Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1022

 

 

 

 

 

 

 

 

 

-

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Амарзаяа

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 770 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч Б.Г-нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б.Г-од холбогдох эрүүгийн 1808032610860 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.Г-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 3-21  тоотод байрлах нийтийн байрны 5 дугаар өрөөнд амьдарч байсан иргэн Х.Э-ын эзэмшлийн 43 инчийн “LG” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 960.210 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б..Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Г-ыг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г-цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Г-давж заалдах гомдолдоо: “...Би хулгайлсан эд зүйл болох телевизорыг авч яваад цагдаад баригдан хураалгаж, улмаар хохирогчийн гар дээр очсон. Миний бие гэмт хэрэгт холбогдсоноос хойш хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэтэл гэм буруугийн тал дээр ямар ч маргаан гаргаагүй, анхнаасаа хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Би тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Миний өмгөөлөгч Л.Батаа анхан шатны шүүхэд ялыг хөнгөрүүлэх хүсэлт тавьсан боловч... тухайн хураасан зурагтыг хохирогчид буцаан олгох ажиллагаа хийгдсэн бөгөөд үүнийг шүүгдэгчээс хохирол, хор уршгийг сайн дураар арилгасан гэж үзэхгүй... гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...” хэмээн заасан байх тул миний хувийн болон бусад байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г-нь 0-5 насны гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруу дээр маргаагүй хүлээн зөвшөөрсөн. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-3 дахь хэсэгт “... ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял...” гэж зааснаар хамааруулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулахгүйгээр ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Г-нь гэм буруугийн асуудалд маргадаггүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар төлсөн буюу цагдаад баригдаж, хулгайлж авсан тухайн зурагтыг хохирогчид буцаан олгогдсон байдаг. Өөр ямар нэгэн байдлаар хохирол төлөөгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Г-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 3-21  тоотод байрлах нийтийн байрны 5 дугаар өрөөнд амьдарч байсан иргэн Х.Э-ын эзэмшлийн 43 инчийн “LG” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 960.210 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Х.Э-ын: “Би ажилдаа явахаар 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 13 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. Намайг явахад ... 4-16 насны 4 хүүхэд маань гэртээ үйлдсэн. Харин эхнэр маань өглөө 07 цаг 30 минутын үед ажилдаа явсан. Тэгээд би өдөр ажил дээрээ байж байтал 17 цагийн орчимд манай нийтийн байрны эзэн над руу утсаар залгаж яриад “танай гэрт хулгай ороод зурагтыг чинь аваад явчихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд ажлаасаа гараад гэртээ ирсэн ... Тэгтэл манай гэрийн 43 инчийн “LG” брендийн хар өнгийн зурагт алга болсон байсан. Тэгээд тэр өдрөө цагдаагийн газар очиход манай зурагтыг хулгайлсан хүнийг барьчихсан, манай зурагтыг буцааж өгсөн юм. 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 3, 4 дүгээр хороолол “BSB” цахилгаан барааны дэлгүүрээс 1.000.000 төгрөгийн лизингээр худалдан авсан “LG” брендийн 43 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт байсан. Манай гэрээс өөр зүйл алдагдаагүй.” гэх мэдүүлэг /хх-14-15/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Т-ийн: “... 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би гэрээ хараад 4 настай дүү М-тэй үлдсэн байсан юм. ... Тэгээд дүүтэйгээ хамт гадаа тоглохоор гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалгыг түгжээгүй гараад явчихсан байсан. Намайг гадаа тоглож байх үед манай гэрийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-34/,

 

Шүүгдэгч Б.Г-ын яллагдагчаар өгсөн: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би ... хүнээс мөнгө зээлье гэж бодоод нийтийн байр руу очоод өрөөнд нь ороход хаалга нь онгорхой, дотор нь ямар ч хүн байгаагүй. Би архины халуунд гарахдаа тэр айлын зурагтыг аваад гараад явчихсан юм. Тэгээд зурагтаа тэврээд гудамжаар явж байгаад саатуулагдсан. ...Хавтгай дэлгэцтэй том хар зурагт байсан. Би бусадтай хамтраагүй, ганцаараа байсан. Эхнэр маань төрөх гээд мөнгөний хэрэг гарчихсан байсан. Хулгайлсан зурагтаа бүрэн бүтнээр нь буцааж өгч хохиролгүй болгосон. Өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-31/,

 

“Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-49-50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөгч чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

 

Шүүгдэгч Б.Г-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгч байсан, хохирогчийн хохирол барагдсан, гомдол саналгүй байх тул түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс доошгүйгээр 1 жил хорих ял болгон Б.Г-од хорих ял хөнгөрүүлэн оногдуулж, “ял шийтгэл хөнгөрүүлэх” талаар гаргасан шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангах боломжтой байна.

 

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хэргийн зүйлчлэл өөрчлөхгүйгээр ял шийтгэл хөнгөрүүлэн” анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 770 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Г-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ыг нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОЧ

                         ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ