Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1507

 

Н.Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00974 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Барилга зүгшрүүлэлтийн хэлтэст ашиглалтын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Итгэлбат, Б.Өнөржаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Цогтгэрэл нь тус байгууллагад 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б/96 тоот тушаалаар Барилга зүгшрүүлэлтийн хэлтэст ашиглалтын мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй, ажлын байрын чиг үүргийг биелүүлж ажиллаж байсан. Ажилд ороод удаагүй байтал тус байгууллагын удирдлага солигдож 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн. Барилга зүгшрүүлэлтийн хэлтэс нь нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан. 1 хэлтсийн дарга, 2 ахлах мэргэжилтэн, 2 нь мэргэжилтэн байсан. Хэлтэс татан буугдсан гэж ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Барилга зүгшрүүлэлтийн хэлтсийн нэр нь Орон сууц ашиглалтын хэлтэс болсон. Барилга зүгшрүүлэлт гэдэг нь Барилгын тухай хуульд байдаг. Барилга баригдаж эхлэхээс дуусах хүртэл буюу тухайн барилгыг иргэдэд хүлээлгэж өгөх хүртэл хугацааны бүхий л үйл ажиллагаа буюу тухайн нийт иргэдтэй харилцах, гомдол гаргах, тухайн барилгад гэмтэл учирсан байвал тэр гэмтлийг засварлах үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагаа, чиг үүрэг хэвээрээ байхад нэрийг нь орон сууц ашиглалтын хэлтэс гэдэг үг нэмээд тухайн мэргэжилтний орон тоог нэмсэн. Ахлах мэргэжилтний орон тоог хасаад 1 болгоод тухайн мэргэжилтний тоог 3 болгосон. 2 хүний хийдэг ажлыг 3 болгосон. Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан барилга зүгшрүүлэлтийн хэлтэст ашиглалтын мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулах эсвэл дүйцүүлэх албан тушаалд томилуулахыг даалгуулах, ажилгүй байсан бүх хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж дуусах өдөр хүртэл гаргуулахаар нэхэмжилж байна. Ажлаас халсан өдрөөс ажилгүй байсан нийт 139 өдөр байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийн 2016 оны 9, 10, 11 дүгээр саруудын дунджаар тооцоход нэг өдрийн цалин 54 423 төгрөг байна. Нэг сарын дундаж цалин 1 170 108 төгрөг. Ажлын 139 хоногт үржүүлэхээр 7 564 797 төгрөг болж байгаа. Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын нийт орон тоо, орон тооны дээд хязгаарыг баталсан. Өмнө нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь 89 хүнтэй үйл ажиллагаа явуулж байсан. Шинээр батлагдсан орон тоогоор 60 орон тоотой байхаар баталсан. Нийт 29 орон тоогоор цөөрүүлсэн. Өмнө нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь өөрөө бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалтаа баталдаг байсан. Шинээр Төрийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын бүтэц, орон тоог Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар баталдаг байхаар нэмэлт өөрчлөл орсон. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар манай бүтцийг баталж өгсөн байдаг. Энэ хүрээнд шинээр байгуулагдсан барилга зүгшрүүлэлтийн хэлтэс татан буугдаж, энэ хэлтэст ажиллаж байсан ажилчдын хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр цуцалсан. Энэ дунд Н.Цогтгэрэл гэдзг хүнийг ажлаас чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 45 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн. Н.Цогтгэрэл нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ажилд орсон ба 2 сарын хугацаанд туршилтаар ажиллаж байсан. Хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Н.Цогтгэрэл нь ажил хөдөлмөр эрхлээгүй гэдгийг нотолсон баримт байхгүй. Барилгын тухай хуулийн өөрчлөлтөөр баталгаат хугацааны 3 жил байхгүй болоод барилгын зүгшрүүлэлт гэж байхаар болоод энэ нь 1 жил байхаар болсон. Энэ утгаараа барилга зүгшрүүлэлтийн хэлтэс ажиллуулж байсан. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь цаашид барилга барихгүй болсон тул энэ хэлтсийн чиг үүрэг байхгүй болсон. Түрээсийн орон сууцны ус дулаан дамжуулах зэрэг ашиглалттай хблбоотой асуудлыг орон сууц ашиглалтын хэлтэс ажиллаж байгаа. Буянт-Ухаа төсөл дээр ажиллаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Барилга зүгшрүүлэлтийн хэлтэст ашиглалтын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах эсхүл дүйцүүлэх албан тушаалд томилуулахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 7 564 797 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Н.Цогтгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Цогтгэрэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

1. Нэхэмжлэгчийг ажил олгогч 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/170 тоот тушаалаар Ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч, техник хяналтын газрын Барилга зүгшрүүлэлтийн хэлтсийн ажиглалтын мэргэжилтэнгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халсан болно. Барилга зүгшрүүлэлтийн хэлтсийн ажиглалтын мэргэжилтэн нь Барилгын тухай хууль болон барилга ашиглалтын дүрэмд зааснаар орон сууц буюу барилга ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан.

2. Хэдийгээр хариуцагч дээд газрын шийдвэрийг биелүүлэх ёстой ч гэсэн тус тушаал шийдвэр гаргах үндэслэл нь тодорхой байх ёстой атал тодорхой бус үүнийгээ нотлоогүй болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 53 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт буюу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын дүрмийн 4.1.3-т заасан үйл ажиллагааны чиглэл болон үйл ажиллагаа явуулах хугацаанаас хархад хариуцагчийн хэлээд байгаа шиг дан ганц барилга барихгүй түрээсийн орон сууц л ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь няцаагдана.

3. Мөн дүрмийн 6.8.4-т тус газрын захирал нь Үйлдвэрийн газрын бүтэц, зохион байгуулалтыг боловсруулж албан тушаалтныг томилох чөлөөлөх эрхтэй байхаар тусгасан бөгөөд хэдийгээр өөрөө батлах эрхгүй ч гэсэн боловсруулаад тус дүрмийн 6.3-т зааснаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт санал оруулснаар тус байгууллагын бүтэц батлагдах ёстой. Тэгэхээр ямар шалтгааны улмаас бүтцээ боловсруулахдаа ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч, техник хяналтын газрын Барилга зүгшрүүлэлтийн хэлтэс ямар шалтгааны улмаас татан буугдсан асуудлыг хариуцагчаас нотлох баримтаар нотлоогүй болно. Үүнийг л байгууллагын орон тоо хасагдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн гэдэг нь тухайн орон тоо бүтцийг шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан, шийдвэр бодитой буюу орон тоо хасах, цөөрүүлэх, бодит шалтгаан болсон байх үйл баримт байхгүй өөрөөр хэлбэл орон тоо хасах бодит шалтгаан байхгүй, үүнийгээ хариуцагч нотлох баримтаар нотлоогүй болно.

4. Тус шүүх орон тоо хассан дотоод нэгж татан буугдсан нь ямар шалтгаантай бөгөөд шалтгаан нь бодитой гарсан эсэхэд биш зөвхөн хариуцагчийг цаг хугацаандаа мэдэгдлээ өгсөн эсэх болон тушаал шийдвэрээ болон ажлаас халагдсаны тэтгэмжээ ажил олгогч нь хуульд заасны дагуу өгсөн эсэхэд л дүгнэлт өгнө гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуульд орон тоо хассан гэсэн зохицуулалтыг нарийвчлан тусгаагүй бөгөөд хууль тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар болон зөвлөмжөөр нэршил нь өөрчлөгдөөд чиг үүрэг нь байхад яах тухай зохицуулалт байхгүй зөвхөн ажил албан тушаалын нэршлээс хасагдсан буюу цөөрсөн байхыг ойлгох гэсэн байгаа нь огт тухайн байгууллагт нэхэмжлэгчийн хийж байсан ажил үүрэг хийгдэхгүй болохыг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгчийн хийж буй ажил өнөөдөр тус байгууллагад байгаа болон чиг үүрэг нь хэвээрээ гэдгийг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа дурьдаад байхад тус шүүхээс анхаарч үзсэнгүй.

5. Нэхэмжлэгч нь 2015 оны 778 дугаар тогтоолоор Ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч, техник хяналтын газрын Барилга зүгширүүлэлтийн хэлтэст ашиглалтын мэргэжилтэн гэсэн нэршлийн дор өнөөдөр 2016 оны 53, 127 дугаар тогтоолуудад заасан Барилга байгууламжийн захиалагчийн газрын Түрээсийн орон сууц ашиглалтын хэлтэс болон нэршил нь өөрчилөгдсөн. Учир нь Монгол улсын засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт буюу Барилга ашиглалтын дүрмийн 1.1-т ... Бүх төрлийн барилга байгууламжийн ашиглалттай холбоотой харилцааг энэхүү дүрмээр зохицуулна гэсэн атал хариуцагч зөвхөн нэршлийг нь өөрчлөөд газар хэлтэс нь татан буугдсан гэсэн нь үндэслэлгүй.

6. Татан буугдсан гээд байгаа Ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч, техник хяналтын газар 2015 оны 778 тоот бүтцээр нийт 15 буюу газрын дарга-1,Ерөнхий инженер-1,Барилгын хяналтын инженер-5, Усан хангамж ариутгах татуургын инженер 2, Цахилгааны инженер-2, Дулаан хангамж агаар сэлгэлтийн инженер-1, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер-1, Барилгын материалын инженер-1, Холбоо дохиоллын инженер-1 гэсэн орон тоогоор ажиллаж байсан. Харин 2016 оны 53, 127 тоот тогтоолоор шинээр баталсан бүтцээр мөн нийт 15 орон тоогоор буюу Барилгын материалын инженерийн орон тоо хасагдаад Усан хангамж ариутгах татуургын инженер 1, Цахилгааны инженер 1 болж цөөрөөд ахлах мэргэжилтэн нэмэгдсэн бөгөөд Зураг төслийн инженер болохоор өмнөх бүтцээр тус газарт харьяалагддаг хэлтэс татан буугдсан нь нэмэгдсэн болохоос ажил албан тушаалын нэршил өөрчлөлт ороогүй байгаа болно. Хэрвээ энэхүү газрын чиг үүрэг тухайн байгууллагад хэрэггүй гээд татан буугдсан юм бол энэхүү нэршилд байсан албан тушаалууд яагаад шинэ бүтцийн ажил албан тушаалын нэршилд туссан юм бэ. Тэгэхээр эндээс хархаар Ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч, техник хяналтын газар татан буугдаагүй зөвхөн нэршил нь солигдсон байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй бөгөөд уг газар нь татан буугдсан мөн нэгж хэлтэс дагаад татан буугдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь газар нь ч татан буугдаагүй, хэлтэс ч татан буугдаагүй болно.

7. Тус хэлтэст нэхэмжлэгчийн хийж байсан хэлтэст хийт нийт 5 хүн ажиллаж байсан бөгөөд 4 хүнийг нь цөөрүүлнэ гэсэн боловч ганцхан нэхэмжлэгчийг цөөрүүлсэн нь давуу байдал буюу ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг ажилд ороод удаагүй учир орон тоог хассан гэсэн боловч бусдыг нь халаагүй байгаа нь тус орон тоог хассан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Мөн Ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч, техник хяналтын газрын Барилга зүгширүүлэлтийн хэлтсийн ашиглалтын мэргэжилтэн болон Барилга байгууламжийн захиалагчийн газрын Түрээсийн орон сууц ашиглалтын хэлтсийн Орон сууцны ашиглалт хариуцсан мэргэжилтэн болон Гүйцэтгэгч байгууллагуудтай харилцах мэргэжилтэн, иргэдтэй харилцах мэргэжилтэнгийн ажлын байрны тодорхойлолтыг хооронд нь тулгаж үзэхийн бол Ерөнхий төлөвлөгөө барилга захиалагч, техник хяналтын газрын Барилга зүгширүүлэлтийн хэлтсийн ашиглалтын мэргэжилтэнгийн чиг үүргийг Барилга байгууламжийн захиалагчийн газрын Түрээсийн орон сууц ашиглалтын хэлтсийн Орон сууцны ашиглалт хариуцсан мэргэжилтэн болон Гүйцэтгэгч байгууллагуудтай харилцах мэргэжилтэн, иргэдтэй харилцах мэргэжилтэнгүүдэд өмнө нь 2 хүн нэгтгээд хариуцан ажиллаж байсан чиг үүргийг хуваагаад өгчихсөн байгааг харах бөгөөд энэхүү тодорхойлолтын нэршлийн зарим үг нь барилгын үг хэлэлгээр зармыг нь орлуулаад өөрчилсөн буюу чиг үүрэг нэмэгдэж өөрчлөгдөөгүй бөгөөд зөвхөн барилга гэсэн үгний оронд түрээс гэсэн үг нэмэгдээд ажлын байрны ажлын байрны гол үйл ажиллагаа болон ажлын байрны үндсэн зорилтыг хооронд нь холин байршлыг нь солиод нааш цааш болгосноос өөр нэмэгдсэн зүйл байхгүй байгааг шүүхээс анхаарч үзсэнгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00974 тоот шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Н.Цогтгэрэл нь хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Барилга зүгшрүүлэлтийн хэлтэст ашиглалтын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу цуцалсан гэж маргаж байна.

 

Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/170 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 53, 127 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгож Н.Цогтгэрэлийг Барилга зүгшрүүлэлтийн хэлтсийн ашиглалтын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хэргийн 12 дугаар тал/

 

Төрийн өмчийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 778 дугаар тогтоол, түүний хавсралтаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын орон тооны дээд хязгаарыг 89 байхаар тогтоосон ба үүнээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан Барилга зүгшрүүлэлтийн хэлтэс 5 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан байна.

/хэргийн 94-95 дугаар тал/

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаар тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаар, захиргааны албан тушаалын жагсаалтыг баталсан ба орон тооны дээд хязгаарыг 60 байхаар, тухайн бүтцээр Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар /борлуулалт, түрээсийн хэлтэстэй/, Захиргаа, санхүүгийн газар /хуулийн хэлтэстэй/, Барилга байгууламжийн захиалагчийн газар /Орон сууц ашиглалтын хэлтэстэй/ байхаар, зохион байгуулалтын бүтцийн схемийг 2 дугаар хавсралтаар, захиргааны албан тушаалын жагсаалтыг 3 дугаар хавсралтаар шинэчлэн баталж, дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 127 дугаар тогтоолоор дээрх 53 дугаар тогтоолын 1 дүгээр заалтад а/ Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газар (маркетинг, борлуулалтын хэлтэстэй), б/ Захиргаа, санхүүгийн газар (аж ахуйн албатай), в/ Гэрээ, хөрөнгийн удирдлагын газар, г/ Барилга байгууламжийн захиалагчийн газар (орон сууц ашиглалтын хэлтэстэй), 2 дахь заалтаар Төрийн орон сууцны корпораци Төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схемийг 1 дүгээр хавсралтаар, захиргааны албан тушаалын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталж, тогтоолын 2, 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцож өөрчлөлт оруулжээ.

/хэргийн 24-29 дүгээр тал/

 

Дээрх тогтоолуудаас үзэхэд хариуцагч байгууллагын нийт ажилчдын орон тоо 89 байсныг 60 болгож, 29 орон тоогоор багасгаж баталсан байх ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан Барилга зүгшрүүлэлтийн хэлтэс татан буугдсантай холбоотойгоор ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсноо, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөс 46 хоногийн өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгджээ. /хэргийн 3 дугаар тал/

 

Иймд хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтэц, ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, орон тооны дээд хязгаарыг цөөрүүлсэнтэй холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/170 дугаартай Н.Цогтгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч байгууллагад бүтэц, орон тооны өөрчлөлт бодитой хийгдэж ажлын байрны тоо цөөрсөн гэдгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд хариуцагч түүнийг халах зорилгоор өөр үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн ажиллаж байсан Барилга зүгшрүүлэлтийн хэлтсийн ашиглалтын мэргэжилтний ажил, албан тушаал нь шинээр батлагдсан Орон сууц ашиглалтын хэлтэст хэвээр хадгалагдаж байгаа гэх түүний тайлбар үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, аливаа байгууллага бүхэлдээ татан буугдалгүйгээр дотоод салбар, нэгж татан буугдаж, ажлын байр цөөрүүлэх замаар бүтцийн өөрчлөлт хийгдэх үед урьд байсан салбар, нэгж, түүний ажилтан, албан тушаалтны ажлын байрны зорилго, чиг үүрэг дараагийн шинээр бий болсон салбар, нэгж, түүний ажилтан албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, чиг үүрэгтэй тодорхой хэмжээгээр давхцаж, адил байх боломжтой бөгөөд энэ нь ажлын байр цөөрөөгүй буюу нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа гэх үндэслэл болохгүй юм. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2017/00974 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                            ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

 

                                                                С.ЭНХТӨР