Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1504

 

Я.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01253 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Я.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Отгонтуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны амьжиргаа дэмжих судалгааны ажилд явж, сайн ажилласан учир 2 дугаар хорооны Засаг даргын хүсэлтээр 2013 оны 01 дүгээр сараас 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс ар гэрийн гачигдлаар тэр сарыг дуустал Засаг даргаас чөлөө авсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орох гэтэл Засаг дарга өөрийн сонгуулийн ажилд яваагүй, цэргийн зарлан тараагаагүй, муу ажилласан гээд ажиллуулахгүй гэсэн. Би хүүхдээрээ зарланг тараалгасан. Тэр өдрөө хурал хийж намайг ажлаас чөлөөлсөн. Уг хурлын протоколд миний хэлснийг ер бичээгүй байсан. Би хурал дээр өөрийн хийсэн ажлыг хэлж, бусад хэсгийн ахлагч нарын ажлаа хэрхэн хийдэг талаар хэлсэн. Би 2015 онд ганцаараа өрхийн бүртгэл хийж байсан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчиж, мөн хуулийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулсан. Энэ үүднээсээ зохигчдын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзэхээр байгаа. Гэрээнд заасан гүйцэтгэх ажил нь хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хамаарахгүй, харин хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх ажилд хамаардаг. Хөлсөөр ажиллах гэрээгээр хэзээ ч ажилд томилдоггүй. Гэтэл хэсгийн ахлагч нь томилогддог ажил. Мөн хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг ажилтанд хариуцлага тооцдоггүй. Гэтэл зохигчдын хооронд байгуулсан гэрээнд хариуцлага тооцох зохицуулалт орсон. Үүнээс үзэхэд зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх хуультай. Гэтэл ажлаас халсан тушаалд энэ талаар байхгүй. Ажил олгогч зөрчлийг өөрөө илрүүлээгүй, хорооны Засаг даргын албан бичгээр зөрчлийг тогтоогдсон гэж үзэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй. Засаг дарга н.Энхмаа нь хувийн өс хонзонгоор надад хандаж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Би ажилдаа хариуцлагатай үнэнчээр хандаж, шударгаар ажлаа хийдэг байсан. Үүнийг шагналын талаарх баримт нотолно. Иймд нэхэмжлэлийг хангаж, намайг 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү. Мөн цагдаа эргүүлийн ажилд мөн томилж өгнө үү. Намайг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр халсан бол би гомдохгүй байсан. Өмнө халсан учир гэнэт халагдсаны мөнгө авч чадахгүй, ажилгүйдлийн тэтгэмж авахгүй болсон учир гомдсон гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Отгонтуяа нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэн хэмжээний урамшуулал олгодог байсан. Я.Отгонтуяа нь 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлыг гүйцэтгэх үүргээ хангалтгүй биелүүлсэн. Энэ нь нотлогдсон. Сая хэллээ хүүхдээрээ зарлан тараалгасан гэж. Хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажлыг бусдаар гүйцэтгүүлэхийг хориглосон. Энэ зөрчил нь хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэл болсон. Улмаар цаг үеийн шинжтэй чухал ажлаа дутуу хийсэн учир хорооны Засаг дарга нь албан бичиг ирүүлж бид гэрээ болон дүрэмд заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цагдаа эргүүлтэй холбоотой шаардлага гаргаагүйг шүүх анхаарна уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг тус тус баримтлан Я.Отгонтуяаг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж, Я.Отгонтуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Я.Отгонтуяагаас 114 084 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01253 дугаар шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 3 дугаар зүйлийн 3.1.15-т заасныг тус тус зөрчиж хэрэгт байх нотлох баримтуудаар байнгын ажлын байр гэдэг нь тоггоогдож байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг олгож шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн үндэслэлгүй халсныг тогтоолгож, 2 дугаар хорооны хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгуулах бүхий шаардлагыг гаргасныг шүүх харгалзан үзээгүй хууль зөрчсөн. Нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагчийн зүгээс гэрээний хугацаа дуусахаас 2 сарын өмнө нэг талын санаалчилгаар цуцалсныг шүүх хөлсөөр ажиллах гэрээ мөн гэж дүгнэсэн атлаа ажилд эгүүлэн томилох нь зүйтэй гэж зөрчилтэй шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс хөлсөөр ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд, мөн шүүхэд гаргасан нотлох баримт /2-р хорооны хурлын тэмдэглэл/, гэрчийг мэдүүлэг, өөрийнх нь хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар зэргээр нотлогдсоныг шүүх Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д заасныг зөрчсөн гэж зөв дүгнэсэн хэдий ч тус хуулийн 225 дугаар зүйлд заасан гэрээний үүрэгт нэмэлт хугацаа тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Учир нь 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлын холбогдох материалыг хүүхдээрээ тараалгасан өөрөө тараах хэрэгтэй гэж гэрч мэдүүлсэн, энэ нь өөрийнх нь тайлбар зэргээр нотлогдсон. Мөн тус ажил нь хугацаа тогтоох шаардлагүй онцлог ажил зэргийг шүүх харгалзаагүй. Нэхэмжлэгч гэрээ цуцалсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад ажилд эгүүлэн томилуулахаар даалгаж байгаа нь Иргэнии хуулийг ноцтой зөрчиж байна. Аливаа гэрээг талууд тохиролцсоны үндсэн дээр хийх ёстой, гэтэл даалгаж байгаа нь гэрээний тэгш байдал, тохиролцоог үгүйсгэсэн шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Я.Отгонтуяа нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээг 1 талын санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/222 тоот тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Иргэний хуулийн 359, 365 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Журам батлах тухай 30/24 дүгээр тогтоол, хэсгийн ахлагчидтай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Я.Отгонтуяаг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хэргийн 2-3, 5 дугаар тал/

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дүгээр тогтоолоор Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журмыг баталж, Монгол Улсын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн ажиллагааны чиглэлээр батлан гаргасан шийдвэрийг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хорооны Засаг даргатай байгуулсан хөлсөөр ажиллах гурвалсан гэрээний үндсэн дээр иргэнээр гүйцэтгүүлэхээр болж, хэсгийн ахлагч нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр урамшуулал олгохоор шийдвэрлэсний дагуу гарсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 тоот захирамжийг үндэслэн талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Я.Отгонтуяа нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн тул талуудын хооронд мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан журмын дагуу талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байснаас бус хариуцагч байгууллагын үндсэн зорилго, чиг үүргийг хэрэгжүүэх хүрээнд батлагдсан бүтэц, орон тоонд хамаарах байнгын ажлын байранд хөдөлмөрийн харилцааны үндсэн ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Хөлсөөр ажиллах гэрээнд заагдсан ажлыг хөдөлмөрийн гэрээний нэгэн адил эрх бүхий байгууллагаас батлагдсан цагийн хуваарийн дагуу гүйцэтгэхээр талууд тохиролцож, түүнд олгосон ажлын хөлснөөс хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах зэрэг нь уг гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Харин хариуцагч байгууллага нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “Хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажлыг бусдаар гүйцэтгүүлэхийг хориглосон байхад нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын цэрэг татлагын бэлтгэл ажлын явцад цэргийн зарлан дуудах хуудсыг өөрөө биш хүүхдээрээ тараалгасан зөрчил гаргаж, хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт зааснаар хэрэв талууд тохиролцоогүй бол ажил, үйлчилгээг ажиллагч биечлэн гүйцэтгэх үүрэгтэй болон талуудын хооронд  2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээнд тохирсон ажил, үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй байх боловч нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сард 14 хоног, 11 сард 17 хоног тус тус өвчний улмаас ажил, үүргээ гүйцэтгээгүй эмнэлэгийн магадлагаагаар чөлөөтэй байсныг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биечлэн гүйцэтгэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчний улмаас эмнэлэгийн магадлалгаагаар чөлөөтэй байх үедээ өөрийн хүүхдээр цэргийн зарлан дуудах хуудсыг тараалгасан үйлдэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

 Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдал нь хөлсөөр ажиллах гэрээг цуцлах болон гэрээг 1 талын санаачилгаар шууд цуцлах Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул түүнийг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Мөн талуудын хоорондын маргаанд Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт үйлчлэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан ажлаас буруу халсан, шилжүүлсэн үеийн олговор буюу ажил гүйцэтгээгүй үеийн хөлс, урамшууллыг хариуцагч төлөх үүрэггүй гэж шүүх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                       С.ЭНХТӨР