Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/429

 

 

 

 

 

 

 

 

   2022         03         23                                  2022/ШЦТ/429

 

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,                           

улсын яллагч Ю.Батсүх,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ад холбогдох эрүүгийн 2106 03155 0530 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн О.А, 2002 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эмэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт .................... оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ........./.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.А 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн оройн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханд байх хүүхдийн тоглоомын талбай дээр насанд хүрээгүй 15 настай А.Гтэй “том дуугарлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, үснээс нь зулгаах, толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 

Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-1-2, 10/,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханд байдаг тоглоомын талбай найз А.Хын хамт тоглохоор очсон... нэг О.А гээд охин ... би тоглоё гэсэн чинь намайг тоглуулахгүй байсан. Тэгэхээр нь яагаад тоглуулахгүй байгаа юм гэсэн чинь О.А надад хандан яасан том дуутай гичий вэ гээд миний үснээс үстээд хөлөөрөө жийсэн... миний толгой руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ... О.А эгчтэй би маргалдсан. Тэгтэл О.Атай цуг байсан танихгүй ах та нар зодуулахаасаа өмнө яв гэтэл хажуунаас найз А.Г тоглох гэж ирсэн. Яахаараа зодуулдаг юм гэсэн чинь О.А А.Гт хандан том дуутай гичий вэ гэж хэлээд үснээс нь татаж зулгаагаад толгой хэсэгт нь баруун гараараа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

 

Шүүгдэгч О.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... А.Хтай хамт явж байсан А.Г сагс тоглоно гээд байхаар нь би тоглож дуусаагүй байна гэж хэлээд бид хоёр хоорондоо муудалцсан улмаар А.Гийн толгойн дагзнаас үсдээд доош нь дараад хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн. Мөн би баруун гараараа нэг удаа цохисон санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн №8704 дугаартай дүгнэлт: “... 1. А.Г-н биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч О.А 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн оройн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханд байх хүүхдийн тоглоомын талбай дээр насанд хүрээгүй 15 настай А.Гтэй “том дуугарлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, үснээс нь зулгаах, толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

 

Насанд хүрээгүй хохирогч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханд байдаг тоглоомын талбай найз А.Хын хамт тоглохоор очсон... нэг О.А гээд охин ... би тоглоё гэсэн чинь намайг тоглуулахгүй байсан. Тэгэхээр нь яагаад тоглуулахгүй байгаа юм гэсэн чинь О.А надад хандан яасан том дуутай гичий вэ гээд миний үснээс үстээд хөлөөрөө жийсэн... миний толгой руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын яллагч “Шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай... бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 

Шүүгдэгч О.А нь хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж дүгнэлт өгсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч О.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр ялаас чөлөөлөх шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. О.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас О.Аг чөлөөлсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.А нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР