Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1031

 

 

 

 

 

 

 

 

 

     Б.О, Ж.Б нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Эрдэнэбат,

яллагдагч Б.О,

яллагдагч Ж.Бийн өмгөөлөгч Г.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1262 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Эрдэнэбатын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай эсэргүүцлээр Б.О, Ж.Б нарт холбогдох 1811018030676 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Г овгийн Ж-ын Б, 1990 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “........” ХХК-ийн захирал, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн ...... тоотод оршин суух, /

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 11 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

2. Чонос овгийн Б-ийн О, 1996 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дарханы ажил хийдэг гэх, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ....... тоотод оршин суух, /РД:....../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 556 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан;

 

Ж.Б, Б.О нар нь 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таксины үйлчилгээний хөлс”-нөөс үүдэн хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Б, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллагдагч Ж.Б, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

 

Прокурор Т.Эрдэнэбат бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Ж.Боос Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан "Бусдад дээрэмдүүлсэн" тухай гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авч шалгаад мөрдөгчөөс Ж.Б бусдад дээрэмдүүлсэн болох нь тогтоогдохгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай ирүүлж, прокуророос материалыг хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан байна.

Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар гэмт хэргийн талаарх гомдол гаргагч Ж.Бийн машинд байсан гэх 107.000 төгрөгийг Б.О хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, авсан нь тогтоогдоогүй. Харин харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Бадралын гаргасан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №7723, шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №7711 дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ” гэж, 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана” гэж тус тус заасан байна.

            Хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэргийн талаарх гомдол гаргагч Ж.Бид тухайн үед 107.000 төгрөг байсан нь хангалттай тогтоогдоогүй тул прокуророос Б.От хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байна.

            Шүүгчийн захирамжид, Ж.Бийг өмгөөлөгчгүй байцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг зөрчсөн байна гэжээ.

            Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг Ж.Бид танилцуулж яллагдагчаар байцаахдаа өмгөөлөгчтэй байцаалт өгөх эсэх талаар асуухад өмгөөлөгч орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн тул байцаалт авсан байдаг.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэж заасан, мөн Ж.Бийн холбогдсон хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар заавал  өмгөөлөгч оролцуулах хэрэг биш юм.

            Мөн Ж.Б, Б.О нар нь харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ж.Бийн үйлдсэн хэргийн хувьд Б.О нь хохирогч, Б.Оын үйлдсэн хэргийн хувьд Ж.Б нь хохирогч тул тухайн хэргийн хувьд харилцан эсрэг сонирхолтой яллагдагч гэж үзэх үндэслэлгүй юм.

            Шинжээч эмч дүгнэлт гаргахдаа, 1 дүгээрт хохирогч Б.Оыг биечлэн үзсэн, 2 дугаарт “Баянномгон” шүдний эмчийн үзлэгийн баримт, 3 дугаарт Дүрс оношилгооны эмч О.Оюунболорын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн компьютер томографийн зургийг тус тус үзэж, дүгнэлтийг гаргасан байдаг.

            Үзлэгээр Б.Оын биед шүдний сулрал, шүдний холбогч эд тасарсан гэмтэл тогтоогдсон, биед нь учирсан гэмтэл “Баянномгон” шүдний эмчийн үзлэгийн баримт, Дүрс оношилгооны эмч О.Оюунболорын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн компьютер томографийн зурагтай хоорондоо тохирч байсан тул дүгнэлт гаргасан ба шинжээчийн дүгнэлтэд Б.Оын биед учирсан гэмтлийг хэрэг гарсан тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэж бичжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ж.Б, Б.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.

Иймд Ж.Б, Б.О нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1262 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв

 

Яллагдагч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би таксины мөнгийг найзаасаа авч өгөх гэж байсан. “Хэрвээ намайг зугтана гэж бодож байвал манай найз руу хамт оръё, би үүдэн дээр нь очоод таксины мөнгө авч өгье” гэж хэлэхэд миний утсыг авчихаад “утас чинь байхгүй, чи юу яриад байгаа юм бэ” гээд анхнаасаа таксины мөнгө авах сонирхол байхгүй байсан. Би “энд зогсчих” гэхэд “энд ямар ч PC тоглоомын газар байхгүй байна” гэж хэлээд тойроод явсан. Би “буух газраа бууя” гэж хэлэхэд буулгаагүй албаар өнгөрч яваад хаалгаа түгжчихээд утсаар дуудаж гаргаж ир гэсэн. Надад буруу байгаа. Би таксины мөнгөгүй, шөнийн цагаар явсан нь буруу. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

 

Яллагдагч Ж.Бийн өмгөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг нь заавал өмгөөлөгч оролцох хэрэг биш, мөн харилцан эсрэг ашиг сонирхолтой биш байна гэсэн. Ж.Б, Б.О нарыг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 961, 962 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолоор хоёулаа яллагдагч болсон. Тэр хүртэл Ж.Б нь хохирогчоор тогтоогдоод байцаалт өгсөн. Энэ хэргийн хувьд Ж.Б, Б.О нь хоёулаа хохирогч, нөгөө талаар хоёулаа яллагдагч. Мөн хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь хоорондоо эсрэг ашиг сонирхолтой харагддаг. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцуулж яллагдагчаар мэдүүлэг авахдаа Б.Оаас сонгож авсан өмгөөлөгчтэй нь мэдүүлэг аваад, Ж.Боос өмгөөлөгчгүй байцаалт авсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг зөрчсөн байна. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хэзээ үзүүлсэн нь тодорхойгүй, “Баянномгон” шүдний эмнэлгийн эмчийн үзлэг, рентген зургийг эх сурвалжаа болгож ашигласан. Шинжээч эмч Бадралын биечлэн үзсэн үзлэгээр Б.Оын биед холбогч эдийн тасарсан гэмтэл огт тогтоогдоогүй. Харин цаг хугацааны хувьд тодорхой бус “Баянномгон” шүдний эмнэлгийн эмч Байгалмаагийн үзлэгээр тогтоогдсоныг дүгнэлтдээ эх сурвалжаа болгож ашигласан. Мөн тус дүгнэлтийг гаргахдаа он, сар, өдөр нь тодорхой бус шүдний рентген зургийг эх сурвалжаа болгосон. Энэ талаар хэрэгт байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Ж.Б нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл өгөөд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, таксинд өгөх мөнгөний тооцооноос болж маргалдаж зодсон эсэхийг нь тогтоо гэсэн үндэслэлээр явуулсан. Түүнээс хойш 107.000 төгрөгтэй холбоотой эсэхийг тогтоосон ямар ч ажиллагаа хийгээгүйд гомдолтой байна. Эдгээрийг харгалзан үзэж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.О, Ж.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн материалыг судлахад, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ж.Боос гаргасан “...такси үйлчилгээнд явж байгаад үл таних хүнд 107.000 төгрөгөө дээрэмдүүлсэн...” гэх гомдол, мэдээлэлд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. /хх 6/

 

Хэрэг бүртгэлт нь гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг ойлгоно. Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар шалгаж тогтоогдсон хэмжээнд тохирох зүйл, хэсгээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 7723 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /хх 36/ “Баянномгон” шүдний эмнэлгийн эмчийн үзлэг, рентген зураг зэрэг шинжилгээний объектын талаарх мэдээлэл бичигдсэн байгаа ч шинжээч эмч Ц.Бадрал нь Б.Оын биед үзлэг хийж, учирсан хохирлын шинж байдлыг тогтоон дүгнэлтээ гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйл, 27.6 дугаар зүйлд заасантай нийцэж байна. Шүүх шаардлагатай тохиолдолд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан гаргасан дүгнэлтийн талаар нь тайлбарлуулж, тодруулах ажиллагааг хийх боломжтой.

 Мөн Ж.Б нь 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...өмгөөлөгч хөдөө ажлаар явсан учраас энэ удаагийн мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгнө. ...” /хх-47-48/ гэснээр өмгөөлөгч оролцуулахгүйгээр яллагдагчаас мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй байх тул хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч, шинжээч нарыг оролцуулан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.      

           

Иймд прокурор Т.Эрдэнэбатын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.О, Ж.Б нарт холбогдох хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1262 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.О, Ж.Б нарт холбогдох хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол Б.О, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                            Л.ДАРЬСҮРЭН