Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа

Улсын яллагч С.Баатарсүх,

Хохирогч Т.Ганхуяг,

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Онход овогт Даваасүрэнгийн Бат-Эрдэнэд холбогдох 2126000000284 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, яс үндэс Халх, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, Өвөрхангай аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн номын санчаар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумын Ширээгийн 09-н тоотод түр оршин суух, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, 16 хэсэг, цэргийн хотхон 8 дугаар гудамжны 256 тоотод байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Онход овогт Даваасүрэнгийн Бат-Эрдэнэ /РД: РЙ91120215/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын спорт зааланд иргэн Т.Ганхуягийг зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, шүдний хагас булгарал, дээд доод уруулын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр спорт зааланд согтуу явсан нь үнэн. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

 Хохирогч Т.Ганхуяг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай спорт зааланд аймгийн аварга шалгаруулах ширээний теннисийн тэмцээн болсон. Энэ тэмцээн нь 3 дахь өдрөө буюу финалын тоглолт болж байсан. Би тэмцээний ажлын хэсэгт орж ажиллаад шагнал гардуулах ёстой байсан. Тэнд манай сумын Засаг даргын тамгын газрын хамт олон, ард иргэд гээд олон хүн байсан. Би заалны хойд талд хурлын даргатайгаа хамт сууж байтал Д.Бат-Эрдэнэ гаднаас нилээн согтуу орж ирээд миний хажууд ирж сууснаа намайг цаашаа суу гээд байсан. Тэгээд би утсаар ярих гээд бостол “чи юундаа ярвайгаад байгаа юм. Чамайг шаачих уу” гээд гараараа зангаад байсан. Тэгээд шилэн хүзүүнээс барьж аваад, курткины малгайнаас зуурчихаад тавихгүй байсан. Тэгээд би холдож сууя гэж бодоод холдох гэтэл намайг зуураад тавихгүй байхаар нь би нүүр лүү нь дэлссэн. Тэгээд цаашаа явтал араас ирээд 2 гар хумиж, араас тэвэрч аваад заалны сандал мөргүүлээд шалан дээр унагаасан. Тэгээд боссон чинь миний баруун ташаа руу өшиглөөд, тэнд байсан хүмүүс ирж салгасан. Над руу тэгж дайрч байхдаа миний цамцыг урсан. Тэгээд хүмүүс салгаад Д.Бат-Эрдэнийг аваад гарсан. Тэрнээс хойш 10-20 орчим минут болоод эргээд ороод ирсэн. Над дээр шууд ирээд уулзъя гэхээр нь намайг арай ч цохичихгүй байх гэж бодоод хамт спорт заалнаас гартал үүдний шатан дээр намайг цохиод унагаасан. Тэр үед би шокийн байдалд орсон. Тэгээд миний бүх хувцас, хамаг юм цус болсон. Нэхэмжлэх зүйл гэвэл тухайн үед өмсөж байсан ноолууран цамцыг урсан. Эмчилгээний зардал 171.500 төгрөг болсон. Мөн прокурор, мөрдөн байцаагчийн дуудсанаар аймагт 5 удаа ирж байна. Ирж очих бүртээ өөрийнхөө машинаар явдаг. Энэ хооронд явсан бензиний зардлаа нэхэмжилнэ. Мөн сүүлд аймагт Моносоос 37.500 төгрөгийн эм авсан. Нэг удаа явахад 30 литр бензин гэж тооцоод 372.500 төгрөгийн бензиний зардлаа нэхэмжилнэ. Хамгийн эхэнд хэрэг болсны маргааш сумынхаа цагдаатай хамт шинжээч эмчид үзүүлэх гээд ирэхэд шинжээч эмч нь хөдөө ажилтай явсан гээд үзүүлж чадаагүй. Тэр зардлаа бол нэхэмжлээгүй байгаа гэв.

 

Хохирогч Т.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол сумын засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй Өвөрхангай аймгийн теннисний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тус өдрийн 13 цаг 30 минутын үед би спорт зааланд ирээд тэмцээн үзээд сууж байх үед сургуулийн номын санч ажилтай Бат-Эрдэнэ гэх залуу зааланд нилээн согтуу орж ирээд миний хажууд суугаад надаас “...чи яагаад дуугарахгүй байгаа юм, чи юундаа ярвайгаад байгаа юм” гэж хэлээд гараа зангидан зангаад, араас куртикны малгайнаас татаж чангаагаад, ар дагз руу цохиод байсан. Би малгайнаас зуураад байхаар нь гараараа нудраад тавиулаад босоод явах гэсэн чинь араас барьж аваад заалны шалан дээр унагаасан. Тэгээд тэнд байсан хүмүүс ирж Бат-Эрдэнэ гэх залууг салгасан. Тэгээд Баянгол сумын 6 дугаар багийн засаг дарга ажилтай Нямбалдан гэх залуу Бат-Эрдэнийг авч гарсан. Тэгээд 10 орчим минутын дараа Бат-Эрдэнэ эргэж зааланд орж ирээд намайг гарч уулзъя гээд чангаагаад байсан. Би гарахгүй гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс сүртэй юм гарчихъя гэсэн би арай цохичих байх гэж бодоогүй дагаад гарсан. Тэгээд заалнаас дагаад гарсан чинь миний зүүн талд явж байгаад заалны шатан дээрээс буугаад миний уруул руу цохисон. Тэгээд хүмүүс гарч ирж салгаад тэгээд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, 

 

Гэрч Г.Нямбалдангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай сумын зааланд Өвөрхангай аймгийн теннисний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байсан. Тэр тэмцээнийг тухайн үед би шүүгээд сууж байсан. 14 цагийн үед Ганхуяг ах зааланд ирсэн миний хажууд сууж байсан. Тэр үед гаднаас Бат-Эрдэнэ согтуу орж ирээд Ганхуяг ахын хажууд суугаад хэрүүл өдөөд байх шиг байсан. Тэгээд сүүлдээ Бат-Эрдэнэ Ганхуяг ахын куртикнээс татаад бас хүзүүнээс нь зулгаагаад байх шиг байсан. Тэгээд би босоод ширээ рүү явтал ард зууралдаад маргалдаад хоцорсон. Тэгээд эргэж очоод тоглож байсан нэг залуутай хамт очиж салгасан. Би Бат-Эрдэнийг татаад Нандинбаатар ах Ганхуяг ахыг татсан. Тэгээд би Бат-Эрдэнийг дагуулж заалнаас гарсан. Тэгээд гарч ирээд намайг цохичихлоо гээд эргэж орох гээд дайраад байсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ чиний буруу одоо харьж унт би хүргээд өгье гэсэн. Тэгсэн чинь за тэгвэл би Ганхуяг ахаас уучлалт гуйя хэрүүл маргаан хийхгүй гээд буцаад заал руу орсон. Тэгээд Ганхуяг ахыг дагуулаад заалнаас гарч ирээд шатнаас буугаад Хуягаа ахыг цохисон. Хуягаа ах газар өнхөрөөд унасан. Тэгээд босч ирээд Бат- Эрдэнэтэй зууралдаад авсан. Тэгээд бид хэд салгасан. Тэгээд цагдаа ирээд Бат- Эрдэнийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Чимэд-Очрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зааланд ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн үзээд сууж байсан. Тэгээд сууж байтал Бат-Эрдэнэ орж ирээд Хуягаа ахын хажууд суусан. Тэгээд Бат-Эрдэнэ Хуягаагийн куртикнээс татсан. Тэгээд Ганхуяг босч ирээд Бат-Эрдэнийн нэг цохисон, Тэгээд Нямбалдан, Нандинбаатар нар салгасан. Тэгээд Нямбалдан Бат- Эрдэнийг аваад гарсан. Гадаа юу болсныг би хараагүй. Мэдэхгүй байнагэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 482 дугаартай “..Үзүүлэгч Т.Ганхуягийн биед тархи доргилт, 1.2 дугаар шүдний хагас булгарал, дээд доод уруулын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 27-28-р хуудас/,

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 210 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 53, 54/,

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/,

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Бат-эрдэнэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч “Д.Бат-Эрдэнэ 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын спорт зааланд иргэн Т.Ганхуягийг зодож түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, шүдний хагас булгарал, дээд доод уруулын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

             

          Хохирогч Т.Ганхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай спорт зааланд аймгийн аварга шалгаруулах ширээний теннисийн тэмцээн болсон. Тэнд манай сумын Засаг даргын тамгын газрын хамт олон, ард иргэд гээд олон хүн байсан. Би заалны хойд талд хурлын даргатайгаа хамт сууж байтал Д.Бат-Эрдэнэ гаднаас нилээн согтуу орж ирээд миний хажууд ирж сууснаа намайг цаашаа суу гээд байсан. Тэгээд би утсаар ярих гээд бостол “чи юундаа ярвайгаад байгаа юм. Чамайг шаачих уу” гээд гараараа зангаад байсан. Тэгээд шилэн хүзүүнээс барьж аваад, курткины малгайнаас зуурчихаад тавихгүй байсан. Тэгээд би холдож сууя гэж бодоод холдох гэтэл намайг зуураад тавихгүй байхаар нь би нүүр лүү нь дэлссэн. Тэгээд цаашаа явтал араас ирээд 2 гар хумиж, араас тэвэрч аваад заалны сандал мөргүүлээд шалан дээр унагаасан. Тэгээд боссон чинь миний баруун ташаа руу өшиглөөд, тэнд байсан хүмүүс ирж салгасан. Тэрнээс хойш 10-20 орчим минут болоод эргээд ороод ирсэн. Над дээр шууд ирээд уулзъя гэхээр нь намайг арай ч цохичихгүй байх гэж бодоод хамт спорт заалнаас гартал үүдний шатан дээр намайг цохиод унагаасан. Тэр үед би шокийн байдалд орсон. Тэгээд миний бүх хувцас, хамаг юм цус болсон.”  Хавтаст хэрэгт авагдаж, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Т.Ганхуягийн “...Тус өдрийн 13 цаг 30 минутын үед би спорт зааланд ирээд тэмцээн үзээд сууж байх үед сургуулийн номын санч ажилтай Бат-Эрдэнэ гэх залуу зааланд нилээн согтуу орж ирээд миний хажууд суугаад надаас чи яагаад дугарахгүй байгаа юм, чи юундаа ярвайгаад байгаа юм гэж хэлээд гараа зангидан зангаад, араас куртикний малгайнаас татаж чангаагаад, ар дагз руу цохиод байсан. Би малгайнаас зуураад байхаар нь гараараа нудраад тавиулаад босоод явах гэсэн чинь араас барьж аваад заалны шалан дээр унагаасан. Тэгээд 10 орчим минутын дараа Бат-Эрдэнэ эргэж зааланд орж ирээд намайг гарч уулзъя гээд чангаагаад байсан. Би гарахгүй гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс сүртэй юм гарчихъя гэсэн би арай цохичих байх гэж бодоогүй дагаад гарсан. Тэгээд заалнаас дагаад гарсан чинь миний зүүн талд явж байгаад заалны шатан дээрээс буугаад миний уруул руу цохисон. Тэгээд хүмүүс гарч ирж салгаад тэгээд цагдаа нар ирсэн. гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, гэрч Г.Нямбалдангийн “...Тэгээд сүүлдээ Бат-Эрдэнэ Ганхуяг ахын куртикнээс татаад бас хүзүүнээс нь зулгаагаад байх шиг байсан. Тэгээд би босоод ширээ рүү явтал ард зууралдаад маргалдаад хоцорсон. Тэгээд эргэж очоод тоглож байсан нэг залуутай хамт очиж салгасан. Би Бат-Эрдэнийг татаад Нандинбаатар ах Ганхуяг ахыг татсан. Тэгээд би Бат-Эрдэнийг дагуулж заалнаас гарсан. Тэгээд гарч ирээд намайг цохичихлоо гээд эргэж орох гээд дайраад байсан. Тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ чиний буруу одоо харьж унт би хүргээд өгье гэсэн. Тэгсэн чинь за тэгвэл би Ганхуяг ахаас уучлалт гуйя хэрүүл маргаан хийхгүй гээд буцаад заал руу орсон. Тэгээд Ганхуяг ахыг дагуулаад заалнаас гарч ирээд шатнаас буугаад Хуягаа ахыг цохисон. Хуягаа ах газар өнхрөөд унасан. Тэгээд босч ирээд Бат- Эрдэнэтэй зууралдаад авсан. Тэгээд бид хэд салгасан. Тэгээд цагдаа ирээд Бат- Эрдэнийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, гэрч Т.Чимэд-Очрын “...Бат-Эрдэнэ орж ирээд Хуягаа ахын хажууд суусан. Тэгээд Бат-Эрдэнэ Хуягаагийн куртикнээс татсан. Тэгээд Ганхуяг босч ирээд Бат-Эрдэнийн нэг цохисон, Тэгээд Нямбалдан, Нандинбаатар нар салгасан. Тэгээд Нямбалдан Бат-Эрдэнийг аваад гарсан. Гадаа юу болсныг би хараагүй. Мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, хохирогч Т.Ганхуягийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 482 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Хохирогч Т.Ганхуяг нь Баянгол сумаас Арвайхээр суманд мөрдөгч, прокурор, шүүхэд дуудагдаж ирэхдээ хувийн машинтайгаа ирсний бензиний зардал, эм авсан зардал, ноолууран цамц, срочкин цамцны үнэ зэрэг нийт 878.750 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогчоос 879.450 төгрөгний баримт хэрэгт авагдсан байна. 

 

Шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн “НИК “ХХК-наас бензин авсан  тухай 40.000 төгрөгний баримт,  Баяндагналтай ХХК-наас эм авсан 171.500 төгрөгний баримтыг нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэж, нийт 211.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнээс 211.500 төгрөг гаргуулж хохирогч Т.Ганхуягт олгохоор шийдвэрлэсэн.

 

Хохирогч Т.Ганхуягийн нэхэмжлэлээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 150.000 төгрөгний бензин авсан баримт, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн бензиний баримтыг мөрдөгч, прокурор, шүүхэд дуудагдаж ирсэн, болон биеэ үзүүлэх гэж ирсэн талаарх баримтгүй байна гэж үзсэн. Мөн ноолууран цамцны үнэ 277.700, срочкин цамцны үнэ 40.000 төгрөг, эмний мөнгө 37.750 төгрөг зэрэг нь баримтгүй байх тул хохирогч Т.Ганхуягийн нэхэмжлэлээс  нийт 667.950 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Т.Ганхуяг нь хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид эмчилгээ хийлгэх зардлаа  нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах  эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхөөр 20 минутын завсарлага авч, завсарлага авсан хугацаанд хохирогч Т.Ганхуягт 211.500 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Т.Ганхуягийн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Д.Бат-Эрдэнээс 211.500 төгрөг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Т.Ганхуяг, шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  Иймд шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь хохирогчид хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Улсын яллагч шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:  гэм буруугаа хүлээж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Онход овогт Даваасүрэнгийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Онход овогт Даваасүрэнгийн Бат-Эрдэнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь хохирогч Т.Ганхуягт 211.500 төгрөг төлсөн,  хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Ганхуягийн нэхэмжлэлээс 667.950 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид эмчилгээ хийлгэх зардлаа  нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах  эрхтэйг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР