| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01901/И |
| Дугаар | 1323 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 1323
| 2017 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2017/01323 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 оршин байрлах Жи Мобайл ХХК /5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 хороо, Монел 4 гудамж, 62 тоотод оршин суух, Нанзадын Эрдэнэбатад /НШ67091076/ холбогдох
180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нанзадын Эрдэнэбат нь 2014 оны 11 сарын 21-ний өдөр манай компанитай 1169444 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм.
Хэрэглэгч нь 1169444 гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 120,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймээс Н.Эрдэнэбаттай байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 120,000 төгрөг, гэрээний 5.3-д зааснаар алданги 60,000 төгрөг, нийт 180,000 төгрөгийг хэрэглэгч Н.Эрдэнэбатаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жи мобайл ХХК нь Н.Эрдэнэбат надаас 180,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Би 2017 оны 05 сарын 01-ний өдрийн дотор 180,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Н.Эрдэнэбатаас 180,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Эрдэнэбат нь 2017 оны 05 сарын 01-ний өдрийн дотор 180,000 төгрөгийг Жи мобайл ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Эрдэнэбатад холбогдох 180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Эрдэнэбат нь 2017 оны 05 сарын 01-ний өдрийн дотор 180,000 төгрөгийг Жи мобайл ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6050 төгрөгийн тал хувь болох 3025 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Эрдэнэбатаас 3025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ