Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 60

 

   Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,  

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

Шүүгдэгч: С.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар ямаат овогт Сэрдамбын Отгонбаатарт холбогдох 201620000167 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа машин засдаг ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 09-07 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хар ямаат овогт Сэрдамбын Отгонбаатар  /РД:ОЭ85012155/, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 05-нд шилжих шөнө бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин иргэн Д.Бат-Эрдэнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                  

            1. Хохирогч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой найз болох Б.Баттулгын хамтаар гэртээ 2.5 литрийн 2 сав “Нийслэл” пиво хувааж ууж байгаад унтаж амрахаар болоод гэрээс бие засахаар гарахад өглөөний 03 цаг болж байсан. Тэгээд хашаан дотор байх бие засах газарлуу явж байтал манай хашааны үүдээр 2 хүн явж байхаар нь хашааны онгорхой том хаалгаар гар чийдэн тусгаж харахад нэг нь зүс таних залуу байсан тул тамхи гуйхаар хашаанаас гарсан. Тэгээд би тэдгээр хоёр залуугийн хойноос юу байна гэж мэнд асуугаад зогсохоор нь хойноос очиж хажууд нь зогсоход уг зүс таних залуу “чам шиг муу бацааныг танихгүй юм байна гөлгөө гээд над руу дайрч миний ам руу гараараа нэг удаа цохиход миний дээд үүдэн нэг шүд хугарч 2 шүд гэмтэж дээд уруулын дотор талд язарсан гэмтэл учирсан тул би уг залууд яаж байгаа юм бэ? гэхэд дахин зодох гээд дайрахаар нь болиоч гээд зогсож байтал уг залуу нь чи надаас мөнгө авах уу?, чи гуйлгачин болохоор надаар зориуд цохиулж мөнгө авах гэж байгаа юм уу? Шүд чинь ямар үнэтэй юм бэ? муу тэсийн пизда минь цагдаагаа дуудчих гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь түүнтэй хамт явсан найз нь гэх залуу намайг түүнээс холдуулсан ба би цагдаад хандсан юм. С.Отгонбаатарт зодуулсанаас хойш миний үүдэн нэг шүд хугарсан, 2 шүдний паалан унаж гэмтсэн гэмтэл учраад байна. ... Өмнө нь миний биед гэмтэлтэй байгаагүйг манай найз нөхөд болон манай хамаатан садан нар бүгд мэдэх юм. ” гэх мэдүүлэг / хх-ийн 14--р тал /,

            2. Гэрч Х.Дариймаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд 03 цагийн орчимд Б.Баттулга Д.Бат-Эрдэнэ нар бие засахаар гэрээс гарсан ба удалгүй хашааны гадна талд хүмүүс маргалдах чимээ гарсан. Ингээд хүүхдээ унтуулах гээд хэвтэж байтал Б.Баттулга гаднаас гэрт орж ирээд “ гар утсаа өгчих” гэхээр нь юу болоод байгаа юм бэ? гэхэд “ Д.Бат-Эрдэнийг хүн зодчихлоо цагдаад дуудлага өгөх гэсэн юм” гээд миний гар утсыг аваад гарахаар нь юу болсон юм бол гээд гэрээс гарахад хашаан үүдний гадна хэсэгт манай нөхрийг С.Отгонбаатар гэх согтуу залуу зодчихсон манай нөхрийн амнаас цус гарч байсан. Тэгээд харахад үүдэн дээд шүд хугарчихсан мөн дээд уруул нь хавдчихсан байсан ба Отгонбаатар нь намайг харчихаад чи хэн юм бэ? гээд дайраад байсан. ... 2016 оны 07 дугаар сарын 05-ны шөнө С.Отгонбаатар нь зодуулж гэмтэлтэй болсон.” гэх мэдүүлэг / хх-ийн 16-р тал /,

            3. Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Тэгээд Д.Бат-Эрдэнэ бид хоёр 2.5 литрийн 2 сав нийслэл пиво ууж байгаад шөнө 03 цагийн орчимд унтаж амрахаар болоод гэрээс бие засахаар гарсан. Тэгтэл манай хашааны үүдээр 2 хүн явж байхаар нь Д.Бат-Эрдэнэ хашааны онгорхой том хаалгаар гар чийдэн тусгаж хараад таньдаг хүн байна, тамхи гуйж авч татна гээд хашаанаас гарсан тул би хойноос нь дагаж гарсан. Д.Бат-Эрдэнэ тэдгээр хоёр залуугийн хойноос “юу байна” гэж мэнд асуугаад зогсохоор хойноос очиж хажууд нь зогсоод уг хоёр залуугаас тамхи байна уу? гээд асуух үед уг хоёр залуугийн өндөр биетэй С.Отгонбаатар гэх залуу чам шиг муу бацааныг танихгүй юм байна, муу гөлөг минь гээд Д.Бат-Эрдэний нүүр лүү нэг удаа гараараа цохиход Д.Бат-Эрдэний дээд үүдэн нэг шүд хугарч амнаас нь цус гарч байсан. Тэгээд Д.Бат-Эрдэнэ цагдаа дуудна гээд гар утас аваад ир гэхээр нь би тэдний гэр лүү орж эхнэрт нь болсон хэргийн талаар хэлж гар утас гаргаж Д.Бат-Эрдэнэд өгсөн. Миний хойд талаас Д.Бат-Эрдэнийн эхнэр Дариймаа мөн гарч ирсэн. Цагдаа нар ирж Д.Бат-Эрдэнэ С.Отгонбаатар бид нарыг цагдаагийн газар луу авч очсон. Маргааш нь харахад Д.Бат-Эрдэнийн үүдэн нэг шүд хугарч 2 шүдний паалан унаж дээд уруулын дотор талд язарсан гэмтэл учирсан байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 17-р тал/

            4.  Гэрч Ж.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ”... 2016 оны 7 дугаар сарын 04-ний орой Гашууны гол дээр очиж амарцгааж байгаад 23 цагийн орчимд гэртээ ирцгээсэн. Тэгээд манайхан гэр бүлээрээ Д.Бат-Эрдэний гэрт орж хөзөр тоглож байгаад амрах болоход Д.Бат-Эрдэнэ, Б.Баттулга нар пиво уухаар болсон тул би хүүхдээ аваад гэрлүүгээ амрахаар орсон. Манай нөхөр Б.Баттулга нь Д.Бат-Эрдэнийд үлдсэн. Тэгээд унтаж байтал өглөө 06 цагийн орчимд манай нөхөр гэртээ орж ирэхээр нь хаана байж байгаад ирэв гэхэд шөнө Д.Бат-Эрдэнийг хүн зодоод бид 2 цагдаагийн газар очиж байцаалт өгөөд ирж байна гэж хэлсэн. Босоод Д.Бат-Эрдэнийд ороход түүний дээд үүдэн нэг шүд хугарч дээд уруул нь хавдчихсан байсан. Тэгээд өөрөө надад хэлэхдээ нэг шүд хугарч 2 шүдний паалан унаж гэмтлээ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

            5.  Гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 7 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед найз Г.Хүрэлхүүгийн гадаа тамхи татаад зогсож байтал С.Отгонбаатар ах тэднийд ирсэн. Бид хэсэг зогсож юм ярьж байгаад би тэд нараас салаад хүнтэй уулзаад эргэж С.Отгонбаатар ах луу утсаар залгаж хаана байгааг нь асуухад Баагийгийн хороололын гудамжинд байна гэхээр нь очиход Баагийгийнд ороогүй хашааныхаа нь ойролцоо хашааны гадна Г.Хүрэлхүү, С.Отгонбаатар ах хоёр 2,5 литрийн пиво аваад ирчихсэн ууцгаах гэж байсан. Ингээд бид нар уг пивийг ууж байтал 2 цагийн үед байх Л.Алтанхундага ирээд бид нарын хажууд сууж байгаад ээж дуудаад байна гээд буцсан. Пиво дуусах үед Г.Хүрэлхүү шөнө болчихлоо харилаа гээд явчихсан тул би С.Отгонбаатар ахыг гэрт нь дөхүүлж өгөхөөр дагуулаад явахад С.Отгонбаатар ах согтуурхаж орилоод байсан тул би хойд талд нь гарыг нь тэврээд явж байгаад нэг айлын хашааны үүдний хэсгээр зөрөөд өнгөрөх үед бид нарын хойд талаас танихгүй 2 залуу гарч бид хоёрыг гүйцэж ирээд тамхи байна уу гэхээр нь би тамхи алга гэчихээд цааш эргэх үед нэг залуу нь энэ намайг цохичихлоо шүд хугалчихлаа шүү дээ гээд байснаа цагдаад хандсан юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газарт авч ирэхэд уг хоёр залуугийн нэгнийх нь зүүн үүдэн дээд шүдний буйлнаас цус гарч харагдсан. Өөр гэмтэл харагдаагүй. Би уг нь Бат-Эрдэнэ гэх хүнийг Отгонбаатар ах яаж цохисныг нь бол хараагүй Бат-Эрдэнэ намайг цохичихлоо шуд хугачихлаа шүү дээ гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

            6.  Гэрч Г.Хүрэлхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 7 дугаар сарын 04-ний орой би найз Б.Эрдэнэчулууны хамтаар хашааны үүдний гадна талд 23 цагийн орчимд зогсож байтал Түргэн сумын таньдаг хүмүүс ирсэн тул тэд нартай юм яриад зогсож байтал С.Отгонбаатар ах бид нар дээр ирсэн юм. Түргэн сумын хүмүүс явах үед Б.Эрдэнэчулуун алга болчихсон тул би өөрт байсан 2.5 литрийн нэг том пивийг С.Отгонбаатар ахтай уухаар болоход С.Отгонбаатар ах мөн нэг пиво авч ирсэн. Ингээд бид хоёр уг хоёр сав пивийг уухаар найз Баагийгийн гэрийн ойролцоо хороолол дотор сууж байтал Б.Эрдэнэчулуун бид хоёр дээр ирсэн тул бид гурав пивоо хувааж ууцгаасан. Ингээд бид нар уг пивийг ууцгааж байтал 02 цагийн орчимд байх найз Л.Алтанхундага гэрээсээ гарч ирээд бид нарын хажууд сууж байгаад ээж дуудаад байна гээд харихаар явчихсан. Тэгээд би шөнө болчихсон тул харихаар явсан Б.Эрдэнэчулуун, С.Отгонбаатар нар С.Отгонбаатарын гэр лүү явсан. Тэгээд маргааш өглөө Б.Эрдэнэчулуун 09 цагийн үед орчимд манайд ирэхээр нь би хаагуур яваад ирэв явах цаг оройтлоо гэхэд Б.Эрдэнэчулуун надад ... би цагдаа дээр байж байгаад ирлээ гэж хэлэхээр нь юу болсон юм бэ? гэхэд “С.Отгонбаатар ах харих замдаа нэг хүн зодчихсон тул цагдаагийн газарт очиж байцаалт өглөө” гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй, би ч асуугаагүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 21-р тал/,                                

            7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 321 тоот дүгнэлтэд: “ Үзүүлэгч Д.Бат-эрдэний биед тухайн үед гэмтэл учирсан байна. Дээд нэг үүдэн шүд хугарсан /№12/, 11-р шүдний паалан хууларч унасан, дээд уруулын салст улайлттай, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь цөм нэг дор үүссэн байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Эрүүл мэндэд тодорхой хугацаанд нөлөөлнө.” / хх-ийн 26-р тал/,

8. Хохирогч Д.Бат-Эрдэнийн “Амбулториор эмчлүүлэгсдийн карт” / хх-ийн 65-р тал /

            9. Шүүгдэгч С.Отгонбаатарын эзэмшлийн “Nissan X-Trail” маркийн 69-65 УВХ улсын дугаартай автомашиныг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт / хх-ийн 09-11-р тал/

10. Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн  350 дугаартай “Автомашин үнэлсэн тухай тайлан “-аар  битүүмжилсэн эд хөрөнгөнд 2.500.000 төгрөгийн үнэлгээ хийсэн баримт / хх-ийн 30-31-р тал /,

11. Шүүгдэгч С.Отгонбаатарын амьжиргааны түвшингийн 10 бүлэгт багтсан, одоогоор эхнэр бид 2 ажилгүй, өрхийн орлогогүй учир надад өмгөөлөгч томилж өгнө үү гэх хүсэлт, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 355 дугаар тодорхойлолт /хх-44, 50/

12. Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн засаг даргын С.Отгонбаатарыг тус багт оршин суудаг болохыг тодорхойлсон 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 695 тоот тодорхойлолт / хх-ийн 57-р тал /,

13. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 58-60-р тал /,

            14. Шүүгдэгч С.Отгонбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 63-64-р тал /, 

15. Шүүгдэгч С.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 7 дугаар сарын 04-ний орой манайд гаднаас зочин ирсэн тул би гэртээ бага зэрэг 1,5 литрийн шимийн архи уусан, оройхон Хүрэлхүүгийнд очиход Хүрэлхүү гэрийнхээ хашааны гадна Эрдэнэчулуун болон Түргэн сумын харъяат гэх хүмүүсийн хамтаар байсан. Тэд нартай юм яриад хэсэг зогсож байтал Түргэн сумын гэх хүмүүс болон Эрдэнэчулуун явчихсан юм. Тэгэхэд Хүрэлхүү 2,5 литрийн нэг том савтай Боргио пиво уухуу гээд гаргаж ирэхээр нь би “Тэс арвижих” хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн 1 сав пиво авч уг 2 сав пивоо аваад Хүрэлхүүгийн хамтаар Баагийгийн гэр лүү явж байтал Эрдэнэчулуун над руу яриад хаана байна гэхээр нь би Баагийгийн гэрээ гадаа байна гэхэд удалгүй Хүрэлхүү бид 2 дээд Эрдэнэчулуун ирсэн. Ингээд Баагийгийн хашааны гадаа бид нар 2 сав пивийг ууцгаасан. Пиво хувааж уугаад дуусаж байтал шөнө болж байна одоо харьцгаая гээд Хүрэлхүү явсан тул Эрдэнэчулуун бид 2 манайх руу явсан юм. Тэгээд харьж яваад нэг хашааны өмнө хэсгээр зөрөөд өнгөртөл хашаанаас хоёр залуу гарч ирээд зөрөөд өнгөрсөн бидний хойноос дуудахаар нь зогстол хажууд ирээд тамхи байна уу гэсэн. Тэгэхээр нь тамхи алгаа гэчихээд өмнөөс нь гараа далайтал тамхи асуусан залуугийн нь амруу нэг удаа цохигдох шиг болсон. Энэ үед уг хүн нь шүд цохичихлоо гээд чамайг цагдаад бариулна гэснээс болж би уг хүнтэй бага зэрэг маргалдсан. Бид хоёрын дунд хувийн таарамжгүй харьцаа, өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Би Бат-Эрдэнээс уучлалт гуйж хохирлыг нь бүрэн барагдуулж өгсөн. ...Надад сонгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би дахин ийм хэрэг хийхгүй байж чадна. Хувиараа бусдын автомашин засаж амьдралаа залгуулдаг тул манай гэрийн амьдрал байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгөхий хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40, 42/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд

ДҮГНЭВЭЛ:

Шүүгдэгч С.Отгонбаатар нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 05-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 багийн нутаг дэвсгэр, Буянт хороололын гудамжинд хохирогч Д.Бат-Эрдэнийг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Бат-Эрдэнэ, гэрч Х.Дариймаа, Б.Баттулга, Ж.Отгонбаяр, Б.Эрдэнэчулуун, Г.Хүрэлхүү, нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 321 тоот дүгнэлт, шүүгдэгч С.Отгонбаатарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Шүүгдэгч С.Отгонбаатар нь нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин ямар ч шалтгаангүйгээр танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь догшин авирласан гэж үзэх үндэслэл болох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч С.Отгонбаатарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч С.Отгонбаатарыг догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Отгонбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бат-Эрдэнийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогч Д.Бат-Эрдэнэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол, төлбөргүй талаар хохирогч Д.Бат-Эрдэнэ мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзсэн болно.

Шүүх шүүгдэгч С.Отгонбаатар нь согтруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болон гэр бүлийн байдлын хувьд өрхийн амьжиргааны түвшингийн 10 бүлэгт, 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч С.Отгонбаатарт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ. 

    Шүүгдэгч С.Отгонбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Япон улсад үйлдвэрлэсэн Nissan X-Trail маркийн 69-65 УВХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэгт, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар Ямаат овгийн Сэрдамбын Отгонбаатарыг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч С.Отгонбаатарт 3 жил 05 хоног хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Отгонбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Отгонбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонбаатарын эзэмшлийн Nissan X-Trail маркийн 69-65 УВХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч С.Отгонбаатарт оногдуулсан 3 жил 05 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, түүнд 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгчид өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

   8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                    С.БОЛОРТУЯА