Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 157/2022/0025/Э |
Дугаар | 2022/ШЦТ/28 |
Огноо | 2022-04-26 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/28
ТГЭХ ТОГТООЛ
2022 04 26 2022/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Т.Б-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Т овогт Г-ийн М-т холбогдох 224............. тоот эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19.. оны 12 дугаар сарын 17-ны өдөр Х аймгийн Х суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, 2 дүү, 5 хүүхдийн хамт Х аймгийн Х сумын 2 дугаар баг Б-ийн 2-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл:
Сум дундын 28 дугаар шүүхийн 20.. оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Г-ийн М. /РД:С........../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны 20 цагийн орчим Хаймгийн Г сумын 4 дүгээр баг Бичигтийн уурхай гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.А-тай маргалдан улмаар гараараа зүүн нүдний ухархай орчим цохиж Ц.А-ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ялтсын цөмөрсөн хугарал, цус хуралт гэмтлүүдийг үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Х аймгийн Б сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Г.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Эрүүгийн 224......... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Хохирогч Ц.А-ын “..Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Г сумын 4 дүгээр баг Бичигт гэх газар байрлах уурхайн баруун урд байрлах Б.У гэх айлаас Г сумын төвд 2 машинтай орж ирсэн. Сумын төвийн дэлгүүр ороод би 1 шил архи, 2 том пиво авсан, М 1 шил архи авч байх шиг байсан. Дэлгүүрээс гараад М-ын эхнэрийн эгчийх нь гэрт очиж 1 шил архи, 1 том пиво хувааж уугаад сумын төвөөс 15 цаг өнгөрч байхад хөдөө ямаа самнаж байсан айл руугаа хөдөлсөн. Хөдөө 17 цаг өнгөрч байхад очоод бид П, А, Д, М бид нар 1 шил архи ууж дуусаад 1 том пиво задлаад уух гэж байхад бүгдээрээ хоорондоо гар барилдахаар болсон. Би М-тай гар барилдаад ялсан, харин П, Даваапүрэв нар гар барилдаад П ялаад сууж байтал М гэнэт босч ирээд нүүрэн тус газар цохисон. Тэгэхээр нь би босч ирээд барилцаж зодолдсон. Тэр айл нь цонх хагалж, юмыг нь эвдлээ гээд гар гэхээр нь бид хоёр гарч дахиж зодолдож ноцолдсон. Гадаа ноцолдож байгаад салаад буцаж вагончигруу ороод бид нар пивоо уугаад сууж байтал М нь гэнэт босч ирээд миний гар бугалга хэсэгт цохиод авахаар нь би босох гээд өндийхөд М-ын найз Д бид нарыг салгах гээд араас намайг тэврэх үед М хамарны дээд хэсэг, зүүн нүдний ухархай хэсэгт намайг 1 удаа цохиход толгой манараад өвдөлт өгсөн. Тэр үед л би хамар нүдний хэсэгт гэмтэл авсан байх. Тэгээд өвдөөд болохгүй болохоор нь би найз П-д эмнэлэг дуудаад өг гэж хэлэхэд цагдаа дуудсан байсан... Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт томографи зураг авахуулж эмчид үзүүлэхэд "Зүүн нүдний ухархайны яс цаашаа 5 мм цөмрөлттэй, хамрын зүүн талын хянга яс хугаралтай байна" гэж байсан. Өөр гэмтэл байхгүй. Бид хоёр хоорондоо зодолдож байгаад болсон асуудал тул надад санал гомдол бол байхгүй. Харин цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг М-с нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5-6 дугаар хуудас /
2.Гэрч А.П-ийн “...Х аймгийн Г сумын 4 дүгээр баг Бичигтийн уурхайн баруун талд байрлах Б овогтой У-ын гэрт аав Ц, А бид гурав 2022.03.15-ны өглөө ирж ямаа самнасан. Бид нарыг ирэхэд М, Д, Б, Б нар ирээд ямаа самнаж байсан. Тэгээд бид нар хөдөө ирж танилцаад өчигдөр буюу 2022.03.18-ны өдөр цастай салхитай хүйтэн байхаар нь тэр өдөр амраад сумын төв орж 2 шил архи, том пиво 3 савыг аваад М-ын эхнэрийн ахын гэрт уг архины талыг нь уугаад үдээс хойш 15-16 цагийн орчимд гараад хөдөө У-ын гэрт 17 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд бид нар үлдсэн архи пиво хувааж ууцгаасан. Тэгээд харанхуй болж байх үед 18-19 цагийн үед А М нар хоорондоо тоглож rap барилдаж байгаад А дийлээд дууссан, дараа нь би Д гэх хүнтэй гар барилдаад дөнгөж дуусаад суутал М нь гэнэт уурлаж хараал урсгаж босч ирээд А-ын нүүр хэсэгт 1-2 удаа цохьсон. Тэгээд А босч "Чи яагаад зүв зүгээр байхад намайг цохьчихвоо" гээд тэр хоёр барьцалдаж авахаар нь бид нар салгаад та нар айлын гэр эвдлээ гээд тэр хоёрыг гадаа гарч учраа ол гээд гаргасан. Гадаа тэр хоёр хэд хэд цохилцож зодолдож байгаад орж ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд дахиж хоорондоо маргалдаад тэр хоёр хоорондоо дахиж гар барилдаад дуусахад М нь ялагдаад нүүрэн хэсэгт нь А-ыг шууд цохисон, тэгээд тэр хоёр дахиж маргалдаад босохоор нь бид нар салгаж байх үед М нь А-ын хамар хэсэгт 2-3 удаа цохилцоход хамар нүүр хэсэг нь улайж хавдсан. Тэгээд дахиж гэрт болон гадаа муудалцаж зодолдоод 19 цаг өнгөрч байхад М урд гэрт ороод унтахаар нь би найз А-аас гомдолтой байна уу гэж асуухад "Хамар эвгүй болчихлоо, хугарсан байх, би гомдолтой байна гээд М-ын эхнэртэй хэрэлдээд байсан" Тэгээд би 21 цаг өнгөрч байхад цагдаад дуудлага өгсөн. ...М нь гap барилдаад хожигдсондоо шаралхаад цохисон байж магадгүй, эсвэл согтсондоо агсарч цохьсон байж магадгүй гэж бодож байна. М нь уухаараа жоохон агсан тавьдаг гэж найз нөхөд ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас /
3.Гэрч Г.Б-ын “...Би 2022.03.18-ны өглөө Г сумын 4 дүгээр баг Бичигтийн баруун талд байрлах У гэх айлаас 09 цагийн орчимд Г сумын төвд нөхөр М, 2 найз Д, Б нарын хамт ирсэн, өөр машинтай А, П, А нар ирсэн. Сумын төвд манай хүргэн ахын гэрт манай нөхөр М, Д, Б, А, Анар 2 шил архи 2 пиво уусан байх. Тэгээд бид нар 15 цаг өнгөрч байхад сумаас би машинаа бариад, нөгөө машиныг П бариад явсан. Тэгээд хөдөө айлдаа 17 цаг 30 минутын орчимд очсон. Сумаас гарахдаа М нилээн согтуу харьсан. Тэгээд бид нар хойд талын богинчигондоо ороод М, А, Д, Б нар "Хараа" нэртэй 0.75 литрийн савалгаатай архи 1 шилийг, 1 том пивотой хувааж ууцгаасан. Би тэнд юм хум хийж байгаад эргээд хартал манай нөхөр М нь А-ыг эхлэж цохихоор нь А цохиод буцаагаад зодолдсон. Тэгээд гэр болон гадаа муудалцаж тэр хоёр хоорондоо нилээн зодолдсон. Тэгээд дахиж гэрт орж ирээд хоорондоо хүчээ үзэж гар барилдана гээд барилдсан. Тэгээд дахиж тэр хоёр муудалцаад зодолдох гээд байхаар нь салгах гээд А-ыг Д араас нь тэврэх үед М нүүр хамарны хэсэгт цохисон гэж ярьж байсан. Манай нөхрийн хамар амнаас нь цус гараад зодолдож л байсан. Адилхан эр хүмүүс хоорондоо учраа олог гэж бодож байсан...Яг ямар шалтгаанаар цохьсоныг мэдэхгүй байна. Анх цохиж М зодоон эхлүүлсэн хэдий ч гадаа гэрт зодолдохдоо нүүр толгой хэсэгт зөндөө цохиулж зодуулсан. Манай нөхөр М нь тасарчихсан болохоор муудалцаж зодолдсон байх. Харин тасраагүй өөрийн ухаантай байхдаа хүн амьтантай муудаад байдаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас /
4.Гэрч Э.Д-ийн “...Би 2022.03.18-ны өглөө Г сумын төвд айлд М, Б, А, П, Б, А ах бид нар ирж ганц шил архи, 2 пиво уугаад үдээс хойш 15 цаг өнгөрч байхад сумын төвөөс гарсан. Тэгээд Г сумын 4 дүгээр баг Бичигтийн уурхайн баруун талд байрлах У-ын гэрт очиж бид нар 1 шил архи, 2 том пиво хувааж ууцгаасан. Хөдөө очихдоо л А, М нар нилээн согтуу очсон. Тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаж нилээн цохилцож зодолдсон. Тэгээд зодолдож дуусаад М нь урд гэрт орж унтсан. Тэгээд үлдсэн бид хэд ууж сууж байсан. Тэгтэл А-ын нүд хамар нь хавдаж хөхрөхөөр нь П цагдаа дуудсан юм шиг байсан. А нь нилээн агсан хүн байсан намайг зүгээр сууж байхад над руу аяга авч чулуудаад байхаар нь би нээх тоогоогүй. М А нар муудалцаж зодолдож М-т цохиулсан байх. Мөн тэр хоёр гадаа гарч зодолдож, богинчигний шатнаас унаж зодолдож байсан... А-ын хамар нүд хэсэгт хөхөрч хавдсан байсан... М-ын хамарны хажуу талд хавдсан, уруул нь язарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас /
5.Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаартай шинжээчийн:
-Ц.А-ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ялтсын цөмөрсөн хугарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.М нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны 20 цагийн орчим Х аймгийн Г сумын 4 дүгээр баг Бичигтийн уурхай гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.А-тай маргалдан улмаар гараараа зүүн нүдний ухархай орчим цохиж хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ялтсын цөмөрсөн хугарал, цус хуралт гэмтлүүдийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч Г.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал болон согтууруулах ундааны зүйлийн зүй зохисгүй хэрэглээ зэрэг шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х овогт Ц-ий А /РД:............../-ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ялтсын цөмөрсөн хугарал, цус хуралт гэмтлүүд учирсан ба хохирогч Ц.А нь Нэгдсэн эмнэлэгт оношилгоо хийлгэсэн 120,000 төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлэгт оношилгоо хийлгэсэн 25,000 төгрөг болон шатахууны зардал 194,000 төгрөг, нийт 339,000 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байна.
Шүүгдэгч Г.М нь 2022 оны 04 дүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд 360,000 төгрөгийг хохирогч Ц.А-ын ХААН банкин дахь дансанд шилжүүлсэн байх тул хохирол төлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогч Ц.А нь мөрдөн шалгах ажиллагаа явцад “...Бид хоёр хоорондоо зодолдож байгаад болсон асуудал тул надад санал гомдол бол байхгүй. Харин цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг М-аас нэхэмжилнэ...” гэж мэдүүлжээ.
“Мөнгөн гүүр” эмнэлгийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Чих, хамар, хоолойн оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө”-нд “...Хамрын ясны хугарал засах, хамрын таславч тэгшлэх мэс засал хийлгэх” гэсэн дүгнэлт гаргасан байна.
Иймд хохирогч Ц.А нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.М-ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна.
Шүүх шүүгдэгч Г.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчид хөнгөн гэмтэл учирсан боловч цаашид мэс засал хийлгэхээр гарсан дүгнэлт, шүүгдэгч Г.М-ын 2-9 насны 5 хүүхэд, эхнэр, дүү нарын хамт амьдардаг, ар гэрийн нөхцөл байдал зэргийг түүний хувийн байдалд хамааруулан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчид учруулсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ талаар гаргасан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.М-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Г-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Г-ийн М-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүгдэгч Г.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Ц.А-т хохиролд 360,000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.А нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шүүгдэгч Г.М-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ