Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0115 |
Огноо | 2015-03-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2015/0115
Б.Т-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Т-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын ерөнхий прокурорт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монгол Улсын Ерөнхий прокурорын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/161 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ховд аймгийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Б.Т нь мэргэшлийн түвшинг тогтоох шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан. Түүнтэй өөрөө танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, энэ талаар мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэх хүртэл гомдол гаргаагүй. Мөн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот руу яваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа эргэж очоогүй, ажиллаж байгаа газартайгаа холбоо бариагүй, ажлаа хаяж явснаас нь хойш 35 хоногийн дараа түүнийг ажлаас нь чөлөөлсөн захирамж гарсан. Иймд дээрх үндэслэлээр Б.Тыг Улсын ерөнхий прокурорын тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 43 дугаар зүйлийн 43.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжпэгч В.Т-ын гаргасан "Монгол Улсын ерөнхий прокурорын 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/161 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Б.Т-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын ерөнхий прокурорт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах, дүгнэх журмын заалт дунд монгол бичгээр шалгалт авах талаар заагаагүй байна. Тэгэхээр журмын заалтыг зөрчиж, шалгалт авч, улмаар шалгалтын дүнг хэлэлцэн шийдвэр гаргасан нь хууль бус байна.
2. Нэхэмжлэгч 8 хоног ажилдаа ирээгүй шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй гэжээ. Б.Т нь ажлаа хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь хэл, чимээгүй алга болоогүй гэдгийг нотлохоос гадна Улаанбаатар хот хуу ирэх, ирсэн хойноо эмнэлэгт үзүүлэх эмнэлгийн ор хүлээх зэргээр 8 хоног өнгөрснийг тайлбарласан ба энэ хугацааг хариуцагч тал маргаан бүхий актын үндэслэл хэсэгт дурдаагүй болно.
Ийд журмын заалтыг зөрчин хууль бусаар шалгалт авч түүнийгээ хэлэлцэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй тул шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зөв байна.
Ховд аймгийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Б.Тыг Прокурорын үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг шалгасан шалгалтаар хангалтгүй үнэлгээ авч Мэргэжлийн зөвлөлөөс Албан тушаалдаа тэнцэхгүй гэж дүгнэгдсэн, мөн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн одоог хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж байгаа гэсэн үндэслэлээр үүрэгт ажил, албан тушаалтаас нь чөлөөлсөн Монгол Улсын ерөнхий прокурор 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/161 дүгээр тушаалыг нэхэмжлэгч Б.Т эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 264 дүгээр зарлигаар Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг 1-р хавсралтаар, зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар, 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 258 дугаар зарлигаар Прокурорын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан байна.
Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 4 дэх хэсгийн 4.8-д Зөвлөл нь прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажлыг дараахь 4 чиглэлээр явуулна. Үүнд а/ Эрх зүйн мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор урьдчилан бэлтгэсэн сонжуураар шалгалт авч, дүгнэх, б/ Мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан дасгал ажиллуулах замаар сэтгэн бодох чадварыг нь тогтоож, үнэлгээ өгөх:, в/ ажил хэргийн чадвар тогтоох зорилгоор ярилцлага хийж, үнэлгээ өгөх:, г/ хяналтын ажлын чанар, үр дүнгийн талаар судалгаа авч, ажилтай нь биечлэн танилцах замаар үнэлгээ дүгнэлт өгөх гэж, 4.9-д прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх, үнэлгээ өгөх үйл ажиллагаа нь Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан журмын заавраар зохицуулагдана гэж заажээ.
Зөвлөл нь прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх ажлыг 4 чиглэлээр шалгаж тогтоохоор, мөн Улсын Ерөнхий прокурорт зөвхөн прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж, дүгнэх, үнэлгээ өгөх үйл ажиллагааг журмаар зохицуулах эрхтэй оролцох талаар Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргасан байхад Улсын Ерөнхий прокурор үүнээс хальж, 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/65 дугаар тушаалын хавсралтаар прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах дүгнэх журам-ыг батлан гаргаж, уг журмын 4.1-д ...үндэсний монгол бичгийн мэдлэгийн үнэлгээг 0-10 ... гэж баталсан нь Монгол Улсын ерөнхийлөгчийн 264 дүгээр зарлигийг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурорын гаргасан А/65 дугаар журмын дагуу Прокурорын мэргэжлийн зөвлөл нь Ховд аймгийн прокурорын газрын тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Б.Т-аас үндэсний монгол бичгийн мэдлэгийн шалгалт авсан нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтыг зөрчсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 258 дугаар зарлигаар байгуулагдсан Прокурорын мэргэжлийн зөвлөл нь Улсын Ерөнхий прокурорын 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/65 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу Ховд аймгийн прокурорын газрын тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Б.Т-ын мэргэжлийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгаж дүгнэж гаргасан Прокурорын мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2013 оны 11 дүгээр сарын 21-нийн өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэлийн Б.Тт холбогдох хэсэг, 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Ховд аймгийн прокурорын газрын прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин-г шалгасан шалгалтын нэгдсэн дүнгийн хүснэгтийн 7 дахь Б.Тт холбогдох хэсэг нь зөрчилтэй гэж үзлээ.
Дээрх дүгнэлтээр Монгол Улсын ерөнхий прокурор 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/161 дүгээр тушаалын Ховд аймгийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Б.Т нь Прокурорын үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг шалгасан шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан гэх үндэслэл нь тогтоогдоогүй, анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үүнтэй холбогдох гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
Харин Б.Т нь ... аймгийн прокурортой уулзаад Улаанбаатар хот явж шалгалтын дүнгийн талаар тодруулах, мөн миний бие эмнэлэгт үзүүлмээр байна гэхэд амаар чөлөөл өгсөн. Гар дээр байгаа хэргээ орлогч прокурорт хүлээлгэн өгөөрэй гэсэн тул амаар чөлөө авсан гэж үзэж байгаа гэж, харин түүний өмгөөлөгч Ховд аймгаас Улаанбаатар хотод ирэх, эмнэлэгт үзүүлэх, эмнэлгийн ор хүлээсэн зэргээр 8 хоног өнгөрсөн гэж тайлбарлан дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Т нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 24-ний өдрийг хүртэл амбулотороор эмчлүүлсэн, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд эмнэлэгт эмчлүүлсэн болох нь Батлах хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон эмнэлгийн хуудсаар, 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн олгосон эмнэлгийн хуудсаар нотлогдож байгаа боловч Улсын ерөнхий прокурорын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/40 дүгээр тушаалтаар батлагдсан Эмнэлгийн хуудсаар ажилтнуудыг ажлаас чөлөөлөх мөрдөх журам-ын 2.2-т заасан үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй.
Мөн Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.14-т Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор нь харъяа прокурорын хүсэлтийг үндэслэн 1-3 хоногийн чөлөөг чөлөөний хуудсаар олгоно, 5.15-д Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурор нь 7 хүртэлх хоногийн чөлөөг тушаал гарган олгож болно, 5.16-д Прокурорт 7 ба түүнээс дээш хоногийн чөлөөг Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар олгоно гэж тус тус заажээ.
Дээрх журамд заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх буюу ажлын 8 өдрийн чөлөөний хуудас олгогдоогүй, түүнд чөлөө олгосон тушаал, шийдвэр эрх бүхий албан тушаалтнаас гаргаагүй, Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.24-т заасан эмнэлэгт үзүүлсэн, амбулториор эмчилгээ хийлгэсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй хугацааг чөлөөтэй байсанд тооцох холбогдох байгууллага, албан тушаалтнаас олгосон албан ёсны магадлагаа болон түүнтэй дүйцэх үндэслэл бүхий нотлох баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул Б.Тыг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 8 өдрийн ажил тасалсан гэж үзэхээр байна.
Тиймээс Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1-д ... хүндэтгэн vзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон, ажил тасалсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Прокурорын байгууллагын тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу ажил, албан тушаалтаас нь халж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
Б.Т нь Улсын ерөнхий прокурорын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/40 дүгээр тушаалтаар батлагдсан Эмнэлгийн хуудсаар ажилтнуудыг ажлаас чөлөөлөх мөрдөх журмын 2.2-т заасныг, мөн Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.14, 5.15, 5.16-д заасныг тус тус зөрчсөн байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж ажил, албан тушаалаас нь халсан Монгол Улсын ерөнхий прокурор 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/161 дүгээр тушаалын үндэслэл нь Б.Т-ын гаргасан зөрчлийн шинж байдалд нь тохирсон, мөн хариуцагчаас ажилтанд ямар төрлийн сахилгын шийтгэл ногдуулах, түүнийг сонгох эрх нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэж заасан болон Прокурорын байгууллагын тухай хууль болон журамд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийн оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 43 дугаар зүйлийн 43.1.5-д тус тус гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР