Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

 

 2022       02          07                                       2022/ШЦТ/44

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2225000000015 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 6-29 тоот гэртээ эхнэр Г.Отэй маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдон Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч Б.Мын мэдүүлсэн: Маргалдаж 2 цохисон. Гэм буруугаа хүлээж байна. гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан: 

-хохирогч Г.О ... 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Б.М гэртээ ирэхгүй байж байгаад 3 хоногийн дараа ирсэн. Гэртээ ирэхээр нь “хаашаа явсан юм бэ?” гэхэд “хүний машин засаж байгаад ирлээ” гэсэн. Тэгээд бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсээд миний зүүн хөхний орчим гараараа нэг удаа цохисон, мөн зүүн хөлний гуя хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Одоогоор миний биед ямар нэгэн зовиур байхгүй байна. Би нөхөр Маас эрүүл мэндийн эмчилгээний мөнгө нэхэмжлэхгүй. Надад гомдол санал байхгүй...гэмтэл учруулахгүйгээр зодож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/

-гэрч Г.Тийн ...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай хүргэн М нь 3 хоног гэртээ ирээгүй байж байгаад ирсэн юм. Гэртээ ирээд эхнэр Отэй хэрүүл маргаан хийгээд О гуя руу өшиглөж, нүүрний хэсэгт цохисон байсан. Тэгээд гэрт байсан хамаатан садантай хэрүүл маргаан хийгээд байхаар нь цагдаагийн газарт хандаж байсан. Архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэдэг. Архи уусан үедээ эхнэртээ агсам согтуу тавиад байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай...Г.О биед зүүн хөх, зүүн гуянд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зөөлөн эдийн цус хуралт нь нийлээд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтлүүд нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байж болно. 2019, 2018 онуудад гэмтэл үүсэж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.. гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 6-29 тоот гэртээ эхнэр Г.Отэй маргалдан цохиж өшиглөн зодож биед нь зүүн хөх, зүүн гуянд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.Мын үйлдлийн улмаас эхнэр Г.О биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай...Г.О биед зүүн хөх, зүүн гуянд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зөөлөн эдийн цус хуралт нь нийлээд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..гэх дүгнэлт, гэрч Г.Төмөрийн ... Гэртээ ирээд эхнэр Отэй хэрүүл маргаан хийгээд О гуя руу өшиглөж, нүүрний хэсэгт цохисон байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Б.Мын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Б.М нь гэрийн бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.О биед халдсан үйлдлийн шинж, үйл баримт болох үеийн нөхцөл байдал зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.М нь  2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэртээ эхнэр Г.Отэй маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, гэм буруутай байх тул 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

- шүүгдэгч Б.М: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэж дүгнэлт санал гаргасан.

Шүүгдэгч нь гэр бүлийн орчинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.О биед санаатай халдаж хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, нотлох баримтууд зөрүүгүй байх тул шүүгдэгч Б.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэргийн шалтгаан нөхцлийн тухайд, шүүгдэгчийн гэр бүлийн гишүүдээ хүндэтгэхгүй байх, өөрийгөө бодож бусдыг буруутгах аминчхан хандлага, гэр бүлийн орчинд архидан согтуурах зэрэг сөрөг үзэл бодол, нөхцөл байдал түлхэц болсон байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.

        Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчтэй тохирсон хэмжээний торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Г.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх баримт шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                             ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С овогт Бн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ