Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч С.Баярчимэг,

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Малгай овгийн ******* *******ид холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Богд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн Богд сумын 2 дугаар багийн Бурхант гэх газар оршин суух хаягтай, урьд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Малгай овгийн ******* *******, регистрийн дугаар: /*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч “...М.******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Богд сумын 2 дугаар багийн “Бурхант” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Загарзүсэмийг  зодож түүний  эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч М.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

         

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 сарын 07-ны өдөр манай дүү Загарсүрэн нөхөр Дамдингийн хамт манайд ирсэн юм. Тэгээд тухайн үед манай гэрт манай нөхрийн ах Лхагвасүрэн, эхнэр Нарантуяагийн хамт байсан. Бид хэд тухайн нэг ширхэг пивоо хувааж уусан. Мөн дараа нь би өөрийн гэрт байсан Сэнгүр нэртэй 2.5 литрийн хэмжээтэй 1 ширхэг пиво, 0.5 литрийн хэмжээтэй 1 шил Хараа гэх архийг гаргаж өгөөд бас хувааж уусан. Тухайн үед манай нөхөр нэлээн согтсон байдалтай байсан. Би дүүтэйгээ юм яриад гэрийн баруун орон дээр сууж байтал манай нөхөр намайг удам муутай гөлөгнүүдээ гээд янз бүрээр хэлээд байсан юм. Гэтэл ах Лхагвасүрэн нь *******ийг чи ханилсан ханиа яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэтэл ******* Лхагвасүрэнг чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд, гэрийн хойд талын орон дээр сууж байснаа босож ирээд миний баруун талын нүд рүү өшиглөсөн. Тухайн үед би 4 хүүхдээ дагуулаад гараад саахалт айлын Тэгшбаярынд очоод Тэгшбаяраар Лхагвасүрэн ахынд хүргүүлсэн юм. Лхагвасүрэн ахынд утасны сүлжээ барьдаг учир тэндээс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг орон дээр сууж байтал, баруун нүд рүү нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. ...******* нь надтай гэрлээд 7 жил болж байх хугацаанд миний биед халдаж, хэл амаар доромжилсон асуудал байхгүй. ...Миний баруун нүд хөхөрч хавдсан, их хэмжээний цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн үед   байсан. Яг зодсон талаар хараагүй. ******* эхнэртэйгээ хэрэлдээд босоод ирэхээр нь би больцгоо та хоёр гэж хэлтэл, ******* намайг цохиод авсан. Тэгээд би гараад явчихсан. Тухайн үед гэрт манай эхнэр Нарантуяа, *******, Загарзүсэм Дамдин нар үлдсэн. Тухайн үед 19 цагийн үед би эхнэртэйгээ очиход *******, Загарзүсэм, Загарсүрэн, Дамдин нар байсан. Загарзүсэмийн нүднээс цус гоожоод байсан. Тэгээд Загарзүсэм цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Загарзүсэм манай нөхөр ******* өшиглөсөн гэсэн. Тэгээд манай гэрт нүднээс нь нэлээн их цус гоожсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед *******, Загарзүсэм, Лхагвасүрэн, Дамдин, Загарсүрэн нар байсан. Бид хэд сэрүүн нэртэй 2 ширхэг пиво, Хараа нэртэй 0.5 литрийн 1 шил архи уусан. Тэгээд би гадаа гарч бие засчихаад ороод ирсэн чинь хоорондоо маргалдаад байсан. Загарзүсэм нь баруун талын орон дээр сууж байсан. Гэтэл ******* хойд орон дээрээсээ босч ирээд эхнэрээ өшиглөх гэхээр нь би хорьсон. Тэгээд би гараад явчихсан. Тухайн үед гэрт, *******, Загарзүсэм, Дамдин, Загарсүрэн нар үлдсэн. Нөхөр бид хоёр гэртээ очиход Загарзүсэм хүүхдүүдээ аваад манайд ирсэн байсан. Загарзүсэмийн баруун нүд хавдсан байдалтай, цус гоожоод байсан. гэсэн мэдүүлэг. /хх-ийн 09 дүгээр хуудас/,

  1. аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №20 дугаартай дүгнэлт, Үзүүлэгч "... биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд шарх. баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/.

 

Хохирогч Т.Загарзүсэмд аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/,

Шүүгдэгч М.*******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, аймгийн Богд сумын 2 дугаар багийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн № 06 дугаартай тодорхойлолт /хх-ийн 50/,

Шүүгдэгч М.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/,

Шүүгдэгч М.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч М.*******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч “...М.******* нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Богд сумын 2 дугаар багийн “Бурхант” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Загарзүсэмийг  зодож түүний  эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

 Хохирогч “...Тухайн үед манай нөхөр нэлээн согтсон байдалтай байсан. Би дүүтэйгээ юм яриад гэрийн баруун орон дээр сууж байтал манай нөхөр намайг удам муутай гөлөгнүүдээ гээд янз бүрээр хэлээд байсан юм. Гэтэл ах Лхагвасүрэн нь *******ийг чи ханилсан ханиа яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэтэл ******* Лхагвасүрэнг чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд, гэрийн хойд талын орон дээр сууж байснаа босож ирээд миний баруун талын нүд рүү өшиглөсөн. Тухайн үед би 4 хүүхдээ дагуулаад шууд гэрээсээ гараад саахалт айлын Тэгшбаярынд очоод Тэгшбаяраар Лхагвасүрэн ахынд хүргүүлсэн юм. Лхагвасүрэн ахынд утасны сүлжээ барьдаг учир тэндээс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг орон дээр сууж байтал, баруун нүд рүү нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/, гэрч “******* эхнэртэйгээ хэрэлдээд босоод ирэхээр нь би больцгоо та хоёр гэж хэлтэл, ******* намайг цохиод авсан. Тэгээд би гараад явчихсан. Тухайн үед би харсан Загарзүсэмийн нүднээс цус гоожоод байсан. Тэгээд Загарзүсэм цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Загарзүсэм манай нөхөр ******* өшиглөсөн гэсэн. Тэгээд манай гэрт нүднээс нь нэлээн их цус гоожсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/, гэрч “...Тэгээд би гадаа гарч бие засчхаад ороод ирсэн чинь хоорондоо маргалдаад байсан. Загарзүсэм нь баруун талын орон дээр сууж байсан. Гэтэл ******* хойд орон дээрээсээ босч ирээд эхнэрээ өшиглөх гэхээр нь би хорьсон. Нөхөр бид хоёр гэртээ очиход Загарзүсэм хүүхдүүдээ аваад манайд ирсэн байсан. Загарзүсэмийн баруун нүд хавдсан байдалтай, цус гоожоод байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 09 дүгээр хуудас/, Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

  аймгийн Прокуророос шүүгдэгч М.*******ид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч С.Баярчимэг шүүх хуралдаанд “...Шүүгдэгч М.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.******* нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Зөвшөөрч байна. Торгуулийн мөнгийг төлөх боломжтой” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч М.******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч М.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Загарзүсэм нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Малгай овгийн ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Малгай овгийн ******* *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.*******  нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй, Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР