| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/02656/И |
| Дугаар | 2553 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2553
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* тоотод оршин байрлах М******* ХХК-ийн /*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, ******* тоотод байрлах Г******* ХХК /*******/-д холбогдох,
201,433,029 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мон-Энержи Консалт ХХК нь Г******* ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ажлын зураг төсөл, төсөв боловсруулах №В-15/001 тоот гэрээ байгуулж уг гэрээгээр манай компани Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд “Бичил 7 дугаар хорооллын ерөнхий төлөвлөгөөний дагуух 30.6 га /Баянгол дүүргийн 10 дугаар хороо/ “А” блокийн дагуух инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөв боловсруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг нийт 248,000,000 төгрөгийн өртөгөөр хийхээр харилцан тохиролцсон. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тухай бүр ерөнхий гэрээг сунгасны дагуу бид гадна цахилгаан хангамжийн ажлыг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, Гадна холбоо дохиоллын ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, Гадна ус хангамж ариутгах татуургын ажлыг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, Гадна дулаан хангамжийн ажлыг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 35 м.кв-ын Дулааны станцын ажпыг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус тус хүлээлгэн өгч акт үйлдсэн.
Бид гэрээгээр хүлээсэн ажлыг хийж гүйцэтгэхэд Г******* ХХК-ийн зүгээс өгөх мэдээлэл удааширч, гүйцэтгэх ажлууд нь хийгдэхгүй байсны улмаас бидний ажил цаг хугацаа их алдсан ба гуравдагч этгээдээр нэмэлт зардал /өөрийн хөрөнгөөр/ гаргаж Дулааны станцын ерөнхий төлөвлөгөө, өндөржилт, ДДТ, РП-үүдийн өндөржилтийн зургийг Э******* ХХК-иар уг зургийн ажпыг гүйцэтгүүлж 7,500,000 төгрөг төлсөн, мөн цахилгааны кабелийн трассын дэвсгэр зургийг Зэндмэн тулга ХХК-иар гүйцэтгүүлж 2,200,000 төгрөг төлсөн, магадлалын төлбөр /цахилгаан/-т 3,482,000 төгрөг, Гадна дулаан, цэвэр бохир усны магадлалын төлбөрт 2,932,641 төгрөг, Дулааны станц, холбооны шугам сүлжээний магадлалын төлбөрт 7,112,630 төгрөг, нийт 23,227,271 төгрөгөөр тус тус дээрх ажлыг хийж гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн. Гэтэл Г******* ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас №ДБИШС-11/2014 тоот ерөнхий гэрээний эцсийн санхүүжилтийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр авсан атлаа манайд өгөх төлбөрөө өнөөдрийг хүртэл өгөөгүй. Бид удаа дараа тус компаниас гэрээний төлбөрийг төлөхийг шаардаж байгаа. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ажлын зураг төсөл, төсөв боловсруулах гэрээний 8.2-т “...Захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө хийгээгүй бол хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний нэхэмжилсэн үнийн дүнгийн 0,01 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө...” гэж заасны дагуу захиалагчид ажлыг хүлээлгэн өгсөн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацааны алдангийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ажлын зураг төсөл, төсөв боловсруулах гэрээний үлдэгдэл төлбөрт 173,600,000 төгрөг, нэмэлт ажлын зардалд 23,227,271 төгрөг, гэрээнд заасан алданги 4,605,758 төгрөг, нийт 201,433,029 төгрөгийг Г******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Мон-Энержи Консалт ХХК-ийн нэхэмжилсэн 201,433,029.14 төгрөгөөс 4,605,758.14 төгрөгийг хасч, үлдэгдэл 196,827,271 төгрөгийг Г******* ХХК нь Мон-Энержи Консалт ХХК-д төлөхөөр харилцан тохиролцов.
Уг тохиролцсон төлбөр болох 196,827,271 төгрөгийг Г******* ХХК нь дараахь хуваарийн дагуу Мон-Энержи Консалт ХХК-д төлнө:
2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 49,206,817.75 төгрөг,
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 49,206,817.75 төгрөг,
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 49,206,817.75 төгрөг,
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 49,206,817.75 төгрөгийг төлнө.
Төлбөр төлж барагдуулах эцсийн хугацааг талууд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байхаар харилцан тохиролцов. Тогтоосон хуваарийн дагуу төлбөр төлөгдөөгүй тохиолдол бүрт нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.
Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.
Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан зуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мон-Энержи Консалт ХХК, Г******* ХХК-д холбогдуулан 201,433,029 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мон-Энержи Консалт ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 201,433,029.14 төгрөгийн 4,605,758.14 төгрөгөөс татгалзаж, үлдэх 196,827,271 төгрөгийг Г******* ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 49,206,817.75 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 49,206,817.75 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 49,206,817.75 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 49,206,817.75 төгрөгийг Мон-Энержи Консалт ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрлэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Мон-Энержи Консалт ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 201,433,029.14 төгрөгийн 4,605,758.14 төгрөгөөс татгалзаж, үлдэх 196,827,271 төгрөгийг Г******* ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 49,206,817.75 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 49,206,817.75 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 49,206,817.75 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 49,206,817.75 төгрөгийг Мон-Энержи Консалт ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 1,165,115.15 төгрөгийн тал хувь болох 582,557.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г******* ХХК-иас 582,557.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ