Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч М.Чинбат

шүүгдэгч Л.Сүхтулга, түүний өмгөөлөгч Л.Амартогос

иргэдийн төлөөлөгч С.Баярмаа

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020854 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 2-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эх, дүү, хойд эцгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсгийн гудамж, 2-59 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, Сонсголонгийн 2-107 тоотод эхнэр, 1 нас 07 сартай хүүхдийн хамт амьдарч байгаа гэх, ял шийтгэлгүй, УК93022013 дугаарын регистртэй, Баатар ван овогт Лхагвасүрэнгийн Сүхтулга

 

Шүүгдэгч Л.Сүхтулга 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22 А байрны орчим хохирогч Т.Өнөржаргалын хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, түүний Samsung Galaxy S5 Duos загварын гар утсыг дээрэмдсэн,

давтан үйлдлээр буюу 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхарт хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч С.Бямбасүрэнгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, түүний I рhone-4 загварын гар утас болон гоо сайхны хэрэгсэл бүхий цүнхийг нь дээрэмдсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Шүүгдэгч Л.Сүхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр санагдаж байна, Баянзүрх дүүргийн 22 А гэх байрны орон сууцны үүдэнд хүүхдийн тоглоомын талбайд нэг эмэгтэй хүн сууж байсан. Би очоод араас нь зүүн гараараа зүүн мөр хэсгээс нь татсан чинь тэр эмэгтэй арагшаагаа газар уначихсан. Харин би түүний хоолойг боогоогүй. Гэтэл тэр эмэгтэй туслаарай гээд орилоход орон сууцны 5 давхраас нэг эрэгтэй хүн хөөе болиоч гэж хэлэхээр нь би хохирогчийн гар утсыг аваад зугтаасан. Хохирогчийн гар утсыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би хохирогч Өнөржаргалын гар утсыг 170.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Ломбард тухайн эд зүйлийн үндсэн үнийн 70 хувиар бодож барьцаалдаг юм билээ.

Хоёр дахь хэргийн хувьд би Баянгол дүүрэгт явж байгаад нэг эмэгтэйг байрныхаа орц руу ороход дагаж ороод цахилгаан шатаар өгсөж 5 давхарт буугаад, нөгөө эмэгтэйг 6 давхарт буухад урдаас нь гарч ирсэн. Тэгэхдээ би гартаа хутгатай байснаас биш түүн рүү хутгаа шууд тулгаагүй. Гэтэл нөгөө эмэгтэй намайг битгий алаарай гэж хэлсэн. Би хутгаараа айлгаад, гар утсаа өг гэж хэлтэл надад цүнхээ өгөхдөө хүүхэддээ авсан тоглоомоо цүнхэн дотроос нь авчихъя гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод миний сэтгэл эвгүйрхээд, гэхдээ өөрийн мэдэлгүй цүнхийг нь авчихаад шууд гарч гүйсэн. Хүүхдийнхээ тоглоомыг авчихъя гэдэг үг одоо хүртэл миний санаанаас гарахгүй байгаа. Энэ дээрмийг хийсний дараа 3 сарын 17-нд над руу цагдаагаас яриад та ирж нэг хэргийн гэрчийн мэдүүлэг өгмөөр байна гэхэд нь би миний үйлдсэн хэрэг илэрчээ гэдгийг ойлгосон. Тухайн үед би хүүхдээ харж байсан болохоор тэр тухайгаа мөрдөн байцаагчид тайлбарлаж хэлээд нэг дэх өдөр нь мөрдөн байцаах газарт очиж өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, ярьсан. Ингэж мэдүүлэг өгөхдөө өмнө үйлдсэн Баянзүрх дэх дээрмийн хэргээ хэлсэн юм.

Би үйлдсэн хэргүүддээ маш их гэмшиж, яах гэж ийм зүйл хийв дээ гэж бас харамсаж байна. Харин хохирогч Өнөржаргалын гар утасны үнэлгээ хэт өндөр байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүгдэгч Л.Сүхтулгын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 46/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/, захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 10, 71/, хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 38/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 42/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-н 43/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 44/,

гэрч Мэндбаярын Бямбасүрэнгийн ... Сүхтулгыг би танина. Бид хоёр одоогоос 5 жилийн өмнөөс эхэлж найзалсан. Анх манай найз Мөнхбаярын найз байгаад түүнээр дамжуулан найзалж нөхөрлөж ирсэн. Сүхтулгын хувийн байдлын хувьд аливаа юманд тууштай, өвдөж, зовсон үед хамгийн түрүүнд ирдэг. Бусадтай харьцахдаа эелдэг даруу зантай, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, цэвэрч нямбай, архи уудаг эсэхийг мэдэхгүй. Харин тамхи хэрэглээд байдгийг мэднэ. Бид хоёр ялангуяа сүүлийн нэг жил нилээд дотно найзууд болцгоосон. Ингэж найзалж байх хугацаанд Сүхтулга ямар нэгэн асуудалд орж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна гэж сонсогдоогүй. Сүхтулга одоо эхнэр хүүхэдтэйгээ хадмуудтайгаа амьдардаг гэж хэлж байсан. Гэхдээ гэр нь Хужирбуланд байдаг, ээж нь хойд аавтай нь, мөн тэр хоёрын дундаас гарсан дүүтэй нь байдаг гэж надад ярьж байсан /хх-н 19/ гэсэн мэдүүлэг,

гэрч Ууганбаярын Энхболорын ... Сүхтулга бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаагүй ч гэсэн хамт амьдардаг. Бид хоёрын дундаас нэг хүүхэд гарсан болохоор Сүхтулга миний гэр бүлийн хүн гэж ойлгож болно. Хүнийхээ хувьд төлөв даруу, хүнтэй харьцахдаа энгийн даруухан. Муу тал гэхээр түргэн л ууралчих гээд байдаг. Бусдаар бол гайгүй, хүнд их тусархуу зантай. Бид хоёр 2015 оны 5 дугаар сарын дундуур танилцсан ба би жирэмсэн болоод өнгөрсөн 1 дүгээр сард төрсөн. Энэ хугацаанд Сүхтулга ямар нэгэн асуудалд холбогдон цагдаагийн байгууллагад шалгагсан удаа байхгүй /хх-н 15-16/ гэсэн мэдүүлэг,

гэрч Доржготовын Энхтуулын ... би Сүхтулгын төрүүлсэн эх нь байгаа юм. Миний хүү Сүхтулга 1993 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатарт төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлсэн. Өөрийнх нь эцэг Лхагвасүрэн гэж хүн 2007 онд нас барсан. Тэгээд би одоо Сүхтулгын хойд эцэг Амартай амьдарч байгаа. Сүхтулга одоо хүртэл тусдаа гараагүй бид нартай хамт амьдардаг. 2000-2009 онд Баянзүрх дүүргийн арван жилийн 14 дүгээр сургуульд элсэн орж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Дараа нь 2010 онд ажилчин залуучуудын ээлжийн сургуульд элсэн орж 11 дүгээр ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш ямар нэгэн тогтвор суурьшилтай ажил хийгээгүй л өдийг хүргэж байна. Харин Сүхтулга зан аашийн хувьд муу зан ааш байхгүй, бусадтай эелдэг даруу харьцаатай, найз нөхөд олонтой, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй л хүүхэд. Багадаа РС тоглоом их тоглодог байсан. Түүнээс ямар нэгэн муу зуршил гээд байх зүйлгүй. Сүхтулга урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй /хх-н 17-18/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Сүхтулга 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22 А байрны орчим хохирогч Т.Өнөржаргалын хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, түүний Samsung Galaxy S5 Duos загварын гар утсыг дээрэмдсэн,

давтан үйлдлээр буюу 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхарт хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч С.Бямбасүрэнгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, түүний I рhone-4 загварын гар утас болон гоо сайхны хэрэгсэл бүхий цүнхийг нь дээрэмдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Туулын Өнөржаргалын ... би 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ажил дээрээ байж байгаад ажлаа тарчихаад оройн 20:00 цагийн үед Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 А байрны хажуудах зам дагуух хүүхдийн саадан дээр очоод гутлаа янзлаад боссон чинь гэнэт хойноос нэг хүн хүзүүгээр боомилоод авсан ба намайг боомилж байхдаа миний энгэр болон шубны халааснуудыг ухаад байсан. Ингээд би хүзүүгээ боомилуулж байхдаа амьсгаа авч чадахгүй, мөн хашхирч чадаагүй. Тухайн залуугийн гар нь арай сулраад би эргэж хартал нилээд бага насны, туранхайдуу ороолтоороо нүүрээ таглачихсан залуу байсан. Би тэр залуугийн царайг нь харчихаад үг хэлж чадахгүй хөөш чи гэтэл тухайн залуу намайг гайхаж харчихаад миний шубны баруун талын халаасанд байсан Samsung galaxy S5 Duos маркийн шаргал өнгөтэй гар утсыг маань аваад зугтаагаад алга болсон. Тэр залуу намайг цохьсон зүйлгүй. Харин хоолой маань нэг хэсэг хөндүүр оргисон. Би алдсан гар утсаа 2015 онд Тэди төвөөс 1.170.000 төгрөгөөр авч байсан. Гомдолтой, алдагдсан гар утсаа олж авмаар байна.

Хохирлоо барагдуулж аваагүй байгаа, хохирлоо барагдуулж авмаар байна. Тэр үед намайг дээрэмдүүлж байхад харсан хүн байхгүй. Намайг цохиж зодсон зүйлгүй, араас л хоолой боогоод байсан /хх-н 61-62, 83/ гэсэн,

гэрч Эрдэнэцогтын Амартүвшингийн ... би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний хажуу талын KING нэртэй ломбардны газрыг ажиллуулдаг. Энэ газрыг ажиллууллаад 4 дэх жилдээ орж байна. Манай ломбардад Лхагвасүрэн овогтой Сүхтулга нэрээр 2016 оны 2 дугаар сарын 1-ний орой 21 цаг 51 минутанд Samsung galaxy S5 маркийн гар утас тавиад 180.000 төгрөг авсан. Ингээд энэ гар утсаа хоёр хоногийн дараа ирж 194.400 төгрөг төлөөд авсан. Өөр ямар нэгэн эд зүйл тавьсан бүртгэл байхгүй. Тухайн үед буцаагаад авсан талаарх баримтын нэг хувийг Сүхтулгад өгсөн /хх-н 21/ гэсэн,

хохирогч Сосорбарамын Бямбасүрэнгийн … би 2016 оны 3 дугаар сарын 7-ны орой 21 цаг 20 минутын орчим шиг санагдаж байна, ажлын газраасаа таксинд суугаад Дүүхээ төвийн Оргил худалдааны төвийн гэрлэн дохионы хажуугийн зам дээр буугаад урд талд нь байрлалтай 15 дугаар байр руу буюу гэр рүүгээ алхсан. Орц руугаа лифтэнд суухад нэг залуу араас орж ирээд хамт суусан. Тэр дунд зэргийн нуруутай, цайвар шаргал цартайтай, бэлтгэлийн цүнх үүрчихсэн, даавуун унждаг малгай өмссөн байсан. Би 6 дугаар давхар дээр дарсан, харин тэр залуу 5 давхарт бууж үлдсэн. Намайг 6 давхарт буухад урдаас гараад ирээд над руу хутга тулгаж цүнх, утсаа өг гэхээр нь би айсандаа цүнхээ тэр чигээр нь өгсөн. Мөн өмсөж явсан куртикний халаасанд байсанд цагаан өнгийн I Phone 4 маркийн гар утсаа өгч явуулсан. Тэр залуу миний цүнх, гар утас хоёрыг аваад доошоо шатаар буугаад яваад өгсөн. Би гэр рүүгээ ороод цагдаад хандсан. Намайг зодож, цохиж, хутгаараа зүссэн зүйл байхгүй, шууд л зугтаасан. Намайг таксинаас буухад л дагаад байх шиг байсан. Гэрийнхээ гадаа ирээд дэлгүүрийн тэнд явж байгаад арагшаагаа харахад тэр залуу явж байсан. Манай орцны хаалга чипээр онгойдог ба намайг онгойлгоод ороод иртэл араас хамт ороод ирсэн. Тэр залуу ганцаараа явсан.

Би гар утсаа аваад удаж байгаа ба одоо 150.000 төгрөгөөр л үнэлэгдэх байх. Харин цүнхэн дотор нүүрний кошлак байсан. Бэлэн мөнгө төгрөг байгаагүй. Цүнх маань 30.000 төгрөгийн үнэтэй цүнх байсан. Будаг болон гоо сайханы хэрэгсэлээ нийтэд нь үнэлэхэд 50.000 төгрөгөөр үнэлэж байна. Учир нь дээрэмдүүлсэнийхээ дараа 50.000 төгрөгөөр гоо сайханы хэрэгсэл худалдаж авсан болохоор ийм үнэлгээ хэлж байна. Өөр дээрэмдүүлсэн зүйл байхгүй. Би нийтдээ 230.000 төгрөг нэхэмжилнэ. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Надад гомдол санал гээд байх зүйл байхгүй, өөрт учирсан хохирлоо барагдуулж л авмаар байна /хх-н 13-14/ гэсэн,

гэрч Ууганбаярын Энхболорын ... надад хэлэхдээ дээрмийн гэмт хэрэг үйлдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж хэлжсэн. Тэр үе нь 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн гэрээсээ манайх руу ирж байгаад хорооллын эцэст нэг эмэгтэйн гар утсыг нь авсан гэж надад хэлж байсан. Би яаж байгаа юм бэ гэж уурлахад намайг уучлаарай, хүүхэддээ памперс авах гээд л ийм зүйл хийсэн юм гээд надаас уучлалт гуйгаад байсан /хх-н 15-16/ гэсэн,

гэрч Доржготовын Энхтуулын ... манайх хоол хүнс болон ахуйн хэрэгцээндээ хэрэглэдэг 4 хутгатай байсан. Одоо манай гэрт 3 хутга л байгаа. Төмөр иштэй цагаан хутга байхгүй болсон байна. Миний хүү Сүхтулга надад хэлэхдээ тэр хутгыг гэрээсээ авч гарсан гэж байсан. Гэнэт л тэр хутгыг хайгаад олдохгүй байхаар нь яасан юм бол гэсэн Сүхтулга гэрээсээ авч гарсан юм байна лээ. Надад тэр хутгыг яах гэж авч гарсан талаар хэлээгүй /хх-н 18/ гэсэн,

гэрч Далхжавын Тунгалагийн ... би 2016 оны 3 дугаар сарын 7-ны орой өөрийн охин Бямбасүрэнгийн 2 ой гаруйтай хүүхдийг хараад гэртээ байж байтал 21 цаг өнгөрч байхад гаднаас Бямбасүрэн орилж хашхираад ороод ирэхээр нь яасан, юу болоо вэ гэж асуухад хүнд дээрэмдүүлчихлээ, над руу нэг шар залуу лифтэнд хутга тулгаад цүнх, утсаа өг гээд байхаар нь би цүнхээ тэр чигт нь өгөөд явуулсан гэж учир зүггүй айчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр оройжингоо хямарч, айж сандарсан. Цагдаагийн байгууллагаас ирж үзлэг хийгээд явсан. Манай охин тэр үед маш их айж сандарсан байсан. Би тэр үед хүүхдийг нь хараад байж байсан. Өөр хүн байгаагүй. Нөхөр нь тэр үед хөдөө явчихсан байж таарсан. Охиноосоо юу болсон талаар асуухад хаалга чипээр онгойлгоод ороод иртэл араас нэг залуу хамт дагаж орж ирээд лифтэнд хамт суусан. Тэгээд би 6 давхар дээр дартал тэр залуу ямар нэгэн давхар дээр дарахгүй байгаад гэнэт 5 дугаар давхарт дарсан гэж охин маань хэлж байсан. Тэр залуу 5 дугаар давхарт бууж үлдээд намайг 6 дугаар давхарт буух гэтэл хутгаа тулгаад лифт рүү буцааж түрж оруулаад утсаа өг, цүнхээ өг гэхээр нь айж сандарсандаа бүгдийг нь өгөөд, би хүүхэдтэй хүн шүү, битгий намайг алаарай гээд бүх зүйлээ өгөхөд нөгөө залуу доошоо шатаар уруудаад гүйгээд яваад өгсөн гэж хэлж байсан. Охиныг маань цохиж зодсон зүйл байхгүй юм байна лээ. Охины маань биед харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин их л айж цочирдсон байсан. Миний охин гар утас, цүнх, эмэгтэй хүний хэрэгсэлүүд байсан юм байна лээ /хх-н 20/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

гомдол мэдээллийн хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-8, 23, /, эрүүгийн төлөөлөгчийн илтгэх хуудас /хх-н 9/, хохирогчийн эд зүйлийн үнэлгээ /хх-н 11, 59/, Сүхтулгын ломбардаар үйлчлүүлсэн талаарх баримт /хх-н 22/, сэжигтний мэдүүлгийн газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 32-36/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Сүхтулга Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн, мөн давтан үйлдлээр буюу дахин ийм гэмт хэрэг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн зэрэг нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх нөхцөлийг хангах бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул

Баатар ван овогт Лхагвасүрэнгийн Сүхтулгыг давтан үйлдлээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял оногдуулав.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Сүхтулгад ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, хохирогчийн зүгээс гомдолтой, нэхэмжлэл гаргана гэснийг тус тус харгалзсан болно.

 

Шүүгдэгч Л.Сүхтулга бусдад учруулсан хохирлыг төлөөгүй нь түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангиар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг журамлах үндэслэл болохгүй.

 

Харин түүний хувийн байдал тухайлбал, гэм буруугийнхаа талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ тодорхой хэмжээгээр дүгнэлт хийж гэмшиж байгаа, гэмт хэрэг илрэх үүднээс өөрийн үйлдсэн дээрмийн гэмт хэргийн нэг үйлдлийг сайн дураараа илчлэн мэдүүлсэн, ар гэрийн байдал буюу хэдийгээр албан ёсны гэрлэлтийн баталгаагүй ч эхнэр, 1 нас 7 сартай хүүгийн хамт амьдардаг гэх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэн өөрчлөв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Л.Сүхтулгаас 800.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Өнөржаргалд, 230.000 төгрөг гаргуулж хохирогч С.Бямбасүрэнд тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч ... хохирлын үнэлгээ хэт өндөр байна, ... мэргэжлийн байгууллага үнэлгээ хийгээгүй тул үнэлгээг бодитой гэж үзэхгүй, ... хохирогч Т.Өнөржаргалыг дээрэмдсэн үйл баримтын талаар түүнээс дахин хохирогчийн мэдүүлэг авах гэсэн үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй юм.

Учир нь, хохирогч Т.Өнөржаргал хэргийн үйл баримтын талаар худал мэдүүлсэн гэж үзэх, хохирлын үнэлгээ бодитой бус хийгдсэн гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон