Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

 

 2022       01         25                                        2022/ШЦТ/38

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2125000000019 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь  2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вегас” бааранд хамгаалагч ажилтай Г.Т нүүр лүү мөргөж, толгой руу гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч Б.Оын мэдүүлсэн: Тэр орой бааранд 4-үүлээ орж ууж идсэн. 2 шил архи уусан. Баарны захирал хамгаалагчтай орж ирээд гарга гэсэн. Тэгсэн чинь манай найзыг үүрээд шидчихээр нь би тэр хүнийг мөргөсөн, цохисон. Би их согтуу байсан. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийн эмчилгээнд 650,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:  

-хохирогч Г.Т ... 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн орчимд “Вегас” баарны эзэн миний ажилладаг “Скай кинг” хамгаалалтын албаны хамгаалагч нарыг дуудаад бааранд байгаа хүмүүсийг гарга гэхээр нь би хоёр эрэгтэй хүн дээр очоод та нар намбалаг байгаач гээд хэлэхэд бид нар энд ууж идэж байна гэхээр нь олон нийтийн газарт танхайрч агсан согтуу тавьж болохгүй гэсэн. ...Тэд нар баарнаас гарах гэж байхдаа хэрэлдээд гарсан ба эргэж орж ирээд баарны эзнийг доромжлоод байсан. Би Дэлгэрсайханыг ширээн дээр нь аваачиж суулгачихаад байж байхад Шижирбат босож ирээд надтай маргалдсан ....хар куртиктай залуу орж ирээд миний шүд рүү толгойгоороо мөргөж, зүүн чих рүү гараараа цохиод яваад өгсөн.....надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг зодсон О нь надаас уучлалт гуйж, миний эмчилгээний зардалд 650,000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон тул надад гомдол санал байхгүй. Би шүүх хуралд суухгүй… гэх мэдүүлэг /хх-н 8, 11-р тал/

-гэрч С.Ан ...2021 оны 12 дугаар сарын 10-ны орой “Вегас” баарыг ажиллуулж байхад 4 эрэгтэй бүжгийн талбай дээр гараад шүгэлдсэн. Би тэр залуу дээр очоод ахын дүү битгий шүгэлдээд бай, гудманд яваагүй шдээ гэж хэлэхэд миний урдаас салаавч гаргасан ба цуг явж байсан бүдүүн биетэй, хар цамцтай залуу намайг хэл амаар доромжлоод салаавч өгөхөөр нь би хамгаалагчид энэ хоёр залууг гарга гэж хэлсэн. Тухайн үед хамгаалагчаар Т, Амгалан гэх хоёр залуу гарч байсан хар өнгийн куртиктэй өндөр залуу ирж, Т гэх хамгаалагчийг ам руу нь хүчтэй мөргөж, дахин нэг удаа гараараа толгой руу нь цохисон….гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

-гэрч Б.Шн...”Вегас” бааранд найз Дэлгэрдалай, Идэрбаяр, О нарын хамт архи уусан. Бааранд ороод дөрвүүлээ 2 шил архи захиалж уугаад байж байхад баарны эзэн нь хамгаалагчтай ирээд та нарт үйлчлэхгүй гэж хэлсэн. Бид нар мөнгөө төлөөд орж ирсэн, бид нарыг хөөх эрх байхгүй, үйлчилбэл үйлчилсэн шиг үйлчил гэж хэлээд маргаан үүсгэсэн. Намайг нэг хамгаалагч гавласан. Тэр үед О, Идэрбаяр нар ирж салгаж байсан. Нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

-гэрч Д.Ан... О гэх залуу ирээд Т шүд рүү мөргөж чих рүү цохиод авсан. Тэгсэн бүдүүн Дэлгэрдалай гэх залуу цааш аваад явсан. Цагдаа нар ирж нөгөө зодоон хийсэн гэх хүмүүсийг авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай...Г.Т биед 11, 21 дугаар шүдний 1-р зэргийн хөдөлгөөн, буйлны үрэвсэл, дээд уруул, зүүн чихний ар, хүзүүний зүүн тал бүсэлхийн зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, зүүн шилбэний урд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 10-нд үүссэн байж болно. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндтийг түр хугацаагаар сарниулна. 11, 21 дугаар шүдний 1-р зэргийн хөдөлгөөн, буйлны үрэвсэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р тал/

-шүүгдэгч Б.Оын ...Баарны захирал гэх залуу хамгаалагчтайгаа орж ирээд бид дөрвийг баарнаас хөөсөн. Тэр үед бид дөрөв авсан архиа уучихаад гаръя гэтэл эд нарыг гавлаад цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд хэрүүл маргаан үүсээд би тэр гэх захирал ахтай уулзаж бид нар авсан архиа уучихаад удахгүй гарна ахаа гэж хүртэл хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Б.О нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны орой 23-24 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Вегас” бааранд үйлчлүүлж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж зүй бусаар авирлаж хамгаалагч дуудахад хүргэж улмаар шаардлага тавьсан хамгаалалтын ажилтан Г.Т шаардлагыг эсэргүүцэн мөргөж цохиж зодон биед нь тархи доргилт, баруун гар, зүүн тохой, гуя, өвдөг, баруун шилбэнд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Дээрхи үйл баримт шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Оын үйлдлийн улмаас Г.Т биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай ...Г.Т биед 11, 21 дугаар шүдний 1-р зэргийн хөдөлгөөн, буйлны үрэвсэл, дээд уруул, зүүн чихний ар, хүзүүний зүүн тал бүсэлхийн зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, зүүн шилбэний урд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт,хохирогчийн...хар куртиктай залуу орж ирээд миний шүд рүү толгойгоороо мөргөж, зүүн чих рүү гараараа цохиод яваад өгсөн... гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Б.Оын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэлд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хамгаалалтын ажилтан Т зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай гэж,

-шүүгдэгч: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт санал гаргажээ.

Хэргийн шалтгаан нөхцлийн тухайд, шүүгдэгчийн олон нийтийн газарт биеэ зөв авч явах, согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх тухайд төлөвшөөгүй хувь хүний сэтгэхүйн хандлага түлхэц болсон байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.

        Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв..

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.Тд 650,000 төгрөг төлсөн, ямар нэгэн санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 52-р тал/-д авагдсан бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б Бн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 700/ долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ