Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2014/0195

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 05 сарын 21 өдөр      угаар 195                                 Улаанбаатар хот

 

Ж.Эгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжпэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, Ө.Ө, гуравдагч этгээд И.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.Эгийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын Орон сууц хувьчлалын комисс, Дархан-Уул аймаг дахь Орон сууц хувьчлалын товчоо, аймгийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И.Бт олгосон 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгосон 16271 дугаартай орон сууц ашиглах эрхийн бичиг, 1998 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолын И.Бт холбогдох хэсгийг, мөн 1 дүгээр хороолол, 7 дугаар байр, 24-2 тоотын 26 м.кв сууцны 2 өрөө байрны 0053233 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах" гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Орон сууц хувьчлалын товчоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С.Ж нь 1977-1990 он хүртэл хугацаанд уг байрыг орон сууц ашиглалтын картаар эзэмшиж байсан. 1991 оны орон сууц ашиглах эрхийн бичгээр И.Б нь уг байрны 2 өрөөг эзэмшиж байгаад 1998 онд хувьчлан авчээ. Ж.Э нь нөхөр С.Жын нэр дээр амьдарч байсан 4 өрөө орон сууцаа хувьчлан авах хүсэлтээ орон сууц хувьчлах товчоонд гаргаагүй. И.Б нь эзэмшиж байсан орон сууцаа хувьчлан авчээ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын орон сууц хувьчлах комисс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Архивын материалд Ж.Эгийн 7-24 тоот 4 өрөө байрны 2 өрөөний орон сууцны ашиглалтын карт, ам бүлийн тодорхойлолт, И.Бын мөн байрны 2 өрөө орон сууцны ашиглалтын карт, ам бүлийн тодорхойлолт байна. Мөн Дархан сумын орон сууц хувьчлах асуудлыг хянан шийдвэрлэх комиссоос И.Бт орон сууц эзэмшүүлэх гэрчилгээ олгосон материал байхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...7 дугаар байр 24/2 тоот 26 м.кв 2 өрөө орон сууцыг аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 20 дугаар тогтоолоор И.Бт хувьчлан гэрчилгээ олгосон. И.Б нь орон сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд бүртгэхээс татгалзах шалтгаан байгаагүй тул өмчлөх эрхийг хуулийн дагуу бүртгэсэн. Нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...найз Энхсайхантай тохиролцсоны дагуу тухайн байрны тусдаа бүртгэлтэй 2 өрөөг эзэмшсэн. Надад айлын хажуу өрөө хөлслөх шаардлага байгаагүй. Би уг 2 өрөөний төлөгдөөгүй 4 сарын өрийг нөхөн төлөөд цаашид эзэмших хүсэлтээ гаргаж эрхийн бичиг авсан. Намайг байраа хувьчилж авахад Ж.Э 2 өрөөг хувьчлан авсан байсан ба энэ үед ямар нэгэн маргаан гараагүй. Түүнээс хойш өмчлөлийн байраа Ж.Эгийн улмаас өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Улмаар 2004 онд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхаар шүүхийн шийдвэр гаргуулсан ч хэрэгжүүлж чадаагүй. Миний байрны өмчлөл хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9,.Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 18 дугаар зүйлийн 18.1, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997 ОНЫ/-ИЙН 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан "Ишжамцын Болдбаатарт олгосон 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгосон 16271 дугаартай орон сууц ашиглах эрхийн бичиг, 1998 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолын И.Бт холбогдох хэсгийг, мөн 1 дүгээр хороолол, 7 дугаар байр, 24-2 тоотын 26 м.кв сууцны 2 өрөө байрны 0053233 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай Ж.Э гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...маргаан бүхий дээрхи орон сууцанд би 1977 оны 1 дүгээр сард нөхөр С.Жтай гэр бүл болж энэ байрандаа нүүж ороход 4 өрөөний 2 өрөөнд нь Жаргал гэж хүнийх байсан байсан. Манайх Жаргал гуайн нөгөө 2 өрөөнд нь 1977 оноос амьдарч байгаад 1989 онд Жаргал гуайнх өөр шинэ байранд орохоор болоод манай нөхөр Жамсранжавыг Орон сууц ашиглалтын конторт дагуулан өөрийн эзэмшлийн 2 өрөөг манай нэр дээр шилжүүлэн өгч манайх 4 өрөө байртай болсон нь үнэн юм. Тэгээд Жаргал гуайнх нүүснээс хойш 4-н өрөөнд нь дангаараа амьдарч байтал манай төрсөн дүү Ж.Н нөхрөөсөө салчихлаа эгч би танайд хэсэг хугацаанд байж болох уу гэхээр нь 2 өрөөндөө оруулж суулгасан. Удалгүй дараа жил нь дүү Ж.Н нөхөртэйгөө эвлэрсэн гээд манайхаас явахдаа хамт геологт ажилладаг Ж.Энхсайхан гэдэг хүнийг дагуулж ирж энэ залуугийн хүүхэд нь өвчтэй байгаа юм эмнэлэгт ойрхон байранд түр суулгамаар байна та тус болооч гээд гуйгаад байхаар нь сайн санаж л Ж.Энхсайханыг дүүгийнхээ түр сууж байсан өөрийнхөө 2 өрөөнд оруулж суулгасан. Ж.Энхсайхан манайхаас гарсаны дараа 1992 оны 10 р сард И.Б гэж огт танихгүй залууг нэг өдөр дагуулж ирээд орох оронгүй юм байртай болтол түр суулгаач гэж манай нөхөр С.Ж бид 2-оос гуйгаад байхаар нь Ж.Энхсайханыг түр суугаад гарах хүртэл янз бүрийн хэл ам гарч байгаагүй болохоор хүүхдүүд том болтол 2 өрөөнд түр хугацаагаар суулгасан. Ингээд И.Б 1995 он хүртэл 4-н жил түр сууж байгаад эхнэр М.Алтантуяад нь Төмөр замаас байр өглөө гээд манай 2 өрөөг хүлээлгэж өгөөд гарсан. Манай 2 өрөөнд орох үедээ эхнэр хүүхэдгүй гэж орж байсан боловч 10-н хэд хоноод төрөх дөхсөн том гэдэстэй хүүхэн дагуулж ирж байсан юм. И.Б түүний эхнэр Алтантуяа нар манай 2 өрөөнд 3-н жил гаруй хугацаагаар амьдрах явцад 2 хүүхэдтэй болж нялх нойтон хүүхдүүдийг нь манай 2 охин харж хандаж тэдний ажилд тодорхой хэмжээгээр тус дэм болж байсан үүнийг ч И.Б хүлээн зөвшөөрдөг юм. И.Б 1992 онд манай байранд биднээс гуйж түр оршин суух тэр үедээ манай нөхөр С.Ж бид хоёрт мэдэгдэлгүйгээр тухайн үеийн Орон сууц нийтийн аж ахуйн зарим хүмүүстэй хуйвалдаж манай хоёр өрөөнд давхар орон сууц ашиглалтын карт нээлгэсэн байсныг бид юу ч мэдээгүй бөгөөд хожим нь тэр картаараа манай 2 өрөөг хувьчилж авсан нь одоо энэ бүх маргааны эх үүсвэр болоод байгаа юм. Орон сууц ашиглалтын картаараа манай 2 өрөөг надаас түрүүлж хувьчилж бидний итгэлийг олсон ахаа эгчээ гээд сүйд болдог байсанд нь бид ч итгэж гэр орон өрөөгөө цоожилдоггүй задгай л байдаг байсан тэр байдлыг ашиглан манай 4-н өрөө байрны ордерийг устгасан бөгөөд мөн Орон сууц ашиглалтын карт байдаг 1% ордер болон холбогдох бичиг баримтыг танил талаа ашиглан устгасан байсан. Орон сууцны ордероо солиулж банкинд 10 000 төгрөг тушаасан байсан бичиг баримт хавтаст хэрэгт байгааг харгалзан үзэхийг тус шүүхээс хүсч байна. Мөн манайх тус байранд нүүж орсон цагаас хойш байрны ус, дулаан, цахилгаан, СӨХ зэрэг төлбөрийг бүгдийг төлж ирсэн энэ тухай баримтаа хавтаст хэрэгт өгсөн байгаа. Гэтэл И.Б бидний зөвшөөрлөөр орж түр сууж байсан 2 өрөөгөө Ж.Энхсайханы байр байсан мэтээр мэдүүлж Ж.Энхсайханы тус байранд төлөөгүй хур өртэй байсныг түүнтэй тохирч өрнөөс нь салгаж өөрийн болгосон гэдэг. Хавтаст хэрэгт Ж.Энхсайхан эзэмших эрхийн бичиг гэх ямар ч байртай холбогдолтой баримт байгаагүй. И.Б Иргэний хуулийн 104-р зүйлд зааснаар эзэнгүй эд юмыг шударгаар олж аваагүй. Тийм болохоор мөн хуулийн 104.2, 104.3-д зааснаар шударга бусаар олж авсан байрыг он удаан жилээр эзэмшээгүй уг байранд хувьчилж авснаасаа хойш огт амьдраагүй хүн учраас түүнд тухайн байрыг өмчлөх эрх байхгүй гэж би бодож байна. Тэгээд ч эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш хугацаагаар эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч өмчлөх эрхийг тэрг/үн ээлжинд олж авах давуу эрхтэй байдаг. Гэтэл 37 жил суусан би яагаад эзэмшиж байсан байраа хувьчилж авч болохгүй байгаа юм бэ? Үүнд л маргааны гол учир бий шүү дээ. Гуравдагч этгээд Болдбаатар шүүх хурал дээр ярихдаа: "Би тэр байрыг хувьчилж авахдаа өөрт байсан орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг аваад хувьчилж болох нь уу яах нь уу үзье гэж бодоод хувьчлалын газар очсон чинь болчихсон надад хувьчлаад л өгсөн шүү дээ шүүх яаж шийднэ би түүгээр л болъё гэж хэлж байсан. Энэ нь түүний хүний байрыг дур мэдэн хувьчилж авсаныг харуулж байна шүү дээ. Шүүх хурлын тэмдэглэлд түүний ярьсан дээрхи зүйл бичигдсэн байгааг шүүх анхааран уншихыг хүсье.

Иймд миний давж заалдсан гомдлыг хүлээн авч үнэн зөвийг тунгааж зөв зүйтэй шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол, 7 дугаар байрны 24 дүгээр байрны 4 өрөө байрны 28.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1977 оноос нэхэмжлэгч Ж.Эгийн нөхөр С.Ж гэр бүлийн хамт эзэмшиж байжээ. Улмаар 1995 оноос С.Ж нь нас барсан тул нэхэмжлэгч өөрийн нэр дээр орон сууц эзэмших эрхийн бичиг, ашиглалтын картыг нээлгэж, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор тухайн орон сууцыг өмчлөн, гэрчилгээ авсан байна.

Харин уг байрны 26 м.кв 2 өрөө орон сууцыг И.Бт Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаар тогтоолоор 24-2 хаягаар өмчлүүлж, гэрчилгээ олгосон бөгөөд тэрээр улсын бүртгэлийн байгууллагад хандан үл хөдлөх эд хөрөнгийн 2003006410 дугаарт бүртгүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, түүний дотор, С.Ж, И.Б нарын орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ, орон сууц ашиглалтын карт болон гэрч Д.Жаргалын мэдүүлэг зэргээр Дархан- Уул аймгийн Дархан сумын 01 дүгээр хорооллын 7 дугаар байрны 24 тоотын 4 өрөө байр нь анхнаасаа 28.4 м.кв, 26 м.кв талбай бүхий 2 тусдаа бүртгэлтэй орон сууцнууд байсан нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Д.Жаргал нь байраа бидэнд өгсөн” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тухайн үед ОСНААГ-аас олгосон орон сууц ашиглах карт, эзэмших эрхийн бичгээр иргэдэд орон сууцны эзэмших эрхийг олгодог байсан бөгөөд тухайн этгээд бие даан орон сууцыг захиран зарцуулах, өмчлөх эрхгүй байсан, мөн С.Жын эзэмших эрхийн бичиг, ашиглалтын картад 4 өрөө болгон өөрчилсөн байдал тогтоогдоогүй байна. Түүнчлэн 1995 онд Ж.Э өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөн авахдаа зөвхөн 28,4 м.кв буюу 2 өрөө орон сууцыг өмчилжээ.

Түүнчлэн гуравдагч этгээд И.Бын хувьд хуульд заасан журмын дагуу эзэмших, өмчлөх эрх нь нээгдсэн бөгөөд түүний нэр дээр 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон 16271 дугаартай орон сууц ашиглах эрхийн бичиг болон Дархан-Уул аймаг дахь орон сууц хувьчлах товчооны 1998 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолын И.Бт холбогдох хэсэг, аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгэн 0053233 дугаартай гэрчилгээ олгосон зэрэг нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтуудтай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх эдгээр болон бусад асуудлаар үндэслэлтэй дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Харин шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх заалтыг баримтласан нь буруу байх тул үүнийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9" гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.