Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

 

  2022       01         25                                        2022/ШЦТ/33

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Е

Улсын яллагч Г.Э

     Хохирогч Г.Э

Хохирогчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О /цахим/

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг байнга үйлдэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 2125002390310 дугаартай хэргийг тус шүүхийн  107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-11-74 тоотод эхнэр Г.Эгаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай
учруулсан, мөн эхнэр болон 12 настай хүү Б.Ттэй харгис хэрцгий харьцаж, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн
гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч Г.Бийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Эхнэр хүүхдээсээ уучлалт гуйж хамт амьдарч байгаа. Архи ууснаас болж эхнэр хүүхэддээ гар хүрч гомдоосондоо маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэж амласан гэх мэдүүлэг,

 -хохирогч Г.Эгийн мэдүүлсэн: Одоо бид хамт амьдарч байна. Удаан бодож байж энэ шийдвэрийг гаргасан. Б гэмээ ухаарч бидэнд амлалт өгсөн байгаа. Хичээж байгаа. Хүүхдүүддээ бол их сайн аав юм. Хэргийг нь хэрэгсэхгүй болгоно уу гэх мэдүүлэг,

- хавтаст хэрэгт авагдсан:     

       -Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 7-9-р тал

        -хохирогч Г.Эгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2021 оны 07 дугаар 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагт гэр буюу Бүрэнбүст баг 5-11-74 тоотод 2 хүүхдийнхээ хамтаар унтаж байх үед гаднаас манай нөхөр Г.Б архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай орж ирээд намайг сэрээгээд ямарч үндэслэлгүйгээр хардаж, элдэв янзын үгсээр доромжилж эхэлсэн хардах шалтгаан нь уг амралтын газарт гэр бүлээрээ амарч байсан Бийн зүс таних эрэгтэйдээ хардаад чи тэр эрэгтэй хүнтэй мэндэлж, дуугарсан, чи дэлгүүр орно гэх нэрээр тэр залуутайгаа уулзсан биз дээ гэж хэлээд миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохисон, хоёр гарыг мушгаад хугална, чамайг ална гээд дээрээс дарж хэвтээд хоолойг боож, ам руу 2 гараа хийгээд хоёр тийш татсан, эрүүний доод хэсэг рүү хоёр гараараа шахаж боосон, гэдэс рүү өшиглөсөн, 2 хөл рүү өшиглөсөн, гишгэсэн, зүүн хөхийг базаж мушгисан, би арай гэж Бийн доороос гарч иртэл миний охин уйлсан тэр үед би охиноо очоод тэвэртэл над дээр Б ирээд чамайг ална гэж хэлэн намайг ор руу түлхэж миний хоолойг боосон. Тухайн үед би 4 настай охиноо тэвэрсэн байсан юм тэгсэн ч намайг хананд шахаж хоолойг боосон миний охин тэр үед уйлсаар л байсан. Тэгээд би охиноо газарт буулгаад ахых нь өрөө рүү явуулж байх үедээ би өөрийн утасныхаа гесогд-ийг асаагаад том өрөөний стек дээр тавьсан. Б нь миний хоолойг боохоо болиод миний 2 хүүхдийн өрөө рүү үсдэж чирж оруулаад дахин миний толгой руу цохиж, хөл рүү өшиглөсөн. Тэр үедээ Б нь хүү Тийг сэрээгээд чи одоо ээжийнхээ бузар булайг мэдэж ав гэж хэлсэн тэр үед миний хүү Т нь Бээс намайг салгаж авах гэсэн чинь хүүгийнхээ толгой руу Б цохиж газар унагаасан. Б нь хүү Тийгээ ор руугаа суу гэж хэлээд суулгаад чи одоо эхийнхээ явдлыг мэдэж авах хэрэгтэй, чи ийм юмыг багаасаа мэдэх ёстой гэж хэлсэн тэр үед бага охин орон дээр хэвтэж байсан. Б нь Тд хандаж чиний дүүг эх чинь яаж олж авсан талаар би чамд хэлнэ, чи дүүгийнхээ үннийг мэдэж ав гэж хэлэнгүүтээ чиний эх чинь гадуур явалдаж байгаад чиний дүүг олсон гэж хэлсэн. Тэр үед Б хэсэг доошоо харж суусан юм тэр үед би унтлагын өрөөнөөс гэрийн хувцасаа аваад үүд рүү гүйтэл Б нь араас гүйж ирээд чи хайчих гээд байгаа юм гэж хэлээд хүүхдүүдийн өрөө рүү оруулаад дахин зодсон. Б нь хүүхдүүдийнхээ хажууд танай ээж чинь хүний ор дэвсгэр, яанхан, гичий, банзал гэх мэтийн үгсээр намайг доромжилсон. Б нь 01 цагаас 04 цагийн хооронд намайг зодож, хэл амаар доромжилж хүүхдүүддээ хэлэх хэлэхгүй үгсийг хэлж байгаад 03 цаг 55 минутын үед унтлагын өрөөндөө ороод унтсан. Би 2 хүүхдийнхээ хамтаар айж, уйлсаар байгаад 05 цагийн үед гэрээсээ ганцаараа аавынхаа гэр рүү ороод аав Гантулгад бүх нарийн учраа хэлсэн...гэх мэдүүлэг /хх-н 17-19-р тал/

-Нас тоолсон тухай: /ФД09320712/ регистрийн дугаартай Эрчим ургийн Бийн Т нь 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн байх ба 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 12 нас 7 сар 19 хоногтой байсан байна гэх тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагааны хамт /хх-ийн 12-13-р тал/

-гэрч Г.Гн мэдүүлсэн...  2021 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн үүрээр байхаа цагийг нь сайн санахгүй байна. Манай үүдийг хүн нүдээд байхаар нь очоод онгойлготол манай охин Э нь маск зүүсэн урвагар гэрт орж ирэхээр нь би яасан юу болсон гэж асуутал надтай хэсэг юм ярихгүй дуугай суугаад байсан юм. Тэгэхээр нь би Б та хоёр маргалдаа юу гэж асуутал Б нь орой гарч яваад архи ууж ирчихээд агсан тавьж, намайг зодоод гэж хэлсэн. Миний охин эрүү нь шалбарсан, хоолойг нь боосон шинжтэй 2 гарын бугалга хэсэг нь хөхөрч хавдсан байсан. Б нь миний охин Эгийн толгой тархи руу цохисон юм шиг  байна лээ. Толгой нь өвдөөд байна гэхээр нь миний охин тайвшраад амар гэж хэлсэн .. ” гэх мэдүүлэг /хх-н 21-р тал/,

-насанд хүрээгүй гэрч Б.Тий мэдүүлсэн…2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр аав Б, ээж Э, дүү Энхжин нарын хамтаар амралтын газар очиж 1 хоног амарсан. Амралт дээр байж байх үед аав Б нь ээж Эг амралт дээр байсан эрэгтэй хүнтэй хардаад уурлаж, нэг сонин сонин үйлдэл гаргаад байсан... Орой 21 байна уу 22 цагийн үед аав Б нь согтуу гаднаас орж ирээд том өрөөндөө унтах гэж байх шиг байснаа ээж Эгийн өрөө рүү ороод хаалгаа хааж байгаад хэрүүл хийгээд байсан ойролцоогоор өрөөнд 30 гаран минут болсон байхаа. Удалгүй унтлагын өрөөнөөс аав Б, ээж Э нар гарч ирсэн. Миний харснаар бол аав Б нь ээж Эгийн 2 гарыг нь барьж байгаад толгой руу нь гараараа цохиод байх шиг байсан. Ээж Э нь дүү бид 2-ыг унт гэж хэлэхээр нь би өөрийнхөө өрөө рүү дүүгээ дагуулаад орсон. Ээж Эг, аав Б нь дахиад толгой руу нь цохиод байсан. Тэгээд ээж орилоод байх үед би өрөөнөөсөө гараад ээжийг аврах гээд очтол миний толгой руу аав Б нь гараараа цохисон. Аав Б нь намайг цохичихоод надаас уучлалт гуйсан. Би өрөө рүүгээ ороод унтаж байсан чинь ээж Э нь орж ирээд хаалгаа хаасан байсан чинь аав Б гаднаас орж ирээд дүү бид хоёрыг өөр хүний хүүхэд гэж хэлээд мөн хараалын үг хэлэн хэл амаар доромжилсон. Тэгээд манай өрөөнд аав, ээж хоёр 20 гаран минут юм яриад, хэрэлдээд, ээжийн толгой руу гараараа цохиод, хоолойг нь боосон. Тэгээд аав Б тасраад шөнийн 01 цаг өнгөрч байх үед унтсан. Би унтахдаа цагаа харсан чинь 02 цаг болж байсан юм. Аав Б нь ер бол ээж Эг хардаж сардаа 1 удаа зоддог. Зодох үедээ ихэвчлэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож, хэл амаар доромжилдог. Аав Б нь эрүүл үедээ 2-оос 3 удаа цохиж зодсон. Манай дүү Энхжин нь ханиад хүрсэн байсан юм тэр үед манай аав Б нь ээж Эг дүүгийн эмийг өгсөнгүй гэж толгой руу нь цохиж байсан.   2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэгтээ: Би өөрийнхөө эцэг Б, ээж Э нарын талаар мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол санал, хүсэлт байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 138-р тал/,

-Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 447 дугаартай шинжээчийн ...Г.Эгийн биед тархи доргилт, зүүн эгэмний дээд хэсэг, баруун гарын бугалга, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Тархины доргилт, зүүн эгэмний дээд хэсэг, баруун гарын бугалга, хоёр хөлийн шилбэнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ... гэсэн дүгнэлт, гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 34-39-р тал/,

- хохирогч Г.Эгаас гаргасан утасны яриаг хатуу дискэнд буулгасан мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-43-р тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 44-р тал/

Шинжээч Ч.Бн мэдүүлсэн ...Эгийн биед үзлэг хийхэд зүүн эгэмний дээд хэсэгт  3.2*2.3 см, зүүн шуунд 3.0*2.1см, 1.8*2.2 см баруун гарын бугалганд , ард дунд хэсэгт  3.4*2.0 см, баруун хөлийн шилбэний урд дунд хэсэгт 7.0*5.1 см хэмжээтэй хүрэн нгоон өнгийн цусан хуралдаатай байсан. Зүүн хөхөн дээр хөхрөлт байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/

-Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 527 дугаартай шинжээчийн ...Б.Тий биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /хх-ийн 59-60-р тал /

-Шүүгдэгч Г.Бийн сэжигтэн болон яллагдагчаар мэдүүлсэн: .2021 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн үед би гаднаас архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийн гэр болох 5-11-74 тоотод очсон. Гэртээ ороод өөрийн эхнэр Этай хэрэлдэж, маргалдан түүнд гар хүрч зодсон. Би яг ямар шалтгааны улмаас зодож, хэрэлдсэн талаар санахгүй байна. архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан.Өөрийн үйлддлээ хүлээн зөшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 67-р тал/

-Бүрэнбүст багийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 92-93-р тал/

-Хохирогч Г.Э, Б.Т нарт сэтгэлзүйн зөвлөгөө өгч уулзаж ярилцсан уулзалт ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 94-95-98-р тал/

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 139-141-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

Үйл баримт: Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнийн 01-04 цагийн хооронд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-11-74 тоотод гэртээ эхнэр Г.Эг шалтгаангүйгээр хардан маргалдаж насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ дэргэд зохисгүй бүдүүлэг үгээр доромжлон толгой руу нь цохиж, хоёр гарыг нь мушгиж хугална, чамайг ална гэж дээрээс дарж хэвтэж хоолойг нь боож, ам руу 2 гараа хийж хоёр тийш татах, эрүүний доод хэсэг рүү хоёр гараараа шахаж боох, гэдэс рүү өшиглөх, хөл рүү нь өшиглөж гишгэх, хөхийг базаж мушгих зэргээр олон цагаар үргэлжлүүлэн зодож биед нь тархи доргилт, зүүн эгэмний дээд хэсэг, баруун гарын бугалга, хоёр хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан байна. Мөн насанд хүрээгүй хүү Б.Тий толгой руу гараараа цохиж,”өөр хүний хүүхэд” гэж хараалын үг хэлж доромжилсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Г.Эг зодсоны улмаас биед нь хөнгөн гэмтэл хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой нөхцөл байдал нь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 447 дугаартай шинжээчийн ...Г.Эгийн биед тархи доргилт, зүүн эгэмний дээд хэсэг, баруун гарын бугалга, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Тархины доргилт, зүүн эгэмний дээд хэсэг, баруун гарын бугалга, хоёр хөлийн шилбэнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.гэх дүгнэлт, хохирогч Г.Эгийн мэдүүлсэн .... чи дэлгүүр орно гэх нэрээр тэр залуутайгаа уулзсан биз дээ гэж хэлээд миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохисон, хоёр гарыг мушгаад хугална, чамайг ална гээд дээрээс дарж хэвтээд хоолойг боож, ам руу 2 гараа хийгээд хоёр тийш татсан, эрүүний доод хэсэг рүү хоёр гараараа шахаж боосон, гэдэс рүү өшиглөсөн, 2 хөл рүү өшиглөсөн, гишгэсэн, зүүн хөхийг базаж мушгисан, би арай гэж Бийн доороос гарч иртэл миний охин уйлсан тэр үед би охиноо очоод тэвэртэл над дээр Б ирээд чамайг ална гэж хэлэн намайг ор руу түлхэж миний хоолойг боосон....” гэх мэдүүлэг, гэрч Г.Гантулгын мэдүүлсэн... Тэгэхээр нь би Б та хоёр маргалдаа юу гэж асуутал Б нь орой гарч яваад архи ууж ирчихээд агсан тавьж, намайг зодоод гэж хэлсэн. Миний охин эрүү нь шалбарсан, хоолойг нь боосон шинжтэй 2 гарын бугалга хэсэг нь хөхөрч хавдсан байсан. Б нь миний охин Эгийн толгой тархи руу цохисон юм шиг  байна лээ...“ гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Тий мэдүүлсэн... Миний харснаар бол аав Б нь ээж Эгийн 2 гарыг нь барьж байгаад толгой руу нь гараараа цохиод байх шиг байсан. Ээж Э нь дүү бид 2-ыг унт гэж хэлэхээр нь би өөрийнхөө өрөө рүү дүүгээ дагуулаад орсон. Ээж Эг, аав Б нь дахиад толгой руу нь цохиод байсан, тэгээд ээж орилоод байх үед би өрөөнөөсөө гараад ээжийг аврах гээд очтол миний толгой руу аав Б нь гараараа цохисон. Аав Б нь намайг цохичихоод надаас уучлалт гуйсан. Би өрөө рүүгээ ороод унтаж байсан чинь ээж Э нь орж ирээд хаалгаа хаасан байсан чинь аав Б гаднаас орж ирээд дүү бид хоёрыг өөр хүний хүүхэд гэж хэлээд мөн хараалын үг хэлэн, хэл амаар доромжилсон. Тэгээд манай өрөөнд аав, ээж хоёр 20 гаран минут юм яриад, хэрэлдээд, ээжийн толгой руу гараараа цохиод, хоолойг нь боосон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Шүүгдэгч  Г.Б нь насанд хүрээгүй хүү Б.Тийг  2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө зодож, доромжилсон болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, хохирогч Г.Эгийн мэдүүлгээр тогтоогдсон боловч гэмтэл учраагүй, мөн “байнга” зодсон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүүхдийг байнга зодох хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар  нотлогдохгүй байх тул  шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь эхнэр Г.Эг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтад хэргийн оролцогчийн эрхийг хассан хязгаарласан байдал тогтоогдоогүй, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Бийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Б нь гэрийн бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Эгийн биед халдсан үйлдлийн шинж, үйл баримт болох үеийн нөхцөл байдал Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-11-74 тоотод эхнэр Г.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн эхнэр болон 12 настай хүү Б.Ттэй харгис хэрцгий харьцаж, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч Г.Э, гэрч Г.Гантулга, насанд хүрээгүй гэрч Б.Т нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл, багийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар батлагдаж тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О:шүүгдэгч эхнэрээ зодож хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа гэм буруугийн талаар маргахгүй. Харин хүү Б.Тийг байнга зодсон нь нотлогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдснийг хэрэгсэхгүй болгоно уу гэж,

-хохирогчийн өмгөөлөгч Д.Э: Шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зодож хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай. Хүүхдийн талаар мэтгэлцэх зүйлгүй гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт “ Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд, гэр бүлийн доторхи итгэлцэл, хүндэтгэл, үнэ цэнийн төлөвшил тогтоогүйн зэрэгцээ, шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийн аминчхан үзлээр асуудалд хандсан, бусдыг үл тоомсорлосон сэтгэхүйн хандлага түлхэц болжээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.

        Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал,үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Хохирогч Г.Э нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй байна.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Эрчим овогт Г-н Бт холбогдуулан Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Э овогт Г-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн билэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ