Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 165

 

Д.Доржпаламд холбогдох тогтоол

 биелүүлэхтэй холбогдож гарсан

асуудлын тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамж,

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар магадлалтай, Д.Доржпаламд холбогдох материалыг ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1954 онд төрсөн, эрэгтэй, 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн 70а-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 15 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялын эхний 5 жилийг гянданд, үлдэх 10 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэснийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр магадлалаар эхний 5 жилийг гянданд, үлдэх 10 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр өөрчлөлт оруулж, улмаар Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалаар эдлээгүй үлдсэн 8 жил 21 хоногийн хорих ялаас өвчнийг эмчлүүлж, ял эдлэх боломжтой болтол хугацаагаар хойшлуулсан, Бэсүд овогт Доржсүрэнгийн Доржпалам.

Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/1346 тоот шийдвэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлийн 76.1.4 дэх хэсэгт зааснаар Д.Доржпаламын үлдэх хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 445 дугаар ангид хоригдож буй Д.Доржпаламыг нэн даруй сулласан байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, 25 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн 21 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна.  Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэхдээ Үндсэн хуулийн болон Эрүүгийн хуулийн заалтууд зөрчигдсөн эсэх, хүний эрх чөлөөг хууль бусаар хязгаарласан эсэх зэрэг асуудлыг тал бүрээс нь авч хэлэлцэхгүй, зөвхөн Д.Доржпаламд ялтан гэдэг байдлаар хандаж шүүгчийн захирамжийг хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Д.Доржпалам нь Сэлэнгэ аймгийн шүүхийн 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн 70а-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, эхний 5 жилийг гянданд, үлдэх 10 жилийг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг Дээд шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр магадлалаар эхний 5 жилийг гянданд, үлдэх 10 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр өөрчилсөн бөгөөд Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалаар эдлээгүй үлдсэн 8 жил 21 хоногийн хорих ялаас өвчнийг эмчлүүлж, ял эдлэх боломжтой болтол хугацаагаар хойшлуулж байсан.

Д.Доржпалам нь 1992 онд хорих ялаас чөлөөлөгдсөн цагаас эхлэн 2015 оны 5 сар хүртэл 23 жилийн хугацаанд Дархан-Уул аймгийн Орхон суманд гэр бүлийн хүний хамт ногоо тарьж амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, шат шатны сонгуульд иргэний хувиар оролцож байсан. Хорих ялаас чөлөөлөгдөж 23 жил өнгөрсөн байхад 2015 оны 05 дугаар сард Нийслэлийн прокурорын газрын албан тоотоор Д.Доржпаламыг өвчин нь эдгэрсэн гэсэн үндэслэлээр дахин хорих ялыг эдлүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарах хүртэл хорих ангид ял эдэлж байсан. Д.Доржпалам нь биеэр 8 жил 8 сар 11 хоног, шагналын 1 сар 5 хоног нийт 8 жил 9 сар 16 хоногийн ялыг эдэлж, 6 жил 2 сар 14 хоногийн хорих ялыг эдлээгүй юм.

Нийслэлийн прокурорын газрын албан тоотоор Д.Доржпаламд дахин ял эдлүүлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлийн 76.1.4 дэх хэсэгт “Арван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн боловч арван таван жил өнгөрсөн бол шийтгэх тогтоолыг биелүүлэх хугацаа өнгөрсөн тохиолдолд ялаас чөлөөлөх”,  мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ” гэж тус тус заасан. 1986 оны Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлийн 1г-д “Таван жилээс дээш хугацаагаар хорих, эсхүл хүнд ял шийтгүүлсэн боловч арван жил өнгөрсөн... бол таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж болохгүй” гэж заасан. Мөн 1986 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өвчний учир ялаас чөлөөлөхдөө тухайн өвчнийг эдгэртэл хугацаагаар ялаас чөлөөлөхөөр зохицуулсан байсан бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар өвчнийг эдгэртэл гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болсон байхад эрх зүйн акт баримтгүй, хүнийг эрхийг бүдүүлгээр зөрчиж хорих ял эдлүүлсэн гэж үзэж байна.  Иймд Д.Доржпаламыг хорих ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334, 340 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн. Иймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Хяналтын шатны шүүх ялтан Д.Доржпаламд холбогдох тогтоол биелүүлэхтэй холбогдсон гарсан асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасан “Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн,   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Аливаа шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу хянав.

Д.Доржпалам нь 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн 70а-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 15 жил хорих ялаар шийтгүүлж хорих ялаа эдэлж байгаад өвчний улмаас 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалаар түүний эдлээгүй үлдсэн 8 жил 21 хоногийн хорих ялаас өвчнийг эмчлүүлж, ял эдлэх боломжтой болтол хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснээс хойш 23 жилийн дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр прокурор өвчин нь эдгэрсэн гэх үндэслэлээр үлдэх хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ялтны хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг ялтан ялаа эдлэхэд саад болох хүнд өвчнөөр өвчилсний улмаас хойшлуулсныг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх журмыг тусгайлан зохицуулаагүй хэдий ч хорих ялаас чөлөөлөх, тэнсэн суллах, ял солих, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах, хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх зэргээр шүүхийн тогтоолын биелэлтэд өөрчлөлт оруулах үндэслэл бүхий нөхцөл байдал бий болсон тохиолдолд зөвхөн шүүх шийдвэрлэж байхаар хуульчилсан байна.

Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалаар Д.Доржпаламыг ялаа эдлэхэд саад болох хүнд өвчнөөр өвчилсөн үндэслэлээр хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулсан байх бөгөөд хорих ялыг сэргээн эдлүүлэх асуудлыг прокурорын дүгнэлтээр шүүх шийдвэрлэх байжээ.

Хэдийгээр Д.Доржпаламд хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож, хорих ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх тухай асуудлыг тухайн ялыг эдлүүлж байсан, уг ажиллагаанд хяналт тавьж байгаа  байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хүлээн авч шийдвэрлэх ёстой боловч шүүхийн шийдвэргүйгээр Д.Доржпаламын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндсөн прокурорын үйл ажиллагаанд гаргасан гомдлыг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Нөгөө талаар уг маргаан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн зөрчилтэй холбоотой тул Улсын Дээд шүүхээс хянах үндэслэл бий болсон бөгөөд түүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн бага суудлын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар магадлалаар шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болохыг тогтоосон, мөн ял сэргээн эдлүүлэхтэй холбоотой гарсан маргааныг Улсын дээд шүүхээс хянан шийдвэрлэж байсан байна.

Д.Доржпаламын гомдлын агуулгын тухайд хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг биелүүлэх явцад ял эдлэхэд саад болох нөхцөл байдлын улмаас тогтоолын биелэлтийг хойшлуулсан бол түүнийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 76 дугаар зүйлд заасан тогтоол биелүүлж болох хугацаанд шийдвэрлэх бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш уг зүйл, хэсэгт заасан хугацаа өнгөрсөн бол  ялтны үндсэн ба нэмэгдэл ялыг эдлүүлж болохгүй.

Иймээс ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар магадлалыг хүчингүй болгосугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР