Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 430

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 5 дугаар баг, Далан гэх газар оршин суух Хөндий овогт Оготоны Батсайханы /РД:ЙД69051017/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жамъянхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Батсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жамъянхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Батсайхан миний төрсөн ах юм. Тэрээр 1985 оны 6 дугаар сарны 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Ингээд өвчины учир группд орох болсон тул хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна.

Иймд О.Батсайханыг 1985 оны 6 дугаар сарны 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.Батсайхан нь 1985 оны 6 дугаар сарны 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 1 дүгээр тал/

Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхболомжтой байна.

О.Батсайхан нь 1985 оны 6 дугаар сарны 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 518 тоот архивын лавлагаа /хх-ийн 4 дугаар тал/, 1985 оны 6 дугаар сарын хөдөлмөрийн хөлс олгох хүснэгт /хх-ийн 5 дугаар тал/, хамт ажиллаж байсан талаарх гэрч Ц.Өлзийсүрэн, Д.Чулуунбат, А.Уранчимэг нарын мэдүүлэг /хх-ийн17, 20, 23 дугаар тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд О.Батсайханы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Хөндий овогт Оготоны Батсайханы /РД:ЙД69051017/ 1985 оны 6 дугаар сарны 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарО.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ