Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0041

 

 

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: “О” ХХК. 

          Хариуцагч: БОАЖС.

        Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, “О” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын “Т*******” гэх газарт 3.5 га газрыг ашиглах эрхийг сэргээн олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Т.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Манай компани нь анх Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/297 дугаар захирамжаар Богдхан уулын дархан цаазат газрын “Т*******” гэх газарт 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар анх ашиглаж эхэлсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалаар мөн эрхийг цуцалсан.

          Нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалаар “О” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0018  дугаар  шийдвэрээр  маргаан  бүхий  захиргааны  актыг  4 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба тус шийдвэрт: “...Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын 2015 оны “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдсэн, дахин шинэ акт гарч хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх, “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г талууд хууль журмын дагуу байгуулж, баталгаажуулах боломжтой эсэх, тухайн гэрээнд ямар эрх зүйн актыг үндэслэж газрын нэгжийн үнийг тогтоох, нэхэмжлэгчээс газар ашигласны төлбөрт хэдийг хэзээнээс эхэлж төлөх ёстой зэрэг асуудлыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагч маргаан бүхий актын “О” ХХК-д холбогдох хэсгийг хууль ёсны дагуу гаргах нь зүйтэй байна” гэж үзсэн.

        Уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байдаг тул “О” ХХК-ийн зүгээс эрх бүхий байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад төрийн байгууллагатай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г байгуулж, баталгаажуулах, мөн гэрээний дагуу төлбөр тооцоог тооцоо нийлж баталгаажуулан тогтоосон хугацаанд төлөх хүсэл сонирхолтой байгаа талаарх хүсэлтийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус яаманд хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариуг өгөөгүй байна. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/Ш1112019/0018 дугаар шийдвэрт заасан 4 сарын хугацаанд хариуцагч байгууллагын зүгээс дахин шинэ актыг гаргаагүй бөгөөд “О” ХХК-ийн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийг мөн шийдвэрлэж хариу өгөөгүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлтийг гаргасан бөгөөд тус шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/3658 дугаар албан бичгээр “...Дээрхи шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын  "О ” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг заасан тул захиргааны байгууллагаас заасан хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий тушаал хүчингүй болсон гэж үзэх хуулийн зохицуулалттай” гэх хариуг өгсөн.

         Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглагч нь зөвхөн гэрээнд тодорхой заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг ашиглаж, гэрээнд зааснаар газрын төлбөрөө төлөх үүрэгтэй, харин газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож гэрээнд тусгаж, гэрээг бүртгэх нь газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтан буюу тус яамны үүрэг юм.

         Манай компанийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр дуусгавар болгохдоо ямар учир шалтгаанаар нэхэмжлэгч тухайн газраа ашиглах боломжгүй байсан, “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан эсэх, "О” ХХК нь газар ашигласны төлбөрт хэдийг хэзээнээс эхэлж төлөх ёстой байсан зэргийг сайтар нягталж, тодруулахыг хариуцагч байгууллагад Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс даалгасан атал мөн ажиллагааг огт хийж гүйцэтгэлгүй дахин шинэ актыг гаргасан байх ба уг захиргааны актыг гаргасан талаар “О” ХХК болон түүний эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй.

       Мөн нөхцөл байдлыг тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байх ба манай компанийн зүгээс дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулж, гурвалсан гэрээг байгуулах, гэрээнд дурдсан нөхцөл журмын дагуу газрыг ашиглах, төлбөрийг төлөх хүсэлтэй байгаагаа хариуцагч байгууллагад удаа дараа илэрхийлж байсан болох нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад, Хан-Уул дүүргийн газрын алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргаа зэрэг байгууллагад гаргасан хүсэлт, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад гаргасан хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Байгаль орчин, аялал жуучлалын яам болон холбогдох бусад байгууллагад гаргасан хүсэлтүүдийн талаар холбогдох албан тушаалтнуудтай удаа дараа уулзаж байсан боловч Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалын талаар огт мэдэгдэж байгаагүй болно. Тэр ч бүү хэл Байгаль орчин, аялал жуучлалын яамны хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Номин нь 2019 оны 04 дүгээр сард “О” ХХК-ийн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар уулзахад “...танай байгууллагатай холбоотой шүүхийн шийдвэр ирсэн байгаа. Сайд гадаад улс руу албан томилолтоор явсан байгаа тул ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй ба танай хүсэлтийг шийдвэрлээгүй байна. Холбогдох бичиг баримтыг судлаад хариуг өгөх болно” гэх хариуг амаар өгч байсан болно. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Байгаль орчин, аялал жуучлалын яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.М*******гийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д*******д хүргүүлсэн Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалын хуулбар, албан бичгийг тус шүүх 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан байдаг ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т******* 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд очиж танилцаж, уг тушаалыг гаргасан болохыг мэдсэн.

            Дээрхи нөхцөл байдлаас харахад хариуцагч байгууллага буюу Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэх он, сар бүхий ******* дугаар тушаал тухайн цаг үед гаргасан эсэх нь эргэлзээтэй бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нь маргаан бүхий тушаал, шийдвэрийг хаяглагдсан этгээдэд хүргүүлэх, мэдэгдэх үүргээ үл биелүүлсэн болох нь тогтоогдох ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0018 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

        Иймд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, “О” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын “Т*******” гэх газарт 3.5 га газрыг ашиглах эрхийг сэргээн олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “О” ХХК  2014 оны 09-р сарын 12-ны өдрөөс эхлэн, маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрхүүд үүссэн мөн 2018 оны 05-р сарын 07-ны өдрийн А/121 дугаартай тушаалаар хүчингүй болгосон. Мөн тушаалтай холбоотой захиргааны хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн тус шүүхийн шийдвэр хугацаандаа хүчин төгөлдөр байгаа. Байгаль орчин, аялал жуулчны яамны А98 дугаартай тушаалын хууль бус буюу, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 03-ны өдрийн 18 дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь хууль бус, Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгдээгүй.  Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг эрх нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд мэдэгдэх үүргээ хариуцагч байгууллага огт хийгээгүй.  Захиргааны Ерөнхий хуульд заасан 20 буюу түүнээс доош этгээдэд энэ мэдэгдлийг өгч байгаа тухайн этгээд бүрд тухайлан мэдэгдэнэ. Тэгэхээр Захиргааны Ерөнхий хуульд заасан цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэсэн хуулийн заалт хамаарахгүй. Тэгэхээр энэ А98 дугаартай тушаал нэг этгээдэд хаяглагдсан байгаа тушаал юм. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт заасан энэ бодит нөхцөл байдлыг тогтоогоод шалгаач гэсэн байгаа. Шалгаач гэдэг гол үйл баримт нь Улсын дээд шүүхийн шийдвэрээр газрын зургийг тогтоож байгаа этгээдийн эрхийг 6 сараар түдгэлзүүлсэн байдаг. Түдгэлзүүлсэн шийдвэрийн дагуу дахиад шинээр акт гарсан байх ёстой. Шинэ акт гараагүй нэхэмжлэгч байгууллага хэчнээн хэмжээний төгрөгийг хэдий хугацаанд хэрхэн яаж төлөх ёстой байсныг тогтоох ёстой. Нэхэмжлэгч байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх мөн гуравласан гэрээг байгуулах, газрын төлбөрийг хэрхэн яаж төлөх талаар хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад явуулж байсан.  Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Хан-Уул дүүргийн газрын албанд явуулсан хүсэлт гарч ирээгүй. Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа болон, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд явуулсан хүсэлтэд маргах зүйл байхгүй гэж бодож байна. Мөн 03-р сард өгсөн хүсэлтийн хариуг 2019 оны 06-р сард хариу өгсөн мөртлөө маргаан бүхий тушаал 2019 оны 03-р сарын 20-ны өдөр гарсан байгаа. Хариуцагч байгууллагын хуулийн ахлах мэргэжилтэн Н******* гэдэг хүнтэй цаг тухайд нь уулзаж байсан. Тушаал гараагүй гэдэг талаар тайлбарыг удаа дараа өгч байсан. Энэ тушаалыг хэзээ бидний зүгээс мэдсэн юм бэ гэхээр 2019 оны 06-р сарын 03-ны өдөр хариуцагч байгууллагын зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.М гэх гарын үсэг бүхий хүсэлттэйгээр ирснийг шүүхийн зүгээс тушаал гарсан талаар мэдэгдсэн байгаа. 2019 оны 05-р сард шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэх хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Тус шүүхээс албан бичгээр хариу өгсөн. Нэгэнт шүүхийн шийдвэрт заасны дагуу 4 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол маргаан бүхий актыг хүчингүй тооцох талаар мэдэгдсэн байгаа. Үүнтэй холбоотой захиргааны шүүхээс, албан бичиг ирсэн, өмнөх тушаал гарсан гэж нэхэмжлэгч байгууллагад мэдэгдсэн байгаа. Энэ талаарх баримт өөрөө өмнөх шийдсэн хэргийн материал дотор танилцуулсан баримт нь байгаа байх. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 03-р сарын 20-ны өдрийн А98 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2019 оны 01-р сарын 0018 дугаартай шийдвэрээр, тогтоох хэсгийн 1-д зааснаар, Газрын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-д, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33-р зүйлийн 33.1-д, Газрын төлбөрийн тухай хуулийн 9-р зүйлийн 9.1-д хэсэгт заасныг тус тус баримтлаад хариуцагчаас дахин шинэ акт гартал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05-р сарын 07-ны өдрийн А121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж  байгаа. Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5-д хэсэгт заасныг баримтална. Хариуцагчаас бодит нөхцөл байдлыг сайтар судалж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүл гэсэн. Мөн 3 дах заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107-р зүйлийн 107.6-д зааснаар “ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш, 4-н сарын хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05-р сарын 07-ны өдрийн А121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсэгт хүчингүй болгохыг дурдаж, тодорхойлох хэсгийн 3 заалтаар тодорхой хэлсэн байгаа. Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03-р сарын 20-ны өдрийн А98 дугаартай тушаалын нэг этгээдэд буюу нэхэмжлэгч “О” ХХК-д чиглэсэн тушаалын агуулгаас үзэхэд Захиргааны Ерөнхий хуулийн 45-р зүйлийн 45.1-д заалтыг баримталсан, энэ заалтыг баримтлахдаа дотроо үндсэндээ өмнөх шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яригдсан энэ нөхцөл байдлыг дурдаж, дахин шинэ А98 дугаартай захирамж гаргасан “О” ХХК-н эрх ашгийг хөндсөн гэж ойлгож байгаа.

         Иргэн хуулийн этгээд нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг сайн дураараа, биелүүлэх үүрэгтэй байгаа. Тэгэхээр энэ шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт заасны дагуу, дахин шинэ акт гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 27-р зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, энэ үүргээ захиргааны байгууллага бүрэн хэрэгжүүлээгүй байна.

       Мөн шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн хугацаанд гомдол гаргах эрхтэй, гомдол гаргаагүй тохиолдолд энэ шүүхийн шийдвэр өөрөө хуулийн хүчин төгөлдөр болно. Тэгэхээр 14 хоног, мөн дахиад 14хоног тэгээд 7 хоног гэж тооцвол сарын хугацаа өнгөрсөн байгаа. Бид яагаад 03-р сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн газрын алба руу хүсэлтээ явуулсан гэхдээ энэ талаар бидний зүгээс нотолж чадаагүй байгаа. Богдхан уулын, Дархан цаазат газар луу 03-р сарын 15-ны өдрийн яагаад энэ хүсэлтийг явуулах болсон юм бэ? гэхээр бидний зүгээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг тоолсон байгаа. Энэ үйл баримтыг хүрээнд шүүх мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулаад эрх зүйн талаас нь дүгнэлт хийнэ үү гэж хүсэж байна.

       Захиргааны байгууллагыг буруутгах нэг үндэслэл нь шүүхийн шийдвэрээр 4 сарын хугацаа заасан, энэ 4 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол нөгөө А121 дүгээр акт нь хүчингүй болох байсан. Тийм учраас захиргааны байгууллага ботид байдлыг судлах зүйлийг хэрэгжүүлэхгүй хугацаанд баригдаад А98 дугаартай актыг гаргасан байгаа. Энэ газрыг 7 жил ашиглаагүй гэдэг яагаад ашиглаагүй гэдгийг тогтоох ёстой. Мөн яагаад газрын төлбөрөө төлөөгүй юм бэ? төлөх бололцоо байсан юм уу, үгүй юм уу? үүнийг бас тогтоох ёстой. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг дурдаж байсан. 2012 онд Байгаль орчны, нарийвчилсан үнэлгээ хийсэн байна. Үүнээс хойш танай байгууллага нэг удаа ч тодотгол хийгдээгүй байна гэж байсан. Энэ талаар бид маргаагүй байгаа. Байгаль орчны, нарийвчилсан үнэлгээнд тодотгол хийгээгүй байхад яагаад яам хугацааг дахиж сунгаж байгаа юм бэ? энэ бүх нөхцөл байдлыг танай байгууллага судлах ёстой. “О” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа өмнөх А121 дугаартай актаар ч хөндөгдсөн, одоо энэ А98 дугаартай актаар мөн хөндөгдөж байгаа. Мөн манай компани шийдвэр гаргах энэ үйл ажиллагаанд оролцох ёстой гэж үзэж байна. Төлбөрийг нь тодорхой болгоод төлбөрийг нь төлүүлээд газраа ашиглая гэж удирдлагуудтайгаа ярьсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

          Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "О” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар  тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0018 дугаартай шийдвэрээр хариуцагчаас холбогдох тогтоомжид нийцүүлэн захиргааны шинэ акт гаргахыг даалгасан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,5-д заасан газрын төлбөр төлөөгүй, мөн хуулийн дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 7 жил ашиглаагүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан нарийвчилсан үнэлгээний тайланд тодотгол хийлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр батлуулж тайлагнаагүй зэрэг зөрчилтэй тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг үндэслэн  Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Т*******анд аялал жуулчлалын зориулалтаар 3.5 га газар ашиглах гэрчилгээтэй “О" ХХК-ийн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

        Хариуцагчийн   итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 4 сарын хугацаанд хууль тогтоомжид нийцсэн шинэ акт гаргахыг даалгасан байгаа. 2019 оны 03-р сарын 20-ны өдрийн А98 дугаар тушаалыг гаргасан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж тухайн тушаалыг гаргасан. Сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг тайлбарыг гаргасан. Захиргааны Ерөнхий хуулийн 27-р зүйлд сонсох ажиллагааг тусгаж өгсөн байдаг. Үүний дагуу 27-р зүйлийн 4.5-д зааснаар цахим хэлбэрээр тухайн захирамж шийдвэр гарахаас өмнө 03-р сарын 11-ны өдөр цахим хэлбэрээр мэдэгдсэн. Тухайн цахим хэлбэрээр мэдэгдэхдээ “О” ХХК-д хаяглаж, газар ашиглах эрхийг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэж мэдэгдсэн байгаа. Захиргааны шүүхийн шийдвэр гарснаас хойш газрын төлбөр төлөхтэй холбоотой асуудал мөн гэрээ байгуулахтай холбоотой асуудал, Үнэлгээний тайланд тодотгол хийх хөтөлбөрөө батлуулах талаар ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжтой байсан боловч бидэнтэй уулзаагүй мөн Н******* гэдэг ахлах мэргэжилтэнтэй уулзсан нь тодорхой бус байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гараад 4 сарын хугацаанд нэхэмжлэгч тал нь өөрийн зөрчлөө арилгах боломж нь нээлттэй байсан ч ямар нэгэн үүнтэй холбоотой асуудал хийгдээгүй байгаа. Нотлох баримтаар Богдхан уулын дархан цаазат газраас нотлох баримт ирүүлсэн байсан. Энэ нь тухайн тушаал дээр даалгасантай холбоотой нотлох баримт ирсэн гэж үзэж байна. Тэгэхээр энэ ажиллагаануудыг хийгээгүй гэдэгтэй холбоотой тушаал шийдвэрийг гаргасан, нарийвчилсан үнэлгээний тайлан нотлох баримтаар ирсэн тухайн тайлбар 2012 онд батлагдсан үүнээс хойш 2020 он хүртэл тодорхой хэмжээний хугацаа өнгөрсөн байхад тэр тайлан батлагдсантай холбоотой үйл ажиллагааг огт явуулаагүй байдаг. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

       Нэхэмжлэгч “О” ХХК-ийн захирал Т.Ц Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, “О” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын “Т*******” гэх газарт 3.5 га газрыг ашиглах эрхийг сэргээн олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

       “О” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/297 дугаар захирамжаар Богд хан уулын дархан цаазат газрын “Т*******” гэх газарт 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон байна.

         Харин хариуцагчийн 2018 оны А/121 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр “О” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0018 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

       Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шүүхийн шийдвэрийг биелүүлж 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 7 жил дараалан ашиглаагүй, Хан-Уул дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж, газрын төлбөрөө төлөөгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тодотгол хийгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр батлуулж тайлагнаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн 3.5 га газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байна.

         Хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлахдаа дээрх шалтгааныг сайтар нягталж, тодруулаагүй, энэ талаар дүгнэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл муутай байна.

      Учир нь Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл(бүс)-ийн газрын төлбөр тооцоо итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 11 дүгээр тогтоолоор[1] тус дүүргийн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг 2 дугаар хавсралтаар баталж мөрдүүлжээ.

     Үүнээс үзэхэд газрын төлбөрийн хэмжээ, түүнийг зохицуулсан эрх зүйн орчны талаар ямар нэг маргаан байхгүй байсан гэж үзэхээр байна.

      Өөрөөр хэлбэл дүүргийн нутаг дэвсгэрт газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг батлан мөрдүүлсэн захиргааны хэм хэмжээний акт нь нийтэд илэрхий, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд хэвлэгдсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад энэ талаар тодорхойгүй гэж үзэх боломжгүй.

      Гэтэл нэхэмжлэгч компанийн зүгээс тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулах эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудтай гэрээ байгуулах талаар хүсэлт гаргаж хандаагүй байна.

       Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна.”, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4 дэх хэсэгт “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно.Гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай  газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна.” гэж тус тус зохицуулсантай нийцээгүй байна. 

          Нэхэмжлэгч “О” ХХК 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн огноо бүхий № 2018/26 дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ”-г Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн гэх боловч энэ талаараа хангалттай нотлоогүйн дээр газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулах тухай хүсэлт ирүүлж байгаагүй талаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 16/3439 дүгээр албан бичгээр[2] давхар нотлогдсон байна.

       Нөгөө талаар нэхэмжлэгч газар ашиглах эрх үүссэнээс хойш хугацаанд тухайн газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэхээргүй бөгөөд уг газрын хил заагийн маргаантай байснаас ашиглах боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

       Учир нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/2177 дугаар албан бичгээр[3] “О” ХХК-ийн эзэмшлийн талбайн координатыг Улсын тусгай хэрэгцээний газрын мэдээллийн санд шалган үзэхэд тус газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хил заагт хамаарч байгаа талаар нотолжээ.

          Түүнчлэн тус шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд:[4] “Хан-Уул дүүрэг дэх Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай “Т*******” нэртэй газарт хашаа хатгаагүй, аливаа байдлаар газар шорооны ажил хийгдээгүй,үйл ажиллагаа явуулаагүй, газрыг хөндөөгүй байдалтай байв.” гэж тэмдэглэжээ.

       Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

      Мөн нэхэмжлэгч компани байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тодотгол хийгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр батлуулж тайлагнаагүй байна.

      Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг буруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;”, 7 дугаар зүйлийн 7.3-д “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 7.4.3-д заасны дагуу гарсан дүгнэлтэд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын зорилт, чиглэл, хамрах хүрээ, хугацааг тодорхой заана.”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.”, 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг тогтооно.”, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 4.6-д “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4-д заасан асуудлыг багтаасан нөлөөллийн үнэлгээний судалгаа, нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, техник, технологийн шийдлийн зөвлөмжийг агуулсан тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс бүрдэнэ.”, 5.11-д “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, холбогдох баталгааны хөрөнгийг байршуулаагүйгээр төслийн үйл ажиллагааг эхлэх, үргэлжлүүлэх эрхгүй.”, 5.12-т “Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 5 жилээс дээшгүй байх бөгөөд түүнээс олон жил үргэлжлэх төслийн хувьд менежментийн төлөвлөгөөг 5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна.” гэж тус тус зохицуулжээ.

        Нэхэмжлэгч “О” ХХК Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг 2012 онд боловсруулан батлуулсан хэдий ч үүнээс хойш тодотгол хийгээгүй, энэхүү нарийвчилсан үнэлгээний хүрээнд тухайн жилүүдийн менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулж байгаагүй нь хууль журмын дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна.

      Өөрөөр хэлбэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12-т “Төсөл хэрэгжүүлэгчийн менежментийн..........төлөвлөгөөний хэрэгжилтэд.....төрийн захиргааны төв байгууллага....хяналт тавина.” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд  Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, түүний тодотгол, тухайн жилүүдийн менежментийн төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй байна.

      Хариуцагч маргаан бүхий ******* дугаар тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдэх, эрх  ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийн оролцоог хангах талаарх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байгаа хэдий ч энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй

       Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч “О” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй бөгөөд маргаан бүхий ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, “О” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын “Т*******” гэх газарт 3.5 га газрыг ашиглах эрхийг сэргээн олгохыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

         Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

       1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 7 дугаар зүйлийн 7.3, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.8-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, “О” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын “Т*******” гэх газарт 3.5 га газрыг ашиглах эрхийг сэргээн олгохыг хариуцагчид даалгах “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгосугай.

       2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.           

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 

 


[1] Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл 2019, №1, хуудас 429

[2] Хавтаст хэргийн 94 дүгээр хуудас

[3] Нотлох баримтаар авагдсан 1 дүгээр хавтаст хэргийн 228 дугаар хуудас

[4] Нотлох баримтаар авагдсан 1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар хуудас