Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 432

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг, багш ажилчдын орон сууцанд оршин суух Боржигон овогт Лидагийн Сарансүрэн /РД:ЙВ63041402/-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Сарансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Сарансүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Сарансүрэн нь 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдалтогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 1 дүгээр тал/

Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхболомжтой байна.

Л.Сарансүрэн нь 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 535 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 4, 5 дугаар тал/, хамт ажиллаж байсан талаарх гэрч С.Шоовдор, С.Цэрэндолгор, М.Баасандорж нарын мэдүүлэг /хх-ийн 16, 19, 22 дугаар тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд Л.Сарансүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Лидагийн Сарансүрэн /РД:ЙВ63041402/-гийн 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарЛ.Сарансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ