| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2022/0041/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/43 |
| Огноо | 2022-02-07 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/43
2022 02 07 2022/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 2125000000318 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-8 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Г.Он эзэмшлийн 6217 ОРХ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн эд ангийг хууль бусаар устгаж гэмтээн 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч С.Бы мэдүүлсэн: Уурандаа машины эд ангийг гэмтээсэн нь үнэн. Миний буруу гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 62-17 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 9-12-р тал/
-хохирогч Г.Он мэдүүлсэн ... 2021 оны 09 дүгээр сарын 05-ны шөнийн 02 цаг 30 минутын орчимд унтаж байхад хаалга хүчтэй 2-3 удаа цохисон, цохих үед нь би сэрээд сонсоход С.Бы хаалга цохидог цохилт мөн байсан. Хаалганы дурангаар харахад С.Б байсан., ямар хувцастай байсан нь харагдаагүй. Тэгээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд гэрээсээ 07 цаг 10 минутад гарахад миний эзэмшлийн 6217 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалганы 2 ширхэг шил, 2 ширхэг толь, багажийн спойлор зэрэг зүйлсийг хагалж, гэмтээсэн байсан. Миний машиныг тэрнээс өөр эвдэж сүйтгэх хүн байхгүй. Одоогийн байдлаар би сэтгэл зүйн хувьд айдастай байна. Хэзээ дахиад миний машины эд зүйлийг эвдэж суйтгэх бол гэж айж эмээж байна... Би түүнээс өөрт учирсан хохиролоо гаргуулж авах хүсэлтэй байна… гэх мэдүүлэг /хх-н 15-16-р тал/
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 860 дугаартай Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 390,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 26-27-р тал/
-“Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн автомашин худалдан авах зээлийн гэрээ /хх-ийн 44-48-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч С.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-8 дугаар байрны 22 тоотод очин иргэн Г.Он гэрийн хаалгыг тогшиж, хаалгаа тайлж өгөөгүй тул буцаж гаран гадна автамашины зогсоол дээр байсан Г.Он эзэмшлийн 62-17 ОРХ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн хаалганы 2ш толь, шил, багажны спойлер зэрэг эд ангийг устгаж гэмтээн 390.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч С.Бы үйлдлийн улмаас Г.Он эзэмшлийн эд хөрөнгөд нийт 390,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 860 дугаартай Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 390,000 төгрөг гэх дүгнэлт, хохирогч Г.Он... Маргааш өглөө нь ажилдаа явах гээд гэрээсээ 07 цаг 10 минутад гарахад миний эзэмшлийн 6217 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалганы 2 ширхэг шил, 2 ширхэг толь, багажийн спойлор зэрэг зүйлсийг хагалж, гэмтээсэн байсан...гэх мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч С.Бы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч С.Б 2021 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-8 дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Г.Он эзэмшлийн 6217 ОРХ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн эд ангийг хууль бусаар устгаж гэмтээн 390.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай гэж,
-шүүгдэгч: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт санал гаргажээ.
Хэргийн шалтгаан нөхцлийн тухайд, шүүгдэгчийн нийгэм, хүмүүсийн дунд өөрийгөө авч явах, илэрхийлэх, бусдад хандах хандлагын тухайд болон өөрийгөө хайрлаж хүндэтгэх ёс суртахууны хандлага төлөвшөөгүй хувь хүний ухамсарын сэдэлтээр өдөөгджээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв..
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.О нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, шүүгдэгч С.Б нь хохирол төлбөр болох 390,000 төгрөгийг төлж барагдуулсан, ямар нэгэн санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт шүүх хуралдаанд ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д овогт Сн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ