Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1027

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Бямбасүрэн,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолыг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг үндэслэн Э.Г-д холбогдох 1711009740196 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй баарны үүдэнд хохирогч Б.А-ын нүүрэн тус газар нь мөргөн унагаж, эрүүл мэндэд нь “дагз ясны баруун талд дагзны том нүхнээс эхлэн арагш дээш дагзны баруун дээд хэсэг рүү үргэлжилсэн шугаман шинэ хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цус хуралт, баруун духны дэлбэнгийн суурь хэсэг, зүүн духны дэлбэнгийн суурь хэсэг, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн урд хэсэгт цус хуралт няцрал, бага тархины баруун тал бөмбөлөгт цус хуралт няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Г нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэжээ. Шүүгдэгч Э.Г нь тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалт байгаа хэдий ч Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байх тул нэмж нэгтгэх боломжгүй байна. Дээрх үндэслэлээр Э.Г-д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Г нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Dream” үсчин дотор хохирогч Т.А-ийн эзэмшлийн “Самсунг Эс-7 эдже” загварын гар утсыг нь “яриад өгье” гэж хуурч, залилан авч нийт 576.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгтээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ. Яллагдагч Э.Г нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээс өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй баарны үүдэнд хохирогч Б.А-н нүүрэн тус газар нь мөргөж унаган, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинээр илэрсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулж болох хуулийн заалттай боловч яллагдагч Э.Г нь тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тул дээрх заалтыг хэрэглэх боломжгүй, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалт байгаа хэдий ч ялыг нэмж нэгтгэх боломжгүй тул 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэхгүйгээр ял оногдуулах боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.Г нь өмнө 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Dream” үсчин дотор хохирогч Т.А-н эзэмшлийн “Самсунг Эс-7 эджи” загварын гар утсыг нь “яриад өгье” гэж хуурч, залилан авч, нийт 576.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна.

Шүүгдэгч Э.Г-ийн ял шийтгүүлэхээсээ өмнөх үйлдэл буюу 2017 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй баарны үүдэнд хохирогч Б.А-ын нүүрэн тус газар нь мөргөж, хүнд хохирол учруулсан үйлдэл илэрч шүүхэд шилжүүлжээ.

Э.Г-ийн өмнөх үйлдлийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.

Дээрх байдлыг дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзнэ гэж заасны дагуу гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан бөгөөд Э.Г нь тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, харин шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн гэмт хэрэг илэрч, нэгтгэн шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүсчээ. 

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “...Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах...” журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт элдэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан.  

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулсан, яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хянан шийдвэрлүүлж, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэмж нэгтгэх журмыг зохицуулаагүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй юм.

Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зохицуулсан.

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн нэг мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Үүнээс үзэхэд шүүгдэгч Э.Г нь 2017 оны 12 дугаар сарын 05-нд шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэг шинээр илэрсэн байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “дээрх хэргүүдийг нэгтгэж нэг тогтоолоор шийдвэрлэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Мөн прокурор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч, хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэхийн тулд Э.Г-н өмнөх ял шийтгүүлсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан байх бөгөөд энэ дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иймд прокурор П.Бямбасүрэнгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Г-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

           

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ