Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1518

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2017 оны 05 сарын 02 өдөр

         Дугаар 101/ШШ2017/01518

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 9 гудамж 216 тоотод оршин суух Тайж нар овогт  Цогтбазарын Лхагварагчаагийн /РД: ИН55122913/

Ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Лхагварагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Хүсэлт гаргагч Ц.Лхагварагчаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Лхагварагчаа нь Завхан аймгийн харъяат, 1955 онд төрсөн. 1963 онд Завхан аймгийн Тэлмэн сумын дунд сургууль төгссөн. 1979-1980 онд Сэлэнгэ аймгийн Цагаан толгой трактор компани курс төгссөн. 1980 онд Завхан аймгийн нэгдэл дундын хүрэн тал хоршоололд тракторчнаар ажилд орсон. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд 1977 оноос 1990 онд Завхан аймгийн нэгдэл дундын хүрэн тал хоршоололд тракторчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Лхагварагчаа нь 1977 оноос 1990 оны хооронд Завхан аймгийн нэгдэл дундын Хүрэн тал хоршоонд тракторчноор ажиллаж байснаа тогтоолгохыг хүсч шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчийн ажилд орсон, гарсан тушаал олдохгүй гэх тайлбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2014 оны А/435, А/764 тооть 2015 оны А/496 тоот лавлагаа болон хэрэгт цугларсан бусад баримтыг харьцуулан судалж үзэхэд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг шүүх тогтоох нь зүйтэй байх ба дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүхэд хуралдаанд хүсэлт гаргагчаас ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, архиваас шүүлгээд баримт гарахгүй байгаа тухай тайлбар гаргасан ба түүний 1984 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Ц.Лхагварагчааг Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1977 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 58 тоот тушаалаар тус нэгдлийн Өгөөмөр бригадад моторчноор ажиллуулахаар анх ажилд томилжээ. Хүсэлт гаргагч нь 1979 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, 1981 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэлд дугуйт тракторын жолоочоор томилогдох хүртэл хугацаанд тууварчнаар, мөн тракторч-машинчаар суралцаж төгсчээ.

Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам ХК-ийн бүх гишүүдийн 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар Ц.Лхагварагчааг өөр байгууллагад шилжих болсонтой холбоотойгоор дугуйт тракторын жолоочийн ажлаас чөлөөлжээ. Шүүхэд гэрч С.Содномжамц, Б.Батдорж нарын “бид Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын ам нэгдэл, Хүрэн тал хоршоонд 1980–1990 оны хооронд тракторын жолоочоор хамт ажилласан” гэх мэдүүлэг болон Ц.Лхагварагчаагийн хөдөлмөрийг үнэлж 1987 онд Шар тал хоршооны зөвлөлөөс шагнасан Баярын бичиг, 1989 онд аварга механикжуулагч”-аар шалгарсан тухай Завхан аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хүндэт Диплом, мөн аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн Баярын бичиг зэрэг баримтаар Ц.Лхагварагчаагийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

Дээр дурдсан бичгийн баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ц.Лхагварагчаа 1977 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл, Хүрэн тал хоршоо, Жаргалан зам ХК-д тус тус дугуйт тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайж нар овгийн Цогтбазарын Лхагварагчаа 1977 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тэлмэн сумын Жаргалын зам нэгдэл, Хүрэн тал хоршоо, Жаргалан зам ХК-д тус тус дугуйт тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

 

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Лхагварагчаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЭНЭБИШ