Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/423

 

 

 

 

 

 

   2022       03          22                                   2022/ШЦТ/423

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,                           

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ө.Болормаа

Хохирогч Б.Э нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 2106 03349 2482 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Б, 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, .........................., ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт .............................. оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ........../.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” захын 01 дүгээр хаалганы орчимд хохирогч Б.Этай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа толгой, нүүр хэсэгт удаа дараа цохиж баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн бугалганд цус хуралт, духны үстэй хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Э нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 04-06/,

 

Хохирогч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Г.Б над руу залгаад би согтуу байна, чи намайг ирээд аваач хүүхдүүдээ санаад согтуу ярьсан юм. Тэгээд бид хоёр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах Да хүрээ техникийн захын урд замаар явж байхад миний толгой хэсэг рүү Г.Б баруун гараараа цохисон. Тэгэхээр нь би машинаа зогсоотол Г.Б миний толгойн хэсэг рүү баруун болон зүүн гараараа миний толгой болон нүүр лүү цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна... Авто машины хянах самбар эвдэлсэн хохирол болон эмчилгээ оношилгоонд гаргасан зардлуудыг нэхэмжлэхгүй...Миний зүгээс гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 221/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 8820 дугаар: “... 1. Б.Эгийн биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн бугалганд цус хуралт, духны үстэй хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэн байх боломжтой. З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 77-78/,

 

Гэрч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Сурагч Б.М нь төлөв даруу, үг дуу цөөтэй, хүний үгэнд амархан ордог, дуулгавартай, чих зөөлөн, анги хамт олонтойгоо нийтэч хүүхэд байгаа юмаа. Худал хуурмаг яриад байдаггүй. Г.Мг анх нэгдүгээр ангид ороход нь хойд эцэг Г.Б нь эхний улиралд байнга хичээлээс нь авдаг байсан. Сүүлдээ охиноо авахаа больсон ба охиныхоо сурлага хүмүүжилд анхаарахгүй, ирэхээ больсон. Дараа нь Б.Мгийн хойд аав Г.Б нь замын цагдаад ажилладаг гэхээр нь сурагчдад Замын хөдөлгөөний дүрмийн талаар яриа таниулга хийлгэж байсан. Г.Бг хувь хүний хувьд хүнд тусархуу, үүрэг хариуцлагаа ухамсарлаж чадахаар хүн байсан. Гэхдээ олон удаа харьцаж байгаагүй. Б.М нь хоёр дүүгээ асарч хамгаалаад хичээлээ давтах боломж бололцоогүй. Хоёр дүүгээ байнга хардаг байсан Б.Мгийн ээж Б.Э нь надтай байнга холбоотой байдаг ба өөрт болон гэр бүлдээ болж байгаа зүйлийнхээ талаар байнга ярьж хэлдэг байсан. Өнгөрсөн зун л Б.Мгийн ээж Б.Э нь нөхрийгөө дагавар хоёр хүүхдээс нь болж хэрүүл маргаан хийж цохиж зоддог гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,

 

            Гэрч Г.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай төрсөн дүү Г.Б нь 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайнцагаан суманд айлын хоёр дахь хүү болон мэндэлсэн бөгөөд бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж ясли, цэцэрлэгээр хүмүүжсэн. 1997-2008 онд хүртэл Багануур дүүргийн боловсрол цогцолбор сургуулийн 66 дугаар ахлах сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшиж “Соёмбо” дээд сургуулийн Төрийн захиргаа, удирдлагын менежментийн чиглэлээр суралцаж байгаад сургуулиасаа чөлөө авч 2009-2010 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан. 2011 оноос Дотоод цэргийн 805 дугаар ангид харуулчин, ахлагчаар ажиллаж байсан. Манай дүү 2011 оноос эхлэн н.Б гэх эмэгтэйтэй гэр бүл болж том хүү Б.Н нь 2012 онд төрсөн. 2013 онд эхнэр нь Герман руу яваад буцаж ирээгүй. Намайг 2014 онд Суданд үүрэг гүйцэтгээд ирэхэд Г.Б нь Б.Э гэх эмэгтэйтэй Сансарын тунелийн орчим подвальд хамт амьдарч байгаа гэж байсан. Тэрнээс хойш Б.Этай хамтран амьдарч дундаасаа охин, хүү хоёр төрсөн. Г.Б нь өөрөө бүх зүйлийг шийддэг. Ах, дүү, аав, ээжээсээ ямар нэгэн зүйл авдаггүй, бүх зүйлийг өөрөө болгож бүтээхийг хичээдэг, шударга, их өрөвч зөөлөн, эмэгтэй хүнд гар хүрж байгаагүй, хараал хэлж үзээгүй хүн байгаа юм. Б.Э гэх эмэгтэйг анх ямар амьдралтай яаж, ямар ажил төрөл хийж байсныг мэднэ. Одоо ажиллуулж байгаа оёдлын үйлдвэрийг хөл дээрээ босгоход нь манай дүү Г.Б их тусалж, захиалга ихээр авч өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,

 

            Шүүгдэгч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 107/, шүүгдэгч Г.Бгийн ажил эрхэлэлтийн болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 146-168/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 122/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

            Прокуророос шүүгдэгч Г.Бг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” захын 01 дүгээр хаалганы орчимд хохирогч Б.Эд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч хохирогч нар нь хувийн таарамж тохиромжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар шүүгдэгч нь хохирогчид хөнгөн хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

 

            Харин шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” захын 01 дүгээр хаалганы орчимд хохирогч Б.Эгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт гаргаж өгсөн боловч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, түүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Г.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Г.Бг чөлөөлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР