Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/528

 

 

 

 

 

   2022         04         07                                  2022/ШЦТ/528

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүгдэгч Д.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

Улсын яллагч К.Чимгээ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,  

иргэдийн төлөөлөгч Т.Энх-Амгалан, М.Цолмонгэрэл нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хд холбогдох эрүүгийн 2206 00000 0171 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Х, 1998 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ........................ оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ........../,

Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 12 дугаар 18-ны оройн 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 31 дүгээр байрны дэргэд Ө.Цын цээжин тус газарт хутгалсны улмаас биед нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн 6 дугаар хавирганы тараагуур судасны гэмтэл, цээжний хөндийд цус, хий хуралдалт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн,

мөн 2021 оны 12 дугаар сарын 18-ны оройн 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 31 дүгээр байрны дэргэд Б.Бийн зүүн өгзгөн тус газарт хутгалсны улмаас шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв

Хохирогч Ө.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдрийн орой найз Батцэрэнгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр найзууд болох Насанбаяр, Б.Б, Батцэрэн нарын хамт Баянзүрх дүүрэг, Сансарын тэнд нэрийг нь мэдэхгүй бааранд орсон. Тэндээ бид дөрөв орж суугаад хүний 2, 2 ширхэг пиво уучхаад би найз Б.Бийн хамт тамхи татах гэж гарсан. Тэгсэн хажууд үл таних 2 хүн маргалдаад зодолдож байсан хажууд нь тэр зодоонд оролцоогүй үл таних залуу байсан тул бид хоёр салгах гэж очоод Б.Б зодуулж байсан хүнийг салгаад холдуулсан. Би зодож байсан залууг зодоонд оролцоогүй залуугийн хамт мөн холдуулаад эргээд Б.Б рүү ирсэн. Тэгсэн гэнэт бие сонин болоод цээжээр халуун оргиод байхаар нь харсан чинь цус болчихсон байхаар нь би Б.Бт найзыг нь хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгсэн хүн зодож байсан залуу зодоонд оролцоогүй залуугийн хамт зугтаж байсан тул Б.Б араас нь хөөж гүйгээд нэг залууг нь бариад авсан. Би тухайн үед тонгойхоор цус алдаад байсан болохоор байгаа газраа дээшээ хараад хэвтэж байгаад найзыгаа харсан тэгсэн хүн зодож байсан залууг бариад миний хажууд ирсэн. Тэгснээ Б.Б бас надад хандаж энэ залуу намайг бас хутгалчихлаа гэсэн. Тэгээд 103-ын эмч ирээд намайг суулгасан. Тэгээд би ухаан алдчихсан байсан. Гэмтлийн эмнэлэгт очоод сэрээд хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дахь тал/

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд үед өгсөн: “... Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3 найзынхаа хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах нэг пабд орж үйлчлүүлсэн. Бид 4 тухайн газар ороод хоёр хоёр шил пиво ууцгаасан байсан. Тэгээд би нэг найзтайгаа гараад тамхи татаад зогсож байхад бид хоёрын хажууханд үл таних нэг эрэгтэй хүнийг 2 залуу газар унагаад зодож байхаар нь бид хоёр очоод салгасан. Тэгээд би тэр зодуулж байсан ахыг босгоод явуулчхаад найз дээрээ очиход манай найзыг хэвлий тус газар нь хутгалчхаад явсан байсан. Би араас нь хөөж барьж авахад намайг бас ташаан толгой тус газар нэг удаа хутгалсан. Тэгээд цагдаа дуудаад тухайн этгээдийг барьсан. Нэг этгээд нь зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Гэрч Э.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 40-50 минутын орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 31-93 тоотод байх гэртээ Приус-20 маркийн автомашинтайгаа ирж байх үед 1 дүгээр байр, “Монгол зоог” хоёр обьектийн голд 80-65 УБТ улсын дугаартай, Приус-30 маркийн бүдэг цэнхэр өнгөтэй автомашины урд хэсэгт нэг бараан өнгийн хувцастай залуу ногоон өнгийн захаараа үстэй юүдэнтэй куртиктэй залууг зодоод, чанга дуугаар бархирч орилж байсан. Тэгээд тэр хоёр тухайн газраас хоорондоо зууралдсан байдалтай ертөнцийн зүгээр зүүн гар тийшээ 31 дүгээр байрны 8 дугаар орцны харалдаа ирсэн. Энэ үед баруун талын замаас улбар шар өнгийн куртиктэй залуу гарч ирээд зодуулж байсан залууг өмөөрөөд ноцолдож эхэлсэн. Хутгалсан залуу тэндээс хаяад зугтаад ертөнцийн зүгээр зүүн гар тийшээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 31 дүгээр байрны 6 дугаар орцны харалдаа хар хурдаараа гүйж ирсэн. Улбар шар куртиктэй залуу араас нь хөөж гүйж ирээд барьж аваад унагааж нуруу руу нь өшиглөсөн. Би машиныхаа цонхыг онгойлгоод “Болиоч ээ. Нэгнийгээ алах нь байна шүү дээ.” гэж хэлсэн. Хариуд нь улбар шар куртиктэй залуу “Эгчээ энэ бид хоёрыг хутгалчихсан байна, та цагдаа дуудаад өгөөч” гэж гуйсан. Ингээд ногоон куртиктэй залууг харахад цээж, хэвлий, зүүн гар талд нь өтгөрч нөжирсөн цус гарсан байдалтай байсан. Улбар шар куртиктэй залуу зүүн бөөрөн дээрээ 2 см орчим хутгалуулсан байдалтай харагдсан. Яагаад гэвэл тэр надад куртикээ сөхөж харуулсан. Хутга нь хаана байгаа юм бэ гэхэд хутгаа өгөхгүй байна гэж хэлсэн. Ингээд би 102 тусгай дугаарт дуулдага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дахь тал/,

 

Гэрч А.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр найзууд болох Цэрэнбат, Б.Б, Батцэрэн нартай уулзаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансрын Баянцээлд байрлах бааранд орсон. Бид тэнд Сэнгүр нэртэй 0.5 литрийн хэмжээтэй пиво хүний 1 ширхгийг авч уусан. Тэнд бүжиглэж байгаад харсан Цэрэнбат, Б.Б хоёр алга болчихсон байсан. Хайх гээд гарсан. Тэр хоёр луу залгасан. Цэрэнбат утсаа аваад “Мань хоёр чинь хүнд хутгалуулчихлаа” гэсэн. Хаана? Юу вэ? гэтэл байгаа газраа хэлж өгсөн. Тэр газраас гарч Батцэрэнгийн хамт ертөнцийн зүгээр хойшоо гүйгээд аркаар баруун эргэсэн. Бид хоёрыг очиход Цэрэнбатын цээж хэсэг тэр чигтээ цус болчихсон байдалтай цус алдаж өмд рүүгээ урсаж байсан. Б.Б хажууд нь зүүн ташаандаа хутгалуулсан гэсэн зүйл яриад шархаа харуулсан. Ингээд 103, 102 ирж түргэний машинд би хамт явж ГССҮТ-д ирсэн. Эмч нь үзлэгт оруулаад цус ир алдаж байна, нарийвчилсан шинжилгээнд оруулах шаардлагатай гэсэн. Ингээд төлбөр болох 120.000 төгрөгийг төлж шинжилгээний өрөө рүү оруулсан. Тэгээд тухайн өрөө рүү эмч нар ээлжилж орж гарч байснаа яаралтай хагалгаанд орно, эр гэрийг нь дууд гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 784 дугаартай:

  1. Ө.Цын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн 6 дугаар хавирганы тараагуур судасны гэмтэл, цээжний хөндийд цус, хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
  2. Тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл.
  3. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоов.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1451 дугаартай:

  1. Б.Бийн биед зүүн өгзөгт шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл хурц ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дахь тал/, эд мөрийн баримтаар тооцогдсон хар өнгийн эвхэгддэг 1 ширхэг хутга зэрэг болно.

 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 12 дугаар 18-ны оройн 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 31 дүгээр байрны дэргэд Ө.Цын цээжин тус газарт хутгалсны улмаас биед нь мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Ө.Цын “...хажууд үл таних 2 хүн маргалдаад зодолдож байсан хажууд нь тэр зодоонд оролцоогүй үл таних залуу байсан тул бид хоёр салгах гэж очоод Б.Б зодуулж байсан хүнийг салгаад холдуулсан. Би зодож байсан залууг зодоонд оролцоогүй залуугийн хамт мөн холдуулаад эргээд Б.Б рүү ирсэн. Тэгсэн гэнэт бие сонин болоод цээжээр халуун оргиод байхаар нь харсан чинь цус болчихсон байхаар нь би Б.Бт найзыг нь хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгсэн хүн зодож байсан залуу зодоонд оролцоогүй залуугийн хамт зугтаж байсан тул Б.Б араас нь хөөж гүйгээд нэг залууг нь бариад авсан. Би тухайн үед тонгойхоор цус алдаад байсан болохоор байгаа газраа дээшээ хараад хэвтэж байгаад найзыгаа харсан тэгсэн хүн зодож байсан залууг бариад миний хажууд ирсэн. Тэгснээ Б.Б бас надад хандаж энэ залуу намайг бас хутгалчихлаа гэсэн...” гэсэн мэдүүлэг,

мөн 2021 оны 12 дугаар сарын 18-ны оройн 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 31 дүгээр байрны дэргэд Б.Бийн зүүн өгзгөн тус газарт хутгалсны улмаас шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Бийн “... Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3 найзынхаа хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах нэг пабд орж үйлчлүүлсэн. Бид 4 тухайн газар ороод хоёр хоёр шил пиво ууцгаасан байсан. Тэгээд би нэг найзтайгаа гараад тамхи татаад зогсож байхад бид хоёрын хажууханд үл таних нэг эрэгтэй хүнийг 2 залуу газар унагаад зодож байхаар нь бид хоёр очоод салгасан. Тэгээд би тэр зодуулж байсан ахыг босгоод явуулчхаад найз дээрээ очиход манай найзыг хэвлий тус газар нь хутгалчхаад явсан байсан. Би араас нь хөөж барьж авахад намайг бас ташаан толгой тус газар нэг удаа хутгалсан. Тэгээд цагдаа дуудаад тухайн этгээдийг барьсан. Нэг этгээд нь зугтаасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь шүүгдэгчийн гэм бурууд маргаагүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Иргэдийн төлөөлөгч Т.Энх-Амгалан, М.Цолмонгэрэл нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Хг гэм буруутай гэж дүгнэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Д.Хг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Цын цээжин тус газарт хутгалсны улмаас биед нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн 6 дугаар хавирганы тараагуур судасны гэмтэл, цээжний хөндийд цус, хий хуралдалт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөн тухайн цаг хугацаанд Б.Бийн зүүн өгзгөн тус газарт хутгалсны улмаас шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийг зэвсэг хэрэглэн хохирогч Ө.Цын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Хг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Ө.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хохирогч Б.Б нь шүүгдэгч Д.Хаас баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул хохирогч Б.Бийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Хд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Ө.Цад хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Хы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ө.Ц гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Хг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Д.Хд 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Хд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн 2 /хоёр/ сар хорих ялаар тооцож, нэмж нэгтгэн Д.Хгийн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Б.Б нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Хд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

 

                                          ШҮҮГЧИД                                 Ц.МӨНХТУЛГА

 

                                                                                             Э.ЧИНГИС