| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/00847/И |
| Дугаар | 1258 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 1258
| 2017 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2017/01258 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 13 хороо, 11 гудамж, 505 тоотод оршин суух Элжигэн овгийн Нямжавын Удвал /РД:ОЕ67050403/-ийн,
Ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Нямжав, нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Удвал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нямжавын Удвал нь 1967 онд Увс аймгийн Зүүн хангай суманд төрсөн. Бага байхад маань намайг өхөөрдөн Мянганбаяр гэж дууддаг байсан. 1983 онд анх 18 настай байхдаа Увс аймгийн Зүүн хангай сумын Дэвшилт нэгдэлд малчнаар ажилд орсон ба уг ажилд орсон баримтад Нямжавын Мянганбаяр гэж бичигдсэн байсан.
Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл 1983-1989 он хүртэлх архиваас гарч ирсэн цалингийн тодорхойлолтод миний нэрийг Нямжавын Мянганбаяр гэж бичигдсэн байна. 1990 онд Увс аймгийн Зүүн хангай сумын архив шатахад миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон. Цалингийн тодорхойлолтод бичигдсэн нэр маань зөрж байна гээд нийгмийн даатгалаас 1983-1989 он хүртэлх ажилласан жилийг тооцохгүй байна. Иймд намайг 1983 оноос 1989 он хүртэл Дэвшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү.
Миний төрсөний гэрчилгээ, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр гэх мэт бүх бичиг баримтуудад Нямжавын Удвал гэж бичигдсэн байгаа. Тухайн үед хамт ажиллаж байсан гэрчийн тодорхойлолтыг хавсаргасан болно.
Иймд намайг 1983 оноос 1989 он хүртэл Дэвшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Удвал 1983 оноос 1989 оны хооронд Увс аймгийн Зүүнхангай сумын Дэвшил нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохыг хүсч шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, Увс аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 44 тоот тодорхойлолт, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12/2300 тоот албан бичиг болох бусад нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг шүүх тогтоох нь зүйтэй ба дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд “Увс аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 44 тоот тодорхойлолтын Нямжавын Мянганбаяр гэснийг Нямжавын Удвал гэж залруулах, 1983 оноос 1989 оны хооронд Увс аймгийн Зүүнхангай сумын Дэвшил нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох гэж тодруулсан.
Хэрэгт авагдсан Увс аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “малчин Нямжав овогтой Мянганбаярын цалингийн тодорхойлолт” гэх баримтаар Н.Мянганбаяр нь 1983 оны 07 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсныг тодорхойлжээ.
Хүсэлт гаргагчаас тус тодорхойлолтод дурдсан Нямжавын Мянганбаяр нь Нямжавын Удвал гэж тайлбарлан нэр зөрүүтэй бичигдсэнээс тэтгэвэрт гарах гэхэд ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна гэжээ. Хүсэлт гаргагчийн 1967 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн 0436298 дугаартай төрсний гэрчилгээнд Ламжавын Нямжав, Ойдовын Мундага нарын дундаас 1967 оны 05 дугаар сарын 04-ний өдөр охин Нямжавын Удвал төрсөн гэж бүртгэжээ. Мөн Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/003374 тоот Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар Элжигэн овгийн Нямжавын Удвал 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болсныг тодорхойлж шүүхэд ирүүлжээ.
Дээр дурдсан баримтаар Увс аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ”малчин Нямжав овогтой Мянганбаярын цалингийн тодорхойлолт” гэх баримтад Нямжав овогтой Мянганбаяр гэсэн нь Нямжавын Удвал гэж үзэх үндэслэлтэй буюу тус цалингийн тодорхойлолтод дурдсан хугацаа /1983 он/-аас өмнөх хугацаанд хүсэлт гаргагч нь Нямжавын Удвал гэсэн байсан нэртэй болох нь иргэний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Иймд Увс аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “малчин Нямжав овогтой Мянганбаярын цалингийн тодорхойлолт” дахь Нямжавын Мянганбаяр гэж бичигдсэнийг Нямжавын Удвал гэж зөвтгөх үндэслэлтэй, төрсөн огноо, регистрийн дугаар зэрэг нь тохирч байх бөгөөд хүсэлт гаргагч нь 1983 оны 07 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Дэвшил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Элжигэн овгийн Нямжавын Удвал /РД:ОЕ67050403/ 1983 оны 07 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Дэвшил нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Удвалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ