| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 220/2018/0839/э |
| Дугаар | 1033 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 1033
Б.Э, Б.П, Б.Х,
Г.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Р.Батнасан,
яллагдагч Б.Э, Б.П, Б.Х, Г.Э,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1321 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцлээр Б.Э, Б.П, Б.Х, Г.Э нарт холбогдох эрүүгийн 1809011890570 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Б-ын Э, 1985 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүү нарын хамт, Баянгол дүүргийн ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....../;
2. Б овгийн Г-ын Э, 1988 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “Ремакс” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн агентад борлуулагч ажилтай, Баянзүрх дүүргийн ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......./;
3. Ц овгийн Б-ын Х, 1988 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “И Д” рестораны захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....../;
4. Б овгийн Б-ын П, 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “И Д” рестораны захирал /хувь эзэмшигч/, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн …..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........./;
Б.Э нь Г.Э, Б.П, Б.Х нартай бүлэглэн, 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И Д” рестораны тамхи татах өрөөнд хохирогч Э.Жийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.Х, Г.Э, Б.П нар нь бүлэглэн, 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И Д” рестораны тамхи татах өрөөнд хохирогч Э.М, Э.Ж нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг хоёр ба түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Э, Б.П, Б.Х, Г.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.Э, Б.П, Б.Х, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаажээ.
Прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл гаргаж байна. Үүнд:
Г.Э нь анх “...үл таних хүмүүст зодуулж, хүнд бэртсэн тул гомдолтой байна...” гэсэн гомдлыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэсэгт гаргасан байдаг.
Гэтэл хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “Э.Жөөс гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдлыг хүлээн авсан” гэж тэмдэглэсэн нь ойлгомжгүй байна.
2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И Д” рестораны тамхи татах өрөөнд Э.Ж, Г.Э нар нь харилцан маргалдаж, улмаар хоорондоо зодолдсон бөгөөд уг зодооны талаар Г.Э, Э.Жавхлантөгс нар нь хоёулаа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх ойлгомжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
Мөн хохирогч Г.Эы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт, мөн шинжээч эмч нарыг асуусан атлаа уг гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоолгүй явуулсан нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэт нэг талыг барьж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна гэжээ. Гэтэл энэ талаар анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн яг ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг шүүгчийн захирамжид дурдаагүй, өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй.
Мөн Г.Эы биед учирсан гэмтлийг хэн учруулсан болох, өөрөөр хэлбэл Э.М учруулсан эсэх талаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй болно.
Иймд Г.Э нарт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1321 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Р.Батнасан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анх энэ хэрэгт Э.Жийн гаргасан гомдлыг 3 дугаар сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагын албан хаагч хүлээж аваад тэмдэглэл үйлдсэн. Энэ гомдлын дагуу 1404 дугаартай гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Мөн энэ хэрэгт Г.Э бусдад зодуулж гэмтэл учирсан талаар гомдол гарсан. Нэг цаг хугацаанд үйлдэгдсэн учраас нэгтгэж шалгасан байгаа. Г.Эы хохирсон асуудлыг тусад нь шалгуулахаар хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлсэн. Энэ асуудлаар хэрэг бүртгэлтийн тусдаа дугаар аваад хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа учраас яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд саад болохгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Б.Э шүүх хуралдаанд: “...Тайлбар байхгүй. ...” гэв.
Яллагдагч Б.П шүүх хуралдаанд: “...Тайлбар байхгүй. ...” гэв.
Яллагдагч Б.Х шүүх хуралдаанд: “...Тайлбар байхгүй. ...” гэв.
Яллагдагч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамгийн эхэнд би зодуулсан. Тухайн үед би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдлоо гаргахад намайг “чи хохирогч байна” гэсэн атлаа хэдэн цагийн дараа мөрдөн байцаагч дуудаад “чи яллагдагч боллоо” гэсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс одоог хүртэл намайг дуудаж өөртэй чинь холбоотой хэргийг тусад нь шалгаж байгаа гэж хэлээгүй. ...Энэ талаар би мэдэхгүй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Э, Б.П, Б.Х, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И Д” рестораны тамхи татах өрөөнд яллагдагч Б.Э, Б.Х, Г.Э, Б.П нар хохирогч Э.М, Э.Ж нартай хэрүүл, маргаан үүсгэн харилцан зодолдож, Э.М, Э.Ж нарын биед хөнгөн хохирол учирсан гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байх бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тус захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Хэргийн материалыг судлахад, 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “И Д” рестораны тамхи татах өрөөнд яллагдагч Б.Э, Б.Х, Г.Э, Б.П, хохирогч Э.М, Э.Ж нар нь хэрүүл, маргаан үүсгэн харилцан зодолдож, энэ зодооны явцад Э.М, Э.Ж нарын биед хөнгөн хохирол, Г.Эы биед хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал байна.
Энэ талаар 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Э.Ж /хх 5/, яллагдагч Г.Э /хх 8/ нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна дараахь мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно. ...” гэж, мөн хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт гаргах ... шийдвэрийн аль нэгийг гаргаж, гаргасан даруй энэ тухай гомдол мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ...” гэж тус тус заажээ.
Мөрдөгч дээрхи гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн аваад 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Э.М, Э.Ж нарын биед хөнгөн хохирол учирсан гэх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж /хх 1/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлд заасан хүрээнд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан ба ингэж явуулахдаа Г.Эыг энэ хэрэгт хохирогчоор тогтоон байцаалт авч, түүний эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, холбогдох гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагаа явуулсан атлаа 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 5/2513 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Г.Эы биед хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгуулахаар шилжүүлсэн /хх 129/ нь үндэслэлгүй байна.
Тодруулбал; Г.Эы гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт гаргах...” шийдвэрийн аль нэгийг гаргаагүй байгаа хэдий ч Э.М, Э.Ж нарын биед хөнгөн хохирол учирсан гэх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ хүрээнд Г.Эыг хохирогчоор тогтоон байцаалт авсан, түүний эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, холбогдох гэрч нараас мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба энэ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад Г.Эы гаргасан гомдол, мэдээллийг албан бичгээр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөгч хэрэг бүртгэлтийг дуусгаж хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан хэлэлцэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно" гэсэн зохицуулалт байгаа хэдий ч уг заалт нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан тохиолдолд хамаарах ба энэ хэргийн тухайд нэг газар, нэг цаг хугацаанд болсон, хоорондоо хамаарал бүхий үйл явдлыг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана...” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулахаар хуульчилсан байхад тус хуульд заасан журмуудыг зөрчиж явуулсан дээрхи ажиллагаануудыг нөхөн гүйцэтгүүлэхээр буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.
Түүнчлэн, шүүгчийн захирамжид заасан: 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И Д” рестораны тамхи татах өрөөнд яллагдагч Б.Э, Б.Х, Г.Э, Б.П нар хохирогч Э.М, Э.Ж нартай хэрүүл, маргаан үүсгэн харилцан зодолдож, Э.М, Э.Ж нарын биед хөнгөн хохирол учруу лсан гэх хэргийн яллагдагч нарын үйлдэлд эд хөрөнгө устгаж гэмтээх гэмт хэргийн болон хүний халдашгүй чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийвэл зохино.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1321 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Л.ДАРЬСҮРЭН