Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

2022         4          14                                        2022/ШЦТ/141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Ц.Лхамсүрэн,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э-д холбогдох эрүүгийн 2225000000064 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, А.Э

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18 дугаар байрны зүүн талд авто зам дээр 44-85ОРО улсын дугаартай “Лексус RХ400” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

3.4 дэх хэсгийн а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”,

10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”

16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчиж, гарцаар гарч явсан явган зорчигч П.Д-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ “...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед би хороолол руу “Лексус RХ400” загварын машинаа унаад явсан, машинаа нэг өдөр асаагаагүй учраас 15 минут орчим халаагаад хороолол руу хөдөлсөн. Консуль өнгөрөөд 5-18 дугаар байрны араар явж байхад чимээ гаргахаар нь гайхаад зогссон бөгөөд ард хүмүүс зогсож байсан, машинаа хартал шил хагарсан байсан. Би эргэж очоод “яасан хүүхдүүд вэ” гэхэд “та, бид нарыг мөргөчихлөө” гэсэн, би охиныхоо машиныг унаад охиндоо “байж байгаарай, эмнэлэг явчихаад ирье” гэж хэлсэн, хүүхдүүд “цагдаа дуудсан” гээд зогсож байсан, би “цагдаа яах вэ, эгчийнх нь буруу, эхлээд та нарыг эмнэлэгт хүргэж өгье” гэж хэлсэн, ...эмнэлэг дээр очиход яаралтай тусламж дээр Дэлгэржаргалын “зургийг нь авахуул” гэж хэлсэн, зургийг нь авахуулаад буцаад иртэл “компьютерт харуулах шаардлагатай” гэхээр нь харуулсан. ...Болорцэцэг дээр эмч янз бүрийн зүйл яриагүй, Дэлгэржаргалын зургийг үзээд “гэмтлийн эмчид үзүүлэх шаардлагатай” гэсэн, ингээд цагдаа нар ирээд надаас мэдүүлэг авсан. ...Хамгийн эхлээд ковидын шинжилгээ өгсөн, энэ нь 50.000 төгрөг болсон, “хэрэгтэй зүйл байвал хэлээрэй” гээд дугаараа үлдээсэн, маргааш нь “оймс, бүс авна 100.000 төгрөг шилжүүл” гэхээр нь шилжүүлсэн, “бензин, хоолны мөнгө хэрэгтэй, 90.000 төгрөг шилжүүл” гэхээр нь шилжүүлсэн, дараа нь “эмнэлгээс гарна, эм тариа дутаад байна, та олоод ир” гэхээр нь орой явж байгаад эмийн сангаас эм авч өгсөн. Эмнэлгээс гарах болоход “хэвтрийн ор Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлгийн хажуу талд 250.000 төгрөг гэдэг, түүнийг авч хэвтүүлэх шаардлагатай байна, 20.000 төгрөгийн оймс, бүс авах хэрэгтэй байна, та 300.000 төгрөг яаралтай шилжүүлээрэй” гэж хэлсэн, надад тухай үед мөнгө байгаагүй учраас хүнээс зээлээд маргааш нь өгсөн, “рентген зураг, компьютерийн зураг авахуулах шаардлагатай” гэхээр нь мөнгө явуулсан, хэлсэн бүх мөнгийг нь өгсөн. Болорцэцэгийн эгч Доржханд “Баян-Өндөр медэд үзүүлсэн мөнгөө авна, 150.000 төгрөг шилжүүл” гэснийг шилжүүлсэн, эмчид үзүүлсэн гээд баримттай, баримтгүй 345.000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлээд Болорцэцэг гомдол саналгүй болсон, Дэлгэржаргалд хамгийн сүүлд “345.000 төгрөг шилжүүлчих, бүдүүн бүс авсан, одоо нарийн бүс авах шаардлагатай байна” гэхээр нь шилжүүлсэн. Одоогийн байдлаар Болорцэцэгт 350.000 төгрөг, Дэлгэржаргалд 1.100.000 орчим төгрөг өгсөн. Ээжтэй нь дандаа холбоо барьж байгаад аавтай нь нэг удаа холбоо барихад “охин гайгүй болсон, хичээлдээ явж байгаа” гэж хэлэхэд нь их баярласан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

насанд хүрээгүй хохирогч П.Д-н “...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед найз Болорцэцэг, Анужин, Сүхбат, Төгөлдөр нарын хамт “Өргөө”-д кино үзчихээд, би Болорцэцэгийн хамт гарцаар түрүүлээд гарсан, нөгөө хэд маань араас явж байсан. Тэгтэл машины гэрэл гарсан бөгөөд би машинд дайруулсан. Миний гарч явсан гарцны хойд талд нэг жижиг машин байсан, тэр машинд сууж эмнэлэг явсан бөгөөд жолооч нь хөгшин эмэгтэй хүн байсан. Би дайруулсны дараа ухаан балартсан бөгөөд эмнэлэг дээр ирж гайгүй болсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Т.Э-н “...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Болорцэцэгийн эгч над руу ярьж охин Дэлгэржаргал, Болорцэцэг нарыг авто осолд орсныг хэлсэн. Манай охины нуруу хугарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан, одоо гэрээр эмчлүүлж байна. Охины эмчилгээнд одоогоор 705.000 төгрөгийн эм тариа, зураг авахуулсан зардал гарсан бөгөөд жолооч үүнээс 415.000 төгрөг өгсөн. Мөн цаашид гарсан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Д-н “...2021 оны 1 дүгээр сарын 08-ны орой барагцаагаар 20 цаг өнгөрч байх үед над руу дүү Болорцэцэгийн найз Анужин “Болорцэцэг, Дэлгэржаргал нар машинд мөргүүлчихлээ, одоо бид нар эмнэлэг дээр байна” гэж ярьсан. Тэгээд би эмнэлэг орсон, манай дүүгийн эмчилгээ эм, тариа, нарийн зураг авахуулсны 353.800 төгрөгийн зардал гарсан бөгөөд нөгөө жолооч үүнээс 150.000 төгрөг өгсөн. Би үлдэгдэл зардлаа барагдуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

гэрч Э.А-н “...манай ээж машинаа унаад түрүүлээд хөдлөхөөр нь би араас нь “Тоуоtа рruis 30” загварын машиныг унаад 5 дугаар микрийн зүүн тал “Тамирын гурван чулуу” гэх газрын урд хэсэгт явж байхад ээж гарцаар машинтайгаа өнгөрөөд явсан, би араас нь дагаад явж байтал явган хүний замын гарц дээр хүмүүс байсан, би тухайн үед согтуу хүмүүс зам дээр хэвтээд байгаа юм байх гэж бодоод цааш гарц өнгөрөөд явж байтал манай ээжийн унаж байсан машин аваарын гэрлээ асаагаад замын хашлага шахаад уулзвар өнгөрөөд зогсож байсан, би гайхаад машинаа зогсоотол, ээж машинаасаа бууж ирээд сандарсан байдалтай гарц руу гүйсэн. Тэр үед би яг юу болоод байгааг огт ойлгохгүй зогсож байтал буцаж гүйж ирээд нилээн сандарчихсан надаас миний унаж байсан “Тоёота приус 30 загварын машины түлхүүрээ өг” гээд авсан, ээж тэр үед “эмнэлэг яаралтай орох хэрэгтэй байна, чи наанаа байж байгаарай” гээд миний унаж байсан машиныг унаад явсан. Тэр үед би ээжийн унаж байсан машинд суугаад яах аргаа мэдэхгүй хэсэг байж байгаад гэр лүүгээ унаад хүрээд ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч Б.Б-н “...Тухайн үед П.Дэлгэржаргал бид хоёр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч явсан бөгөөд доод Консулын уулзвараас хар өнгийн машин эргэж байгаа нь харагдсан, бид хоёрыг зам гарч амжаагүй байхад тэр машин хурдтай ирээд дайрчихсан, нэг мэдэхэд би зам дээр хэвтэж байсан, Дэлгэржаргал надаас нилээн зайтай хэвтэж байсан... бид нарыг замаас гараад байж байтал ард нь зогсож байсан машинтай эгч ирээд “эмнэлэг явъя” гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч И.А-н “...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн барагцаагаар 19 цагийн үед Төгөлдөр, Сүхбат, Болорцэцэг, Дэлгэржаргал бид нар кино үзчихээд харьж явсан, бид нар 5-18 дугаар байрны зүүн хойд талын явган хүний гарцан дээр салцгаасан, Болорцэцэг, Дэлгэржаргал нар гарцаар гарах гээд явсан, араас нь Төгөлдөр, Сүхбат нар явсан. Бид нар салаад удаагүй ард “пад” хийх чимээ гарч эргээд харахад Дэлгэржаргал үсрээд зам дээр унаж байсан. ...Болорцэцэг “тэр машин дайрчихлаа” гээд заасан бөгөөд “Тамирын гурван чулуу”  байрны урд замын хойд хэсэгт хоёр машин зогсож байсан. ...нэг эгч явган ирээд “яана аа, ямар балай юм бэ, юу ч гэсэн эмнэлэг явъя, эгчийнх нь машины цонх цантаад юм харагдсангүй, зогсъё гэж бодож байсан юмаа” гэж байсан. Тэр эгч буцаж яваад ард нь зогссон хар өнгийн приус машиныг авч ирээд бид нарыг суулгаад эмнэлэг явсан, замдаа хэлэхдээ “эгчийнх нь машины цонх цантаад юм харагдсангүй” гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч Г.Т-н “...Сүхбат бид хоёр хамтдаа баруун тийшээ, харин Анужин ганцаараа гэр лүүгээ явах гэж байсан бөгөөд Дэлгэржаргал, Болорцэцэг нар зам хөндлөн гараад явсан юм. Дэлгэржаргал, Болорцэцэг нарыг машин ирээд мөргөчихөөд шууд яваад уулзвар гарч замынхаа хойд хэсэгт зам дээр зогссон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч Т.С-н “...Болорцэцэг, Дэлгэржаргал нар түрүүлээд гарцаар зам хөндлөн гарсан, ...юм дуугарах чимээ гарахаар нь хартал Дэлгэржаргал, Болорцэцэг нар зам дээр хэвтэж байсан, хар өнгийн дунд оврын машин цаашаа явж харагдсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

А.Эгийн яллагдагчаар өгсөн “...би явган хүний гарц дээр ирэхэд хүн харагдаагүй, хурдаа удаашруулаад өнгөрсөн. Гарц өнгөртөл “тас, няс” гэх чимээ гарсан, гайхаад замаа чөлөөлөөд зогссон, машинаас буугаад эргээд хартал зам дээр хүмүүс байсан бөгөөд машинаа хартал жолооч талын урд гэрэл хагарчихсан байсан. Би гүйгээд очтол “та мөргөчихлөө шүү дээ” гэж хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрнө.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 34 дугаартай, “...А.Эгийн биеэс авсан цусанд этилийн спирт илрээгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн  2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай, “...1.П.Д-н биед сээр нурууны 12-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, дух, баруун өвдөгт зулгаралт, дух, баруун болон зүүн өвдөгний зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. 5.Сээр нурууны нугаламын хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 6.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн автотээврийн төвийн техникийн хяналтын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаартай,

“...1.Автотээврийн хэрэгслийн өнгө үзэмж, техникийн ерөнхий байдал” стандартын шаардлага хангахгүй.

2.Уг тээврийн хэрэгслийн доорх гэмтлүүд осол гарах үед үүссэн гэмтлүүд болох нь тогтоогдсон,

-Спидометрийн заалт 111052 км

-Зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан

-Урд буфер /хамгаалалт/ зүүн талдаа хагарсан /засварлах/

-Зүүн талын подкрыло /дугуй суух хэсэг/ хагарсан

-Хөдөлгүүрийн доод хамгаалалт ханзарч унжсан.

3.Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ (стандарт 5мм бага) 9.6мм байгаа нь стандарт шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн дугуйн тоормосны хүч (стандарт 20.0%) бусад тэнхлэгийн дугуйнуудын хувьд (стандарт 30.0%) ихгүй. Тоног төхөөрөмжөөр тэнхлэг тус бүрийн хүчийг хэмжиж шалгахад урд тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 2.4кН, баруун талдаа 2.7кН, зөрүү 11% байгаа нь урд тэнхлэгийн тоормосны хүч стандарт шаардлага хангаж байна. Хойд тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 1.7кН, баруун талдаа 1.8кН, зөрүү 16%, мөн зогсоолын тоормосны хүч зүүн талдаа 1.6кН, баруун талдаа 1.5кН байгаа нь стандарт шаардлага хангаж байна. Цан үлээгүүр /кондейшн буюу паар/ хэвийн ажиллагаатай ажиллаж байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 104-109 дэх тал/,

иргэн Д.Д-н “Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт манай хоёр дүү машинд мөргүүлсэн байдалтай хүргэгдэн ирлээ” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5, 6-7 дахь тал/,

эрх бүхий албан тушаалтны Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 11, 12-14 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-20, 22-23 дахь тал/,

хэргийн газрын үзлэгээр хураан авсан 44-85ОРО дугаартай “Лексус RХ400” загварын тээврийн хэрэгслийн хуванцар хэсгүүдийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 24 дэх тал/,

“5-18 Осол” гэж бичсэн нэг ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 25 дахь тал/,

“BLACK B Micro SD HC 16 GB” гэсэн бичигтэй нэг ширхэг мемори картыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 26 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Д.Доржхандаас гаргаж өгсөн “Болорцэцэгийн эмчилгээнд гарсан зардлын баримт”-ын хуулбарууд /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

насанд хүрээгүй хохирогч П.Дэлгэржаргалын нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Т.Э-с гаргаж өгсөн “П.Д-н эмчилгээнд гарсан зардлын баримт”-ын хуулбарууд /хавтаст хэргийн 33-34, 36 дахь тал/,

шүүгдэгч А.Эгийн хохирол төлсөн баримт болох дансны хуулгууд /хавтаст хэргийн 37-40 дэх тал/,

А.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 160 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 147 дахь тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч А.Э-г гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18 дугаар байрны зүүн талд авто зам дээр 44-85ОРО улсын дугаартай “Лексус RХ400” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

3.4 дэх хэсгийн а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”,

10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”

16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчиж, гарцаар гарч явсан явган зорчигч П.Дэлгэржаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, насанд хүрээгүй хохирогч П.Дэлгэржаргалын “...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед...би машинд дайруулсны дараа ухаан балартсан бөгөөд эмнэлэг дээр ирж гайгүй болсон.” гэх,

иргэний нэхэмжлэгч Т.Э-н “...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Болорцэцэгийн эгч над руу ярьж охин Дэлгэржаргал, Болорцэцэг нарыг авто осолд орсныг хэлсэн. Манай охины нуруу хугарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан.” гэх,

иргэний нэхэмжлэгч Д.Д-н “...2021 оны 1 дүгээр сарын 08-ны орой барагцаагаар 20 цаг өнгөрч байх үед над руу дүү Болорцэцэгийн найз Анужин “Болорцэцэг, Дэлгэржаргал нар машинд мөргүүлчихлээ, одоо бид нар эмнэлэг дээр байна” гэж ярьсан.” гэх,

насанд хүрээгүй гэрч Б.Б-н “...Тухайн үед П.Дэлгэржаргал бид хоёрыг зам гарч амжаагүй байхад тэр машин хурдтай ирээд дайрчихсан, нэг мэдэхэд би зам дээр хэвтэж байсан, Дэлгэржаргал надаас нилээн зайтай хэвтэж байсан.” гэх,

насанд хүрээгүй гэрч И.А-н “...ард “пад” хийх чимээ гарч эргээд харахад Дэлгэржаргал үсрээд зам дээр унаж байсан. ...Болорцэцэг “тэр машин дайрчихлаа” гээд заасан...бид нарыг суулгаад эмнэлэг явсан, замдаа хэлэхдээ “эгчийнх нь машины цонх цантаад юм харагдсангүй” гэсэн.” гэх,

насанд хүрээгүй гэрч Г.Төгөлдөрийн “...Дэлгэржаргал, Болорцэцэг нарыг машин ирээд мөргөчихөөд шууд яваад уулзвар гарч замынхаа хойд хэсэгт зам дээр зогссон.” гэх,

насанд хүрээгүй гэрч Т.С-н “...юм дуугарах чимээ гарахаар нь хартал Дэлгэржаргал, Болорцэцэг нар зам дээр хэвтэж байсан.” гэх,

А.Э-гийн яллагдагчаар өгсөн “...“тас, няс” гэх чимээ гарсан, гайхаад замаа чөлөөлөөд зогссон, машинаас буугаад эргээд хартал зам дээр хүмүүс байсан бөгөөд машинаа хартал жолооч талын урд гэрэл хагарчихсан байсан. Би гүйгээд очтол “та мөргөчихлөө шүү дээ” гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн  2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай, “...1.П.Дэлгэржаргалын биед сээр нурууны 12-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, дух, баруун өвдөгт зулгаралт, дух, баруун болон зүүн өвдөгний зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

иргэн Д.Д-н “Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт манай хоёр дүү машинд мөргүүлсэн байдалтай хүргэгдэн ирлээ” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эрх бүхий албан тушаалтны Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 44-85ОРО дугаартай “Лексус RХ400” загварын тээврийн хэрэгслийн хуванцар хэсгүүдийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

иргэний нэхэмжлэгч Д.Доржханд, Т.Эрдэнэчимэг нараас гаргаж өгсөн насанд хүрээгүй П.Дэлгэржаргал, Б.Болоржаргал нарын эмчилгээ хийлгэсэн зардлын баримтуудын хуулбарууд, шүүгдэгч А.Эгийн хохирол төлснийг нотолсон баримт болох дансны хуулгууд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч А.Э-гийн үйлдэл “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.Э-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймээс шүүх шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч А.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун “...шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлыг төлж барагдуулсныг харгалзан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн өндөр насны тэтгэвэрт байдаг зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 15 /арван тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,

      1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

   Бусад асуудал;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч А.Э нь насанд хүрээгүй хохирогч П.Д-н биед сээр нурууны нугаламын хугарал бүхий гэмтэл учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд тэрээр эмнэлгийн тусламж авч гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан бусад зардал нь хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцогдоно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Доржхандаас Б.Болорцэцэгийн эмчилгээнд зарцуулсан зардлын баримтууд гэж нийт 190.000 төгрөгийн баримтуудыг гаргаж хавтаст хэргийн 28-29 дэх талуудад хавсаргуулсан, шүүгдэгч нь 345.000 төгрөг төлж барагдуулсан,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрдэнэчимэгээс П.Дэлгэржаргал 659.680 төгрөг эмчилгээнд зарцуулсан тухай баримтуудыг гаргаж хавтаст хэргийн 33-34, 36 дахь талуудад хавсаргуулсан, шүүгдэгч нь 673.000 төгрөг төлж барагдуулсан баримтууд хэрэгт авагдсан байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Доржханд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн,  

харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрдэнэчимэг өмнөх шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож “...тухайн осол хэрэг болох үед охин П.Д-н өмсөж явсан хувцас урагдсан тул хувцасны үнэ 400.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн боловч баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэж заасны дагуу хор уршгаа арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Эрдэнэчимэгт нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн “5-18 Осол” гэж бичсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,  

“BLACK B Micro SD HC 16 GB” гэсэн бичигтэй, 44-85ОРО дугаартай тээврийн хэрэгслийн хар хайрцагны меморри карт нэг ширхэгийг шүүгдэгчид буцаан олгож,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 44-85ОРО дугаартай “Лексус RХ400” загварын тээврийн хэрэгслийн хуванцар хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

          битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 15 /арван тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн “5-18 Осол” гэж бичсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, 

          “BLACK B Micro SD HC 16 GB” гэсэн бичигтэй, 44-85ОРО дугаартай тээврийн хэрэгслийн хар хайрцагны меморри карт нэг ширхэгийг шүүгдэгчид буцаан олгож,

          хэргийн газрын үзлэгээр хураан авсан 44-85ОРО дугаартай “Лексус RХ400” загварын тээврийн хэрэгслийн хуванцар хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ