Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч У.О,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн У-ын О-д холбогдох 2228000640042 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт: Б овгийн У-ын О, .......................

Шүүгдэгч У.О нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-наас 06-ны өдрийг шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурвансайхан хороололд байх гэр буудлын гадна ах гэж хүндэлсэнгүй гэх шалтгаанаар Х.Т-гийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дух, баруун хацар, 2 гарын сарвуу, 2 өгзөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч У.О-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө найзуудтайгаа байж байгаад М, Г-ыг хүргэхээр явсан. Явсан хойгуур нь бид хэд нэг пиво уусан. Тэр үед гадаа Т нар ирсэн. Уулзахаар манай найзууд гарсан. Хамгийн сүүлд нь би гарсан. Тэр үед миний буруу байсан. Би Т-г 2-3 удаа өшиглөсөн. Цагдаагийн машин ирэхэд бүгд зугтаагаад явсан. Цагдаа намайг харьж амар гэж хэлсэн учраас би гэр рүүгээ явсан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагаан сар хуучирч байхад хоёр найзтайгаа гэрт нь очоод байж байхад манай найз Ө, Б гэж хүн дуудаад байна очоод ирье гээд явсан. Очоод намайг буухад О гэж манай дээд ангийн таньдаг ах байсан. Хөөе О гээд дуудсан чинь ахын дүү чинь намайг чи гэдэг болсон юм уу гээд өшиглөж унагаасан. Би унахдаа бакришиг дээр унаад эргэж босоод ирэхэд нүүр өшиглөсөн. Тэгээд би нүүрээ дараад хэвтсэн. Бараг гомдол санал байхгүй. Биеийн эрүүл мэндийн хувьд зарим зүйлээ мартаад байдаг болсон. Хохирол төлбөрт 1.045.620 төгрөгийг авсан. Улаанбаатараас Өмнөговь, Өмнөговиос Улаанбаатар руу явсан хоёр хүний зардал, буудалд буусан зардал, хоол хүнсний зардал болох үлдэгдэл 1.727.000 гаруй төгрөг төлөөгүй байгаа.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед .............. тоотод байх өвөө М-ийн гэрт байхдаа найзууд болох А, Ө нартай чаталж байгаад найз М-ын гэрт бид гурав очихоор болсон. Би найзуудтайгаа уулзах гээд хувцсаа өмсөж байхад зүс таних А гэдэг ах над руу фейсбүүк чатаар залгаад чиний найз А хаана байгаа юм бэ гэхээр нь би мэдэхгүй байна гэсэн чинь тэгвэл чамтай уулзъя гэрийн хаягаа хэлчих би хүрээд очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн байгаа газрын хаягаа хэлсэн удаагүй А дахин залгаад би гадаа чинь ирчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очсон чинь А гэдэг ах саарал машинтай ирсэн байсан. Машиныг нэг залуу жолоодож байсан хажууд нь Б гэдэг зүс таних ах сууж байсан. Арын суудалд нь А ах нэг эмэгтэйн хамтаар сууж байсан. Намайг А машинд ороод ир гэхээр нь машины арын суудалд ороод суухад надтай юм ярьж байгаад манай найз Алтанбаганыг сурсан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэр үед жолоочийн хажууд сууж байсан Б гэдэг ах нэг шил архи гаргаж ирээд аягалаад Ат хийж өгсөн. Дараагаар нь надад өгсөн. Би архи уухгүй гэсэн чинь машинд байсан хүмүүст тойруулаад байсан. Тэр архинаас Б, А хоёр л ууж байсан. Жолооч тэр эмэгтэй хоёр огт уухгүй байсан. Тэгж байгаад надад хийж өгчихөөд А намайг уучих гээд байсан. Би уухгүй гээд буцаагаад өгсөн. Тэгж байх үед манай найз Ө ганцаараа алхаад ирсэн. Би машинаас Ө-ын хамтаар такси аваад найз М-ын гэрт очсон. М-ын гэрт Ө, А, М бид дөрөв сууж байхад Ө-ын утас нь дуугарсан. Ө утсаараа ярьж байгаад хэдүүлээ хойшоо гэр буудал ороод ирье гэж хэлсэн. Тэгсэн чинь М би явахгүй та гурав гялс яваад ир гэж хэлсэн. Ө, А бид гурав такси аваад Нисэх гэр хороололд байх гэр буудлын гадаа очоод нөгөө хүн рүүгээ залгаад гараад ир гэж хэлсэн. Тэгсэн нэг залуу хашаанаас гараад ирсэн бөгөөд Ө машинаас буугаад нөгөө залуутай уулзсан. Би араас нь машинаас буухад хашааны хаалгаар О гараад ирсэн. Би О-ийг хараад хөөе О гэсэн чинь О над дээр ирээд чи ах гэж дуудахаа болчихсон юм уу гэж хэлээд шууд цээж рүү тийрээд унагасан. Би газар уначхаад босох гэсэн чинь миний нүүр рүү ирээд өшиглөсөн. Тэгэхээр нь та яагаад жоохон хүүхэд зодоод байгаа юм бэ гэсэн чинь ирээд дахиад миний толгой хэсэг рүү өшиглөсөн. Би нүүрээ дараад газар доошоо хараад хэвтсэн. Энэ үед миний дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед А машинаас бууж ирээд О-ийг надаас холдуулсан. Би босоод тэндээс таксиндаа суугаад А-ын хамтаар М-ын гэр рүү явсан. А бид хоёр М-ын гэрт очиж үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд намайг тархиндаа гэмтэл авсан байна эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэсний дагуу би БОЭТ-ийн гэмтлийн тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлээд эмнэлгээс гарсан. Надад санал хүсэлт гомдол байхгүй. ” /хавтаст хэргийн 23-24,  дахь тал/

Гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой О, М нарын хамтаар гадуур явж байхад О-ийн найз нь болох Г Гурвансайхан хороололд байх гэр буудалд байна хүрч ирээд гэрт хүргээд өг гэж хэлсний дагуу бид гурав яваад очиход Г гэр буудалд Ө, Б нарын хамтаар пиво уугаад сууж байсан бөгөөд бид нарыг очсон чинь Г гэртээ хүргүүлье гэж хэлсэн. М, Г-ыг хүргэж өгөхөөр явсан бөгөөд О бид хоёр буудалд ороод тэд нартай нийлж пиво уусан. Бид нарыг пиво уугаад сууж байхад М, Г-ыг хүргэж өгөөд ирсэн. Тэгээд бид нар пабжи тоглоод пиво уугаад байж байхад Б нь Т, Ө, А нарыг утсаар дуудсан бөгөөд удаагүй Т, Ө, А нар гадаа ирчихлээ гэж хэлсэн. Б бид хоёр тэр гуравтай уулзахаар гэр буудлаас гарсан. Гадаа гарахад тэр гурав нэлээд архи уучихсан байдалтай байсан бөгөөд Б тэр гуравтай уулзаад чанга чанга яриад байсан. Тэгээд байж байхад А гэдэг залуу нь агсраад байсан. Тэр үед гэрээс Ө, Т-г тийрээд унагаасан, дээрээс нь 1-2 удаа өшиглөсөн. Тэгж байхад цагдаагийн машин ирж байгаа харагдсан. Би зугтаасан, нөгөө хэд ч бас тараад зугтаагаад явцгаасан.” /хавтаст хэргийн 31 дэх тал/

Гэрч Ө.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Х.Т-тэй уулзахаар 20 цагийн үед гэрээсээ гараад ......................... тоотод байх гэрт нь очсон. Т-гийнд бид хоёр байж байхдаа А-ыг дуудсан. А гадаа ирээд дуудахаар нь Т бид хоёр гарч очоод бид гурав дэлгүүр орчихоод такси аваад М-ын гэрт очсон. М-ын гэрт бид 4 сууж байхад Б чат бичээд Нисэхийн 7-4 тоотод байна ирээд авчих гэхээр нь би такси дуудаад А, Т бид гурав явсан. М гэртээ үлдсэн. ................. тоотын гадаа очоод чат бичсэн чинь Б гараад ирсэн. Б-ыг гараад ирэхээр нь Б-тай тамхилаад хашаанаас нэлээд зайтай газар очоод юм яриад зогсож байхад хашааны гадаа хашхиралдаад явчихсан. Тэгэхээр нь яваад очсон чинь О, Т нар зодолдсон байдалтай Т-гийн нүүр нь урагдсан байсан. Тэгээд ирсэн таксиндаа Т, А хоёрыг суулгаад явуулсан. Тэр үеэр цагдаагийн машин ирсэн. Тэгэхээр нь Б бид хоёр зугтааж яваад такси аваад гэртээ харьсан.” /хавтаст хэргийн 33 дахь тал/

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед Ба, М, О бид нар гадуур явж байхад найз Г, Б нар Нисэхэд байх гэр буудалд байна гээд дуудсан. Бид нар яваад очиход гэр буудалд Ө, Б, Г нар пиво уугаад сууж байсан бөгөөд бид нарыг очсон чинь Г гэртээ хүргүүлье гэж хэлсэн. Би Г-ыг хүргэж өгчихөөд ирээд байж байсан чинь Б хүнтэй яриад байсан. Тэгж байгаад Б, М хоёр гэрээс гараад явсан. Тэр хоёрыг гараад явсан дараагаар удалгүй гадаа хүмүүс чанга чанга яриад байхаар нь юу болоод байна гээд Ба бид хоёр гарсан. Намайг гэрээс гараад очиход Т, А нар ирчихсэн М, Б нартай муудалцаж байсан. Тэгэхээр нь та нар больцгоо гэж байсан чинь араас О гарч ирээд Т-тэй муудалцаад байсан. Тэр үед би ухаан алдаад газар унасан байсан, нэг мэдэхэд М гэртээ хүргүүлж байсан.” /хавтаст хэргийн 35 дахь тал/

Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2022 оны 02 дугаар сарын 05-ны орой Ө, Г бид нар Нисэхэд байх гэр буудал аваад тэнд пиво уугаад байж байхад О, Ба, М нар ирсэн. Тэгээд бид нар пиво ууж сууж байгаад би гэртээ харимаар санагдаад байхаар нь дүү Ө руу залгаад ахыгаа ирж аваад гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараагаар гадаа ирчихлээ гээд Ө хэлсэн. Тэгэхээр нь би гараад очсон чинь гадаа Т, А, Ө нар ирчихсэн байсан бөгөөд тэр гурав архи уусан байсан. Тэгээд би Ө-тай тамхилаад зайнд гараад байж байсан чинь хашааны гадаа муудалцаад эхэлсэн. Тэгээд хүрээд ирэхэд О, Т нар муудалцсан байдалтай гурвалжин маргаан болж байсан. Тэгж байхад цагдаагийн машины гэрэл гараад хүрээд ирсэн чинь тэнд байсан хүмүүс тараад явцгаасан. Би Ө-ыг аваад гэртээ очиж амарсан.” /хавтаст хэргийн 37 дахь тал/

Гэрч Б.Ба мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2022 оны 02 дугаар сарын 05-ны орой М, М, О бид нар гадуур явж байхад О-ийн найз Г гэдэг залуу залгаад Нисэхэд байна хүрээд ир гэж дуудсаны дагуу бид нар Нисэх хороололд байх гэр буудалд очиход Б, Г, Ө гэдэг хүмүүс байсан. Тэд нар пиво уугаад сууж байсан. Бид нарыг ороод очиход Г гэрт хүргээд өг гэсэн чинь М гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд бид нар хөзөр тоглоод пиво уугаад сууж байхад Б, М нар хүнтэй утсаар яриад байсан. Тэгж байгаад Б, М нар гэрээс гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараагаар гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очсон чинь хэдэн залуучууд маргалдаад байж байсан. Тэгсэн чинь Т, О рүү томроод байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгаж байхад А агсраад яваад байхаар нь би цааш нь дагуулаад явж байхад Т, О хоёр хоорондоо барилцаж аваад тэгсэн чинь О өшиглөж унагаад байсан. тэгээд би боль гэсэн боловч үгэнд орохгүй байхаар нь би буудлын хашаанд ороод буудлын эзэнг цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Би эргээд хашаанаас гараад очиход О рүү Т дайрч байсан. Тэгээд байж байхад цагдаагийн машины гэрэл гарсан чинь зугтаах нь зугтаагаад явах нь яваад өгсөн.” /хавтаст хэргийн 39 дэх тал/

Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Тархины аалзан хальсны доорх цус харвалтын улмаас амь тэнссэн байдал үүссэн бол гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалт буюу хүнд гэмтэлд хамаарна. Х.Т-гийн биед амь тэнссэн байдал илрээгүй учраас гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заасан гэмтэл юм.” /хавтаст хэргийн 41 дэх тал/

Шүүгдэгч У.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн, одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Дахин архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, дахин гэмт хэрэгт орохгүй.” /хавтаст хэргийн 52 дахь тал/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Х.Т-гийн биед тархины аалзан хальс доорх голомтлог цус харвалт, дух, баруун хацар, 2 гарын сарвуу, 2 өгзөгний зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,           

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дэх тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 167 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 56 дахь тал/        

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 57 дахь тал/

Хөдөлмөрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь Политехник коллежийн дипломын хуулбар /хавтаст хэргийн 58-59 дэх тал/

Өмнөговь аймаг Өмнийн говийн баялаг ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2022/08 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 60 дахь тал/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 62-64, 68-71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч У.О нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-наас 06-ны өдрийг шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурвансайхан хороололд байх гэр буудлын гадна ах гэж хүндэлсэнгүй гэх шалтгаанаар Х.Т-гийн бие эрх чөлөөнд халдсан нөхцөл байдал тогтоогдож байна.  

Улмаар шүүгдэгч У.О нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т-гийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дух, баруун хацар, 2 гарын сарвуу, 2 өгзөгний зулгаралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т-гийн: “...Ө, А бид гурав такси аваад Нисэх гэр хороололд байх гэр буудлын гадаа очоод нөгөө хүн рүүгээ залгаад гараад ир гэж хэлсэн. Тэгсэн нэг залуу хашаанаас гараад ирсэн бөгөөд Ө машинаас буугаад нөгөө залуутай уулзсан. Би араас нь машинаас буухад хашааны хаалгаар О гараад ирсэн. Би О-ийг хараад хөөе О гэсэн чинь О над дээр ирээд чи ах гэж дуудахаа болчихсон юм уу гэж хэлээд шууд цээж рүү тийрээд унагасан. Би газар уначхаад босох гэсэн чинь миний нүүр рүү ирээд өшиглөсөн. Тэгэхээр нь та яагаад жоохон хүүхэд зодоод байгаа юм бэ гэсэн чинь ирээд дахиад миний толгой хэсэг рүү өшиглөсөн. Би нүүрээ дараад газар доошоо хараад хэвтсэн. Энэ үед миний дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед А машинаас бууж ирээд О-ийг надаас холдуулсан.” /хавтаст хэргийн 23-24,  дахь тал/,

Гэрч Х.М-ын: “... Гадаа гарахад тэр гурав нэлээд архи уучихсан байдалтай байсан бөгөөд Б тэр гуравтай уулзаад чанга чанга яриад байсан. Тэгээд байж байхад А гэдэг залуу нь агсраад байсан. Тэр үед гэрээс Ө, Т-г тийрээд унагаасан, дээрээс нь 1-2 удаа өшиглөсөн.” /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Гэрч Ө.Ө-ын: “...тоотын гадаа очоод чат бичсэн чинь Б гараад ирсэн. Б-ыг гараад ирэхээр нь Б-тай тамхилаад хашаанаас нэлээд зайтай газар очоод юм яриад зогсож байхад хашааны гадаа хашхиралдаад явчихсан. Тэгэхээр нь яваад очсон чинь О, Т нар зодолдсон байдалтай Т-гийн нүүр нь урагдсан байсан.” /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Гэрч Б.М-ийн: “...Би Г-ыг хүргэж өгчихөөд ирээд байж байсан чинь Б хүнтэй яриад байсан. Тэгж байгаад Б, М хоёр гэрээс гараад явсан. Тэр хоёрыг гараад явсан дараагаар удалгүй гадаа хүмүүс чанга чанга яриад байхаар нь юу болоод байна гээд Ба бид хоёр гарсан. Намайг гэрээс гараад очиход Т, А нар ирчихсэн М, Б нартай муудалцаж байсан. Тэгэхээр нь та нар больцгоо гэж байсан чинь араас О гарч ирээд Т-тэй муудалцаад байсан.” /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Гэрч М.Б-ы: “...би Ө-тай тамхилаад зайнд гараад байж байсан чинь хашааны гадаа муудалцаад эхэлсэн. Тэгээд хүрээд ирэхэд О, Т нар муудалцсан байдалтай гурвалжин маргаан болж байсан. Тэгж байхад цагдаагийн машины гэрэл гараад хүрээд ирсэн чинь тэнд байсан хүмүүс тараад явцгаасан.” /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Гэрч Б.Ба-ын: “...хэсэг хугацааны дараагаар гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очсон чинь хэдэн залуучууд маргалдаад байж байсан. Тэгсэн чинь Т, О рүү томроод байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгаж байхад А агсраад яваад байхаар нь би цааш нь дагуулаад явж байхад Т, О хоёр хоорондоо барилцаж аваад тэгсэн чинь О өшиглөж унагаад байсан. Тэгээд би боль гэсэн боловч үгэнд орохгүй байхаар нь би буудлын хашаанд ороод буудлын эзэнг цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Би эргээд хашаанаас гараад очиход О рүү Т дайрч байсан.” /хавтаст хэргийн 39 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч У.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т-гийн эрүүл мэндэд тархины аалзан хальс доорх голомтлог цус харвалт, дух, баруун хацар, 2 гарын сарвуу, 2 өгзөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/-ээр  тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч У.О нь Х.Т-гийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дух, баруун хацар, 2 гарын сарвуу, 2 өгзөгний зулгаралт бүхий гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч У.О нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-наас 06-ны өдрийг шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурвансайхан хороололд байх гэр буудлын гадна ах гэж хүндэлсэнгүй гэх шалтгаанаар Х.Т-гийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дух, баруун хацар, 2 гарын сарвуу, 2 өгзөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.045.620 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн байх ба шүүгдэгч У.О нь хохирогчийн ээж болох М.Х-ын данс руу 1.045.620 төгрөгийн хохирлыг шилжүүлж /хавтаст хэргийн 62 дахь тал/ төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т нь “Улаанбаатараас Өмнөговь, Өмнөговиос Улаанбаатар руу явсан хоёр хүний зардал, буудалд буусан зардал, хоол хүнсний зардал болох үлдэгдэл 1.727.000 гаруй төгрөг төлөөгүй байгааг нэхэмжилнэ” гэх тайлбарыг гаргаж байх боловч уг нэхэмжлэлийг нотолсон холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч У.О нь хохирогчид 1.045.620 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.О-ийн хувийн байдал нь .......................... зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч У.О нь өөрийгөө өмгөөлж хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх шүүгдэгч У.О-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч У.О 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Од оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.О өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх нь шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн У-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч У.О 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч У.О хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т-д 1.045.620 /нэг сая дөчин таван мянга зургаан зуун хорин мянга/ төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Т-гийн нэхэмжлэлээс 1.727.000 /нэг сая долоон зуун хорин долоо мянга/ төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 7. Шүүгдэгч У.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч У.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ