Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 08

 

“Дипирамид” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Есүхэй, Б.Алтанбадралт, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Х.Санчигдорж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 821 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0756 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Дипирамид” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2, 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1 хэсэгт заасныг тус тус баримтлан “Дипирамид” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичгүүдийн “Дипирамд” ХХК-д холбогдох хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгийн 9 дүгээр багц буюу “Дипирамд” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2016/0756 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 821 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиалагч байгууллага болох Уул уурхайн яамнаас “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, "Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1.200000-ны масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил"-ын төсөл, "Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил"-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендер зарлан зохион байгуулсан байдаг. Уг тендерт оролцсон “Геосан" ХХК, "Геологийн судалгааны төв" ТӨҮГ, “Геомин" ХХК, "Найман бат" ХХК, “Гео-Эрин" ХХК, "Жинст-Уул" ХХК, "Литолог" ХХК-аас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гомдол гаргасныг Сангийн яамны зүгээс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоот гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн тухай албан бичгээр Уул уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материалыг ирүүлэхийг шаардсан байдаг. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд хуулийн 52.1.7 дэх хэсэгт “энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх” гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан болохыг анхан шатны шүүх харгалзан үзэх боломжтой байсан. Сангийн яам дээрх тендер шалгаруулалтыг хянан үзэж хуулийн 55.3.1 дэх хэсэгт энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх, гэж заасны дагуу тендер шалгаруулалтыг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр хүчингүй болгосон нь хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байна. Дээрх хууль нь тухайлсан зохицуулалттай онцгой харилцааг зохицуулагддаг хууль юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0825 дугаар шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж захиргааны маргаан бүхий акт болох Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дугаар албан бичгүүдийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийн хүчингүй болгосон байдаг. Дээрх тендер шалгаруулалтын хүчингүй болгосон шийдвэр нь хуулийг зөв ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.

Захиалагч Уул уурхайн яам дээрх тендер шалгаруулалтад шалгарсан оролцогч болох нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр буюу мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 5 хоног дуусаагүй байхад гэрээ байгуулсан нь хуульд зөрчсөн байдаг. Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дугаар албан бичигт дээрх гэрээ байгуулсан үйлдэл хуулийн 42.1.2. дэх хэсэгт захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр хуулийн зохицуулалтыг зөрчиж гэрээ байгуулсан болохыг мэдэгдсэн албан бичиг байсан. Давж заалдах шатны шүүх дээрх хуульд заасан хуулийн заалтыг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байсан боловч давж заалдах шатны шүүх хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 821 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 221/МА2016/0756 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч зарим нэхэмжлэлийн шаардлагын хувьд хуулийг буруу тайлбарлаж, захиргааны хэргийн харьяаллын бус маргаан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Дипирамид” ХХК нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичиг, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичиг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд шинээр хэрэгжүүлэх геологи судалгааны ажлын зөвлөх сонгон шалгаруулах тендерийн  багц-9, Цайлангийн нуруу-50 төслийн сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсан байна. Улмаар тендерт оролцогч бусад этгээдээс гомдол гаргаснаар хариуцагч Сангийн яам нь “Уул уурхайн яам холбогдох баримтыг ирүүлээгүйгээс гомдлыг хянах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон” гэх үндэслэлээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгожээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг авч хэлэлцээд, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэрийг гаргана” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, Сангийн яам нь захиалагч болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн болохыг шалгаж тогтоосны дараа тендерийг хүчингүй болгох эрхтэй болохоос зөвхөн “шаардсан баримтыг ирүүлээгүй” гэх үндэслэлээр тендерийг хүчингүй болгох эрхгүй байна.

Гэтэл энэ тохиолдолд Сангийн яам нь тендер шалгаруулалттай холбоотойгоор захиалагч хууль зөрчсөн талаар дүгнээгүй, шалгаж тогтоогоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд захиалагчийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах эрх, үүргийг тодорхой заасан, эдгээр үүргийг хэрхэн зөрчсөн тухай Сангийн яамнаас нотлоогүй, ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Хариуцагчаас “мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 5 хоног дуусаагүй байхад гэрээ байгуулж, захиалагч хууль зөрчсөн” гэх гомдлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах чиг үүрэгтэй.

Энэ хүрээнд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахад, маргаан бүхий захиргааны актууд “ажлын 5 хоног дуусаагүй байхад гэрээ байгуулсан” гэх үндэслэлээр гараагүй, дээр дурдснаар “холбогдох баримт ирүүлээгүй” гэх үндэслэлээр гарсан байна.

Иймээс шүүх нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй, акт гарснаас хойших үйл баримтын талаар дүгнэлт хийхгүй, захиргааны өмнөөс түүний гаргасан алдаатай шийдвэрийг зөвтгөн тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй тул дээрх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс захиргааны актад тооцож шийдвэрлэсэн нь буруу байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Маргаан бүхий 4/63 албан бичиг нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд чиглэсэн боловч “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй гэсэн байна” гэх агуулгаар гарсан буюу өөрөө эрх зүйн үр дагавар учруулаагүй, захирамжилсан шинжгүй, зөвхөн Сангийн яамнаас тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон талаар мэдэгдсэн, дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, “дахин сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд танай компанид мэдэгдэнэ” гэх агуулгаар гарсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар бичгээр гаргасан, захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор зохицуулжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь маргаан бүхий асуудлаар бие даасан захирамжилсан шийдвэр гаргаагүй, тендерийг хүчингүй болгоогүй зөвхөн дээд шатны байгууллагын шийдвэрийг дамжуулан мэдэгдсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар энэ нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзлээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс хариуцагч давж заалдах гомдол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад улсын тэмдэгтийн хураамж төлсөн мэтээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 821 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 756 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн 9 дүгээр багц буюу “Дипирамид” ХХК-д холбогдох хэсгийг” гэснийг хасч, шийдвэрийн “тогтоох” хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн 9 дүгээр багц буюу “Дипирамид” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дугаарыг 3 болгон тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ