| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0251/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/25 |
| Огноо | 2022-01-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/25
2022 01 14 2022/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мд холбогдох эрүүгийн 1925000720191 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт, Цын М,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Шын утас руу залган алдагдсан 2 тооны адууг чинь олсон гэж итгүүлэн, хуурч Г.Мийн 5019264548 тоот Хаан банкны дансыг ашиглан 180 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ц.Мын мэдүүлсэн: нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талуудын нотлох баримтуудаас,
-хохирогч Д.Шын мэдүүлсэн... 2018 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө бэлчээрт байсан адуунаас миний 2 тооны адуу алга болсон юм. Хэд хоног өөрсдөө хайж байгаад Булган аймаг дахь Цагдаагийн газарт бичиж тэмдэглүүлсэн... Би тухайн үед фэйсбүүк дээр алдагдсан 2 тооны адууныхаа талаар зарлал тавьсан юм. Тэгтэл 2019 оны 01 сарын 22-ны өдөр өөрийгөө Мөнхтэс гэж танилцуулсан залуу миний алдагдсан адууг олсон, Төв аймгийн Залуучуудын САА-д байна, энд танай 2 адуу гүйж явахаар нь барьж авсан, 180.000 төгрөгийг шилжүүлчих, эндээс машинд ачаад гарлаа гээд Хаан банкны 5019264548 дугаарын данс явуулахаар нь би 180.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа одоо гарч байна, өглөө тосч аваарай гэж хэлээд утсаа салгаад алга болсон....” гэх мэдүүлэг /хх-н 10-р тал/
-гэрч Г.Мийн мэдүүлсэн... Би Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-ын товчооны зам дагуу Сансар дэлгүүрийн урд талд нүүрс зардаг ба 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үл таних эрэгтэй хүн өөрийн чинь данс руу мөнгө хийгээд авья гэнэ гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэтэл нүүрс авах гэж байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд тэр үед үл таних эрэгтэй хүн миний дансруу мөнгө хийгээгүй юм. Тэр өдрөө буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр надруу цагдаагаас залгаад /гэхдээ би аль цагдаагийн газрын хэн гэдэг хүн гэдгийг нь мэдэхгүй байна/ таны дансруу мөнгө хийнэ гэж ярьсан уу гэхэд би өдөр нэг хүн ярьсан гэж хэллтэл “тэр хүн хүний дансаар мөнгө залилж авдаг хүн байгаа юм, та болгоомжтой байгаарай таны дансанд мөнгө орж ирвэл та битгий өгөөрэй" гэж хэлсэн. Тэгтэл оройн 23 цагийн үед миний данс руу 180,000 төгрөг орж ирсэн. Тэгээд маргааш нь нөгөө 180,000 төгрөг хийлгэсэн үл таних эрэгтэй хүн ирээд мөнгөө авья гэхээр нь би нөхөр ирээгүй байна ирэхээр нь мөнгө авч өгье гэж хэлээд над руу залгасан цагдаад хэлээд өдрийн 11 цагийн үед хоёр цагдаа ирээд мөнгө хийлгэсэн хүнийг барьж авч яваад дансаар орж ирсэн 180,000 тухайн үл таних эрэгтэй хүнд өгөөд явуулсан.... ”гэх мэдүүлэг /хх-н 14-р тал/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан...гэрч Г.Мийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгт”.... 2019 оны 1-р сарын 23-ны өдөр миний дансанд 180,000 төгрөг орж ирсэн. Тухайн үл таних эрэгтэй хүн ойролцойгоор 27 насны, бор царайтай улаан өнгийн цамцтай, эрэгтэй хүн байсан...” гэх тэмдэглэл гэрэл зургийн хамт /хх-ийн 23-24-р тал/
-Хатанбаатар Манлайбаатарын эзэмшлийн 5090295615 тоот ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26-р тал/
-гэрч Г.Мийн эзэмшлийн 5019264548 тоот ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-47-р тал/
-шүүгдэгч Ц.М /ЗВ95020317/-ын 80126117 дугаарын 2019/01/15-ны өдрөөс 2019/01/25-ны өдрийн хооронд орсон гарсан ярианы дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хх-ийн 50-р тал/
-Шүүгдэгч Ц.Мын яллагдагчаар мэдүүлсэн ... 2019 оны 01 дүгээр сард фэйсбүүк үзэж байсан чинь “...адуу алдсан. Олсон, үзэж харсан хүн байвал шагналтай...” гэсэн зар мэдээ явж байсан. Тэгэхээр нь зар тавьсан гар утас руу залгаад таны алдсан 2 адууг олсон. Таны алдсан 2 адууг гүйгээд явж байхаар нь Төв аймгийн залуучуудын сангийн аж ахуйд бариад авсан байна. Та надад шатахууны мөнгө өгөх юм бол би ачаад урдаас нь хүргээд өгье гэж ярьсан. Тэгэсэн
чинь адуугаа алдсан хүн тэг гээд надад 180,000 төгрөг өгөхөөр болсон. Тэгэхээр нь ТҮЦ ажилуулдаг хүн дээр очоод та дансаа өгч байгаач, хөдөөнөөс адуу мал хайж яваа юм. Түлшний мөнгө авах гэсэн чинь дансгүй болчхоод байна. Виза картаа ашиглуулаач гэсэн чинь ТҮЦ-ний хүн тэг, тэг гэсэн. Тэгэхээр нь нөгөө адууны эзэн рүү ТҮЦ- ний хүний дансыг шилжүүлээд 180 000 төгрөг авахаар болсон. Тэгээд мөнгөө авах гэж байхад Төв аймгийн цагдаа нар намайг бариад аваад явсан. ТҮЦ-ний хүн надад 180 000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-р тал/
-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-108-р тал/
Эд зүйл баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай... “яллагдагч Ц.Маас хохирлын 180,000 төгрөгийг хүлээн авч, хохирогч Д.Шт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 109-р тал/ зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр фэйсбүүк дээр тавьсан “...адуу алдсан, олсон, үзэж харсан хүн байвал шагналтай...” гэсэн зар мэдээний дагуу иргэн Д.Шын утас руу залган алдагдсан 2 тооны адууг чинь олсон гэж худал хэлж итгүүлэн Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-н товчооны зам дагуу Сансар дэлгүүрийн урд талд нүүрс зардаг гэх Г.Мэд “өөрийн чинь данс руу мөнгө хийгээд авья, нүүрс авах гэж байгаа юм” гэж хэлэн түүний 5019264548 тоот Хаан банкны дансаар 180,000 төгрөгийг шилжүүлэн авсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр фэйсбүүк дээр “...адуу алдсан, олсон, үзэж харсан хүн байвал шагналтай...” гэсэн зар мэдээний дагуу иргэн Д.Шын утас руу залган алдагдсан 2 тооны адууг чинь олсон гэж итгүүлэн, хуурч Г.М гэх хүний 5019264548 тоот Хаан банкны дансаар 180 000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Д.Шт 180,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой нөхцөл байдал нь хохирогч Д.Шын мэдүүлсэн ...Мөнхтэс гэж танилцуулсан залуу миний алдагдсан адууг олсон, Төв аймгийн Залуучуудын САА-д байна, энд танай 2 адуу гүйж явахаар нь барьж авсан, 180,000 төгрөгийг шилжүүлчих, эндээс машинд ачаад гарлаа гээд Хаан банкны 5019264548 дугаарын данс явуулахаар нь би 180.000 төгрөгийг шилжүүлсэн....” гэх мэдүүлэг, гэрч Г.Мийн мэдүүлсэн ... 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үл таних эрэгтэй хүн өөрийн чинь дансруу мөнгө хийгээд авья гэнэ гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэтэл нүүрс авах гэж байгаа юм гэж надад хэлсэн. Тэгтэл оройн 23 цагийн үед миний данс руу 180,000 төгрөг орж ирсэн...гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн хамт, Хатанбаатар Манлайбаатарын эзэмшлийн 5090295615 тоот ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Г.Мийн эзэмшлийн 5019264548 тоот ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтад хэргийн оролцогчийн эрхийг хассан хязгаарласан байдал тогтоогдоогүй, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Мын энэ үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрийн үйлдэл бөгөөд үйлдэл хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байдал ийнхүү нотлогдсон тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориглосон хууль бус аргаар бусдын эд хөрөнгийг залилж авсан гэм буруутай байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Шын утас руу залган алдагдсан 2 тооны адууг чинь олсон гэж итгүүлэн, хуурч Г.Мийн 5019264548 тоот Хаан банкны дансыг ашиглан 180 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч Д.Ш, гэрч Г.М нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Мын үйлдсэн хэргийн зүйлчлэл нь тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй гэж тус тус дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар талууд мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт “ Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Ц.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд, шүүгдэгчийн хууль бус аргаар амьдрах хүсэл, бусдыг хүндэтгэх, хайрлан энэрэх зан төлөвшөөгүй, аминч үзэл сэдэлт түлхэц болсон гэж дүгнэх үндэслэлтэй. Шүүгдэгч урьд ял шийтгүүлэхдээ хэрэг үйлдсэн аргаараа мөн энэ удаа үйлдсэн байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор заалаа.
Хохирогч Д.Шт учирсан хохирол болох 180,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай баримт хх-ийн 109-р хуудаст авагдсан бөгөөд хохирогч Д.Ш нь шүүх хуралдаанд оролцохгүй, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Цын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцож нийт эдлэх ялыг 280 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ