Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 132

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

              

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Р.Очирсүрэн /томилолтоор/,

шүүгдэгч Г.Бадамсүрэн, түүний өмгөөлөгч Р.Булган /ҮД:2209/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Ганбатын Бадамсүрэнд холбогдох эрүүгийн 201626011207 дугаартай, 188/2016/0141/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 28-нд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Алтайн 2-209 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Монгол овогт Ганбатын Бадамсүрэн /РД:ЗП96102810/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Бадамсүрэн нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хилчний 3-06 тоотод байрлах гүний худаг дээр иргэн Д.Баярбаттай хувийн таарамжгүй харьцаанаас буюу “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б.Баярбатын хөлөн тус газар лапатка төмрөөр 3-4 удаа, баруун шанаанд нь гараараа 1 удаа цохиж баруун хацар ясны нумны далд хугарал, баруун хацрын нум орчмын зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 27-ны орой аав Ганбатыг Ханын материалд байдаг найзынх нь гэрээс очиж аваад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2-209 тоот гэрлүүгээ Бонго-3 машинаа доошоо уруудаад гудамжаар явж байтал манайхаас хойшоо байдаг гүний худгын хажууд цэнхэр өнгийн майты машин болон усан цэнхэр өнгийн ниссан блюбөрд суудлын автомашин хоёуланг нь зэрэгцүүлээд зам хаагаад тавьсан байсан. Би дөхөөд очтол ус авч байгаа хүмүүсийн хажууд зогсож байсан нэг сахалтай ах наашаа яв гээд гараараа дохиод байхаар нь наад зайгаар чинь машин багтахгүй, та машинаа холдуулчих гэсэн чинь тэр ах чи чинь сохор доголон юм уу энэ том зайгаар багтахгүй яадаг юм бэ ямар том машин уначихсан байгаа биш гэхээр нь би тэр ахтай маргалдахад манай аав машинаасаа буугаад тэр сахалтай ах дээр очоод чи  машинаа холдуулчихад яачихаад байгаа юм бэ жаахан хүүхэдтэй хэрэлдлээ гээд тэр үл таних сахалтай ахтай заамдалцаад авсан. Би машинаасаа буугаад яваад очиход аавыг тэр сахалтай залуу заамдаад хоолойг нь боогоод аавын нүүр нь улайчихсан байдалтай байхаар нь боль гээд салгах гэсэн чинь намайг тэр сахалтай ах үгийн зөрөөгүй гараараа нүүр лүү цохиод авсан. Аавыг ч гэсэн заамдаад тавихгүй болохоор нь машин луугаа очоод суудлын доор байсан дугуй тайлдаг лапатка төмөр аваад тэр сахалтай ахын баруун талын хөлний гуя орчим нь миний санаж байгаагаар 3 удаа цохиод авсан чинь аавыг тавихгүй заамдсан чигээрээ байгаад байсан. Тухайн үед доороос ирж байсан машинууд сигналдаад байхаар нь  би машинаа холдуулж тавих гээд машин луугаа очсон чинь машины түлхүүр байхгүй байсан. Тэгэхэд тэр сахалтай ах би машины чинь түлхүүрийг авчихсан гэхэд хажууд байсан нь байсан жижиг шар ах одоо гоё юм болно гээд байсан. Тэр үед доороос ирсэн машины жолооч наад машинаа холдуулаачээ гээд байхаар нь би машинаа өнхрүүлээд доошоо чөлөөтэй газар байрлуулж тавьсан чинь тэр сахалтай ах ах доошоо дэлгүүрийн тийшээ зугтаагаад явчихаар нь би араас нь явж байтал замд манай нэг найз ажлаасаа тараад явж байна гээд тааралдаад надтай хамт сахалтайн ахын орсон дэлгүүр лүү ороход нөгөө ах зогсож байхаар нь би машиныхаа түлхүүрийг авъя гэсэн чинь өгөхгүй гээд зүтгээд байсан. …Би тэр ахын гуя руу төмрөөр цохисоноос өөр гар хүрээгүй. …Би тэр ахын нүүр лүү гараараа цохиогүй. …Тухайн үед аав согтуу байсан, цагдаа ирэх юм бол аавыг эрүүлжүүлэх байх гэж бодоод утсыг нь авсан. Тэр ах өөрөө надаас зугтааж байхдаа гар утсаа газар унагачихаар нь утсыг нь авсан. Одоо надад тэр ахын утас нь байгаа. Би ч гэсэн тэр ахаас машиныхаа түлхүүрийг аваагүй байгаа. Тэр ах машины түлхүүр авахаар нь түлхүүрээ аваад утсыг буцааж өгье гэхэд өөрөө утсаа авахгүй яваад өгсөн. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38, 41 х/

 

Хохирогч Д.Баярбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн үед өөрийн төрсөн ах Баярсайханы хамт манайхаас урагшаа 3 гудамны урд талд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг худагаас ус авах гээд өөрийн ачааны машинтайгаа очоод худгийн хажуу талын хашаа дагуулаад машинаа тавьж байрлуулсан. Харин ах ус авах гээд худаг дээр оочирлоод зогсож байсан. Би наана нь машиныхаа хажууд зогсож байтал баруун талаас зүүн тал руу цагаан өнгийн Бонго-3 машины жолооч залуу манай машины хажуугаар зөрж гарахдаа машинаа холдуулаач гэхээр нь би энэ зайгаар багтчих юм байнаа, наашаа яв яв гэсэн чинь жолооч залуу наад зайгаар чинь яаж багтдаг юм бэ гэсэн. Тухайн үед миний машины эсрэг талын хашаа дагуулаад жижиг суудлын тэрэгний жолооч машинаа тавьчихсан байсан. Тэгсэн чинь жижиг тэрэгний жолооч бага зэрэг урагшлахад нөгөө Бонго-3- тай залуу тэр зайгаар гараад миний машин луу ойртонгуутаа чи наад лаазаа аваад зайлаачээ гэхээр нь би өөдөөс нь чи өөрөө дуугай зайл гэсэн чинь тухайн жолоочийн хажууд нь сууж байсан 40 гаран насны ах бууж ирээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдалцсан. Гэтэл машинаас нь надтай маргалддаг жолооч залуу бууж ирээд надруу дөхөөд хүрээд ирсэн. Энэ үед ус авч байсан манай ах Баярсайхан салгах гээд ирсэн чинь машинаас бууж ирсэн залуу машин луугаа буцаж гүйж очоод машиныхаа суудлын араас дугуй тайлдаг лапатак төмөр гаргаж ирээд наашаа алхаж байсан. Намайг заамдалцдаг ах бид хоёр заамдалцаж байгаад тавиад байж байтал машины жолооч залуу над руу гүйж ирээд дугуй тайлдаг лапатак төмрөөр миний баруун гуяруу 2-3 удаа цохиод авахаар нь би усны тэргэн дээр унасан. Тэгсэн чинь газар уначихсан байхад дээрээс дахиад 3-4 удаа баруун хөлийн гуя руу цохиод авахаар нь би лапатак төмрийг нь бариад автал намайг баруун гараараа шанаа руу нэг удаа цохиод авахаар нь би төмрийг тавиад хойш гэдэргээ болоход цаанаас манай ах Баярсайхан хүрч ирээд тэр залуугийн лапатка төмрийг нь барьж аваад салгасан. Тэгээд босч ирээд утсаараа цагдаа дуудах гэсэн чинь намайг төмрөөр цохидог залуу миний гар утсыг булааж аваад машин луугаа явахаар би араас нь түрүүлж очоод машиных нь хаалга онгорхой байхаар түлхүүрийг кундактараас нь сугалж аваад, машин луугаа очоод өөр утсаар дахиад цагдаад дуудлага өгсөн. Гэтэл нөгөө жолооч залуу гудамжны уруу машинаа өнхрүүлээд явуулсан. Тэгээд буцаж над дээр хүрч ирээд тэр залуу надаас машиныхаа түлхүүрийг авах гээд нилээн маргаж байснаа намайг заамдаж боогоод надаас түлхүүрээ авах гээд их тэмцэлдсэн. Тэгээд би арай хийж гарнаас нь мултраад доод талын 30 нэртэй хүнсний дэлгүүр лүү гүйж ороод худалдагчаас нь цагдаа дуудаад өгөөч ээ гэсэн чинь худалдагч нь өөрөө  цагдаа дуудахгүй юу гэсэн чинь араас намайг зоддог залуу, мөн түүнтэй хамт явж байсан согтуу 40 гаруй насны ах, өөр нэг залуутай гурвуулаа хүрч ирээд надаас түлхүүрээ нэхээд дайрч давшлаад дэлгүүрээс чирж гаргах гээд байсан. Гэтэл дэлгүүрийн худалдагч нь та нар наад хэрүүлээ манай дэлгүүрээс гарч хий гээд бид нарыг хөөгөөд гаргасан. Гадаа гарахад Баярсайхан ах гэр лүүгээ харьчихаад цагдаа дуудчихаад хүрээд ирлээ гэсэн чинь нөгөө гурав доошоо уруудаад явсан. Тэгээд би орой нь цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн. Маргааш өглөө нь нөгөө жолооч залуу ээжтэйгээ хамт машиныхаа түлхүүрийг авах гээд намайг манай аавынхаас асуугаад явсан байсан бөгөөд би тухайн үед гэртээ унтаж байсан болохоор уулзаж чадаагүй. Тэр Бонго-3 машины жолооч намайг зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар миний баруун талын гуя руу машины дугуй тайлдаг лапатка төмрөөр 5-6 удаа цохисон. Мөн гараараа баруун хацар луу нэг удаа цохисон. Тэр 40 гаруй насны ах намайг цохиж зодоогүй. Харин тэр маргаанаас болж бид 2 бие биенийгээ заамдалцаж хэсэг зогссон. Би тэр залууг болон хамт явж байсан 40 гаруй насны ахыг харж байгаагүй. Би тэр залууд цохиулсанаасаа болж  өнгөрсөн 3 дахь өдөр 1-р эмнэлгийн эрүү, нүүрний тасагт хэвтээд 4 дэх өдрийн өглөө 09 цаг 30 минутанд хагалгаанд ороод 5 дахь өдөр эмнэлгээс гарсан. Хагалгаанд орсны дараа хааяа тархи руу хатгаж өвдөөд байх юм. Бүтэн наркоз хийлгэсэн болохоор хааяа толгой өвдөж байна, мөн баруун талын гуя бага зэрэг хөндүүртэй байгаа. Өөр ямар нэгэн зовиур байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 х/

 

Гэрч Н.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны орой 18 цагийн орчим ханын материалд байдаг найз Одонбаатарынд өөрийн портер машинаараа юм хүргэж өгчихөөд найзтайгаа нэг шил архи хувааж уучихаад гэртээ харихаар болоод согтуу машинаа бариад яах вэ гэж бодоод хүү Бадамсүрэнг утсаар дуудсан. Хүүгээрээ машинаа бариулаад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо манай гудамжнаас баруун хойно байдаг гүний худгийн хажуугаар өнгөрөх гэсэн чинь том цэнхэр өнгийн ачааны машин мөн жижиг суудлын тэрэг зэрэгцээд зогсож байсан ба хажуугаар нь өөр машин зөрөх боломжгүй байсан. Манай хүү цонхоо буулгаад машины жолоочид нь машинаа бага зэрэг холдуулчихаач, машин зөрөх зай алга байна гэсэн чинь жолооч залуу чи жолооч юм бол багтаад гар л даа гэсэн. Манай хүү үл таних жолооч залуу хоёр хоорондоо тэр асуудлаас болж маргалдсан. Тэгэхээр нь би машинаас түрүүлж буугаад тэр машины жолооч залууд чи машинаа холдуулчих л даа гэсэн чинь өөдөөс хэл амаар доромжлоод нэг мэдсэн чинь би тэр залуутай заамдалцсан байсан. Үл таних залуу өөр шар царайтай нэг залуутай хамт байсан ба намайг сахалтай залуутай заамдалцаад зогсож байхад хажууд нь зогсож байсан шар царайтай залуу хажуунаас мөн адил бариад авсан чинь манай хүү Бадамсүрэн машин руугаа очоод дугуй тайлдаг лапатак төмөр авч ирээд сахалтай залуугийн баруун хөлийнх нь гуя руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд машиндаа очиж дугуй тайлдаг лапатка төмрөө тависан чинь сахалтай залуу манай машин луу очоод кундактарт зоолттой байсан машины түлхүүр сугалаад авчихаар нь би очоод миний дүү одоо наад түлхүүрээ өгчихөөч гэсэн чинь, хажууд байсан шар залуу одоо цагдаа дууд гээд доошоо зугтаагаад явсан. Араас нь манай хүү машиныхаа түлхүүрийг авах гээд явсан ба би араас нь хэсэг байж байгаад явтал нөгөө хоёр залуу худгийн доохно талд байдаг 30 гэсэн нэртэй хүнсний дэлгүүр лүү орчихсон байсан. Хүү бид хоёр дэлгүүр лүү ороод нөгөө залуугаас түлхүүрээ нэхэхэд өгөхгүй гээд хэрэлдээд байхаар нь дэлгүүрээс гарч уулзъя гээд сахалтай залуугийн цамцнаас таттал цамц нь урагдчихсан. Тэгээд нөгөө хоёр залуу бид хоёртой хэрэлдэж байгаад хойшоо зугтаад явчихсан. Хүү бид хоёр гэрлүүгээ орсон. Гэртээ ороод хүүдээ чи яах гэж хүний хөл рүү дугуй тайлдаг лапатакаар цохиж байгаа юм бэ, одоо тэр хоёр залуугийн гэр орныг нь мэдээд уучлалт гуйгаад, машиныхаа түлхүүрийг аваад ир гэсэн. Тэр үед ч харанхуй болчихсон байсан болохоор маргааш өглөө болъё гээд маргааш өглөө нь хүү маань тэр хоёр залуугийн гэрийг мэдсэн байсан. …“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

Гэрч Д.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 04 дүгээр сарын 27-ны орой 20 цаг өнгөрч байхад би дүү Баярбаттай Хилчин хотхоны гүний худаг дээр ус авах гээд зогсож байсан. Тухайн үед Баярбат өөрийнхөө майти маркийн машинтай явж байсан ба машинаа худгийн хойд талд хашаа дагуулан тавьсан. Тэнд мөн эсрэг талын хашааг дагуулан өөр нэг машин зогссон байсан. Энэ үед баруун талаас бонго маркийн автомашин ирээд хоёр машины дундуур гарах гээд зогссон. Баярбат тэр машин руу очоод багтанаа хараад өгье явчих гэж хэлээд гараараа дохиж өгөхөд жолооч нь, мөн хамт явсан ах багтахгүй гэж хэлээд гарч чадахгүй байсан. Эсрэг талын хашаа дагуулан зогссон байсан жижиг машины жолооч нь ирээд зам тавьж өгсөн. Бонго машин хөдлөөд гарч зогсчихоод машин дотроосоо Баярбаттай хэрэлдэж маргалдаад байсан. Би тэр үед ус авах гээд хараад зогсож байсан. Тэгсэн жолоочтой хамт явсан ах нь машинаасаа бууж ирээд Баярбат тэр хоёр бие биенээ заамдалцахад жолооч залуу бууж ирээд Баярбаттай мөн заамдалцсан. Би очоод дундуур нь орж тэд нарыг салгахад жолооч залуу машин руугаа гүйгээд явсан. Тэгээд нөгөө ах Баярбат нар хоёр тийшээ салахад жолооч залуу машинаасаа 1 метр орчим урттай лапатка төмөртэй гарч ирээд шууд Баярбатын баруун талын хөл гуя руу араас нь 4-5 удаа цохисон. Би очоод лапатка төмрийг нь авах гэхэд өгөхгүй Баярбат тэрэгтэй усанд тээглээд унасан. Тэгэхэд Баярбатыг жолооч залуу дээрээс нь баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би цохиход нь очоод жолооч залуугаас лапатка төмрөөс нь барьж авах гэж нилээн булаацалдаж байгаад бид нар больцгоож салсан. Салаад Баярбат шууд утсаараа цагдаа дуудах гэхэд жолооч залуу гар утсыг булааж авсан. Баярбат зөрүүлээд тэд нарын машиных нь түлхүүрийг сугалж аваад машинаасаа өөр утас гаргаж ирээд цагдаад дуудлага өгч байхад жолооч залуу Баярбатын ярьж байсан гар утсыг нь булааж аваад цагдаатай яриж дуудлагаа буцаалаа болилоо гэж хэлсэн. Тэгээд тэр жолооч залуу машинаа өнхрүүлээд явсан. Харин нөгөө хамт явсан ах ганцаараа үлдээд бид хоёртой хэрэлдэж маргалдсан. Тэр ах согтуу байсан. Тэгээд бид гурав худгийнхаа хажууд байхад жолооч залуу буцаж ирээд түлхүүрээ авна гэсэн. Араас нь өөр нэг залуу ирсэн. Баярбат доошоо доголоод алхахад тэр гурав Баярбатын араас явсан. Би худгаас усаа өөрөө хийж байсан ба араас нь явахад тэд нар харагдаагүй. Тэгээд гэртээ ирэхэд Баярбат байхгүй байсан. ...Намайг зодож цохисон асуудал байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн  21 х/

 

Гэрч М.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бага насаа 119-р цэцэрлэгт хүмүүжиж, 2003-2014 онд Сонгинохайрхан дүүргийн ирээдүй цогцолборын 82 дугаар сургуулийн 11-р анги төгсөөд, 2015 онд Их засаг их сургуулийн гааль-олон улс гадаад харилцааны, худалдааны менежментийн ангид элсэн орж суралцаж байгаа. Миний хүү айлын ууган хүү бөгөөд доороо 1-17 насны 3 дүүтэй. Манай хүү гэр орныхоо хар бор ажилд сайн, айлын том болоод ч тэр юм уу, дүү нартаа анхаарал халамж сайтай, ээж аавыгаа орой ажлаас нь ирэхэд хоол ундаа хийчихсэн байдаг ба амралтын өдрүүдэд дүү нарынхаа хувцас хунарыг угаагаад гэр орноо цэвэрлээд ер нь их ажилсаг хүүхэд. Сургууль хамт олон дундаа нэр хүндтэй, анги хамт олон дундаас зохион байгуулсан ямар нэгэн арга хэмжээнд идэвхитэй сайн оролцдог. Ааш зангийн хувьд төлөв даруу зантай, ямар нэгэн буруу гаж зан байхгүй, гэртээ архи дарс ууж ирсэн удаагүй. Хичээл номдоо идэвхитэй, цэвэрч нямбай хүүхэд. Би хэрэг явдал болдог өдрийн маргааш өглөө нь хүүтэйгээ хамт хохирогч гэх залуугийн гэрийнх нь хаягаар хайгаад очиход эмэгтэй хүн гарч ирээд манай нөхрийг та нар тэгтлээ их зодоод байхдаа яадаг юм бэ Хавирга нь хугараад гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Манай хүү тэр залууг хавирга, хацрыг нь хугалтал зодож цохиогүй. Тэгээд хүлээж зогссоор байгаад тэр залуутай гадаа нь уулзсан чинь манай хүүд зодуулсан гэх залуугийн нүүр ам, хацар нь зодуулж бэртсэн ямар нэг шинж тэмдэг байгаагүй. Хүний хацрын яс хугарвал улайж хавдах ёстой байтал тэр залуу зүв зүгээр байсан. …”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х/

 

Шинжээч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Хохирогчийн баруун гуяны ар хэсэгт дарж үзэхэд бага зэргийн эмзэглэлтэй, ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, гэмтэл биш учраас дүгнэлтэд тусгаагүй. Тухайн үед өөрт нь эмзэглэлтэй байгаа боловч гэмтэлд хамаарахгүй.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 х/

 

Шинжээчийн ¹5850 тоот дүгнэлт

1.Баярбатын биед баруун хацар ясны нумны далд хугарал, баруун хацрын нум орчмын зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Н.Энхцолмон /хх-ийн 29 х/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43 х/

Хохирол төлбөрийн баримт /хх-ийн 48-50 х/

Хохирогч Д.Баярбатад эмчилгээний зардалд 800,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 54 х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 57 х/ гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Бадамсүрэн нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хилчний 3-06 тоотод байрлах гүний худаг дээр иргэн Д.Баярбаттай хувийн таарамжгүй харьцаанаас буюу “машинд зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Б.Баярбатын хөлөн тус газар лапатка төмрөөр 3-4 удаа, баруун шанаанд нь гараараа 1 удаа цохиж баруун хацар ясны нумны далд хугарал, баруун хацрын нум орчмын зөөлөн эдийн няцрал, зулгарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Баярбатын: “…Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн үед ... машины жолооч залуу над руу гүйж ирээд дугуй тайлдаг лапатак төмрөөр миний баруун гуяруу 2-3 удаа цохиод авахаар нь би усны тэргэн дээр унасан. Тэгсэн чинь газар уначихсан байхад дээрээс дахиад 3-4 удаа баруун хөлийн гуя руу цохиод авахаар нь би лапатак төмрийг нь бариад автал намайг баруун гараараа шанаа руу нэг удаа цохиод авахаар нь би төмрийг тавиад хойш гэдэргээ болоход цаанаас манай ах Баярсайхан хүрч ирээд тэр залуугийн лапатка төмрийг нь барьж аваад салгасан. ... гараараа баруун хацар луу нэг удаа цохисон. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 х/,

 

Гэрч Д.Баярсайханы: “…2016 оны 04 дүгээр сарын 27-ны орой 20 цаг өнгөрч байхад би дүү Баярбаттай Хилчин хотхоны гүний худаг дээр ус авах гээд зогсож байсан. ... Энэ үед баруун талаас бонго маркийн автомашин ирээд хоёр машины дундуур гарах гээд зогссон. Баярбат тэр машин руу очоод багтанаа хараад өгье явчих гэж хэлээд гараараа дохиж өгөхөд жолооч нь, мөн хамт явсан ах багтахгүй гэж хэлээд гарч чадахгүй байсан. Эсрэг талын хашаа дагуулан зогссон байсан жижиг машины жолооч нь ирээд зам тавьж өгсөн. Бонго машин хөдлөөд гарч зогсчихоод машин дотроосоо Баярбаттай хэрэлдэж маргалдаад байсан. ... Тэгээд нөгөө ах Баярбат нар хоёр тийшээ салахад жолооч залуу машинаасаа 1 метр орчим урттай лапатка төмөртэй гарч ирээд шууд Баярбатын баруун талын хөл гуя руу араас нь 4-5 удаа цохисон. Би очоод лапатка төмрийг нь авах гэхэд өгөхгүй Баярбат тэрэгтэй усанд тээглээд унасан. Тэгэхэд Баярбатыг жолооч залуу дээрээс нь баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би цохиход нь очоод жолооч залуугаас лапатка төмрөөс нь барьж авах гэж нилээн булаацалдаж байгаад бид нар больцгоож салсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн  21 х/

 

Шинжээч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Хохирогчийн баруун гуяны ар хэсэгт дарж үзэхэд бага зэргийн эмзэглэлтэй, ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, гэмтэл биш учраас дүгнэлтэд тусгаагүй. Тухайн үед өөрт нь эмзэглэлтэй байгаа боловч гэмтэлд хамаарахгүй.  …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 х/

 

Шинжээчийн ¹5850 тоот дүгнэлт

1.Баярбатын биед баруун хацар ясны нумны далд хугарал, баруун хацрын нум орчмын зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Н.Энхцолмон /хх-ийн 29 х/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар: Гэмтлийн зэрэг тогтоосон акт 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Үйл явдал болсноос хойно шинжээчийн дүгнэлт гарсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал тогтоогдохгүй байгаа учраас гэрч нарын аль мэдүүлгийг үнэлэх нь эргэлзээтэй байна. Шүүгдэгчийг хохирогчийн хацар луу нь цохисон гэдэг үйлдэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал тогтоогдохгүй байгаа учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 13 дугаар зүйлд заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогчид гэмтэл учирсан юм чинь тухайн хүн учруулсан байх ёстой гэж таамаглалаар хэрэгт хандаж болохгүй, нотлох баримтаар нотлох шаардлагатай. Хохирогч өөр байдлаар гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй гэсэн тайлбар, мэдүүлэг гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Үүнд:

Гэмт хэрэг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд гарсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгт дурдсан цагаар тогтоогдож байгаа. Хэрэг бүртгэх тасгийн ахлах хэрэг бүртгэгч а/д М.Ганчулуун 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шинжилгээ хийх тогтоол үйлдэж, хохирогч Д.Баярбат тухайн өдрөө Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн, гэмтэл учирсан байсан болох нь Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5850 тоот актанд бичигдсэн:

зовиур:баруун хацраар янгинаж өвдөнө.

хэсэг газрын үзлэг:баруун хацрын нум орчим тэмтрэхэд эмзэглэл ихтэй бага зэрэг овойж хавдсан, нум яс дотогш хонхойж тэмтрэгдэнэ.

онош:хацар, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэсэн.

2016.04.28-ний өдрийн Бриллианс төвийн толгойн КТГ-т: ... баруун талын хацар ясны нум дунд хэсгээр 2.1 см өргөн хэсэгт дотогш 0.7 см гүн цөмөрсөн хугаралтай ... гэсэн баримтуудаар тогтоогдож байгаа.

Үйл явдал болсноос хойно 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс тогтоож өгсөн хугацаанаас 1 хоногоор хэтрүүлж шинжээчийн дүнэлт гаргасан нь тухайн албан тушаалтанд захиргааны шийтгэл оногдуулах үндэслэл болохоос уг шинжээчийн дүгнэлтийг шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхэд нөлөөлөх хүчин зүйл биш болно.

Нүүрэн тус газраа учирсан гэмтлийн талаар хохирогч Д.Баярбатын өгсөн: “... гараараа баруун хацар луу нэг удаа цохисон. ... Би тэр залууд цохиулсанаасаа болж  өнгөрсөн 3 дахь өдөр 1-р эмнэлгийн эрүү, нүүрний тасагт хэвтээд 4 дэх өдрийн өглөө 09 цаг 30 минутанд хагалгаанд ороод 5 дахь өдөр эмнэлгээс гарсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 х/ нь гэрч Д.Баярсайханы “… Би очоод лапатка төмрийг нь авах гэхэд өгөхгүй Баярбат тэрэгтэй усанд тээглээд унасан. Тэгэхэд Баярбатыг жолооч залуу дээрээс нь баруун шанаа руу нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 5850 тоот дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, гэрч Д.Баярсайхан нь хохирогчийн төрсөн ах хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд заасан гэрчээр тогтоож мэдүүлэг авахад хуульд заасан харшлах шалтгаан байхгүй түүнээс авсан мэдүүлэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан, мөн мэдүүлэг нь хохирогч болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байгаа тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Шүүгдэгч хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй субьект болно. Түүний эцэг болох Н.Ганбатын “... хохирогчийн гуя руу нь лапатак төмрөөр цохисон, ... манай хүү тэр залууд өөр гар хүрээгүй  ...” гэсэн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтуудаар буюу хохирогч, гэрч Д.Баярсайхан нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр няцаагдаж байгаа тул шүүгдэгч болон гэрч Н.Ганбатын мэдүүлгийг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй учраас шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Г.Бадамсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.  

 

            Хохирогч Д.Баярбат эмчилгээний зардалд 671,900 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хохирлын төлбөрт шүүгдэгч Г.Бадамсүрэн 800,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 54, 78 дугаар хуудсуудад авагдсан баримтуудаар тогтоогдсон тул Г.Бадамсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн хохирогч Д.Баярбатын эмчилгээний зардалтай холбоотой гаргасан баримтууд нь /хх-ийн 48-50 х/ нь эх хувиараа биш байх тул нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг лапатка төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тогтоолд дурьдах нь зүйтэй.

 

            Г.Бадамсүрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж их биш, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа зохих хэмжээнд нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг өөрийн сайн дураар хохирогчийн нэхэмжилсэн хэмжээнээс илүү төлсөн зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Монгол овогт Ганбатын Бадамсүрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Г.Бадамсүрэнг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Бадамсүрэнд оногдуулсан 01 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Г.Бадамсүрэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд 800,000 төгрөг төлсөн, цаашид бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Бадамсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн лапатак төмөр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бадамсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ДАШДОНДОВ