| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2019/0605/З |
| Дугаар | 128/ШШ2020/0033 |
| Огноо | 2020-01-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2020/0033
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “И” ХХК.
Хариуцагч: НЗД.
Гуравдагч этгээд: БТМ.
Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2017 оны А/351 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, манай байгууллагын үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй 311.2 м кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Манай байгууллага нь 2005 онд тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-ын 2 дугаар байр буюу ЧД-ын нутаг дэвсгэрт байрлах, Ч******* төвийн баруун урд буланд өөрийн хөрөнгөөр 311.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулсан. Гэвч 2012 онд Монгол Улсын засгийн газраас тухайн МАХН-ын 2-р байр буюу Ч******* төвийн барилгыг улсын мэдэлд авах шийдвэр гаргасан бөгөөд тухайн шийдвэртэй холбогдуулан МАХН бүх шатны шүүхэд хэрэг үүсгэн маргасан боловч 2013 оны Улсын дээд шүүхийн 689 тоот тогтоолоор тухайн байрны өмчлөлтэй холбоотой маргаан дуусч тухайн барилгыг төрийн өмчид шилжүүлэн авсан байдаг. Тухайн барилгыг улсын өмчид шилжүүлэн авч 2013 оны 02 сарын 12-ны өдөр Үлэг гүрвэлийн төв музей УТҮГ-ыг байгуулан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгсөн бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А\351 тоот Нийслэлийн засаг даргын захирамжаар Үлэг гүрвэлийн төв музей УТҮГ-т нийт 4712 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Манай байгууллагын зүгээс дээрх газар эзэмших эрх олгосон захирамж гарсан талаар мэдээллийг 2018 оны 06 сард мэдсэн бөгөөд мэдсэн даруйдаа НЗДд гомдол гаргасан боловч Нийслэлийн засаг даргын тамгын газрын бичгийн хэргийн ажилтан төрийн өмчийн аж ахуйн нэгжийн газар эзэмшихтэй холбоотой асуудлыг Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын дагуу Барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймаг НЗД нарт үүрэг болгосон байдаг тухай мэдэгдсэний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандсан байдаг болно.
Бидний ойлгож байгаагаар хэдийгээр газрын тухай Монгол Улсын хуульд газар эзэмшүүлэх эрхийг аймаг. НЗД нарт олгосон байх боловч засгийн газрын тогтоолын дагуу төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын эзэмшилд буй газрыг олгох эрх хэмжээг засгийн газрын 3 байгууллагад хувиарлан өгсөн байна гэж ойлгож байна. бидний зүгээс төрийн байгууллагаас тавьсан шаардлагын дагуу зохих бичиг баримтын бүрдүүлбэрийг хангаж 2018 оны 07 сард хандсан боловч төрийн байгууллагын анхааралгүй, ажлын уялдаа холбоогүй байдлаас шалтгаалан дээрх гурван төрийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 2018 оны 12 сард болж манай асуудлыг шийдвэрлэсэн гэх боловч бидэнд хүргүүлсэн 2018 оны 12 сарыи 19 ний 03\4856 тоот албан бичгээс хархад ямар нэгэн байдлаар асуудлыг шийдвэрлэсэн гэх зүйл харагдахгүй байгаа болно.
Нэгэнт Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолоор эрх хэмжээг шилжүүлэн өгсөн байхад асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ бүхий төрийн байгууллага нь асуудлыг шийдвэрлээгүй, ямар шалтгааны улмаас манай байгууллагын газар эзэмших эрх авах хүсэлтийг хангаагүй , хангах боломжгүй байх тухай тайлбарыг бидэнд хүргүүлээгүй байна. Бидний зүгээс нэгэнт Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын дагуу томилогдсон ажлын хэсэг нь манай асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэх тухай мэдэгдлийг манай байгууллагад хүргүүлсэн тул энэ нь ЗХШХШТХуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Манай байгууллага өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, хууль ёсны өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж манай байгууллагын эрх ашгийг хөндөж байна гэж манай байгууллагын зүгээс үзэж байна. Учир Монгол Улсын газрын тухай хууль болон Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөхийн тулд түүний салшгүй хэсэг болох газрыг эзэмшигч эсхүл өмчлөгч байхыг шаардсан зохицуулалт байгаа бөгөөд манай байгууллага нь өөрийн өмчлөх эрхийг баталгаажуулан өмчлөх эрхийн гэрчилгээ авахад саад учирч байгаа болно. Нөгөө талаар 2017 онд НЗД А\351 тоот захирамжийг гаргахдаа тухайн газарт байрлаж буй бүхий л эд хөрөнгийг судлаагүй 3 дагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр захирамж гаргасан нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байгаа болно.
Манай байгууллагын өмчлөлийн 311.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь өөрийн өмч биш бөгөөд “Үлэг гүрвэлийн төв музей" УТҮГ-ын балансад бүртгэгдээгүй бие даасан обьект бөгөөд манай байгууллага нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд ноогдох газрыг эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр саад учруулж байгаа нь манай байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа болно.
Иймд манай байгууллага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг гаргасан мөн бөгөөд хариуцагчаар татагдаж буй дээрх 3 төрийн байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага мөн ба дээрх байгууллагуудын үйлдэл, эс үйлдхүйгээс хамааран манай байгууллага нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа болно.
Иймд НЗДд 2017 оны А/351 дугаар захирамжийг өөрчлөн манай байгууллагад ногдох хэсэг болох 311.2 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манай байгууллага “И” ХХК 2005 оноос эхлээд МАН-тай харилцан тохиролцож, Чингэлтэй дүүргийн 5-р хороо Ч******* төв, МАХН-ийн байрны 2-р байр болох газарт өөрийн хөрөнгө оруулалт хийж 311.2мк2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 450 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан. Тухайн үед МАХН-ийн сан хөмрөгийн хэлтэстэй ярилцан тохиролцоод үйл ажиллагаа явуулж байгаа. 2014 онд “Ж” ХХК-н үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөөд банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээ эрхэлсэн. Үүсгэн байгуулсан Солонго нь өөрийн өмчийн М******* кафег, “И” ХХК, баланст бүртгэж авсан. 2013 онд Улсын дээд шүүхийн 689-р тогтоолоор, Ленин музейн барилгыг төрийн өмчид шилжүүлэх эцсийн шийдвэр гарсан байгаа. Энэ хооронд манай байгууллага үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн газар нь төрийн өмчид шилжсэний дараа, төрийн өмчийн хороотой харилцан тохирсны үндсэндээ, шүүхийн маргаан дуусгавар болсны дараа өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөдөө, үйл ажиллагаа явуулж болох, газрын түрээсийн гэрээ байгууллагад үйл ажиллагаа явуулж болох зөвшөөрлийг аваад үйл ажиллагаа явуулж байсан. Одоо нэгэнт Үлэг гүрвэлийн музейн барилга, Байгалийн түүхийн музейн барилгын холбоотой шүүхийн маргаан дуусгавар болоод Засаг дарга газар эзэмших гэрчилгээ олгож өгсөн байгаа. Тийм учир манай байгууллага өөрт оногдсон эрхийн хүрээнд Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулж манай байгууллагын үл хөдлөх хөрөнгө бариулж буй газарт газар эзэмших эрхийг олгож өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4,712 м.кв газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/351 дүгээр захирамжаар “ҮГТМ”-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Тус нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 дугаар захирамжаар Монгол Ардын Хувьсгалт Намд контор, үйлчилгээний зориулалтаар 5,460 м.кв газрыг эзэмшүүлж байсан.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 197 дугаар захирамжаар Монгол Ардын Намд контор үйлчилгээний зориулалтаар 6,662 м.кв газрыг эзэмшүүлсэн.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дугаар захирамжаар тухайн газраас 1,950 м.кв газрыг эзэмших эрхийг Монголын Зүүний Хүчний Холбоонд шилжүүлж, Монгол Ардын Намд 4,712 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/742 дугаар захирамжаар Монгол ардын намаас Үлэг гүрвэлийн төв музейд газар эзэмших эрхийг шилжүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/938 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу “ҮГМ”- н эрх бүхий албан тушаалтан нь албан бичгээр хандан хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасан, тус хүсэлт нь газар эзэмших эрхээ сунгуулах ерөнхий шаардлагуудыг хангасан байсан тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/351 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн.
Засгийн Газрын 2013 оны 38 дугаар тогтоолоор Төрийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүр Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай зөвшилцөж байхыг аймаг, НЗД нарт үүрэг болгосон.
Уг тогтоолын дагуу байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн асуудлыг хэлэлцэж, шилжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бөгөөд хариуг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-1/4832 дугаар албан бичгээр хүргүүлжээ.
Газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4,712 м.кв газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/351 дүгээр захирамжаар Үлэг гүрвэлийн төв музей”-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Тус нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 дугаар захирамжаар Монгол Ардын Хувьсгалт Намд контор, үйлчилгээний зориулалтаар 5,460 м.кв газрыг эзэмшүүлж байсан. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 197 дугаар захирамжаар Монгол Ардын Намд контор үйлчилгээний зориулалтаар 6,662 м.кв газрыг эзэмшүүлсэн.Нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дугаар захирамжаар тухайн газраас 1,950 м.кв газрыг эзэмших эрхийг Монголын Зүүний Хүчний Холбоонд шилжүүлж, Монгол Ардын Намд 4,712 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/742 дугаар захирамжаар Монгол ардын намаас Үлэг гүрвэлийн төв музейд газар эзэмших эрхийг шилжүүлжээ. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/938 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу “ҮГМ”-н эрх бүхий албан тушаалтан нь албан бичгээр хандан хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасан, тус хүсэлт нь газар эзэмших эрхээ сунгуулах ерөнхий шаардлагуудыг хангасан байсан тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/351 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн. Засгийн Газрын 2013 оны 38 дугаар тогтоолоор Төрийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүр Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай зөвшилцөж байхыг аймаг, НЗД нарт үүрэг болгосон. Уг тогтоолын дагуу байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн асуудлыг хэлэлцэж, шилжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бөгөөд хариуг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А-1/4832 дугаар албан бичгээр хүргүүлжээ. Газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн үндэслэлдээ бид хэлцлийн үндсэн дээр тухайн үл хөдлөх хөрөнгийг олж авсан гэж ярьж байгаа боловч, Иргэний хуулийн 111-р зүйлийн 111.1-д “ Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байгаа. Энэ гэрээ хэлцэл нь улсын бүртгэлийн газарт бүртгэгдээгүй тэгэхээр нэхэмжлэгч гаргаж байгаа этгээдэд хууль ёсны эрх үүсээгүй байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 34-р зүйлийн 34.10-д “ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж хуульд тусгаж өгсөн. Гэтэл өөрсдөө дур мэдэн газрын эзэмших, ашиглах, барилга байгууламж барих, ямар нэг хууль ёсны эрхийг “И” ХХК-д олгогдоогүй байгаа. Энэ талаар ямар нэгэн баримт хавтас хэрэгт цуглаагүй байгаа. Өөрсдөө үл хөдлөх хөрөнгө дураараа бариад энэ газрын асуудлыг шийдэж өг гэж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Засгийн газрын 2019 ны 7 дугаар сарын 03-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор 2019 оны 08 дугаар сарын 01-нээс Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгаж Байгалийн түүхийн музейд нэгтгэх шийдвэр гаргасан.
Үлэг гүрвэлийн төв музейн захиргаанаас 281 дүгээр тогтоолыг хэрэгсэхгүй болгох талаар шүүхэд нэхэмжлэн 2 музейн нэгтгэх асуудал удааширсан. Дөнгөж 7 хоногийн өмнө шүүхийн шийдвэр эцэслэн гарч 281 дүгээр тогтоол хүчинтэй хэвээр үлдсэн.
Бид тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Үлэг гүрвэлийн төв музейн барилга бусад эд хөрөнгийг балансаас баланс руу шилжүүлэх ажил өнөөдрийн байдлаар хийгдэж байна. Иймд манай байгууллагын зүгээс 3 дагч этгээдийн хувиар дараах тайлбарыг өгч байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “И” ХХК-ийн газар нь Үлэг гүрвэл музейн газрын кадастрт байгаа. Үлэг гүрвэлийн музейн газрын түрээсээр ажиллуулдаг байснаас, газрын өмчлөлийн асуудал дээр эсрэг байр суурьтай байгаа. Төрийн байгууллагын ойр орчим болон музейн стандартад зааснаар ойр орчимд хувийн ресторан паб ажиллуулж болохгүй байгаа. Энэ газрын өмчлөлийн эсрэг байр суурьтай байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү НЗД-ын 2017 оны А/351 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, манай байгууллагын үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй 311.2 м кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Улсын төлөвлөгөөний комиссын 1973 оны 223, МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны 103 дугаар тогтоолоор В.И.Лениний музейн барилга барих шийдвэр гаргаж энэхүү шийдвэрийн дагуу уг обьектийг улсын төсвийн санхүүжилтээр барьж 1980 онд МАХН-ын түүхийн институтийн ашиглалтад шилжүүлж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Төрийн өмчийн хорооны “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол /15141/, Тусгаар тогтнолын талбай, 1 тоот хаягт байрлалтай В.И.Лениний музейн барилгын өмчлөгчөөр тогтоолгох, Монгол Ардын намын хууль бус эзэмшлээс барилгыг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 869 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 645 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 689 дүгээр тогтоолоор уг музейн барилгын өмчлөгч нь төр байхаар тогтоож шийдвэрлэжээ.
Анх маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 дугаар захирамжаар[1] Монгол Ардын Хувьсгал Намд контор, үйлчилгээний зориулалтаар 5460 м кв газар эзэмшүүлж, 2011 оны 197 дугаар захирамжаар[2] 6662 м кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлж, 2011 оны 679 дүгээр захирамжаар[3] тухайн газраас 1950 м кв газрыг Монголын Зүүний хүчний холбоонд шилжүүлж, Монгол Ардын Намд 4712 м кв газрыг үлдээн эзэмшүүлсэн байна.
Үүний дараа уг обьектийг төрд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/742 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг МАН-аас Үлэг гүрвэлийн төв музейд шилжүүлж, тус музейн хүсэлтээр маргаан бүхий 4712 м кв газрын эзэмших эрхийн хугацааг 2014 оны А/938, 2017 оны А/351 дүгээр захирамжуудаар тус тус хугацааг нь сунгаж баталгаажуулсан байна.
Харин одоогийн байдлаар Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Музей нэгтгэн зохион байгуулах тухай” 281 дүгээр тогтоол,Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 621 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж эргэлтийн болон үндсэн хөрөнгийг Байгалийн түүхийн музейд балансаас балансад шилжүүлсэнтэй холбоотойгоор маргаан бүхий обьект, газар эзэмших эрхийн хамт Байгалийн түүхийн музейд шилжсэн байна.
Нэхэмжлэгч “И” ХХК 2015 онд “Ж” ХХК-иас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ч******* төв (Лениний музей)-н баруун урд өнцөгт байрлах “М кафе”-г шилжүүлэн авсан байх бөгөөд энэ нь 311.2 м кв талбайтай 450 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг “И” ХХК-ийн бүртгэлд бүртгэж үйл ажиллагаа явуулж байна.
Харин нэхэмжлэгч компани уг үл хөдлөх хөрөнгийг барьж ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулахдаа газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж баталгаажуулаагүй, төрийн өмч бүхий обьектийн газартай давхцуулан барьсан нь хуульд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй бусдын эзэмшил газар дээр үл хөдлөх эд хөрөнгө барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэнтэй нийцээгүй.
Нөгөө талаар нэхэмжлэгч уг обьектийг Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажуулаагүй,маргаан бүхий газрыг эзэмших талаар эрх бүхий захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байсан үйл баримт тогтоогдсонгүй.
Нөгөө талаар Монгол улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоолын 6-д “Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороотой урьдчилан зөвшилцөж,.....нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, НЗД нарт үүрэг болгосугай.” гэж зохицуулжээ.
Үүний дагуу Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын хамтарсан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/76, А/19 дүгээр тушаалаар “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байх бөгөөд энэ ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын хуралдаанаар “И” ХХК-ийн газар эзэмшүүлэх хүсэлтийг авч хэлэлцэн дэмжээгүй тухай тус хуралдааны 04 дүгээр тэмдэглэлд[4] тусгагджээ.
Түүнчлэн уг обьектийг МАН-ын эзэмшилд байх үед нь тохиролцож гэрээ байгуулан ажиллаж байсан, түрээсийн гэрээ байгуулж төлбөр төлж ирсэн талаар тайлбарлаж байгаа хэдий ч уг газрыг түрээслэн ашиглаж байсан нь газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл Үлэг гүрвэлийн музейн (одоогийн эзэмшигч нь Төрийн өмчийн хорооны тогтоолоор Байгалийн түүхийн музей) хүсэлтээр 4712 м кв газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/351 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй хариуцагч Нийслэлийн Засаг даргын татгалзлыг буруутгахааргүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан НЗД-ын 2017 оны А/351 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, манай байгууллагын үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй 311.2 м кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудас
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас
[4] 2 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр хуудас