Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 700

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/00700

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэг 13 гудамж, 166 тоотод оршин суух Боржигон овгийн Гүрсэдийн Алтанцэцэг /РД:АС64112501/-ийн,

Ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Алтанцэцэг ирсэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оноос 1995 оны хооронд Архангай аймгийн Хашаат сумын Их эргэлт нэгдэлд малчнаар үр бүтээлтэй ажиллаж байсан. 2016 оны 10 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гарган ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байсан тушаалын хуулбаруудаа авахаар Архангай аймгийн архиваас шүүлгэхэд миний ажил төрөлтэй холбоотой материал гараагүй гэсэн хариу өгсөн. Мөн Үндэсний төв архиваас лавлагаа авахад материал байхгүй гэсэн хариуг надад өгсөн. Архангай аймгийн Хашаат сумын Их эргэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тухайн үед хамт ажиллаж байсан Д.Баасан, Ц.Навчаа нар нотолж байгаа юм.

Иймд Г.Алтанцэцэг намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл Архангай аймгийн Хашаат сумын Их эргэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Алтанцэцэг нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хашаат сумын Их эргэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсч шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар, Архангай аймгийн Архивын тасгийн 542 тоот лавлагаа болон хэрэгт цугларсан бусад баримтыг харьцуулан судалж үзэхэд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг шүүх тогтоох нь зүйтэй байх ба дараах үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт Г.Алтанцэцэгийн 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдлийн даргын 80 тоот тушаалаар Г.Алтанцэцэгийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Цайдам бригадад малчнаар ажиллуулахаар томилсон бичилт хийгдсэн, тус дэвтэрт 1981 оноос 1985 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан ажлын хоног, хөдөлмөрийн хөлсний бичилт хийгджээ. Архангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 369 тоот “Гүрсэд овогтой Алтанцэцэгийн цалингийн тодорхойлолт”, хүсэлт гаргагчид 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрээр Г.Алтанцэцэг нь 1984 оноос эхлэн 1991 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд бүтэн ажиллаж, цалин авч байсан болохыг тодорхойлж ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд Архангай аймгийн Хашаат сумын Их эргэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн тус 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г.Алтанцэцэгт олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт Г.Алтанцэцэг нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн, гэрч Ц.Навчаа, Д.Баасан нарын “Г.Алтанцэцэг нь 1991 оныг хүртэл мал маллаж байгаад 1992 оноос Хашаат сум руу бойн дээр ажиллах болсон” гэх мэдүүлгээр хүсэлт гаргагч тус нэгдэлд ажиллаж байсныг нотолж байна.

Харин хүсэлт гаргагч 1995 оныг хүртэл ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн боловч 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 07 дугаар сарыг 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан нь баримтаар нотлогдохгүй, хүсэлт гаргагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүсэлтээ нотлоогүй байх тул хүсэлтийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овгийн Гүрсэдийн Алтанцэцэг нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 06 дугаар сарыг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарыг дуусталх хугацаанд тус тус Архангай аймгийн Хашаат сумын Их эргэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Г.Алтанцэцэг нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 07 дугаар сарыг 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хашаат сумын Их эргэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Г.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ЭНЭБИШ