Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2505

 

 

 

                   

 

 

2017 оны 08 сарын 08 өдөр

  Дугаар 101/ШШ2017/02505

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10-127 тоотод оршин суух, Равагийн Цэндийн /ШВ731121110/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан 4 гудамж, 61 тоотод оршин суух, Хоохорын Сэржмаад /ЦЗ67030666/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 48,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Гөлгөө, өмгөөлөгч Б.Уранцэцэг, Ч.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Цэнд, төлөөлөгч М.Гөлгөө нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Р.Цэнд миний бие Хоорорын Сэржмааг 4 жилийн өмнөөс ажлын шаардлагаар таньдаг болсон. Х.Сэржмаа нь “төсөл хэрэгжүүлж багйаа, тоног төхөөрөмж авахад мөнгө дутаад байна. Та надад түр 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлээч” гэхээр нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүү авахаар тохиролцсон бөгөөд миний бие өөрийнхөө төрийн банкин дахь хадгаламжаас 40,000,000 төгрөгийг авч тэр даруйдаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын Төрийн банкны салбараас Х.Сэржмаагийн данс руу шилжүүлсэн. Гэтэл мөнгө авснаас хойш Х.Сэржмаа нь намайг хуурч, итгэл эвдэн зээлийн хүүг нэг ч удаа төлөөгүйгээр барахгүй, үндсэн зээлээ төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн.

Х.Сэржмаа нь надаас 40,000,000 төгрөгийг авахаасаа өмнө 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 28,500,000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлж байсан бөгөөд энэ мөнгөө тодорхой хэмжээгээр төлж байсан бөгөөд түүний энэхүү үйлдэл нь миний итгэлийг олж авсныхаа дараа дахин зээлийн гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө залилж авах санаа зорилготой байсан нь тодорхой байна. Иймд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 4,800,000 төгрөг, нийт 44,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 28,500,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан бөгөөд энэ зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нийт 48,800,000 төгрөгийг Х.Сэржмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Сэржмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд худлаа зүйлүүд бичигдсэн байна. Р.Цэнд гуайн хүсэл зорилго огт биш, бидний дунд ямар яриа хэлцэл болсныг мэдэхгүй учир дурдаагүй байна. Би 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Р.Цэнд гуайгаас нэг ч төгрөг зээлж аваагүй. Р.Цэнд гуай “надад ийм бичиг хэрэгтэй байна, хэрэглэчихээд ураад хаячихна” гэхээр нь бичиж өгсөн. Дараа нь эхнэр нь энэ бичгийн дагуу шүүхэд хандана гэж бодоогүй. Х.Сэржмаагийн данс руу 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж худлаа бичсэн байна. Иймд 44,800,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Харин Р.Цэнд гуайд зээлж авсан 3,500,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл, дээр нь 4,000,000 төгрөг, Цэцэрлэгжилт ХХК-ийн захирал Магсаржавын Р.Цэнд гуайд өгөх ёстой мөнгийг би төлнө гэж хэлсний дагуу нийт 7,500,000 төгрөгийг төлөх нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Цэнд, хариуцагч Х.Сэржмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс 7,500,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 28,500,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн, үндсэн зээл, хүүгийн хамт 48,800,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилжээ.

Хэрэгт 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгө хүлээн авсан тухай баталгаа” гэх хариуцагч Х.Сэржмаагийн нэхэмжлэгч Р.Цэндээс 28,500,000 төгрөг хүлээн авсныг илэрхийлсэн баримт, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Зээлийн гэрээ” гэх 40,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зохигчийн гарын үсэгтэй гэрээ тус тус нотлох баримтаар авагдсан байна.

Нэхэмжлэгч тал 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан ихэсгэсэн шаардлагадаа болон шүүх хуралдааны явцад Х.Сэржмаа нь 28,500,000 төгрөгийн зээл, хүүнд 45,600,000 төгрөг төлөхөөс 41,600,000 төгрөг /41,600,000-28,500,000=13,100,000/ төлж /45,600,000-41,600,000=4,000,000/ 4,000,000 төгрөг үлдсэн гэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар 28,500,000 төгрөгийн зээлд хариуцагч хүү төлөх үүрэггүй буюу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Мөнгө хүлээн авсан тухай баталгаа” гэх баримтыг зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхгүй, гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй нь талууд хүсэл зоригоо илэрхийлж хүү тохирсон гэрээ гэх үзэх хэлбэрийн шаардлага хангагдаагүйн зэрэгцээ тус баримт нь хариуцагч, нэхэмжлэгчээс мөнгө зээлснээ хожим баталгаажуулсан нэг талын бичгийн илэрхийлэл бүхий баримт байна.

Хариуцагч Х.Сэржмаа нь 28,500,000 төгрөгийн зээлд 13,100,000 төгрөгийн хүү төлөх үүрэггүй байжээ. Нэхэмжлэгчийн өмнөх 28,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл гэж 4,000,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй, хариуцагч өмнөх зээлд 13,100,000 төгрөг илүү төлсөн байна. /28,500,000+13,100,000=41,600,000/

Харин 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд зохигч гарын үсэг зурж хүсэл зоригоо баталгаажуулсан, тус гэрээний дагуу хариуцагч, нэхэмжлэгчид хүү төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч тус зээлээс хүү, зээл төлсөн байдал нотлогдохгүй байх тул мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч зээл 40,000,000 төгрөг, хүү 4,800,000 төгрөг, нийт 44,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл 48,800,000 төгрөгийн шаардлагаас хариуцагчийн илүү төлсөн 13,100,000 төгрөг, 28,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, нийт 17,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 31,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эрхийн талаархи мэдээлэл, лавлагааг авах ажиллагаа явуулаагүй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Х.Сэржмаагийн хөрөнгө, орлого, эрхээс төлбөрийг гаргуулах талаар тодорхойлох, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг тусгайлан заагаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан ердийн арга, журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Сэржмаагаас 31,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Цэндэд олгож, нэхэмжлэлээс 17,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Цэндийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Сэржмаагаас 316,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Цэндэд олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Р.Цэндийн төлсөн 1,050 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж Р.Цэндэд олгосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ