Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

 

 

 

        

   2022        04            28                                      2022/ШЦТ/130

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                    201

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Н.Энхтулга, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,   

Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2138000000116 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Б.

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг “Цахир даваа” гэх газраас 26 ширхэг буюу 3.9182 м3 шинэс төрлийн босоо нойтон модыг цахилгаан хөрөө ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн ... ХӨВ улсын дугаартай “Киа Бонго” жи-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдэж, ойн санд 12.064.791 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг “Цахир даваа” гэх газраас 26 ширхэг буюу 3.9182 м3 шинэс төрлийн босоо нойтон модыг цахилгаан хөрөө ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн ... ХӨВ улсын дугаартай “Киа Бонго” жи-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэж, ойн санд 12.064.791 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2

дугаар хуудас/,

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-13 дугаар хуудас/,
  • Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг ягаан өнгийн цахилгаан хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,
  • Бонго Жи-2 маркийн ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 3.9182 м3 хэрэглээний нойтон шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20, 23-24, 26-28 дугаар хуудас/,
  • Иргэний нэхэмжлэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”... 2022 оны 02 дугаар сарын 20-ны үед Баянзүрх сумын Тоом 3 дугаар багийн нутаг “Цахирын даваа” гэх газраас иргэн Г.Б- нь хууль бусаар босоо, нойтон, бөөрөнхий дүнз мод 26 ширхэгийг бэлтгэж тээвэрлэсэн хэрэгт Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын ажлын албанаас иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. ...Би Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын даргын ажил эрхэлдэг. ...Г.Б- гэх хүний бэлтгэн тээвэрлэсэн 26 ширхэг бөөрөнхий дүнз одоо өөрсдийн гэрийн гадаа байгаа манай байгаль хамгаалагч Б.Г- яваад тоолоод ирсэн байгаа. ...Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
  •  Гэрч Э.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...иргэнд босоо мод огтолж унагааж бэлтгэхийг зөвшөөрөхгүй. ...Ойн тухайн хуулийн 3.1.15 “ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээгээр л мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”... 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мод бэлтгэх 21-047356 дугаартай 10 метр кубийн түлшний модны гоожин бичүүлж авсан юм. ...Г.Б-гийн мод бэлтгэх газрын нэр нь Баянзүрх сумын 3 дугаар баг Тоом гэх газраас бэлтгэхээр авсан юм. ...Г.Б- нь 2022 оны 02 дугаар сард мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм. Би 2022 оны 01 дүгээр сард Б.Ганзориг гэх хүний мод бэлтгэх эрхийн бичгийг мөнгөн дүн куб метрийг нь буруу бичсэн юм. Тэрийгээ Г.Б- гэх хүний модны куб метрийг таарч байсан болохоор Ганзориг гэх хүний нэрний ард нь малчин Г.Б- гэж бичиж өгсөн юм. Мөн мод бэлтгэх эрхийн бичиг авсан хүний гарын үсэг нь зурагдсан байсан болохоор үнэт цаасан дээр Г.Б-гээр гарын үсэг зуруулаагүй юм. ...Г.Б- малын хашаа сэлбэх зориулалтаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл бичиж өгсний дагуу цэвэрлэгээний ажлаар ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. ...ойн сан бүхий газраас иргэн хүн унанги мод бэлтгэх журамтай. ...би байгаль орчны тухай хууль дүрмийг тайлбарлаж өгсөн. Мөн таны цэвэрлэгээний ажлаар ойгоос авсан унанги модыг шалгана шүү гэж хэлсэн. Мөн хашаа сэлбэх зориулалтаар авах хэрэглээний модны өргөдлийг нь хэлж байж бичүүлж авсан юм одоо надад өргөдөл нь байгаа. ...цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх эрхийн бичгээр ойг цэвэрлэх зорилгоор унанги мод бэлтгэх эрхтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
  • Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сард Г.Б- ах мод бэлтгэх эрхийн бичиг авч өвөлжөөний хашаагаа сэлбэх гэж Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг “Цахир даваа” мод бэлтгэж тээвэрлэсэн юм. ...би ямар машинаар модоо тээвэрлэснийг нь хараагүй. ...Г.Б- ах хуучин ... гэдэг машинаараа л модоо тээвэрлэдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50, 52 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум дундын ойн ангийн ерөнхий инженер М.Б-н 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай: "...1. Иргэн Г.Б-гийн бэлтгэсэн модонд хийсэн хэмжилтээр 4.20 см урттай 6 см диаметртэй 22 ширхэг, 3.50 см урттай 8 см диаметртэй 20 ширхэг, 4.20 см урттай 10 см диаметртэй 16 ширхэг, 4.20 см урттай 12 см диаметртэй 7 ширхэг, 4.20 см урттай 14 см диаметртэй 16 ширхэг, 4.20 см урттай 18 см диаметртэй 2 ширхэг шургааг нийт 83 ширхэг, 3.9182 м3 шургааг мод байна... 2. Г.Б-гийн бэлтгэсэн модонд хийсэн хэмжилт, экологи эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөр 1-р муж, 1м3 шинэс модны үнэ төгрөгөөр, итгэлцүүр 1,8 модны хэмжээ 3.9182 м3 экологи эдийн засгийн үнэлгээ 4,021,597 төгрөг. ...Г.Б-гийн бэлтгэсэн мод нь хэрэглээний нойтон мод байна. Мод бэлтгэсэн газар 1-р мужид хамаарна. ...дээрх мод бэлтгэсэн газар нутаг нь тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
  • Шинжээч М.Б-н: “...Иргэн босоо мод унагаж болохгүй зөвхөн ойн мэргэжлийн байгууллагын эрх бүхий хүн мод унагадаг. ...энэ тохиолдолд ойн тухай хуулийн 35.2-т заасан иргэн мод бэлтгэхийг хориглоно. ...иргэн Г.Б-гийн мод бэлтгэсэн газар Баянзүрх сумын “Цахир” гэх газар орж байна. Газрын координат уртраг 99*18*01,6 өргөрөг 50*12*56,0...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Э-н 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн: “...Г.Б-гийн ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 12.064.971 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/,
  • “Ашид билгүүн” ХХК-ий үнэлгээчний 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №1001048 дугаартай: “Г.Б-гийн эзэмшлийн ... ХӨВ улсын дугаартай Bongo 3 coach маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг 7.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 72-73 дугаар хуудас/,
  • Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн ТХҮ-622/3353 дугаартай: “1 ширхэг цахилгаан хөрөөг 130.000 төгрөг”-өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 78-80 дугаар хуудас/,
  • Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн ТХҮ-622/3355 дугаартай: “3.9182м3 хэрэглээний нойтон шинэс модыг 313.456 төгрөг”-өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 85-87 дугаар хуудас/,
  • 21-047356 дугаартай “Сумын нэр: Баянзүрх, Хэсэг ялгаралын дугаар: 88 5, Газрын нэр: Лош, Модны төрөл: Шинэс, Мод бэлтгэх арга, огтлолын төрөл: цэвэрлэгээний ажлаар, Мод бэлтгэгчийн нэр: Б.Г-, малчин Г.Б-, иргэн... нэр, хаяг, регистрийн дугаар, утас: Тоом 3-р баг, утас: ..., ...: №1 Төрөл: Хэрэглээний мод, Мод тээврийн зай (км): 50-100, Тоо хэмжээ: 10, Ойгоос хэрэглээний мод бэлтгэж ашигласны төлбөр (төг) 1 м3 модны 23128, бүгд 231280, №2 Төрөл: Түлээний мод, Мод тээврийн зай (км): 0-50, Тоо хэмжээ: 8, Ойгоос хэрэглээний мод бэлтгэж ашигласны төлбөр (төг) 1 м3 модны 4003, бүгд 32024” гэх Мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар (Олгох тасалбар) /хх-ийн 109 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Г.Б-гийн эзэмшлийн Киа Бонго маркийн ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 111 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Г.Б-гээс төрийн сангийн 100170300988 тоот дансанд хүү торгуулийн орлогод 5.064.791 төгрөгийг оруулсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 124 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ... 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Баянзүрх сумын байгаль хамгаалагч Б.Г-тэй ажлынх нь өрөөнд очиж уулзсан. Миний малын хашааны мод муудаад хашааны модны гоожин өгч байна уу гэж асуухад гоожин өгч байгаа гээд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Гоожингийн мөнгийг код өгөхөөр нь сумын Хаан банкинд төлбөрийг тушаасан. Мөнгөө тушаачихаад Б.Г- дээр очиход гоожингийн бичиг гээд ягаан өнгөтэй цаас өгөхөөр нь аваад гараад явсан. Тэр өдөртөө гэр лүүгээ явж гэртээ хоноод маргааш нь өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг Цахир даваа гэх газар руу мод хийхээр Бонго жи-2 маркийн ... хөв улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Модонд очоод цахилгаан хөрөөгөөр босоо нойтон 26 ширхэг мод огтолж унагаагаад 4 орчим метрийн хэмжээтэй тайрч машинаар цагаалж, машинаараа ачиж өвөлжөөн дээрээ буулгасан. Зарим модыг нь малын хашаандаа саравч, дээвэр хийсэн байсан. Зарим модыг гэрийн гадаа буулгачихсан байсан. 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр экологийн байцаагч Б.Ганболд шалгалтаар ирээд шалгасан. Мод бэлтгэсэн газраа зааж өг гэж хэлэхээр нь мод бэлтгэсэн газрыг зааж өгөхөд үзлэг хийж, зураг дарж аваад явсан. ...2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Баянзүрх сумын байгаль хамгаалагч Б.Г- гэх хүнээс авсан. Би байгаль хамгаалагчаас гоожин авахдаа өөрийнхөө нэр дээр гоожин бичүүлж авна гэсэн. Намайг гоожин авахад ямар нэртэй газраас бэлтгээрэй гэж бол хэлээгүй. Байгаль хамгаалагч өөрөө мэдэж байгаа юм байлгүй л гэж бодсон. Надад мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгнө. Наад өгсөн кодоо банкинд мөнгөө тушаачихаад ир гэхээр л тушааж ирээд гоожингоо л авсан. Ямар учраас Г- гэдэг хүний нэр бичигдэх болсныг мэдэхгүй байна. ...Би мэдүүлэг өгөхдөө бичиг үсэг сайн мэддэггүй болохоор, ямар машинаар тээвэрлэсэн гэдгийг мэдээгүй мэдүүлэг өгсөн байна. Экологийн байцаагч манай гадаа байсан машиныг энэ хэний машин бэ гэж асуухаар нь миний машин л гэж хэлэхэд зургийг дарж авч байсан. Би хувьдаа хоёр машинтай. 09-31 дугаартай машиныг болохоор өөрийн хэрэгцээ, гэрээ нүүлгэхдээ хэрэглэдэг. Харин нөгөө ... дугаартай тээврийн хэрэгслийн мод, өтөг бууц зөөхдөө л ашигладаг юм. Бэлтгэсэн модоо ачихдаа бол ... дугаартай машинаараа цагаалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 103-105, 122-123 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 108 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 110 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг, нөгөө талаас нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд байгаль орчныг хамгаалах талаарх хууль, тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Г.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багийн нутаг “Цахир даваа” гэх газраас 26 ширхэг буюу 3.9182 м3 шинэс төрлийн босоо нойтон модыг цахилгаан хөрөө ашиглан зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн ... ХӨВ улсын дугаартай “Киа Бонго” жи-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэж, ойн санд 12.064.791 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Г.Б-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 12.064.791 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрийн сангийн 100170300988 тоот дансанд хүү торгуулийн орлогод 5.064.791 төгрөгийг оруулсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 124х/ хэрэгт авагдсан байх тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар төрийн сангийн 100170300988 тоот данснаас 5.064.791 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, 5.064.791 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, үлдэх 7.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хууль бусаар мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 125х/, улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хэрэгт битүүмжлэгдсэн Г.Б-гийн бэлтгэсэн 3.9182м3 хэрэглээний нойтон шинэс мод болон Г.Б-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг цахилгаан хөрөөг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу улсын орлого болгох, яллагдагч Г.Б-гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 7,000,000 /долоон сая / төгрөгийн үнэ бүхий Г.Б-гийн эзэмшлийн Бонго жи-2 маркийн ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулан экологи эдийн засагт учирсан 12,064.791 төгрөгөөс хасаж тооцон үлдэгдэл 5,064,791 төгрөгийг төлөх” санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг харгалзан шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Шүүгдэгч Г.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б- нь ойн санд учруулсан 4.021.597 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.064.791 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэйгээс 5.064.791 төгрөгийн хохирлыг төрийн сангийн 100170300988 тоот дансанд оруулсан байх тул уг 5.064.791 төгрөгийг төрийн сангийн 100170300988 тоот данснаас буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 4.021.597 төгрөгийн үнэлгээтэй 3.9182 м3 шинэс модыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч улсын орлогод оруулахыг,

гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Г.Б-гийн өмчлөлийн 7.000.000 төгрөгийн үнэлгээтэй “Бонго жи-2” маркийн ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар экологи-эдийн засагт учруулсан 7.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 130.000 (нэг зуун гучин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий ягаан өнгийн, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. 

Шүүгдэгч Г.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 (хоёр зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.  
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Г.Б-гээс байгаль экологид учруулсан хохиролд нийт 12.064.791 (арван хоёр сая жаран дөрвөн мянга долоон зуун ерэн нэг) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.
  6. Шүүгдэгч Г.Б-гийн төрийн сангийн 100170300988 тоот дансанд тушаасан 5.064.791 (таван сая жаран дөрвөн мянга долоон зуун ерэн нэг) төгрөгийг буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсүгэй. 
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Г.Б-гийн эзэмшлийн 7.000.000 (долоон сая) төгрөгийн үнэлгээ бүхий “Бонго Жи-2” маркийн ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулж, экологи-эдийн засагт учруулсан 7.000.000 (долоон сая) төгрөгийн хохиролд тооцож Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 3.9182 м3 хэмжээтэй шинэс төрлийн 4.021.597 (дөрвөн сая хорин нэгэн мянга таван зуун ерэн долоо) төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний нойтон модыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 130.000 (нэг зуун гучин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий ягаан өнгийн, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  10. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР