Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2563

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 18 өдөр

  Дугаар 101/ШШ2017/02563

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч:  Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү олимп плаза 8 давхарт 801 тоотод оршин байрлах Монголианвон энержи ХХК-ийн /5855039/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын 26 гудамж, Өндөр цайз ХХК-ийн байранд оршин байрлах Эко газр ХХК-д /2820838/ холбогдох ,

Хийн түлш нийлүүлэх гэрээний төлбөрт 74,391,540 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                                                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монголиавон Энержи” ХХК нь 2015 оны 03 дугаар сараас эхлэн “Эко Газ” ХХК-тай хамтран ажиллаж, хийн түлш нийлүүлж эхэлсэн ба 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр талууд М1/16-032 тоот Хийн түлш нийлүүлэх гэрээг байгуулсан байдаг юм.

Тус Хийн түлш нийлүүлэх гэрээний Хавсралт №1-ээр 2015 оны 03 дугаар сараас 2015 оны 12 дугаар cap хүртэлх Монголиавон Энержи ХХК-ийн нийлүүлсэн хийн түлшний тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан байдаг бөгөөд энэ үлдэгдэл төлбөр нь 47,836,361 төгрөг болохыг талууд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Талуудын даашдын хамтын ажиллагаа, Эко Газ ХХК-ийн удаа дараагийн хүсэлтийг харгалзан Монголиавон Энержи ХХК үргэлжлүүлэн хийн түлшийг Эко газ ХХК-д нийлүүлсээр ирсэн боловч Эко Газ ХХК нь гэрээний Хавсралтаар хүлээн зөвшөөрсөн үлдэгдэл төлбөрөө төлөх санал санаачлагыг огт гаргахгүй, төлбөрийг байнга хойшлуулж тооцооны үлдэгдлийг нэмэгдүүлж байсан тул Монголиавон Энержи ХХК үлдэгдэл төлбөрөө төлөхийг утсаар болон биечлэн уулзан сануулж, бичгээр албан мэдэгдлийг хүргүүлж байсан байдаг юм.

Тооцооны үлдэглийг хураангуйлж тооцвол: M1/16-032 тоот гэрээний Хавсралтад хүлээн зөвшөөрсөн үлдэгдэл - 47,836,361 төгрөг 2016 оны 03 дугаар сарын 12-ноос 2016 оны 12 дугаар сарын 19-ны хооронд үүссэн үлдэгдэл 1,758,000 төгрөг, Нийт 49,594,361 төгрөг.

Мөн талуудын хооронд байгуулсан M1/16-032 тоот гэрээний 6.1-т “Б тал нь төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг А талд төлнө” гэж заасны дагуу алдангийг тооцож үзвэл үлдэгдэл төлбөрийн 50 хувиас их дүн гарч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу үлдэгдэл төлбөр 49,594,361 төгрөгийг 50 хувь болох 24,797,180 төгрөгийн алдангийн тооцоо гарч байна. Иймд Эко Газ ХХК нь 2016 оны 12 дугаар сараас хойш үлдэгдэл төлбөрөөс огт төлөлт хийгээгүй нь компанийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, санхүүгийн бодит хохирол учруулж байгаа тул шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Эко Газ ХХК-иас M1/16-032 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 49,594,361 төгрөг, алданги тооцсон 24,797,180 төгрөг буюу нийт 74,391,540 төгрөгийг хамтаар гаргуулж “Монголиавон Энержи” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Т.Даваажав нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Монголианвон энержи ХХК нь алданги 24,797,180 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49,594,361 төгрөгийг хариуцагч Эко газ ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл 34,594,361 төгрөгийг нэхэмжлэгч Монголианвон энержи ХХК-д төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монголианвон энержи ХХК нь хариуцагч Эко газ ХХК-иас Хийн түлш нийлүүлэх гэрээний төлбөрт 74,391,540 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Монголианвон энержи ХХК нь алданги 24,797,180 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49,594,361 төгрөгийг хариуцагч Эко газ ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл 34,594,361 төгрөгийг нэхэмжлэгч Монголианвон энержи ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Монголианвон энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй, Экогаз ХХК-д холбогдох хийн түлш нийлүүлэх гэрээний төлбөрт 74,391,540 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Монголианвон энержи ХХК нь алданги 24,797,180 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49,594,361 төгрөгийг хариуцагч Эко газ ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл 34,594,361 төгрөгийг нэхэмжлэгч Монголианвон энержи ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,910 төгрөгийн тал хувь болох 264,955 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Экогаз ХХК-иас 264,955 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголианвон энержи ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                         

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ