| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2022/0212/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/253 |
| Огноо | 2022-03-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/253
2022 03 14 2022/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр;
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүгч: Б.Мөнх-Эрдэнэ;
Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;
Шүүгдэгч: Б.О;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Мөнхтуяа;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин;
Хэргийн дугаар: ..............;
Шүүгдэгч Б.О регистрийн дугаартай: Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эм Ти Эс Элит Класс” ХХК-д кузов засварчин ажилтай, ам бүл 2, эмэг эхийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Б.О нь үргэлжилсэн үйлдлээр:
2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр интернэтээр “гутал захиалгаар нийлүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар зарын дагуу холбогдсон Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 65 тоотод оршин суух хохирогч А.Х-ыг төөрөгдөлд оруулан хуурч 355.000 төгрөгийг Ч.Жа гэх хүний “ХААН” банкны 5098015881 дугаартай дансаар шилжүүлэн авсан,
2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк цахим хаяг ашиглан “бараа худалдана, урьдчилгаа 30 хувь шилжүүл” гэсэн хуурамч зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар тухайн зарын дагуу холбогдсон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Э.Б-г төөрөгдөлд оруулан хуурч 133.100 төгрөгийг Ч.Ж гэх хүний “ХААН” банкны 5098015881 дугаартай дансаар шилжүүлэн авсан,
2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүк цахим хэрэгсэлд “Тхег Lade” гэсэн пэйж дээр ““Доктор Мартенс” зарна олон загвараас сонголтоо хийгээрэй” гэсэн хуурамч зар нийтэлж зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар зарын дагуу холбогдсон Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Б.А-г төөрөгдөлд оруулан хуурч 200.000 төгрөгийг Ч.Ж гэх хүний “ХААН” банкны 5071345935 дугаартай дансаар шилжүүлэн авсан,
2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр фейсбүүк цахим хэрэгсэлд “Тхег lade” гэсэн пэйж дээр ““Доктор Мартенс” зарна олон загвараас сонголтоо хийгээрэй” гэсэн хуурамч зар нийтэлж зохиомол байдлыг зориудаар бий болгон уг зарын дагуу хандсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Б.Б-г төөрөгдөлд оруулан хуурч 240.000 төгрөгийг Ч.Ж гэх хүний “ХААН” банкны 5071345935 дугаартай дансаар шилжүүлэн авсан,
2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр фейсбүүк цахим хэрэгсэлд “Тхег lade” гэсэн пэйж дээр ““Доктор Мартенс” зарна олон загвараас сонголтоо хийгээрэй” гэсэн хуурамч зар нийтэлж зохиомол байдлыг зориудаар бий болгон уг зарын дагуу хандсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Б.М-г төөрөгдөлд оруулан хуурч 195.000 төгрөгийг Ч.Ж гэх хүний “ХААН” банкны 5098015881 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 5 иргэнд 1.123.100 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Х /хх-ийн 8, 10/, хохирогч Э.Б /хх-ийн 28, 30/, гэрч Ч.Ж /хх-ийн 33, 83, 123, 143/, хохирогч Б.А /хх-ийн 56, 58/, насанд хүрээгүй хохирогч Б.Б /хх-ийн 107, 110/, хохирогч Б.М /хх-ийн 138/ нарын мэдүүлэг, дансны хуулга хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11, 38, 60, 86, 111, 146/, А.Х-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13, 39, 70, 89, 121, 156/, Ч.Ж-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40-42, 61-69, 112-120, 147-155/, Б.А-н мөнгө шилжүүлсэн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59, 87-88/, Б.О нь хохирогч нартай харьцсан фейсбүүк чат /хх-ийн 72-81, 91-94/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 182-184/, Б.Огийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17, 48, 98, 129, 159, 161/, Б.Огийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 162-168/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Б.Огийн хувийн байдалтай холбоотой болон хохирол барагдуулсан баримтууд зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийгмийн цахим сүлжээ буюу фейсбүүкт “гутал захиалгаар нийлүүлнэ”, “Доктор Мартенс” зарна олон загвараас сонголтоо хийгээрэй”, “бараа худалдана, урьдчилгаа 30 хувь шилжүүл” гэх зэрэг хуурамч зар нийтэлж, уг зарын дагуу холбогдсон А.Х , Э.Б, Б.А , Б.Б , Б.М нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь залилан мэхэлж авч бусдад 1.123.100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч А.Х-н /хх-ийн 8, 10/: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анх “TxЕr Lade” фейсбүүк пэйж рүү сонирхсон гутлынхаа зургийг явуулаад “энэ гутал захиалгаар ирэх боломжтой юу” гэж мессеж бичсэн. Тухайн үед “болно” гэсэн ба 20 цагаас өмнө захиалга биелнэ гээд яаруулаад 355.000 төгрөгийг 5098015881 дугаартай “ХААН” банкны данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлгээр,
А.Х-н депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 12/,
хохирогч Э.Б-йн /хх-ийн 28, 30/: “... 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анх “Ориг.USA” гэсэн фейсбүүк пейж рүү хар өнгийн гутлын зураг явуулаад “энэ байгаа юу” гэхэд “байгаа” гээд захиалж авахаар болсон. Тэгээд “захиалгын урьдчилгаа 30 хувь шилжүүлж байж захиалга баталгаажна” гээд 5098015881 дугаартай Чойгончиг Жавзандулам гэсэн ХААН банкны данс руу хийхдээ гүйлгээний утга дээр нь борлуулагч 2 гэж бичээрэй” гэсэн. Тэгээд тухайн үед мөнгийг нь хийсэн. ...133.100 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
хохирогч Б.А-йн /хх-ийн 56, 58/: “2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр анх “TxЕr Lade” гэсэн фейсбүүк пэйж рүү сонирхсон гутлынхаа зургийг явуулаад “энэ гутал захиалгаар ирэх боломжтой юу” гэж мессеж бичсэн. Тухайн үед “болно” гэсэн ба “7 хоногийн дараа Монголд ирнэ” гэж хэлсэн. Миний захиалсан барааг агаарын каргогоор авна гэж хэлсэн. “Захиалгын 70 хувийг шилжүүлэх юм бол захиалга баталгаажна” гээд 170.000 төгрөг, агаарын карго 30.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийг 5098015881 дугаартай ХААН банкны дансанд шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь ...дугаарыг өөрийн нэр Анужин Батхишиг гэж бичиж явуулсан. Тэгээд дахиж холбогдоогүй байгаа” гэх мэдүүлгээр,
Б.А-йн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх-ийн 87/,
насан хүрээгүй хохирогч Б.Б-н /хх-ийн 107, 110/: “2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анх “ТхЕг Lade” гэсэн фейсбүүк пэйж рүү сонирхсон гутлынхаа зургийг явуулаад “энэ гутал захиалгаар ирэх боломжтой юу” гэж мессеж бичсэн. Тухайн үед “хямдрал зарласан байгаа, энэ өдрийн 22 цаг хүртэл захиалга аваад хаагдана, 7 хоногийн дотор таны захиалсан бараа ирнэ, каргоны мөнгө болон үндсэн гутлын мөнгө нийтдээ 240.000 төгрөг болно” гэсэн. Тэгээд гутлын размер болон загварыг ярьж тохирсон. Тэгээд шууд мөнгөө 5098015881 дугаартай ХААН банкны дансанд шилжүүлсэн” гэх мэдүүлгээр,
хохирогч Б.М-н /хх-ийн 138, 140/: “2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анх “TxЕr lade” гэсэн фейсбүүк пэйж рүү сонирхсон гутлынхаа зургийг явуулаад “энэ гутал захиалгаар ирэх боломжтой юу” гэж мессеж бичсэн. Тухайн үед “болно” гэсэн ба гутлын размер болон загварыг ярьж тохирсон. Тэгээд үнэ нь ойролцоогоор 185.000 төгрөг дээр каргоны 30.000 нэмэгдэнэ. Баталгаажуулахын тулд 185.000 төгрөгийг 70 хувь шилжүүлэх шаардлагатай гээд карготойгоо нийлээд нийтдээ 195.000 төгрөгийг 5098015881 дугаартай ХААН банкны дансанд шилжүүлэх шаардлагатай гэсний дагуу мөнгийг шилжүүлсэн. Тэгээд сүүлд захиалгаа асуухад завгүй байна гээд байсан. ...“Доктор Мартенс” гээд хаяг дээр сэтгэгдэл үлдээсэн байхад нь олж авсан” гэх мэдүүлгээр,
гэрч Ч.Жавзандуламын /хх-ийн 33, 83, 123, 143/: “...5098015881 гэсэн ХААН банкны дансыг 2007 оноос хойш ашиглаж байгаа ба миний нэр дээр байдаг. Сүүлийн 3 жил тухайн дансыг ашиглаагүй байж байгаад 8-9 сарын үед ач хүү Б.Од гар утсан дээр нь холбож өгсөн. ...ач хүү Б.О “ажилд орох гэж байна, цалин авах данс хэрэгтэй” гэхээр нь данс холбогдсон картаа өгсөн” гэх мэдүүлгээр,
Б.О-йн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 161/: “Миний бие өмнө нь фейсбүүк дээр өөрийнхөө гутлыг зарна гэж зар тавиад зарж байсан. Тэгээд “TхЕr Lade” гэх хуурамч фейсбүүк хаяг нээгээд “гутал, пүүз зарна” гэсэн груп дээр “гутал зарна” гэсэн пост бичсэн. Үүний дагуу хүмүүс холбогдож байсан ба 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Khishig altankhuyag” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй харьцаж байгаад тухайн хэрэглэгч нь “гутал захиалъя” гэхээр нь “болно” гэж хэлээд өөрийн эмээгийн 5098015881 гэх дансруу 355.000 төгрөг авч залилсан. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Э.Б гэх хүнтэй фейсбүүкээр харьцаж байгаад тухайн хэрэглэгч нь “гутал захиалъя” гэхээр нь “болно” гэж хэлээд өөрийн эмээгийн 5098015881 гэх дансруу 133.100 төгрөг авч залилсан. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.А гэх хүнтэй фэйсбүүкээр харьцаж байгаад тухайн хэрэглэгч нь “гутал захиалъя” гэхээр нь “болно” гэж хэлээд өөрийн эмээгийн 5098015881 гэх данс руу 200.000 төгрөг авч залилсан. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Б гэх хүнтэй фейсбүүкээр харьцаж байгаад тухайн хэрэглэгч нь “гутал захиалъя” гэхээр нь “болно” гэж хэлээд өөрийн эмээгийн 5098015881 гэх дансруу 240.000 төгрөг авч залилсан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.М гэх хүнтэй фейсбүүкээр харьцаж байгаад тухайн хэрэглэгч нь “гутал захиалъя” гэхээр нь “болно” гэж хэлээд өөрийн эмээгийн 5098015881 гэх дансруу 195.000 төгрөг авч залилсан. Би ямар нэгэн гутлын дэлгүүр ажиллуулдаггүй. Би дээрх мэдүүлэгт дурдагдсан хохирогч нараас авсан мөнгийг гутал авахад ашиглаагүй. Анхнаасаа хүмүүст гутал захиалгаар авчирдаг гэж худлаа яриад авчихсан. Б.М-н 195.000 төгрөг, Б.Б-н 240.000 төгрөг, Б.А-йн 200.000 төгрөгийг төлсөн. Би тухайн мөнгийг аваад пс тоглосон, бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13, 39, 70, 89, 121, 156/, Ч.Ж-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40-42, 61-69, 112-120, 147-155/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь нийгмийн цахим сүлжээ буюу фейсбүүкт “TхЕr Lade” гэх хуурамч хаяг нээж зарын дагуу холбогдсон иргэдийн эд хөрөнгийг нь шилжүүлж авснаа, хохирогч нар нь шүүгдэгчийн “гутал, пүүз зарна” гэсэн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогч нарын мөнгө шилжүүлсэн баримтаар хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.О нь хуурч мэхлэх аргаар нэр бүхий 5 иргэдийн эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Б.Од холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авч буй Б.Огийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт төлөх төлбөргүй, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгж буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохирол, гэм хор болох нийт 1.123.100 төгрөг буюу хохирогч А.Х-н 355.000 төгрөгийн, хохирогч Э.Б-йн 133.100 төгрөгийн, хохирогч Б.А-йн 200.000 төгрөгийн, хохирогч Б.Б-н 240.000 төгрөгийн, хохирогч Б.М-н 195.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.О нь нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ