Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

 

2022        02          15                                      2022/ШЦТ/52

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Ж.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн 2225000000042 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон молл” худалдааны төвд Ж.Аийн хамар руу тохойгоороо цохиж биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч Д.Эын мэдүүлсэн: 12 дугаар сарын 10-ны орой Орхон моллд шинэ жил тэмдэглэж сугалаа явуулсан. Би 2 эмэгтэйдээ бэлэг өгчихье гэснээс болж маргасан. Ж.А намайг хойноос тохойноос татахаар нь би тавь” гээд л тохойгоороо ёворсон. Эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлнө гэх мэдүүлэг,

-хохирогч Ж.Аийн мэдүүлсэн: Шинэ жилийн арга хэмжээнд орсон. Д.Э нь маргаан үүсгээд байсан. Миний хажууд байсан болохоор би татаж суулгах гэтэл гараараа тохойлдож цохисон. 2 эмэгтэйд бэлэг өгнө гээд байхаар нь бүгдэд нь өгчихгүй юу гэсэн юм. Би эмнэлэгт үзүүлж зураг авахуулсан, мөн хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Зардал нь 2,600,000-2,800,000 болох юм билээ. Дээр нь ор хоног, ажлын цалин хөлс нэмэгдэнэ гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:   

-Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 59 дугаартай... Ж.Аийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байх боломжтой байна. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 8-р тал/,  

-хохирогч Ж.Аийн ... 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлын хамт олон жилийн эцсийн ажлаа дүгнэж дуусаад орой ажил тараад нэг газар суухаар тохирсон юм. Тухайн үед 15 хүн цугласан байсан. Ажлын хүмүүсийн дунд сугалаа явуулаад хамгийн түрүүнд миний нэр сугалагдаад гараад ирсэн. Тухайн үед Д.Э та нар өөрсдөө бие биенээ сугалчихлаа. Хоорондоо ярьж байгаад хүндээ сугалаагаа тааруулж өгөөд байна гэж хэлээд үсчээд байсан. Тухайн үед нэг их юм бодолгүй байж байгаад Д.Э хүн болгонтой хэрүүл маргаан хийгээд байхаар нь би хажуудаа суу гэж хэлээд хэсэг сууж байтал манай ажлын 2 эмэгтэйд би хувиасаа мөнгө өгнө гээд босох гэтэл би Д.Эт чи хүн ялгаад байхаар бүх хүмүүст өгчих гээд тоглоомоор хэлтэл Д.Э чи юу хуцаад байгаа юм бэ гэж хэлээд шууд баруун тохойгоороо миний хамар хэсэг рүү тохойлдож босож ирээд миний уруул хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/

-хохирогч Ж.Аийн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн №14670 хуудас /хх-ийн 29-30-р тал/

-шүүгдэгч Д.Эын сэжигтнээр мэдүүлсэн....Тухайн өдөр миний төрсөн өдөр бас ажлын жилийн эцсийн тайлан дүн мэдээ гараад тасгийн хамт олноороо нэг орой хамт хоол идэж суусан. Тэр үед би архи согтууруулах ундаа  хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Миний хажууд Ж.А сандал дээр сууж байсан. Тэгээд хүмүүстэй хэрүүл маргаан хийх гээд өрвөлзөж байхад маань Ж.А болиулах гээд над руу үг хэлэх шиг болсон. Би тэр үед нь болиоч гэхээр нь би зүүн гарынхаа тохой гар хэсгээр нь нүүр хэсэг рүү нь цохичихсон юм. Ж.Аийн биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: 2021 оны 12 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт  “Орхон молл” худалдааны төвд шүүгдэгч Д.Э нь ажлын газрын хамт олонтой шинэ жил тэмдэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан үүсгэж улмаар Ж.Аийг тохойгоороо нүүрэн хэсэгт цохиж биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч,  яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Д.Эын үйлдлийн улмаас Ж.Аийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 59 дугаартай ...Ж.Аийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...гэх дүгнэлт, хохирогч Ж.Аийн... Д.Э чи юу хуцаад байгаа юм бэ гэж хэлээд шууд баруун тохойгоороо миний хамар хэсэг рүү тохойлдож босож ирээд миний уруул хэсэг рүү цохисон...гэх мэдүүлэг,шүүгдэгчийн мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Д.Эын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Д.Э 2021 оны 12 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт  “Орхон молл” худалдааны төвд Ж.Аийн хамар луу тохойгоороо цохиж, “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай  гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т: гэм буруу зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Хэргийн шалтгаан нөхцлийн тухайд, шүүгдэгч архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалжээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.

        Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ж.А нь хохирол нэхэмжилсэн боловч үндэслэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байгаагаас энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ НЬ

1. Шүүгдэгч Б овгийн Дн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ