Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0101

 

Х аймгийн Б сумын Нэгдсэн эмнэлгийн

Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Д.Б, өмгөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Х аймгийн Б сумын Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй, Х аймгийн Аудитын газрын аудитор Ү.Т-д холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Х аймгийн Аудитын газрын аудитор Ү.Т-ын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/32 дугаар төлбөрийн актыг хүчингүй болгох гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Эмнэлгийн эмч ажилчид нь Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2, 3 дахь шатлалаар буюу эмч сувилагч нар 15, 20 хувийн цалингийн нэмэгдэл авч байсан учраас акт тогтоосон. Учир нь Б сумын эмнэлэг бол улсын бүртгэлд нэгдсэн эмнэлгийн статустай, санхүүжилт нь мөн нэгдсэн эмнэлгээр санхүүждэг. Би акт тогтоохдоо Эрүүл мэндийн яамны албан бичгүүдийг үндэслэн холбогдох судалгааг хийсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 16 дугаар зүйлийн 16.12, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-д тус тус заасныг баримтлан Х аймгийн Аудитын газрын Аудитор Ү.Тд холбогдуулан гаргасан Х аймгийн Аудитын газрын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/32 дугаар актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Х аймгийн Б сумын Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 90 дүгээр тогтоолд хөдөө суманд ажиллаж байгаа эмч, сувилагч, лаборант, жолооч нар 20 хувиар нэмэгдэл авахаар заасан тул манай эмнэлэг нь Х аймгийн Б суманд үйл ажиллагаа явуулдаг учир Захиргааны хэргийн анхан шатны 19-р шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнийн даргалж хийсэн 2014.12.22-ны 01 тоот шийдвэр нь суманд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд олгохоор заасан Засгийн газрын тогтоолын заалтыг эмнэлгийн төрөлтэй холбож шийдвэрлэсэн нь Б суманд ажиллаж байгаа 30 гаруй эмч, мэргэжилтнүүдийн нэмэгдэл цалин хөлс авах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Иймд дээрхи шийдвэрийг хянаж хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

                Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Х аймгийн Аудитын газрын 2014 оны бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Б сумын нэгдсэн эмнэлгийн 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, Нягтлан болох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж, ажиллагсаддаа 5069.8 мянган төгрөгийн цалингийн нэмэгдэл илүү олгосон гэж үзэж тэдгээрээр төлүүлэхээр тогтоож, Х аймгийн Аудитын газрын аудитор Ү.Т 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 01/32 дугаар төлбөрийн актыг үйлджээ.           

 

Харин Х аймгийн Б сумын Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.З нь тус эмнэлэг нь Монгол Улсын Засаг захиргааны нэгжээр суманд үйл ажиллагаа явуулж байгаа сумын эмнэлэг тул сумын эмнэлгийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийг ажилтнууд авах ёстой гэж үзэж, Х аймгийн Аудитын газрын 2014 оны 03 дугаар сарын 01/32 дугаар актыг хүчингүй болгуулахаар маргасан байна.

 

Монгол Улсын Их хурлын 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б сум байгуулах тухай 15 дугаар тогтоолоор Х аймгийн Дархан сумаас тус сумын 5 дугаар баг бөгөөд Б хотыг тусгаарлаж, шинээр Б сум байгуулж, төвийг нь Бт байхаар тогтоожээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрлийг заасан байх бөгөөд Б сумын эмнэлэг нь хуулийн 15.1.7-д заасан нэгдсэн эмнэлэг болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЭУ-06/21/05 дугаартай Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөр тогтоогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар аймаг, сумын эмнэлэг, аймаг, нийслэлийн өрхийн эмнэлгийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийг тогтоож, уг хавсралтын хүснэгтийн 2-т сумын эмнэлгийн сувилагч, лаборант, жолоочийн сарын цалингийн нэмэгдлийн хэмжээг 15 хувь, хүснэгтийн 3-т сумын эмнэлгийн эрхлэгч эмч, их эмч, бага эмч, багийн бага эмчийн сарын цалингийн нэмэгдлийн хэмжээг 20 хувь байхаар тогтоожээ.

 

Дээрхээс үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. гэж заасан эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар эмнэлгийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийн хэмжээг тогтоохдоо Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төрөл, мөн Эрүүл мэндийн яамнаас хуваарилсан санхүүжилт нь нэгдсэн эмнэлгийн төсөвтэй байхаас үл хамааран зөвхөн засаг захиргааны нэгжид хамаарах байдлаар буюу аймаг, сумын эмнэлэг, аймаг, нийслэлийн өрхийн эмнэлгийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдэл гэж тодотгон оршин байгаа газрын байршлаар нь эмнэлгийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийн хувь хэмжээг тогтоосон байна.

Тиймээс маргаан бүхий Х аймгийн Аудитын газрын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 01/32 дугаар төлбөр тогтоосон акт нь Б сумын нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

 

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9-д заасныг зөв тайлбарласан атлаа Х аймгийн Б сумын нэгдсэн эмнэлгийг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх төрлөөр нь аймгийн нэгдсэн эмнэлэгтэй адилтган үзэж тус эмнэлгийн ажилтнуудад олгох цалингийн нэмэгдлийг Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын, хүснэгтийн 1-д зааснаар 10 хувь байх нь зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаар тушаал, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээ, Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5/5150 дугаар албан бичиг, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяагийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2/1406 дугаар албан бичиг зэрэг нь маргаан бүхий Х аймгийн Аудитын газрын 2014 оны 03 дугаар сарын 01/32 дугаар актын эрх зүйн үндэслэлийг тогтооход хэрэглэгдэх баримт бичиг биш тул хариуцагч болон анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Х аймгийн Б сумын Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х аймгийн Аудитын газрын аудитор Ү.Т-ын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/32 дугаар төлбөрийн актыг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

         ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:   

 

                ШҮҮГЧ                                                                                    Ц.ЦОГТ

                ШҮҮГЧ                                                                                    Д.БААТАРХҮҮ

                ШҮҮГЧ                                                                                    Э.ХАЛИУНБАЯР