Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

                                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Адуучин овогт Мижигийн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Нийслэлийн ******* дүүрэг 2 дугаар хороо Сонсголонгийн 1-6 тоотод түр оршин суух, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 13-3 тоотод байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Адуучин овогт Мижигийн ******* //,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн 52 дугаар байрны орцонд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хувийн таарамжгүй харилцааны улмаас  биед нь халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн орой хэсэгт шарх, баруун, зүүн гарын бугалга, нуруу, зүүн хөл хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө ярьсан бүх зүйл үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.   

       

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө Улаанбаатар хотоос Бат-Эрдэнийн хамт Өвөрхангай аймгийн ******* суманд ирсэн. Бат-Эрдэнийн гэрт очсон. Тэнд хоносон маргааш нь ...Ууганаа гэдэг найзынд нь очсон. тэднийд аарц уугаад хоол идээд буцаад Мөнхцэцэгийнд ирсэн. Мөнхцэцэг бас ирээгүй байсан. ******* Амгааг ээж нь асуугаад байна хүргэж өгнө гээд явсан. Мөнхцэцэгийнд сүүлд ирэхэд Ууганаа гээд найз нь эхнэртэйгээ хамт ирсэн байсан юм. ******* явахад Ууганаа, Ууганаагийн эхнэр нь Мөнхцэцэгийн хүүхэд бид нар үлдсэн. Бат-Эрдэнийг гарахын өмнө Мөнхцэцэг нөхөртэйгөө ирээд вино архи гаргасан. Бат-Эрдэнийг гарахаас өмнө би Ууганаагийн эхнэртэй 1 шил вино хувааж уусан. ******* Ууганаа, Сандаг гээд Мөнхцэцэгийн нөхөртэй нь бас 1 шил архи ууж байгаа харагдсан. ******* хүүхдээ хүргэж өгөхөөр явсан 30-40 минут болоод буцаад ганцаараа ирсэн. Тэгээд орж ирэнгүүтээ намайг Ууганаатай хардаад агсрах гээд байсан. Тэгэхээр нь би гарч буудалд очиж хононо гээд гартал миний араас хаалга хаагдаагүй байхад гүйгээд гараад ирсэн. Шатны 2 дахь гишгүүр хүрч явахад ******* намайг түлхсэн. Тэгэхээр нь би шатан дээр доошоо суусан. Тэгтэл агсраад миний толгойтой үснээс бариад шатны гишгүүрийн ирмэг хэсэг рүү 2 удаа мөргүүлсэн. Миний толгойноос цус гарсан. ******* мөргүүлэхээ больчихсон. Тэгээд би утсаараа цагдаа дуудсан. Эмнэлэг ороод толгойдоо 3 ширхэг оёдол тавиулсан. Бас гарын бугалага дотор хэсэгтээ хөхөрсөн, нуруун дээр бас хөхөрсөн байсан. ...Урьд нь зодож байгаагүй. ******* надаас уучлалт гуйсан тэгэхээр нээх гомдолгүй. Нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй цаашдаа тархины зураг энэ тэр аваад эмчилгээ хийлгэвэл зардлаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М.Бат-эрдэнийг 2017 оноос хойш танина. Хамаатан садангийн холбоо байхгүй. Хуурай дүү байгаа юм. Хотод нэг эхнэртэй болж байгаа хэд хоногоос ирж танилцуулна гээд яриад байдаг байсан. Тэгсэн 1 орой маргааш гарлаа гэж байсан. Би завгүй байгаа гэтэл, аав дээр оччихоод дараа нь очно гэсэн. Тэгсэн манай ажил дээр хүрээд ирсэн. Хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд манай хүүхдийг аваад гэрийн түлхүүр аваад явсан. Гэртээ очих гээд Бат-эрдэнэ рүү ярьсан хүрээд ирсэн жаахан уучихсан байна гэхээр нь би загнасан. Тэгээд манайхаас хүүхдээ хүргэх гээд явсан. Бат-эрдэнэ явж ирээд эхнэр гээд байсан хүүхэнтэйгээ маргалдсан. Бат-эрдэнэ аргадаад байгаа бололтой байсан. Тэр хоёр нилээн маргалдсан. Хүүхэн нь нилээн согтчихсон байсан. Тэгээд хүүхэн нь гүйгээд гараад явсан 2-оос 3 удаа гарсан байх. Тэгээд сүүлд нь гараад тэр чигээрээ алга болсон. Нилээн удсаны дараа унтаж байхад Бат-эрдэнэ ганцаараа орж ирсэн. Нөгөөдхөө хов хоосон буудалд хүргэчихсэн гэл үү нэг юм ярьсан. Тэгээд манайд унтаад би өглөө эрт явсан. Манай гэрт үлдсэн. Тэгээд дараа нь түлхүүр авч ирж өгөхдөө цагдаа явна гээд байсан. Би бол хараагүй. Араас нь гараагүй. Би учрыг нь мэдээгүй Ням нь агсраад байсан. гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №518 дугаартай дүгнэлт, Үзүүлэгч “ биед тархи доргилт, толгойн оройн хэсэгт шарх, баруун, зүүн гарын бугалга, нуруу, зүүн хөл хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 14-15-р хуудас/,

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 43-44 хуудас/,

Шүүгдэгч ******* хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн № 550 дугаартай тодорхойлолт /хх-ийн 41/,

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/,

Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч ******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн 52 дугаар байрны орцонд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч найзтайгаа хардаж айлаас чирч гаргаад шатны ирмэг толгойгоор нь мөргүүлэн, биед нь халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн орой хэсэгт шарх, баруун, зүүн гарын бугалга, нуруу, зүүн хөл хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

       Хохирогч “...******* гарахын өмнө би Ууганаагийн эхнэртэй 1 шил вино хувааж уусан. ******* Ууганаа Сандаг гээд Мөнхцэцэгийн нөхөртэй нь бас 1 шил архи ууж байгаа харагдсан. ******* хүүхдээ хүргэж өгөхөөр явсан. 30-40 минут болоод буцаад ганцаараа ирсэн. Тэгээд орж ирэнгүүтээ намайг Ууганаатай хардаад агсрах гээд байсан. Тэгэхээр нь би гарч буудалд очиж хононо гээд гартал миний араас хаалга хаагдаагүй байхад гүйгээд гараад ирсэн. Шатны 2 дахь гишгүүр хүрч явахад ******* намайг түлхсэн. Тэгээд би шатан дээр доошоо суусан. Тэгтэл агсраад миний толгойтой үснээс бариад шатны гишгүүрийн ирмэг хэсэг рүү 2 удаа мөргүүлсэн. ******* суманд 52 дугаар байр гэсэн төв талбайн тэнд байсан. Тэр байрны хойд талаасаа хоёр дахь орцны 4 давхарт намайг шат мөргүүлсэн юм. Намайг шат мөргүүлж байх үед хажууд хэн ч байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, гэрч “...Бат-эрдэнэ явж ирээд эхнэр гээд байсан хүүхэнтэйгээ маргалдсан. М.Бат-эрдэнэ аргадаад байгаа бололтой байсан. тэр хоёр нилээн маргалдсан хүүхэн нь нилээн согтчихсон байсан. Тэгээд хүүхэн нь гүйгээд гараад явсан 2-оос 3 удаа гарсан байх. Тэгээд сүүлд нь гараад тэр чигээрээ алга болсон. Би бол хараагүй, араас нь гараагүй. Би учрыг нь мэдээгүй Ням нь агсраад байсан.” /хх-ийн 29-30-р хуудас/, хохирогч Г.Нямд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-44-р хуудас/, Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №518 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-11-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч С.Баатарсүх шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Торгуулийн мөнгийг төлөх боломжтой” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Ням нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 3,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Адуучин овогт Мижигийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Адуучин овогт Мижигийн Бат-Эрдэнийг 600 /зургаа зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй, Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР