Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0096

 

Г.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 571 дүгээр шийдвэрт нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Т-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн б/758 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Г.Т намайг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ээлжийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь өөрт олгогдоогүй эрх гэдгийг мэдсээр байж ялтны ар гэрээс мөнгө хүлээн авч, дамжуулсан. Энэ талаар илтгэлийн дэвтэртээ огт тусгаагүй нь ялтантай хувийн харилцаа тогтоосон гэх үндэслэл болсон ба сахилга, ёс зүйн зөрчил нь өөрийнх нь өгсөн тайлбар, бусад баримтаар тогтоогдсон. Ингэж Хорих ангийн дотоод журмыг зөрчсөн тул тухайн харилцааг илүү нарийн зохицуулсан хууль болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны б/758 дугаар тушаалаар ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 571 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Т-ын гаргасан "...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн б/758 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Г.Т-ыг Дархан Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ээлжийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо:Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дээрхи шийдвэр нь хангаагүй буюу шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй буруу дүгнэлт хийж хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа дараах үндэслэлүүд байна.

1. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй талаар:

Нэхэмжлэгч Г.Т нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ээлжийн даргаар ажиллаж байсан бөгөөд энэхүү албан тушаал нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаардаг, төрийн жинхэнэ албан хаагч юм. Төрийн жинхэнэ албан хаагч гэдэг утгаараа Төрийн албаны тухай хуулийн 11.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Төрийн албаны хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх Г.Т-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлүүдийг хэрэглэлгүй шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2.5-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгч Г.Т-ын эрх зүйн байдлыг дордуулсан, хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль нь албан тушаалтны захиргааны акт гаргах бүрэн эрх, ажилтанд ногдуулах сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлж зааснаас бус хэрэгжүүлэх арга журам, үндэслэлийг тусгайлан зохицуулаагүй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтны сахилгын шийтгэлийн асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдгийн адил төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах асуудлыг шийдвэрлэхдээ төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн тохирох зүйл заалтыг заавал хэрэглэж шийдвэрлэх ёстой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа болно.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 6 сарын 27-ны өдрийн Б\758 дугаартай тушаалын үндэслэлд төрийн албаны тухай хуулийн 25.1.1, 26.1, 26.1.3 дахь заалтуудыг үндэслэл болгох байтал Төрийн албаны тухай хуулийн дээрхи заалтыг үндэслэл болгоогүй байгаа нь уг захиргааны акт хууль зүйн хувьд илт алдаатай, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан акт гаргасан байхад анхан шатны шүүх ...тухайн захиргааны актын зөвхөн зөрчлийн шинж чанарт нь хийсвэрээр дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлд нь дүгнэлт хийлгүй Г.Т нь төрийн жинхэнэ албан тушаалтан мөн эсэх, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг ямар үндэслэлээр хэрэглэхгүй байгаадаа дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д: " Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа\ 2 ба түүнээс дээш \ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" бол төрийн албанаас халахаар заасан байгаа бөгөөд Г.Т нь урьд нь сахилгын болон ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаж шийтгэл хүлээж байгаагүй байдаг.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Г.Т-ыг төрийн албанаас халах захиргааны акт гаргахдаа " Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сахилгын дүрэм "-ийн 3.8, " Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм"-ийн 5.12.5, 5.12.6 дахь заалтуудыг үндэслэл болгосон байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 7.4-т заахдаа: "Ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчлийг хянан үзэж дүгнэлт гаргахаас гадна албан хаагчдын сахилга ёс зүйг дээшлүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулна." , "Ёс зүйн хорооны ажиллах журмын 1.2-т: "...Төрийн албаны тухай хуулийг баримтална", 3.1-д: "... Зөрчил гарсан талаар шалгаж дүгнэлт гарган ёс зүйн хорооны даргад танилцуулна", 3.2-т: " ...ШШГБ-ын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцээд шийдвэрээ Ерөнхий газрын даргад хүргүүлнэ" гэж заасан байгаа бөгөөд эдгээр дүрэм журмын заалтыг хэрэгжүүлээгүй буюу Г.Т-ын гаргасан зөрчлийн талаар Ёс зүйн хороо шалгаж дүгнэлт гаргаагүй, ёс зүйн хорооны хурлаар хэлэлцээгүй, Ерөнхий газрын даргад дүгнэлтээ хүргүүлээгүй зэрэг ажиллагаануудыг хийгээгүй сахилгын шийтгэл оногдуулж төрийн албанаас халсан нь Б\758 тоот тушаал хууль бус захиргааны акт болохыг давхар нотолж байна.

Сахилгын дүрмийн 2.1-д: "Сахилгын шийтгэл оногдуулахдаа гаргасан зөрчлийн шинж байдал, хүнд хөнгөн, гэм буруугийн хэр хэмжээ, ажилтны хувийн байдал зэргийг харгалзана" гэж заасан байгаа бөгөөд Г.Т-т сахилгын шийтгэл оногдуулахдаа анх удаа сахилгын зөрчил гаргасан, олон жил үр бүтээлтэй ажиллаж олон удаа шагнал урамшуулал авч байсан хувийн байдлыг огт харгалзаж үзэлгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлд заасан 5 төрлийн арга хэмжээ байхад эдгээр шийтгэлээс хамгийн хүндийг нь буюу ажлаас халах шийтгэлийг сонгож хэрэглэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтыг зөрчсөн.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй буруу дүгнэлт талаар :

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Г. Төмөрбаатарын гаргасан зөрчлийг нотолж байгаа баримтын талаар шүүх ...дүгнэлтийг хийхдээ илтгэх хуудас бичсэн дэд хурандаа Б.Чинбат, төлөөлөгч ахмад М.Хүрэлбат нар нь Хорих 445 дугаар ангиас ялтан бүлэглэн оргосон шалтгаан нөхцлийг шалгахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон энэ асуудлыг шалгах явцдаа Г.Т нь ялтан Г.А-д 2014 оны 6 сарын 21-ний бямба гаригт 20.000 төгрөг дамжуулсан асуудлыг илрүүлсэн байдаг. Түүнээс биш дээрхи албан тушаалтнууд нь Г.Т-ын гаргасан зөрчлийг шалгаж тогтоох зорилгоор очоогүй гэдэг нь тэдний илтгэх хуудас бичсэн гарчиг, түүний агуулгаас харагдаж байдаг. Тэгээд ч Г.Т-ыг төрийн албанаас халсан Б\758 дугаартай тушаалын үндэслэлд ялтан оргосон асуудалд Г.Т-ыг буруутгасан үндэслэл заагаагүй байдаг.

Илтгэх хуудсанд бичигдсэн зүйлээс ...үзэхэд ялтан оргоход засварын ажлын үед хананд хүн багтах хэмжээний 4 нүх гарсан байсныг ангийн удирдлага мэдээгүй, мэдсэн албан тушаалтнууд нь арга хэмжээ аваагүй, ялтнуудыг амьдралын бүсэд ажиллуулахдаа хариуцах хяналт тавих албан хаагчийг томилоогүй, оргоход ашиглаж болох банз, труба, дэгээ төмөр зэрэг эд зүйлийг ил задгай тавьсан зэрэг тус байгууллагын дарга, удирдлагуудын хариуцлагагүй үйл ажиллагаа нөлөөлснийг гол шалтгаан нөхцөл болгосон атлаа ялтнуудыг оргоход хариуцлагагүй хандсан \ялтан оргох үед ээлжийн даргаар гарч байсан\ П.Энхболдыг 1 сарын хугацаагаар цалин бууруулах сахилгын арга хэмжээ авч, ялтан оргосон гэх газарт харуул харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Э.Цогтгэрэлд ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулаагүй атлаа, ялтанд 20.000 төгрөг дамжуулсан зөрчил гаргасан Г.Т-ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь төрийн албан хаагчдыг алаг үзэж төрийн алба шударга байх зарчмыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх Г.Т-ын гаргасан гэх " ялтан Г.Алтан-эрдэнэ дээр 2014 оны 06 сарын 21-ний өдөр буюу бямба гаригт ирсэн эргэлтийг ангийн удирдлагад танилцуулаагүй, ялтны ар гэртэй хувийн харьцаа тогтоон, ялтанд мөнгө дамжуулсан, мөнгө авсан" зөрчлийг зөвхөн хурандаа Б.Чинбат, төлөөлөгч М.Хүрэлбат нарын шалгасан " Хорих 445 дугаар ангиас ялтан бүлэглэн оргосон шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор шалгасан илтгэх хуудас , Г.Т, Г.Алтан-эрдэнэ нарын тайлбараар тогтоогдсон гэж үзсэн нь хэргийн үйл баримт болон бусад нотлох баримтуудтай зөрчилдөж байгаа бөгөөд зөвхөн илтгэх хуудас бичсэн, тайлбар өгсөн-өөр уг зөрчил нотлогдсон гэж үзэх боломжгүй юм. Б\758 тоот тушаалд уг зөрчил бямба гаригт буюу амралтын өдөр гарсан болохыг дурьдсан байгаа нь ангийн удирдлага ажлын байрандаа байхгүй, албаны тэмцээнтэй амарч байсан тул нэн даруй ангийн удирдлагад эргэлт ирснийг мэдэгдэх боломжгүй байсан. Тэгээд ч ялтны ар гэртэй уулзалт зохион байгуулаагүй тул удирдлагаас зөвшөөрөл авах шаардлага байгаагүй. Ялтны ар гэрээс авсан 20.000 төгрөгийг дэлгүүрийн худалдагчид өгөх гэж авсан бөгөөд амралтын өдөр таарсан 1 дэх өдөр өгөх гэтэл худалдагч ажилдаа ирээгүй учир уг мөнгийг худалдагчид өгөх боломж гараагүй байдаг. Ялтанд 20.000 төгрөг дамжуулж өгсөн нь сахилгын зөрчил гэхээсээ илүү ёс зүйн зөрчил гэж үзэж байна. Ялтанд өгсөн бэлэн мөнгийг хэн хүлээн авах ямар хугацаанд дансанд хийх талаар зохицуулсан эрх зүйн акт байдаггүй. Т.Төмөрбаатар ялтанд мөнгө дамжуулж өгсөн бүртгэл хөтлөөгүй хавтаст хэрэгт авагдаагүйг нотолж байна Тухайн өдөр ялтан Г.А-ийн ар гэрээс ирсэн эргэлтийг ээлжийн даргаар ажиллаж байсан Г.Т ялтантай уулзуулаагүй болох нь Г.А-ийн тайлбараар нотлогддог бөгөөд Г.Алтан-эрдэнэ нь 20.000 төгрөгийг авснаас хойш 3 хоногийн дараа оргосон нь дэд хурандаа Б.Чинбатын илтгэх хуудсанд тодорхой бичигдсэн байдаг. Г.Т-ыг төрийн албанаас халсан Б\758 тоот тушаалын үндэслэл болоод шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Г.Т-ыг ялтан оргосон үйлдэлд буруутгасан зүйл байдаггүй. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... Бэлэн мөнгө өгсөн үйлдлийн улмаас ялтан Г.Алтан-эрдэнэ нь 6 сарын 24-ний өдөр оргох үндэс болсон байх магадлалтай ба энэ нь " Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм"-ийн 3.8-д заасан "ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй гэдэг хариуцагчийн гаргасан тушаалын үндэслэл хууль тогтоомжид нийцжээ" гэж маргаан бүхий актанд дурьдагдаагүй асуудлыг таамаглалд үндэслэсэн, нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Хариуцагч тал сахилгын зөрчлийг шалгахдаа орон нутгийн удирдлагуудаас тайлбар, саналыг нь аваагүй, Г.Т-ын гаргасан гэх зарчим нь 2014 оны 6 сарын 26-ны өдрийн ШШГЕГ-ын дарга хурандаа С.Баяндалайд бичсэн илтгэх хуудсанд бичигдсэнээр ШШГБ-ын ажилтны Ёс зүйн дүрмийн 5.12.5, 5.12.6 дахь заалтуудыг зөрсөн ёс зүйн зөрчил гэж үзсэн байхад уг зөрчлийг ёс зүйн хорооны гишүүд шалгаж тогтоогоогүй, ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй ёс зүйн хорооны хурлаар хэлэлцээгүй,Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтыг хэрэглэлгүй зөвхөн өөр асуудлаар шалгасан илтгэх хуудсыг нотлох баримт болгосон илтэд хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байгаа, Төрийн албаны тухай хуулийн 71 дугаар зүйлийн 27.2.1-д: " Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх" гэж заасан байгаа нь Г.Т-ыг төрийн албанаас халсан Б\758 тоот захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус акт болохынхоо тулд нэхэмжлэгчид сэтгэл санааны болоод эдийн засгийн хохирол учруулж нэр хүндийг унагааж удаан хугацаагаар ажилгүй цалингүй байлгаж хүнд дарамтанд оруулж байгааг шүүх бүрэлдэхүүн анхааран үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Г.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү.

Жич: Энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч ЗХХШХ-ийн 31.1-д заасан шүүх нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлэлгүй хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчин шүүх хуралдааны дундуур хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаасүрэнг ажил руу нь явуулж " Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2013 оны 02 сарын 06-ны өдрийн А\34 тоот тушаалаар батлагдсан" Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албаны шалгалт явуулах журам"-ыг авч ирүүлсэн бөгөөд уг журмын заалтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон, мөн ЗХХШТХ-ийн 73.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг 7 хоногийн дотор бичгээр үйлдэж шүүгч гарын үсэг зурна гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардсаны эцэст шүүх хурал болсон өдрөөс хойш сар гаруй хугацаа өнгөрсний дараа шүүхийн шийдвэрийг бичгээр гаргаж хууль зөрснийг дурьдах нь зүйтэй байх. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн б/758 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ээлжийн дарга, ахлах дэслэгч Г.Т-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн болон сахилгын дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2.5-д заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болох Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаа, хууль, журмын хэрэгжилтийг шалгасан тухай илтгэх хуудас, ялтан Г.А-ийн тайлбар, Г.Т-ын шалгалтын хэсэгт өгсөн ярилцлага болон шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр нэхэмжлэгч Г.Т нь 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ялтан Г.А-д ирсэн эргэлтийн талаар удирдлагадаа танилцуулаагүй, түүнчлэн түүний ар гэрээс 40000 төгрөгийг авч, ялтанд 20000 төгрөгийг шилжүүлсэн ба энэ талаар бүртгэл хөтлөөгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 5.12.5 алтан, хоригдогч этгээд тэдний ар гэр болон бусад холбоотой этгээдтэй хувийн харилцаа тогтоох, зуучлах зэрэг үйлдэл хийх, 5.12.6 ялтан, хоригдогч этгээдээс мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал, урамшуулал, зээл авах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 3.8 ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасан эрхийнхээ хүрээнд сахилгын шийтгэл оногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасан сахилгын шийтгэлийн төрлөөс сонгон оногдуулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын бүрэн эрхийн асуудал байна.

Мөн энэ тохиолдолд Төрийн албаны хуулийг бус тухайн харилцааг илүү нарийвчилсан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг маргаан бүхий актад баримталсан нь зөв бөгөөд нэхэмжлэгчийн эдгээр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хорих 445 дугаар ангиас ялтан бүлэглэн оргосон шалтгаан нөхцлийг шалгах явцдаа Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинбат нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны А/34 дүгээр тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албаны шалгалт явуулах журам-ын 2.1-ийн Е-д /албаны шалгалт явуулах эрх бүхий албан тушаалтан сахилга, ёс зүйн зөрчлийн шинж тэмдгийг өөрсдөө илрүүлснээр албаны шалгалт явуулна/ заасны дагуу Г.Т-ын зөрчлийг илрүүлэн шалгалт хийж, танилцуулсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн б/758 дугаар тушаалыг гаргасан нь тухайн журмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болон хариуцагчийн тайлбарт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь ялтан оргосон асуудалтай холбоогүй гэсэн байхад анхан шатны шүүхээс үүнтэй холбогдуулан ялтанд мөнгө дамжуулсны улмаас оргосон байх магадлалтай гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ. Гэвч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ньүндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР