Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

 

2022        01          25                                      2022/ШЦТ/36

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эт холбогдох эрүүгийн 2225000000004 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт “Эм Си Эс” ХХК-ний хашаанд манаачийн байшинд архидан согтуурсан үедээ хамт байсан Б.Дын толгой руу нь цохиж, үснээс нь зулгаан гутлаар нүүр лүү нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч О.Эын мэдүүлсэн: 12 дугаар сарын 03-наас 4-нд шилжих шөнө ажлын байран дээр ирсэн байсан. Их согтуу байсан. Үйл явдлыг сайн санахгүй байгаа. Хохирогчийн биед гэмтэл учруулан зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээний төлбөр 2,615,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:   

-хохирогч Б.Дын ... 2021 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө “Эм Си Эс” ХХК-д хамт ажилладаг хүмүүстэйгээ архи, согтууруулах ундаа хэрэглээд ажлын газрын О.Э, Уртнасан нарын хамт Баянцагаан багт байх “Эм Си Эс” ХХК-ний хашаанд байх гэрт ирж хоносон. Бид гурав замдаа 1 ширхэг 2.5л савалгаатай пиво авсан бөгөөд пивоо уугаад сууж байхад Э нь манай хуучин найз залууг ярьж, доромжилж эхэлсэн. Миний уур хүрээд хацар луу нь нэг алгадаад авсан. Э уурлан доромжлоод байсан ба би салхинд цонх саваад байхаар нь цонх хаахаар явж байхдаа газар хэвтэж байсан Эын хөл дээр санаандгүй гишгэсэн. Э уурлан босож ирээд миний үснээс зулгаан доош дараад толгойн ар хэсэг рүү 3 удаа цохьсон. Бид хоёрыг маггалдахыг сонссон Уртнасан босож ирээд бид хоёрыг салгаж байхад О.Э миний өмсөж байсан даашинзнаас татаж ураад, миний нүүр лүү нэг удаа цохиж намайг газарт унагаасан. Тэгээд намайг газраас босож ирэхэд О.Э гутлаа өмсөх гээд байж байсан ба би очоод чи намайг яасан гэж ингэж байгаа юм пизда минь гээд нүүр лүү нь 3 удаа алгадаж авахад Э гартаа байсан гутлаараа миний нүүр лүү 1 удаа цохиод авсан. Тэгээд Уртнасан хүрч ирж бид хоёрыг ахин салгасан...Миний шүдэнд эмчилгээ хийлгэж, шинээр шүд хийлгэхэд гарсан 2,615,000 төгрөгийг О.Э бүрэн барагдуулсан. Надад О.Эоос нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй ” гэсэн мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-н 11, 14-р тал/

-гэрч Г.Ун ... Д, Э нарын хамт Баянцагаан багт байх “Эм Си Эс” ХХК-ний байранд байх гэрт такси барьж ирцгээсэн...Д хэсэг ганцаараа ууж байгаад Эын хөл рүү өшиглөж, нүүр лүү нь алгадаж хамт ууя гээд дуудаад байсан. Э хэсэг хэвтэж байгаад унтаж амармаар байна, гэртээ харьж унтанаа гэсэн. Тэр хоёр хэн хэнийгээ цохиж байгаа нь мэдэгдэхгүй 3-4 удаа нэгийгээ цохиод авах шиг дуугараад байсан. Би юу болов гээд орноосоо бууж ирэхэд Э гутлаа өмсөх гээд сууж байсан ба Д түүний нуруу луу алгадаж цохиж авсан. Э уурлан өмсөх гэж байсан гутлаараа Дын нүүр лүү 1 удаа цохиод авсан. Д чи миний шүдийг хугалчихлаа гээд бид 3 цагдаагийн газарт хамт ирж, гомдол гаргасан.….гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай ...Б.Дын биед дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, зүүн нүдний урд булан, зүүн шуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Баруун нэгдүгээр шүдний хугарал, зүүн нүдний урд булан, хацар зүүн шуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зүэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэх дүгнэлт /хх-ийн 22-26-р тал/

-шүүгдэгч О.Эын яллагдагчаар мэдүүлсэн....2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлын газрын хүмүүстэйгээ ах Оюунбаатарын гэрт архи ууж байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эм Си Эс” компанийн хашаанд хамт ажилладаг Уртнасан гэх эмэгтэйгийн гэрт ирчихсэн гутлаа өмсөх гээд эсвэл тайлах гээд сууж байсан. Д гэх ажлын газрын эмэгтэй над руу дайрч намайг гараараа хоёр удаа алгадсан, би уурандаа гартаа байсан гутлаараа Дын нүүр лүү цохиход Уртнасан босож ирээд одоо больцгоо гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч О.Э нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт “Эм Си Эс” ХХК-ний хашаанд манаачийн байшинд архидан согтуурсан үедээ хамт байсан эмэгтэй Б.Дтай маргаж улмаар толгой руу нь цохиж, үснээс нь зулгаан, гутлаар нүүр рүү нь цохиж зодон биед нь дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, зүүн нүдний урд булан, зүүн шуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Дээрхи үйл баримт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогдсон бөгөөд шүүгдэгч О.Эын үйлдлийн улмаас Б.Дын биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай ...Б.Дын биед дээд баруун нэгдүгээр шүдний хугарал, зүүн нүдний урд булан, зүүн шуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана....гэх дүгнэлт, хохирогч Б.Дын... Миний уур хүрээд хацар луу нь нэг алгадаад авсан. Э уурлан доромжлоод байсан ба Эын хөл дээр санаандгүй гишгэхэд уурлан босож ирээд миний үснээс зулгаан доош дараад толгойн ар хэсэг рүү 3 удаа цохьсон. Бид хоёрыг маргалдахыг сонссон Уртнасан босож ирээд бид хоёрыг салгаж байхад О.Э миний өмсөж байсан даашинзнаас татаж ураад, миний нүүр лүү нэг удаа цохиж намайг газарт унагаасан. Тэгээд намайг газраас босож ирэхэд О.Э гутлаа өмсөх гээд байж байсан ба би очоод чи намайг яасан гэж ингэж байгаа юм пизда минь гээд нүүр лүү нь 3 удаа алгадаж авахад Э гартаа байсан гутлаараа миний нүүр лүү 1 удаа цохиод авсан..гэх мэдүүлэг, гэрч Г.Уртнасангийн... Тэр хоёр хэн хэнийгээ цохиж байгаа нь мэдэгдэхгүй 3-4 удаа нэгийгээ цохиод авах шиг дуугараад байсан. Би юу болов гээд орноосоо бууж ирэхэд Э гутлаа өмсөх гээд сууж байсан ба Д түүний нуруу луу алгадаж цохиж авсан. Э уурлан өмсөх гэж байсан гутлаараа Дын нүүр лүү 1 удаа цохиод авсан. Д чи миний шүдийг хугалчихлаа гээд ...гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч О.Эын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч О.Эыг 2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт “Эм Си Эс” ХХК-ний хашаанд байх манаачийн байшинд Б.Дын толгой руу нь цохиж, үснээс нь зулгаан гутлаар нүүр лүү нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай гэж,

-шүүгдэгч: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт санал гаргажээ.

Хэргийн шалтгаан нөхцлийн тухайд, шүүгдэгч, хохирогч нар архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалжээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.

        Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв..

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Д нь ямар нэгэн санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 48-р тал/-д авагдсан бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овгийн О. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ