| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0302/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/370 |
| Огноо | 2022-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/370
2022 04 07 2022/ШЦТ/370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
шүүгдэгч Т.С,
нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч М.Отгонбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан эрүүгийн 1909035380191 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.С /регистрийн дугаар /, Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт .... ... оршин суух бүртгэлтэй, одоогоор ... тоотод түр оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 800 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Т.С нь 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын нэгдүгээр төрөх эмнэлгийн хажуу талд үйл ажиллагаа явуулах Түргэн үйлчилгээний цэгийн жижиг цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 353.011 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс болон бэлэн 120.000 төгрөгийг нууцаар авч хохирогч П.Э 473.011 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Т.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Т.С нь 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын нэгдүгээр төрөх эмнэлгийн хажуу талд үйл ажиллагаа явуулах Түргэн үйлчилгээний цэгийн жижиг цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 353.011 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс болон бэлэн 120.000 төгрөгийг нууцаар авч хохирогч П.Э 473.011 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Т.С нь хохирогч П.Э 473.011 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар Түргэн үйлчилгээний цэгийн жижиг цонхоор хууль бусаар нэвтрэн орж авсан үйл баримт нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..би прокурорын 1909035380191 дугаартай яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ..тус түргэн үйлчилгээний цэгийн цонхыг нь түлхэж ороод тамхи, шоколад, зайрмаг, чипс, бохь, гоймон. ..100.000 гаран мянган төгрөг байсан тэрийг авсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 6, 31/,
хохирогч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 онд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 1 дүгээр төрхийн хажуу талд манай эгч П.Энхжаргал ТҮЦ ажиллуулдаг байсан ба би нөхөр С.Хас-Эрдэнийн хамт эгчийнхээ ажилд тусалдаг байсан. ..манай эгч П.Энхжаргал 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ходоодны хорт хавдраар нас барсан. ..2019 оны 9 сард ТҮЦ-д хулгай орж. ..10 ширхэг шоколад, раффело гэх набор 3 ширхэг, орбит нэртэй 4 хайрцаг бохь, 6 боодол бүхий 60 хайрцаг тамхи. Тэр өдрийн орлого 120.000 төгрөг алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 58-59/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Сийг 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын нэгдүгээр төрөх эмнэлгийн хажуу талд үйл ажиллагаа явуулах Түргэн үйлчилгээний цэгийн жижиг цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 353.011 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс болон бэлэн 120.000 төгрөгийг нууцаар авч хохирогч П.Э 473.011 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч Т.Сийн дээрх үйлдэл нь 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.
Иймд шүүгдэгч Т.Ст энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Т.С энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн .... тоот болон Баянгол дүүргийн .... тоотод түр оршин суух гэрээсээ зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Т.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлах нь нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Хохирогч П.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Ст 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Ст оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот, .... тоотод түр оршин суух гэрээсээ зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.
6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР