөхөрчихсөн, нуруу хэсэгт маажуулсан байсан. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр миний шүд уначихсан. Шүд хийлгэхэд 2,500,000 төгрөг гэсэн. Энэ мөнгөө гаргуулж авмаар байна, надад хохиролтой холбоотой баримт одоогоор байхгүй байна, шүдээ эмчлүүлэх мөнгөгүй учир эмчлүүлж чадаагүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 31-р хуудас/,

- Мөрдөн байцаалтад гэрч М.С-н өгсөн: “...бид нарын сууж байсан ширээний орчимд хэрүүл болоод байхаар нь очиход манай эхнэр Б.Б танихгүй ногоон цамцтай эгчтэй хэрэлдээд байж байсан бөгөөд ногоон цамцтай эгч нь “пиво хулгайлж уулаа” гээд хэл амаар доромжлоод дайраад хэрэлдэж байгаад манай эхнэртэй ноцолдсон. Тэгэхээр нь эхнэрийг баарнаас гаргасан бөгөөд ногоон цамцтай эгчтэй хамт явж байсан хар цамцтай эгч над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь хэрүүл маргаан хийгээд яахав гээд би эхнэрийнхээ араас гарсан. Тэгсэн чинь тэр хоёр эгч араас гарч ирээд шууд манай эхнэрийн нүүр рүү гараараа цохиж аваад үсдэлцээд эхэлсэн. Би тэр хоёр эгчийг салгаад баар руу түлхээд оруулахад тэр 2 миний нүүр болон бие рүү цохиод, хэл амаар доромжлоод байсан. Тэр үед манай эхнэр араас ирээд ногоон цамцтай эгчийг цохиж хоорондоо үсдэлцсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/,

- Мөрдөн байцаалтад гэрч Н.Ө-н өгсөн: “...ширээнд очоод сууж байсан хүмүүстэй бага зэрэг хэрэлдсэн. Тэгэхэд чихтэй малгайтай хүүхэн нь миний хамар руу гараараа цохьчих шиг болсон. Тэгэхээр нь энэ талаар А-д хэлэхэд намайг дагуулаад баарнаас гарсан. Тэгээд гадаа гараад А нөгөө хүүхэнтэй нэг нэгнийхээ үснээс зулгааж хоорондоо зууралдсан. Тэр үед хажууд байсан хүмүүс салгасан. Надад ямар нэгэн гэмтэл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

              - Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 089 дугаартай дүгнэлтэд: “1.А.А-н биед баруун үүдэн шүдний 21 дүгээр шүдний хугарал, зүүн хөхний дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх шүдний хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 57-58-р хуудас/,

              - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

              - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 6-14-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

Хохирогч А.А нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, цаашид хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.          

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх саналтай.” гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасан хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Са хурандаа овгийн Б-н Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С хурандаа овгийн Б-н Б-д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  Б.Б-д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б-д тайлбарласугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А нь эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахтай холбогдуулан цаашид гарах эмчлгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй Б.Б-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН