| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2022/0028/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/34 |
| Огноо | 2022-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/34
2022 01 25 2022/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2225000270043 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн тоот гэртээ эхнэр А.Нтай үл ойлголцон маргалдаж алчуураар ороолгох, түлхэж унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч М.Б-н мэдүүлсэн: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:
-хохирогч А.Ны...Тэгээд миний мэдэхийн өмнө нь гурван удаа хүүхдийн минь шинээрээ шахуу хувцсыг ямар нэгэн шалтгаангүйгээр шатааж устгадаг байсан юм. Миний зүгээс энэ байдлыг нь мэдээд өөрийн нөхөр Бд хандаж танай ээж хүүхдийн минь хувцсыг шатааж янз бүрийн шашны зан үйл хийгээд байх юм. Энэ ямар учиртай юм бэ гэж асуухад миний нөхөр шууд өөрийнхөө ээжийг өмөөрч маргасан. Маргаж байх үедээ нөхөр шууд өөрийнхөө ээжийг өмөөрч ээж шатаа гэж хэлээд шатаасан бол шатаах ёстой. Чи үхлээ юу хэрэв чи үхэх гээд байгаа бол чамд шатаасан хувцасны мөнгийг нь төлөөд өгчье, эсвэл оронд чинь хүүхдийг чинь шатаах байсан юм уу гэж хэлсэн үгнээс болж бид хоёр хоорондоо маргасан юм. Тэгээд уг маргаан нь улам даамжирч нөхөр Б улмаар намайг хана руу түлхэж, газарт унагааж ванны алчуураар хэд хэдэн удаа миний бие болон ар нурууг ороолгож, баруун гарын эрхий хурууг мушгиж гэмтээж толгойг минь хана руу мөргүүлж зодсон. Одоо толгой маш их өвчтэй хөндүүртэй.Яг ил харагдах шарх сорви бэртэл гэмтэл байхгүй хэрнээ миний баруун гарын эрхий хуруу хавдаж хөндүүртэй болсон байна. Зодуулснаас болж сэтгэл санаа маш их цочирдож айсан байна. Хуулийн дагуу шалгуулж ямар нэгэн хариуцлага тооцуулах хүсэлтэй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 5, 13-р тал/
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 9-10-р тал/
-гэрч С.Мын....2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний хүү М.Б хоёр хүүхдээ дагуулаад манай гэрт ирсэн ба сахиустай найзаасаа манай том ачийг үзээд өгөөч гэж хэлээд үзүүлэхэд нэг хувцас шатаа гэж хэлсний дагуу хүү маань том охиныхоо хувцаснаас шатаасан. Үүнээс болж миний хүү Б эхнэр Намуунтай маргалдаж түлхэж газар унагасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай ... А.Ны биед тархи доргилт, баруун гар, зүүн тохой, гуя, өвдөг, баруун шилбэнд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлүүд нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байж болно... гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р тал/
-шүүгдэгч М.Б-н сэжигтнээр мэдүүлсэн... Намуун нь охин Мягмархандын бүх хувцасыг нэг мөр шатаа гээд том өрөөнд бөөгнүүлж тавиад шүдэнз зураад шидхээр нь би боль гэж хэлэхэд дахиад шүдэнз зурхаар нь би алчуураар Н ороолгож цохисон. Намуун нь чи намайг цохилоо гээд над руу дайрч хүзүү хэсгийг хумсаараа урсан, би Н өөрөөсөө холдуулах гээд түлхсэн, тэр үед газар унчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч М.Б нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-15-86 тоот гэртээ эхнэр А.Намуутай “хүүхдийн хувцсыг шатаах зан үйл хийх” гэснээс шалтгаалан маргалдан улмаар ванны алчуураар ороолгох, түлхэх, хана мөргүүлэх зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун гар, зүүн тохой, гуя, өвдөг, баруун шилбэнд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Дээрхи үйл баримт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогдсон бөгөөд шүүгдэгч М.Б-н үйлдлийн улмаас эхнэр А.Ны биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай ... А.Ны биед тархи доргилт, баруун гар, зүүн тохой, гуя, өвдөг, баруун шилбэнд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарна..гэх дүгнэлт, хохирогч А.Ны... Тэгээд уг маргаан нь улам даамжирч нөхөр Б улмаар намайг хана руу түлхэж, газарт унагааж ванны алчуураар хэд хэдэн удаа миний бие болон ар нурууг ороолгож, баруун гарын эрхий хурууг мушгиж гэмтээж толгойг минь хана руу мөргүүлж зодсон... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч М.Б-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч М.Б 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-15-86 тоот гэртээ эхнэр А.Нтай үл ойлголцон маргалдаж алчуураар ороолгох, түлхэж унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай гэж,
-шүүгдэгч: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт санал гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ял тохирчээ.
Хэргийн шалтгаан нөхцлийн тухайд, шүүгдэгч хохирогч нарын үзэл бодол, ойлголтын зөрүүтэй асуудлыг шийдвэрлэх арга замын тухайд харилцан хүлээцтэй, хүндэтгэлтй хандаагүй,өөрсдийн хандлагаа хүч хэрэглэж тулган хүлээлгэх гэсэн сэтгэхүйн хандлага түлхэц болсон байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв..
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч А.Н ямар нэгэн санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 52-р тал/-д авагдсан бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С ургийн М-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ