Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч С.Баярчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсүхийн Оюун-Ундраад холбогдох эрүүгийн 2026000000150 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, бага боловсролтой, ам бүл 6, хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Данзангийн гудамж 47 тоотод оршин суух хаягтай, урьд:

  • Сэлэнгэ аймгийн шүүхийн 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109.6-т зааснаар 1 жилийн албадан ажил хийлгэх ялаар,
  • Сэлэнгэ аймгийн Ардын хэсгийн 1 дүгээр шүүхийн 1980 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109.6-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
  • Дархан хотын 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
  • Дархан хотын ардын шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,
  • Дархан хот дахь сум дундын шүүхийн 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
  • Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.3 дахь хэсэг, 131.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 180.000 төгрөгөөр торгуулсан,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
  • Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар
  • /Уг тогтоолд хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн 4 жил 11 сар 15 хоногийн хугацааг хэрэгсэхгүй болгосон/
  • Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
  • Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
  • Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсүхийн Оюун-Ундраа, регистрийн дугаар: /ТИ66053001/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс иргэн М.Жавзандуламын эзэмшлийн түрийвчтэй бэлэн мөнгө, бичиг баримт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 462.800 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хүнс бараан захын орчимд иргэн С.Цэцэгмаагийн халааснаас түрийвчийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 314.900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүгдэгч Б.Оюун-Ундраа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Одоо бол үнэхээр бие ч дийлэхгүй болсон байна” гэв.

Хохирогч М.Жавзандуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн үед миний цүнхэнд 400 орчим мянган төгрөг байсан. Би тухайн үед мөрдөгч Батбаяраас тавын юань 1 ширхэг, нэгийн юань 3 ширхэг, бусад нь монгол мөнгөн дэвсгэрт нийт 393.000  төгрөг хүлээж авсан. Би өөрийн алдсан эд зүйлс болон мөнгөө буцааж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 178-180, 4хх-ийн 216 дугаар хуудас/,

Хохирогч С.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг 30 минутын орчим Арвайхээр сумын Хүнс барааны захын баруун урд талд байрлалтай “Таац” нэртэй цайны газарт ороод цай уучихаад ...цайны газраас гараад “Зэндмэнэ” нэртэй барилгын материалын дэлгүүрт ороод эргэж гараад захын баруун талын таксины зогсоол дээрээс таксидах гээд мөнгийг нь өгөх гээд түрийвчээ үзтэл байхгүй байсан. Тэгэхээр нь орсон газруудаараа эргэж ороод асууж сураглахад мэдэхгүй гээд байсан.  Би түрийвчээ гээгдүүлсэн үү, хулгайд алдсан уу гэдгээ сайн мэдэхгүй байна. Цувны халаасанд хийсэн байсан халаасанд хийхэд түрийвч гүйцэд далд ордоггүй цухуйж байдаг юм. Дотор нь хөдөө явах гээд шатахуун авах гэж бэлдсэн байсан 220.000  төгрөг, миний иргэний үнэмлэх, манай хүүгийн иргэний үнэмлэх, манай охины иргэний үнэмлэх, Сүхийн Цэцэгмаа, Цэдэвдоржийн Загарсүрэн гэсэн нэртэй Хаан банкны 2 ширхэг виза карт тус тус байсан өөр зүйл байгаагүй. Цагаан ягаан өнгө хосолсон өнгөтэй барзгар гадаргуутай 2 нугалдаг кнопон түгжээтэй урт түрийвч байсан. худалдагчаас нь юм аваад эргээд гарсан. “Зэндмэнэ” дэлгүүрт ороод гарахдаа баруун талын хаалган дээр нь нэг эмэгтэй хүнтэй зөрж өнгөрсөн. Тухайн хэргийн холбогдогчийн хүүхэд нь миний хохирол болох 220.000 төгрөгийг өгч намайг хохиролгүй болгосон тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 10-11, 4хх-ийн 208-209 дугаар хуудас/,

            2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 162-165 дугаар хуудас/,

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Үзлэг хийж түр хураан авсан талаарх “8000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас хулгайн замаар олсон тул түр хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 166-168 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн “...20.000 төгрөгийн дэвсгэрт 18 ширхэг, иргэн М.Жавзандуламд хүрэн өнгийн эмэгтэй загварын түрийвч, Мөнхсайхан овогт Жавзандуламын ЙД84032308, Гончиг овогт Дашсүрэнгийн ЙА90031918 гэсэн иргэний үнэмлэх, скайтел /skytel/ гэсэн симний үүр зэргийг хүлээлгэн өгөв”  гэсэн тэмдэглэл /1хх-ийн 169-171 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...урд салоны хайрцгийг нээж үзэхэд 20.000-тын дэвсгэрт 7 ширхэг, 10.000-тын дэвсгэрт 2, 5000-тын дэвсгэрт 4 ширхэг байв. ...Балжинням нь /Оюун-Ундраа/ миний Өвөрхангай аймгаас хулгайн замаар олсон мөнгө гэж тайлбарлаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тус задгай мөнгөн дэвсгэрийн хажууд эмэгтэй хүний бор шаргал түрийвч байх ба 5 ширхэг 20.000-тын дэвсгэрт, 1 ширхэг 10.000-тын дэвсгэрт, 10 ширхэг 1000-тын дэвсгэрт, 500-тын дэвсгэрт 3 ширхэг, 5 ширхэг юань эдгээр мөнгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас хулгайн замаар олсон гэснийг түр хураан авахаар тогтов” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 172-176 дугаар хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээний  06/22 дугаартай “...1 ширхэг эмэгтэй хүний түрийвч хуучин, 2 ширхэг Монгол улсын иргэний цахим үнэмлэх, 2 ширхэг ХААН банкны виза карт, 18 шихэг 20.000 төгрөг, 1 ширхэг 10.000 төгрөг, 3 ширхэг 5.000 төгрөг, 10 ширхэг 500 төгрөг, 3 ширхэг 1000 төгрөг, 1 ширхэг 5 юань, 3 ширхэг 1 юань эдгээрийг үнэлбэл зах зээлийн үнэ цээн 462.800 төгрөг гэж дүгнэж байна” гэсэн тайлан /1хх-ийн 192-195 дугаар хуудас/,

            2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 33-37 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тухай 06/23 дугаартай “...1 ширхэг эмэгтэй хүний түрийвч хуучин, 3 ширхэг Монгол улсын иргэний цахим үнэмлэх, 2 ширхэг ХААН банкны виза карт, 11 ширхэг 20.000 төгрөг эдгээрийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 314.900 төгрөг гэж дүгнэж байна” гэсэн тайлан /2хх-ийн 18-22 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох

Иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 237 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 238-341 дүгээр  хуудас/,

Шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх-ийн 219-222 дугаар хуудас/,

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “407 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан Батсүх овогтой хоригдол Оюун-Ундраагийн ялын тооцооны тодорхойлолт”  /4хх-ийн 205 дугаар хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн Жавзандуламын эзэмшлийн түрийвчтэй бэлэн мөнгийг Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 462.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Жавзандуламын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн, хураан авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгө үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хүнс барааны захын орчимд Цэцэгмаагийн халааснаас түрийвчийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 314.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Цэцэгмаагийн мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD зэргээр нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч нарын хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан байдаг. Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Хохирогч Жавзандулам, Цэцэгмаа нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Иймд шүүгдэгч Б.Оюун-Ундрааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

           Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс М.Жавзандуламын эзэмшлийн түрийвчтэй бэлэн мөнгө, бичиг баримт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 462.800 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хүнс барааны захын орчимд С.Цэцэгмаагийн халааснаас түрийвчийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 314.900 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилан заасан бөгөөд шүүгдэгч Б.Оюун-Ундрааг дээрх үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч М.Жавзандуламын “...Тухайн үед миний цүнхэнд 400 орчим мянган төгрөг байсан. Би тухайн үед мөрдөгч Батбаяраас тавын юань 1 ширхэг, нэгийн юань 3 ширхэг, бусад нь монгол мөнгөн дэвсгэрт нийт 393.000  төгрөг хүлээж авсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 178-180, 4хх-ийн 216 дугаар хуудас/,  хохирогч С.Цэцэгмаагийн “...Би 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг 30 минутын орчим Арвайхээр сумын Хүнс барааны захын баруун урд талд байрлалтай “Таац” нэртэй цайны газарт ороод цай уучихаад ...цайны газраас гараад “Зэндмэнэ” нэртэй барилгын материалын дэлгүүрт ороод эргэж гараад захын баруун талын таксины зогсоол дээрээс таксидах гээд мөнгийг нь өгөх гээд түрийвчээ үзтэл байхгүй байсан. Тэгэхээр нь орсон газруудаараа эргэж ороод асууж сургалахад мэдэхгүй гээд байсан.  Би түрийвчээ гээгдүүлсэн үү, хулгайд алдсан уу гэдгээ сайн мэдэхгүй байна. ....Зэндмэнэ дэлгүүрт ороод гарахдаа баруун талын хаалган дээр нь нэг эмэгтэй хүнтэй зөрж өнгөрсөн.....” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 10-11, 4хх-ийн 208-209 дугаар хуудас/, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 162-165 дугаар хуудас/, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Үзлэг хийж түр хураан авсан талаарх “8000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас хулгайн замаар олсон тул түр хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 166-168 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн “...20.000 төгрөгийн дэвсгэрт 18 ширхэг, иргэн М.Жавзандуламд хүрэн өнгийн эмэгтэй загварын түрийвч, Мөнхсайхан овогт Жавзандуламын ЙД84032308, Гончиг овогт Дашсүрэнгийн ЙА90031918 гэсэн иргэний үнэмлэх, скайтел /skytel/ гэсэн симний үүр зэргийг хүлээлгэн өгөв”  гэсэн тэмдэглэл /1хх-ийн 169-171 дүгээр хуудас/,  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...урд салоны хайрцгийг нээж үзэхэд 20.000-тын дэвсгэрт 7 ширхэг, 10.000-тын дэвсгэрт 2, 5000-тын дэвсгэрт 4 ширхэг байв. ...Балжинням нь /Оюун-Ундраа/ миний Өвөрхангай аймгаас хулгайн замаар олсон мөнгө гэж тайлбарлаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тус задгай мөнгөн дэвсгэрийн хажууд эмэгтэй хүний бор шаргал түрийвч байх ба 5 ширхэг 20.000-тын дэвсгэрт, 1 ширхэг 10.000-тын дэвсгэрт, 10 ширхэг 1000-тын дэвсгэрт, 500-тын дэвсгэрт 3 ширхэг, 5 ширхэг юань эдгээр мөнгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас хулгайн замаар олсон гэснийг түр хураан авахаар тогтов” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 172-176 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний  06/22 дугаартай “...1 ширхэг эмэгтэй хүний түрийвч хуучин, 2 ширхэг Монгол улсын иргэний цахим үнэмлэх, 2 ширхэг ХААН банкны виза карт, 18 ширхэг 20.000 төгрөг, 1 ширхэг 10.000 төгрөг, 3 ширхэг 5.000 төгрөг, 10 ширхэг 500 төгрөг, 3 ширхэг 1000 төгрөг, 1 ширхэг 5 юань, 3 ширхэг 1 юань эдгээрийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 462.800 төгрөг гэж дүгнэж байна” гэсэн тайлан /1хх-ийн 192-195 дугаар хуудас/, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 33-37 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлсэн тухай 06/23 дугаартай “...1 ширхэг эмэгтэй хүний түрийвч хуучин, 3 ширхэг Монгол улсын иргэний цахим үнэмлэх, 2 ширхэг ХААН банкны виза карт, 11 ширхэг 20.000 төгрөг эдгээрийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 314.900 төгрөг гэж дүгнэж байна” гэсэн тайлан /2хх-ийн 18-22 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх-ийн 219-222 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлгүүд, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 162-165 дугаар хуудас/, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 166-168 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 169-171 дүгээр хуудас/,  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 172-176 дугаар хуудас/, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 33-37 дугаар хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2 удаагийн үйлдлээр  бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад нийт 777.700  төгрөгийн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Оюун-Ундрааг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу нийт 777.700  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь хохирогч М.Жавзандулам, С.Цэцэгмаа нарт төлөх төлбөргүй, хохирогч М.Жавзандулам, С.Цэцэгмаа нар нь хохирлоо буцааж авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.  

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Б.Оюун-Ундрааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хохирлоо нөхөн төлсөн. Мөн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг Улсын дээд шүүхээс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Б.Оюун-Ундраагийн хувьд дуудлагаар ирсэн.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь бусдад төлөх төлбөргүй. Б.Оюун-Ундраад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 41 хоног цагдан хоригдсон. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хураан авсан. Үүнийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл буюу хохирогчид учруулсан хохиролыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна. Мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан үзэхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн хорих ялыг биечлэн эдлүүлж өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна. Мөн түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч Б.Оюун-Ундраад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.           

Шүүгдэгч Б.Оюун-Ундраад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч нар гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан үзэж, шүүгдэгч Б.Оюун-Ундраад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь Дархан-Уул  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай тогтоолоор хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж 2 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгүүлжээ.

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь дээрх хоёр жилийн хугацаагаар хорих ялаас найман сар хорь хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоол, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол /4хх-ийн 161-163/, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 9-ний өдрийн 94 дугаартай мэдэгдэх хуудас /4хх-ийн 164/,  2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 407 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан Батсүх овогтой хоригдол Оюун-Ундраагийн ялын тооцооны тодорхойлолт /4хх-ийн 205 хуудас/  зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюун-Ундраад оногдуулсан долоон сарын хугацаагаар хорих ялыг Дархан-Уул  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай тогтоолоор хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж хоёр жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгүүлсэн хорих ялаас эдлээгүй үлдсэн ял болох найман сар хорь хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг нэг жил гурван сар хорь хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нэг  жил гурван сар хорь хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын асуудлаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн хорих ялыг биечлэн эдлүүлж өгнө үү?” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж хуульчлан заасан бөгөөд шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь  56 настай байх тул  өмгөөлөгч П.Дониддолгорын  дээрх  дүгнэлтийг хүлээж авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2021/ЦХШЗ/114 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Оюун-Ундраад “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авчээ.

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 407 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан Батсүх овогтой хоригдол Оюун-Ундраагийн ялын тооцооны тодорхойлолт /4хх-ийн 205 хуудас/ -нд шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь хоёр жилийн хугацаагаар хорих ялаас биеэр эдэлсэн 01 жил 03 сар 00 хоног, шагналын 10 хоног, бүгд 01 жил 03 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж, одоо үлдэж байгаа 08 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн гэж ялын тооцоог нь 2021 оны 1 дугаар сарын 16-ны өдрөөр тооцсон байна.

 Иймд шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тооцохдоо 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тооцсон болно.  

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь 75 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн  2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2021/ЦХШЗ/114 /4-р хх-194-198/,  2022 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ЦХШЗ/05 /4-р хх-ийн 248-250/, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ЦХШЗ/19 /5-р хх-ийн 22-24/, дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай”, “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах” шүүгчийн захирамжуудаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн цагдан хоригдсон 75  хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах  хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оюун-Ундраад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Оюун-Ундраад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3.4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4,  1.5, 1.836.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Оюун-Ундрааг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Оюун-Ундрааг долоон сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюун-Ундраад оногдуулсан долоон сарын хугацаагаар хорих ялыг Дархан-Уул  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай тогтоолоор хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж 2 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгүүлсэн  хорих ялаас эдлээгүй үлдсэн ял болох найман сар хорь хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг нэг жил гурван сар хорь хоногийн хугацаагаар тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюун-Ундраад оногдуулсан  нэг жил гурван сар хорь хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Жавзандулам, С.Цэцэгмаа нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.    

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах  хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оюун-Ундраад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Оюун-Ундраад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МАНДАХБАЯР