| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1167/Э |
| Дугаар | 1032 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 1032
Б.Б, Т.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Эрдэнэбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч С.Батдэлгэр,
шүүгдэгч, хохирогч Б.Бын өмгөөлөгч А.Туул,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Т.Шинэбаярын нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1289 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б, шүүгдэгч, хохирогч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Т.Б нарт холбогдох 1806000000395 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Б-ы Б, 1990 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Жамъян Жу” саунд туслах ажилтнаар ажиллаж байсан гэх, ам бүл 7, эмэг эх, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......../;
2. Б овгийн Т-ын Б, 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НБ96072511/;
Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Холбоо толгойн 11 дүгээр гудамжны 6 тоотод иргэн П.Чтэй гэр бүлийн маргаанд оролцсон гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт,
Т.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Бтай маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Т.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Баярсайханы Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Батнай овогт Тогмидын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бын цагдан хоригдсон 177 /нэг зуун далан долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Баас 12.785.976 /арван хоёр сая долоон зуун наян таван мянга есөн зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зуухны таг 1 ширхэг, хутга 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1289 дүгээр шийтгэх тогтоолоор 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний энэ болчимгүй байдлаас болж эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд харамсаад барахгүй байна. Ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна. Би хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, өөрт оногдуулсан ял шийтгэлийг үгүйсгэж гомдол гаргаагүй. Би эхнэр, хүүхэд, аав, ээж, 4 дүүгийн хамт амьдардаг. Эхнэр маань 2018 оны 3 дугаар сард төрсөн. Аав, ээж 2 маань ажил хийх боломжгүй, дүү Шинэсаран минь хэд хоногийн өмнө автын осолд орж, миний хувьд болон ар гэрийн минь байдал маш хүнд байна. Энэ гэр бүлийг надаас өөр авч явах хүн байдаггүй. Мөн хохирогчийн ар гэрт туслахыг маш их хүсч байгаа ч даанч надад боломж байхгүй байна. Хорих байгууллагад ажил хийж, цалин авах боломжтой гэсэн. Гэхдээ тэр нь нээлттэй хорих байгууллагад ял эдлэж байгаа хүнд хамааралтай, цалин нь хохирол руу нь ордог гэсэн. Энэ бүхнийг харгалзан үзэж ял шийтгэл, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний төрсөн дүү П.Чгийн амь насыг хохироосон Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.Бт оногдуулсан ял шийтгэл хөнгөгдсөн гэж үзэж байна. Учир нь, энэ этгээд мөрдөн байцаалтын эхнээс хийсэн хэрэгтээ огт гэмшсэн байдалгүй байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хүртэл дүүгийн минь амь насыг хохироосон гэмт үйлдлээ булзааруулж “хохирогчийг хашаан дотор нь хутгалсан, ... тэр хүний буруу байсан гэх мэтээр мэдүүлж байсан төдийгүй хүүгээ алдсан өндөр настай аав, ээж, ах, дүүг нь хүртэл хурал тарахад "...ална шүү та нарыг ...” гэж заналхийлж байсан зэргээс үзэхэд энэ этгээд хийсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ямар ч боломжгүй юм.
Ийм байхад “...хийсэн хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээсэн. ... “ гэж ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулсанд гомдолтой байна. Түүнчлэн энэ хэргийн улмаас бидэнд учирсан эд материалын хохирол, гарсан зардлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө ч илэрхийлээгүй, шүүх хурлын өмнө 400.000 төгрөг авбал ав гэж өмгөөлөгчөөрөө дамжуулан хэлж байгаа нь нэг ёсондоо биднийг доромжилсон гэж үзэж байна.
Иймд хэргийн улмаас учирсан зардлыг нөхөн төлөөгүй, хийсэн гэмт хэрэгтээ огт гэмшихгүй, ядаж нэг удаа ар гэрээс нь уучлал гуйгаагүй, энэ хүний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж шийтгэж өгнө үү. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж байна. Хохирогчоос уучлалт гуйгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн биеэ авч яваа байдал, хохирогчийн ар гэрийнхэнтэй харьцаж байгаа байдал, янз бүрийн үгээр хэлсэн нь үнэн. Гэтэл өнөөдөр шүүгдэгч давж заалдах гомдолдоо уучлалт гуйсан талаар бичсэн байна. Энэ талаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэх байх. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-д зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо гэсэнтэй санал нийлэхгүй байна. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалт болон мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч зүй бус үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй, харин тэдний хоорондох зөрчлийг таслан зогсоох зорилгоор маргаан гарсан. Түүнээс биш хохирогч хэрүүл гаргаагүй, зодооныг эхлүүлээгүй тул хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шийтгэх тогтоолоор 12.785.976 төгрөгийн хохирол төлүүлэхээр гарсан. Өнөөдрийн байдлаар хохирол төлөгдөөгүй. Өчигдөр шүүгдэгчийн ар гэр, түүний өмгөөлөгчийн зүгээс 500.000 төгрөгийг төлье гэсэн. Үүнийг өмгөөлөгчийн хувьд бие даан шийдвэрлэх эрхгүй учраас өөрийн үйлчлүүлэгчдээ уламжилсан боловч татгалзсан. Яагаад гэвэл хэсэгчлэн биш, бүтэн төлүүлэх сонирхолтой байгаа гэсэн. ...” гэв.
Шүүгдэгч Т.Бгийн өмгөөлөгч С.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Бд ял шийтгэл оногдуулсанд тайлбар байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч, хохирогч Б.Бын өмгөөлөгч А.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгааг шүүх хуралдаанд болон давж заалдах гомдлоороо илэрхийлж байгаа. Ар гэрийнхэн нь ирж уулзаагүй гэсэн асуудлыг ярьсан. Уй гашуу тохиолдсон байхад мөнгөгүй байж очоод бүүр асуудал үүсгэх байх гэж бодоод очиж уулзаагүй гэж хэлсэн. Шүүгдэгчийн ар гэрийнхэн өөрсдийн боломжоор 500.000 төгрөг олоод өгье гэхээр татгалзаад авахгүй байгаа учраас дансыг нь олоод өгөөч гэж хэлсэн. Ял шийтгэлийн хувьд тохирсон гэж үзэж байна. Хохирол төлбөрийг төлөөгүйгээрээ ял шийтгэл нь нэмэгдэх ёстой гэж үзэж болохгүй учраас ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Хохирол төлбөрийг барагдуулна гэж хэлсэн. ...” гэв.
Прокурор Б.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 11 дүгээр гудамжны 6 тоотод “...аавтайгаа хэрүүл, зодоон хийлээ...” гэх шалтгаанаар Т.Бтай маргалдан, Т.Б нь гэрийн гадаа байсан найз Г.Гандаваа, П.Ч нарыг дуудаж, тэд орж ирснээр хэрүүл, маргаан үргэлжилж Т.Б, П.Ч нар нь Б.Бын толгой руу зуухны төмөр тагаар цохиж, бие биенийгээ тоосгоор шидэлцэн, харилцан зодооны явцад шүүгдэгч Б.Б нь гэрээсээ хутга авч гарч ирэн П.Чгийн хэвлийн тус газар нь хутгалж алсан болох нь:
Б.Бын 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн “...Би зодуулсан уурандаа гэр лүүгээ гүйж ороод тогооны шүүгээн дээр байсан цэнхэр иштэй хутгыг шүүрч Бгийн 2 найзын нэгнийх нь гэдэс, хэвлий хэсэгт нэг удаа хутгаараа дүрсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-92-93/,
Т.Бгийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр яллагдагчаар өгсөн “...би Чг одоо болно явъя гээд гэр лүү ороод хувцсаа авах хооронд Б Чг хутгалчихсан. ...” гэх мэдүүлэг /2хх-129-130/,
гэрч Г.Гандаваагийн “...Боогий гэрийнхээ баруун хойд хэсэгт, би хойморт, Чойжоо баруун талын багананы хажууд зогсч байхад нөгөө зодолддог ах хутга барьж гаднаас гүйж орж ирээд Чойжоогийн гэдэс хэсэг рүү нэг удаа дүрсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-27-30/,
гэрч А.Шинэсарангийн “...Б ах “би хүн хутгалчихлаа, би санаатай хутгалаагүй шүү” гээд байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-31-32/,
гэрч Д.Сарантуяагийн “...Б “аниа би хүн хутгалчихлаа” гээд орилоод байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-42-43/,
“...Талийгаач нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн, бүдүүн гэдэс, чацархайг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас цус алдалтын шокд орж нас байна. ...” гэх шинжээчийн 720 тоот дүгнэлт /1хх-49-51/,
Шүүх сэтгэц, эмгэг судлалын 263 тоот дүгнэлт /1хх-63/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-6-15/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар,
Т.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б.Бтай маргалдан, түүний толгойн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь:
Б.Бын 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хохирогчоор өгсөн “...Гаднаас Бгийн хоёр найз нь орж ирээд над руу дайраад талийгаач миний толгой руу зуухны төмөр тагаар цохиход нь би Бг тавьж Б босоод найзтайгаа нийлээд миний нуруу, толгой тархи руу цохиод алнаа, чамайг Эрдэнэтолгойд алхуулахгүй гээд дайраад байсан, ...Миний ухаан балартаад мөлхөж гэрээс гарч байхад араас гарч ирээд дахиад гурвуулаа нийлээд намайг хашаан дотор зодсон. ...” гэх мэдүүлэг /1хх-21-23/,
Т.Бгийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн яллагдагчаар өгсөн “...Би Б ахын цээж рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /2хх-129-130/,
гэрч Г.Гандаваагийн “...Боогий тэр эрэгтэйгийн гэдэс рүү нь нэг удаа, дараа нь нүүр лүү нь хоёр удаа цохисон. ...Чойжоо гадаа гарчихсан хамраа бариад зогсч байсан чинь тэр эрэгтэй араас нь гараад Чойжоог заамдаж аваад цохиход Чойжоо бас зөрүүлээд цохисон. ...Боогий араас нь тэр эрэгтэйг цохиход цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр эрэгтэйг доошоо тонгойход Чойжоо нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-27-30/,
гэрч А.Шинэсарангийн “...намайг Тогмид ахынд ороход Б ахыг Тогмид ахын хүүхэд Б хоёр найзтайгаа нийлчихсэн хоёр талаас нь гэдэс, нүүр лүү нь цохиж, зодоод байхаар нь би ахыгаа салгаж авсан. Тэгтэл Б гаднаас бүтэн тоосго барьж орж ирээд ах руу шидсэн чинь ахын нуруунд нь оносон. Б дахиад зуухныхаа тагийг аваад ахын нуруу, толгой руу 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /1хх-31-32/,
гэрч Д.Сарантуяагийн “...Гаднаас Бгийн хоёр найз орж ирээд нэг найз нь /нас бардаг/ шууд зуухны төмөр таг аваад Бын толгой руу цохисон. ...” гэх мэдүүлэг /1хх-42-43/,
“...Б.Бын биед тархи доргилт, зүүн чихний ард шарх, зулгаралт, дагзны хуйханд зулгаралт, дух, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун тохой, бүсэлхий, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан байна ...” гэх шинжээчийн 3779 тоот дүгнэлт /1хх-75-77/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-15/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”, Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг тус тус тогтоон хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Бын 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 11 дүгээр гудамжны 6 тоотод П.Чгийн хэвлийн тус газар нь хутгалж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
шүүгдэгч Т.Бгийн 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б.Бтай маргалдан, түүний толгойн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Бг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдгээрт тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б “...ял шийтгэл, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б “...Б.Бт шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Б.Бт оногдуулсан хорих ял шийтгэлийн хэмжээ, ял эдлүүлэх дэглэм нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул түүнд оногдуулсан арван хоёр жилийн хорих ялыг багасгах, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд мөн шүүгдэгч Б.Бт оногдуулсан ял шийтгэлийг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа хэдий ч Т.Б нь өөрийн төрсөн эцэг Тогмидтой хэрүүл, маргаан үүсгэж байх үед нэг хашаанд байдаг хажуу айлын Б.Б орж ирэн “...аавтайгаа хэрүүл, зодоон хийлээ...” гэж Бг салгаж холдуулахад тэрээр гэрийн гадаа байсан найз Г.Гандаваа, П.Ч нарыг дуудаж, тэд гэрт орж ирснээр хэрүүл, маргаан үргэлжилж, Т.Б, амь хохирогч П.Ч нар Б.Бын толгой руу зуухны төмөр тагаар цохиж, бие биенийгээ тоосгоор шидэлцэн харилцан зодолдсон үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, бие биенийгээ тоосгоор шидэлцсэн, харилцан зодооны явцад шүүгдэгч Б.Б нь гэрээсээ хутга авч гарч ирэн амь хохирогч П.Чгийн хэвлийн тус газар хутгалж, амь насыг нь хохироосон үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон 12.785.976 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулахаар, тооцоолох боломжгүй хохирлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх бусад хуулиар нээлттэй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1289 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Л.ДАРЬСҮРЭН
2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 11 дүгээр гудамжны 6 тоотод Т.Б нь өөрийн төрсөн эцэг Тогмидтой хэрүүл, маргаан үүсгэж байх үед нэг хашаанд байдаг, хажуу айлын Б.Б орж ирэн “...аавтайгаа хэрүүл, зодоон хийлээ...” гэж Бг салгаж холдуулахад тэрээр гэрийн гадаа байсан найз Гандаваа, Ч нарыг дуудаж, тэд орж ирснээр хэрүүл, маргаан үргэлжилж Б, Ч нар нь Бын толгой руу зуухны төмөр тагаар цохиж, бие биенийгээ тоосгоор шидэлцэн, харилцан зодолдсон байна. Энэ хэрүүл, маргаан зодооны явцад шүүгдэгч Б.Б нь гэрээсээ хутга авч гарч ирэн Чгийн хэвлийн тус газар нь хутгалж, амь хохирогч нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн, бүдүүн гэдэс, чацархайг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтлийн улмаас цус алдалтын шокд орж нас барсан үйл баримт тогтоогджээ.