Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/474

 

 

 

 

 

 

   2022       03          31                                   2022/ШЦТ/474

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,

Хохирогч Ө.Б нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт О.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 03194 2292 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн О.М, 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, барилга дээр хувиараа ажилладаг, ам бүл 1, ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,  

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож сольж, оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, РД: .........,

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ө.Бтай “манайхаас яв” гэж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь кетчуп шидэж, түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний битүү гэмтэл, зүүн ухархайн доод хана, дотор хананы хугарал, зүүн дээд зовхины шарх гэмтэл, гэмтлийн гаралтай зовхины унжилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүгдэгч О.М нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Ө.Бтай 2018 оноос хамтран амьдарсан. Анх нийлэхэд Ө.Б хамаг юмаа ломбардад тавсан, нийтдээ 8.000.000-9.000.000 төгрөгийн өрөнд орсон байсан. Үүнийг нь төлөөд өгвөл хамт сайхан амьдарна гэсэн. Би тэр үгэнд нь итгээд гэр орон аваад, өрийг нь дарж өгөөд байхад өөр эрэгтэй хүнтэй утсаар яриад байдаг байсан. Тэгэхээр нь би боль, симээ сольчих, нөхөртэй гэдгээ хэл гэсэн. Олон удаа ингэж гуйсан. Ө.Б симээ сольчхоод удалгүй хуучин дугаараа сэргээчихдэг байсан. Сайхан гэр орон авсан байна одоо өөр хүнтэй битгий ярь гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд хэрүүл өдсөн. Тэр өдөр урд дэлгүүрт шавар хийгээд өг гэхээр нь би ажиллаж өгөөд нэг шил архи авсан байсан. Тэрийгээ ууж амжаагүй гэртээ ирээд ууж байсан. Би кетчуп авч шидсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би гэрээ зараад Ө.Бд нийтдээ 1.600.000 төгрөгийг өгсөн. Эмчилгээ хийлгээд өгий гээд ярихаар өөрөө алга болчихдог хүн” гэв.

 

Хохирогч Ө.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэртээ сууж байсан. Тэгэхэд О.М Мөнх-Эрдэнэ гэх найзтайгаа гаднаас архитай орж ирсэн. Би хоол ундаа идчихээд ороо засаад хэвтэж байтал О.М үс, толгойноос зулгаагаад “Би ер нь чам шиг хөгшин хүүхэнтэй суухгүй, залуу эхнэр авна” гэсэн. Тэгэхээр нь эгчийнх рүү нь орох гээд гутлаа өмсөж байтал зүүн нүд рүү кетчуп шидсэн. Надад ломбардад төлөх өр байгаагүй. Би 2012-2018 он хүртэл Төв аймгийн Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвд бригадын бага эмч хийж байсан. Надад ямар ч өр зээл байгаагүй. О.М намайг эмнэлгээр дагуулж яваагүй. Надад өмгөөлөгчийн мөнгө болон эмчилгээний зардал ч байхгүй байгаа. Би ажилгүй. Эмчилгээ ч хийлгэж чадахгүй байна, хохирол нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв.

 

Шүүгдэгч О.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Ө.Б гэх эмэгтэйтэй танилцсанаас хойш Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Далай ээж дэлгүүрийн ард талын задгай тоотод хамтран амьдарсан. Ө.Б нь надтай танилцахаасаа өмнө нь өөр хүнтэй суугаад хамаг мал гэр орныг нь зараад салж байсныг нь би мэдэхгүй суугаад хамтран амьдарсан. Би 23 дугаар хороонд Ө.Бтай хамт амьдарч байхдаа 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрийнхээ урд талын Далай ээж дэлгүүрийн шаврыг хийж өгөхөөр гэрээсээ гараад ажиллаж байгаад 20 цагийн үед гэртээ орохдоо 0.5 литрийн архи аваад гэртээ орж ганцаараа архи уусан. Би архи ууж байтал Ө.Б нь эрэгтэй хүнтэй утсаар яриад байхаар нь би чи одоо болилдоо би чиний нөхөр чинь биз дээ чи ямар сонин юм бэ гээд хэлтэл хэнтэй ч ярьсан чамд ямар хамаатай юм гээд уурлаад байхаар нь би Ө.Б руу ширээн дээрээс кетчуп аваад шидтэл Ө.Бгийн нүдийг оночихсон. Тэгтэл Ө.Бгийн хөмсөг хэсгээс цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дахь тал/,

 

Хохирогч Ө.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сараас хойш Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Далай ээж дэлгүүрийн ард талд байх хаяг тоотгүй задгай хашаанд хамтран амьдрагч О.Мтай амьдардаг байсан. Манай нөхөр О.М 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр орой 16-17 цагийн үед гэрээсээ гараад Далай ээж дэлгүүрийн шавар цутгаж өгнө гээд гарсан. Тэгээд орой 20-21 цагийн үед согтуу 0.5 литрийн Х архи барьж орж ирээд авч ирсэн архиа уугаад 22 цаг өнгөрч байхад хэрүүл өдөөд байсан би аяга цай хоол унд хийгээд сууж байхад би залуу эхнэртэй, зайл, янхан, гичий, зайл манайхаас яв гээд намайг хөөгөөд байсан. Би тэгээд ороо засаад хэвтэж байсан чинь үснээс зулгаагаад орноос татаж буулгаад алгадаад байхаар нь урд эгчийнд нь орох гээд үүдэнд гутлаа өмсчхөөд дээшээ өндийсөн чинь кетчуп аваад миний зүүн нүд рүү шидсэн. Тэгээд миний хамраас цус гараад байж байсан чинь эгч нь орж ирээд манайх руу явъя гээд гэртээ дагуулж ороод хүйтэн жин төмс тавьж өгсөн. Тэгээд эгчийнд нь хоноод маргааш өглөө нь гэртээ орсон тэр өдрөө гэртээ өнжсөн тэгээд маргааш нь эмнэлэг орж үзүүлэх гэсэн чинь явуулахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №8600 дугаартай:

1. Ө.Бгийн биед зүүн нүдний битүү гэмтэл, зүүн ухархайн доод хана, дотор хананы хугарал, зүүн дээд зовхины шарх гэмтэл, гэмтлийн гаралтай зовхины унжилт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ө.Бг манайхаас яв гэж хөөж, улмаар нүүрэн тус газар нь кетчуп авч шидэн Ө.Бгийн биед зүүн нүдний битүү гэмтэл, зүүн ухархайн доод хана, дотор хананы хугарал, зүүн дээд зовхины шарх гэмтэл, гэмтлийн гаралтай зовхины унжилт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Ө.Бгийн “...Би 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ...Би хоол ундаа идчихээд ороо засаад хэвтэж байтал О.М үс, толгойноос зулгаагаад “Би ер нь чам шиг хөгшин хүүхэнтэй суухгүй, залуу эхнэр авна” гэсэн. Тэгэхээр нь эгчийнх рүү нь орох гээд гутлаа өмсөж байтал зүүн нүд рүү кетчуп шидсэн...”  гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч О.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Мыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй ба 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс үйлчилж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, тус хууль 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “...энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж,

мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч О.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх үйлдэл байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэгт орж байх ба шүүгдэгч О.М болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “... хохирогч баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм хорын хохирлоо нэхэмжлэх боломжтой бөгөөд шүүгдэгчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн тохиолдолд татгалзах зүйлгүй.” гэсэн болно.

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт холбогдох эрүүгийн 2106 03194 2292 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Ө.Б нь хавтаст хэрэгт өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гаргасан хохирлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Харин хохирогч Ө.Б нь өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал  болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. О.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Мт холбогдох эрүүгийн 2106 03194 2292 дугаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Хохирогч Ө.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар О.Маас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР